“Хyyp Music Festival” буюу бидний нэрлэж заншсанаар XMF энэ жил 10 жилийн ойгоо тохиолдуулан өмнөх жилүүдээс илүү өргөн хүрээнд, олон улсын хэмжээнд анх удаа Монгол Шилтгээнд зохион байгуулагдах гэж байна.
“XMF 2026 – 10 Years. Five Stages. One Massive Celebration.” уриан дор болох энэ удаагийн наадамд нийт 114 артист нэгдэж, амьд хөгжим, электроник, хип хоп гээд хөгжмийн 5 өөр ертөнцийг 2 өдрийн турш нэг дороос мэдрүүлэхээр бэлтгэжээ. Иймд Монголд шилтгээнд морилохоосоо өмнө таны заавал мэдэх ёстой чухал мэдээллүүдийг энэ нийтлэлд багцаллаа.
“XMF 2026” ЮУГААРАА ӨӨР БАЙХ ВЭ?
Өнгөрсөн 10 жилийн турш ХУУР наадам (XMF) Төв цэнгэлдэх хүрээлэнд зуны хамгийн эрч хүчтэй мөчүүдийг бүтээж, Монголын залуусын соёл, хөгжмийн чиг хандлагыг тодорхойлогч томоохон платформ болон өргөжиж ирсэн түүхтэй. Өмнөх жилүүдэд уламжлалт нэг өдрийн тоглолт хэлбэрээр стадионд зохион байгуулагддаг байсан бол энэ удаа 10 жилийн ойн баяраараа фестивалийн соёл, цар хүрээгээ цоо шинэ түвшинд гаргаж буй нь энэ юм.
Мөн тус наадмын зохион байгуулагчид хөгжмийн наадмыг нийгэм, байгаль орчинд ээлтэй санаачилгатай хослуулж буйгаараа онцлог. Тодруулбал, "Eco Festival" соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Богд уулын 3,000 модыг арчлах байгаль хамгааллын ажлыг наадмын хүрээнд хэрэгжүүлж байгаа гэнэ.
ТАВАН ТАЙЗНЫ ЯЛГАА ЮУ ВЭ?
Наадмын зохион байгуулагчид үзэгчдийн хөгжмийн олон талт сонирхолд нийцүүлэн дараах өвөрмөц онцлог бүхий таван тайзыг бэлтгэжээ.
Main Stage: Наадмын төв тайз. Гол уран бүтээлчид болон амьд хөгжмийн томоохон тоглолтууд энд эгшиглэх болно.
Savdag Stage: Альтернатив, рок, панк, инди урсгалын уран бүтээлчдийг нэгтгэсэн амьд хөгжмийн орон зай.
Hood Stage: Гудамжны болон хип хоп хөгжмийн уур амьсгалыг бүрдүүлсэн тайз.
Nisdeg Stage: Электроник хөгжмийн хэмнэл, DJ нарын үзүүлбэрт зориулсан тайз.
Lumière Douce Stage: Мэдрэмж төвтэй хөгжмийн урсгал болон stand-up комеди үзүүлбэрийг хослуулсан өвөрмөц орчин.

ЭНЭ ЖИЛИЙН ОНЦЛОХ УРАН БҮТЭЭЛЧИД ХЭН БЭ?
Энэ удаагийн XMF 2026 наадамд дотоодын 98, олон улсын 16, нийт 114 уран бүтээлч оролцож байгаа нь наадмын түүхэн дэх хамгийн өргөн бүрэлдэхүүн болж байна.
Олон улсын: Гадаадын зочин уран бүтээлчдийг дэлхийн тавцанд танигдсан, Монгол фолк метал урсгалаар тоглодог "Nine Treasures" хамтлаг тэргүүлж байна.
Дотоодын: Энэ жил үүсэн байгуулагдсаныхаа 30 жилийн ойг тэмдэглэж буй "Нисванис", альтернатив рокын төлөөлөл "Mohanik" хамтлаг оролцохоос гадна Монголын хөгжмийн ертөнцийн үе үеийн шилдэг төлөөлөл болох "Харанга", "Хурд", "Никитон", "Киви", "Дэлхий" хамтлаг болон реппер Цэцэ нарын тэргүүтэй уран бүтээлчид нэг дор цуглахаар болжээ.


ХӨГЖМИЙН ХӨТӨЛБӨРӨӨС ГАДНА ЮУ БАЙХ ВЭ?
Наадмын хүрээнд үзэгчдэд зориулсан хөгжмийн хөтөлбөрөөс гадна олон талт үйл ажиллагаа, тусгай бүсүүдийг төлөвлөжээ.
Албан ёсны бүтээгдэхүүний худалдаа: Үзэгчид наадмын албан ёсны мерч цуглуулгаас шинэ загварын юүдэнтэй цамц, пудволк, төрөл бүрийн гоёл чимэглэлүүдийг худалдан авах боломжтой.
Амралт, эрүүл мэнд: Йог, бясалгал, бариа засал, алжаал тайлах тусгай хэсэг болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний цэгтэй.
Ахуйн үйлчилгээ болон тухлаг бүс: Кофе шопоос гадна үсчин, гоо сайхны түр үйлчилгээ, гар утас цэнэглэх станц, амрах хэсгүүд ч бий.

Энтертайнмент: Наадмын талбайд хүүхдүүдэд зориулсан "Kids Zone", ивээн тэтгэгч болон хамтрагч байгууллагуудын асрууд, мөн караоке болон энтертайнмент үйл ажиллагааны тусгай бүсүүдтэй.
Залуу уран бүтээлчдийг дэмжих хөтөлбөр: Шинэ залуу уран бүтээлчдийг дэмжих, тэднийг үзэгчдэд таниулах зорилготой "Showcase Competition" уралдаан болно. Мөн "Live Session" шууд хөгжмийн контентуудыг наадмын талбайгаас хүргэхээр бэлтгэсэн байна.
Хөлбөмбөгийн ДАШТ: Дуу хөгжмийн гайхамшгийг мэдрэхээс гадна доорх хуваарийн дагуу төв тайзны шууд дамжуулалтын LED дэлгэцээр ДАШТ-ээ үзээрэй.


ХООЛ УНД, АРИУН ЦЭВЭР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ?
Хөгжмийн наадмыг зорин ирж буй үзэгчдийн хувьд хоол ундны хүртээмж, ариун цэврийн байгууламж, аюулгүй байдлын асуудал хамгийн түрүүнд анхаарал татдаг. Тэгвэл XMF 2026 наадмын зохион байгуулагчид эдгээр асуудлыг шийдвэрлэхээр дараах бэлтгэлийг хангаад байна.
Хоол, хүнсний үйлчилгээ: Наадмын талбайд хоол үйлчилгээний нэгдсэн бүс бүхий Food & Beverage zone ажиллах бөгөөд 24 цагийн турш тасралтгүй ажиллахаараа онцлог. Наадмын үеэр үзэгчдийн тав тух, хэрэгцээг бүрэн хангах зорилгоор талбай даяар 100 гаруй хоол хүнс, ундаа болон үйлчилгээний цэгүүд бий.
Ариун цэврийн байгууламж: Хүрэлцэн ирэх үзэгчдийн тоонд тохируулан, ариун цэврийн байгууламжийг олон улсын стандартад нийцсэн, хүртээмжтэй байхаар шийдвэрлэжээ.
Аюулгүй байдал, эмнэлгийн тусламж: Наадмын талбай даяар үзэгчдийн аюулгүй байдлыг хангах цогц хамгаалалтын алба ажиллахаас гадна гэнэтийн эрсдэлээс сэргийлж, эмнэлгийн яаралтай тусламжийн баг байнга бэлэн байх гэнэ.
МОНГОЛ ШИЛТГЭЭН РҮҮ ЯАЖ ЯВАХ ВЭ?
Гачуурт дахь "Монгол Шилтгээн" цогцолбор руу зорчих үзэгчдэд зориулан зохион байгуулагчдын зүгээс нийтийн тээвэр болон хувийн автомашины дараах зохицуулалтыг хийсэн байна.
Үнэ төлбөргүй "Shuttle Bus" үйлчилгээ: Наадмыг зорин ирж буй үзэгчдэд зориулсан "TINO GO" автобус хотын дараах гурван үндсэн цэгээс үнэ төлбөргүй үйлчилнэ. Үүнд:
- Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
- Зайсан Square худалдааны төв
- Сүхбаатарын талбай

Хувийн такси үйлчилгээ: Хэрэв илүү тухтай зорчихыг хүсвэл тусгай үнэ тариф бүхий "TINO Shuttle Taxi" үйлчилгээг сонгох боломжтой. Суудлын автомашин (Sedan) 15,000 төгрөг, олон суудалтай автомашин (Van) 20,000 төгрөгийн тарифтай байна.

Хувийн автомашинтай үзэгчдэд зориулсан зогсоол: "Монгол Шилтгээн" цогцолборын дотор байрлах, 300 автомашины, бүрэн хамгаалалттай "Parking Zone A" талбайн тасалбар худалдаанд буй. Хоёр өдрийн зогсоолын эрх бүхий уг тасалбар нь 99,000 төгрөгийн үнэтэй бөгөөд Boxoffice.mn сайтаар урьдчилан захиалснаар наадмын талбай руу дараалал, ачаалалгүй нэвтрэх давуу талтай.
ОЧООД ХОНОЖ БОЛОХ УУ?
Мэдээж. Энэ жилийн наадам кэмпинг хэлбэрт шилжсэн тул үзэгчид хоёр өдрийн турш талбайд хонож, наадмыг бүрэн дүүрэн мэдрэх боломжтой.
Майхантай аялагчдын бүс буюу Camping area: Өөрсдийн майхнаа барьж байрлах тусгай талбай. Майхан барих талбайн хоёр өдрийн түрээсийн хураамж 59,000 төгрөг.
Гэр болон байшин сууц: Илүү тухтай орчныг илүүд үзэж буй үзэгчдэд зориулан наадмын талбай дахь уламжлалт гэр болон тусгай байшингуудад байрлах сонголтуудыг бэлтгэжээ.
ТАСАЛБАРАА ЯАЖ АВАХ ВЭ?
Энэ линкээр орж тасалбараа худалдан авах боломжтой. Одоогоор 2 өдрийн 299,000 төгрөгийн үнэтэй үндсэн тасалбар, мөн ижил 2 өдрийн 3 найзын хамт худалдан авах боломжтой 599,000 төгрөгийн тасалбарууд цөөн тоогоор үлджээ. Мөн фестивалийн 1 өдрийн тасалбар зургаадугаар сарын 27-ны өглөө 09:00 цагаас хязгаарлагдмал тоогоор худалдаанд гарах аж

Зохион байгуулагчдын зүгээс үзэгчдэд зориулан Storepay, Pocket, SONO аппликэйшнээр дамжуулан төлбөрийн уян хатан нөхцөлөөр худалдаж авах боломжийг бүрдүүлсэн байна. Онцлууштай нь, SONO аппаар авбал төлбөрөө 10 хуваан төлөх боломжтой.Хэрэв тасалбар цуцлах, буцаах болон бусад холбоотой асуудал гарсан тохиолдолд үзэгчид худалдаалсан платформ руу дараах сувгуудаар шууд хандаж, тусламж авах боломжтой.
- +976 7533-8787 дугаарын утсаар холбогдох
- Boxoffice.mn цахим хуудасны албан ёсны чатботоор харилцах
- Boxoffice.mn-ий фэйсбүүк чатаар холбогдож асуудлаа шийдвэрлүүлэх

Хөгжмийн хэмнэлээр зүрх сэтгэлээ хөглөж, амьд хөгжмийн эрч хүчээр цэнэглэгдэх мартагдашгүй мөчүүд биднийг хүлээж буй. Дуу хөгжимд хайртай хүн бүрийн зүрх нэгэн хэмнэлээр цохилох “XMF 2026” наадмын талбайд уулзацгаая!

Сэтгэгдэл бичих

