“Эр хүнийг та хааяа ч гэсэн хайрла, эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл” гэж бичтэлээ бид эрэгтэй хүнийг эмэгтэйчүүдээс эрт нас бардагийг хүлээн зөвшөөрчээ. Тоо, статистик ч үүнийг гэрчилдэг. Тухайлбал Монгол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 2024 оны байдлаар 9.6 жил байсан нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр тоо. Энэ тооны ард мэдээж нийгмийн олон нөхцөл байдал бий.  

Гэтэл сүүлийн үед судлаачид эрэгтэй хүний генд кодлогдсон нэгэн зүйл тэднийг өвчлөлд өртөмтгий болгож, улмаар эрт нас барахад нөлөөлж байгаа юм биш биз хэмээн хардах боллоо. 

Тухайлбал эрэгтэй хүнийг эрэгтэй хүн болгодог хүйс тодорхойлогч Y хромосом нь тэднийг нас явах тусам цөөрч байдаг гэнэ. Тэгвэл эрэгтэй хүнд голчлон тохиолддог зарим өвчнүүд /eye melanoma гэх нэг төрлийн нүдний хорт хавдар, зүрх судасны өвчлөл, уушгины өвчлөл/ тэдний Y хромосомоос болдог байж мэднэ гэдгийг олон судалгаагаар хөндсөөр байна. Иймд бид энэ удаагийн нийтлэлээрээ Y хромосом эсэд яагаад “алга болоод” буйг, тэр нь яаж “нас богиносгоод” буйг хэлэлцэх болно. 

Жич: энэ нийтлэлийг уншиж эхлэхээс өмнө юун түрүүнд та ген, хромосом, Y хромосом гэж юу яриад буйг энгийнээр тайлбарласан бидний өмнөх энэ нийтлэлийг уншаарай.

Яагаад Y хромосом нас явахын хэрээр багасдаг вэ? 

Эс хуваагдах бүрд маш нарийн, алдаа гаргаж болохгүй чухал нэг үйл явц өрнөх ёстой нь хүний 46 хромосомын хуулбар буюу нэг ёсондоо эдгээр нь хуваагдаж, хоёр шинэ эсэд тэнцүү хуваарилагдах явдал. Үүнийг хөзөртэй зүйрлэж болох юм. Хүн болгонд тэнцүү “мод” тараах ёстой шиг эс бүрд хромосомыг тэнцүү хуваах хэрэгтэй гэсэн үг. Ингэхдээ хромосом бүрийг шууд утгаараа “барьж”, зөв тал руу нь татах хэрэгтэй. Харин энэ “барих” үүргийг нь CENP-A гэх уураг хийдэг. Нэг ёсондоо энэ уураг бол скоч гэсэн үг. CENP-A хэвийн ажиллаж байгаа нөхцөлд Y хромосом ямар ч асуудалгүй байх ёстой газраа хуваарилагдаж очно.

Харин хүний нас ахихын хэрээр өнөөх скоч бүр наалдахаа байчихдаг хэрэг л дээ. Нэг тасалсан скочоо хэтэрхий олон юм наахад ашиглаад байвал цавуу нь багасна даа? Яг энэ үед л эрэгтэй хүний Y хромосом наалдаж чадалгүй үлдчихдэг хэрэг. Гэхдээ яагаад заавал очиж очиж Y хромосом тэнд хоцорч үлдээд байгаа юм бэ гэж үү?

Үүний шалтгаан нь хүний бусад бүх хромосомд давхар хамгаалалт байдагтай холбоотой гэнэ. Өөрөөр хэлбэл бусад хромосомдоо CENP-B гэх нөөц уурагтай ба анх өнөөх скоч маань наалдахаа болих үед оронд нь орж ирж ажилладаг гэсэн үг. Тэгвэл наалдаж чадахгүй үлдэж хоцорсон Y хромосом хаачдаг вэ?

Эх сурвалж: Uppsala University

Y хромосомгүй бол яах вэ?

Хүний ясны чөмгөнд цусны үүдэл эсүүд (hematopoietic stem cells) байрладаг ба эдгээр нь бидний биеийг цусаар хангадаг амин чухал систем. Өөрөөр хэлбэл хүний биед эргэлдэж буй бүх цагаан эс, улаан эс, ялтас гээд бүгд энд бүрэлддэг. Өдөр бүр хүний бие ойролцоогоор 50,000-200,000 ийм үүдэл эсийг ашиглан тэрбум тэрбумаар нь шинэ цусны эс үүсгэж байдаг. Нэг ёсондоо эдгээр нь хүний биеийн хамгийн их ачаалалтай эсүүд буюу биднийг төрөхөөс үхэх хүртэл тасралтгүй ажиллаж байдаг “ажилсаг” нөхдүүд байх нь ээ. Харин ямар ч ажилтан олон арван жил ажлаа хийхдээ ямар ч алдаагүй байна гэж байхгүй шүү дээ? Тэгвэл бидний энэ эс ч тэр нас явахын хэрээр алдаа гаргах нь олширдог ба тэдгээр алдааны нэг нь эс хуваагдах үедээ Y хромосомоо алдах явдал.

Ядахдаа энэ эс маань маш олон удаа хуваагдаж байдаг тул хэдий чинээ олон хуваагдана, төдий чинээ Y хромосом маань орхигдох магадлал нь нэмэгдэнэ. Дээрээс нь Y хромосомгүй үүдэл эсүүд хэвийн эсүүдээс илүү хурдан үрждэг нь төвөгтэй.

Энэ үзэгдэл ахмад настай эрэгтэйчүүдийн 70-аас дээш хувьд тохиолддог бөгөөд зарим тохиолдолд бараг бүх цусны эс Y хромосомгүй болсон байх нь ч бий. Гэхдээ асуудал зөвхөн цусанд болж өрнөөд дуусчихгүй. Тухайлбал цусны цагаан эсний нэг төрөл моноцит эс хүний чөмгөөс гарч цусны урсгалд орж улмаар зүрх судсанд очдог. Зүрхэн дээр жишээ авахад эндээ очоод өнөөх маань эргэн тойрны эдээ хатангиршуулж, сорвижуулах дохиоллыг ялгаруулж эхэлдэг. Уушгийг ч бас ийнхүү ижил замаар гэмтээдэг ба ингэснээр альцгеймер буюу мэдрэлийн өвчин, бөөр, давсгийн өвчин бүр цаашлаад хавдар хүртэл үүсгэх эрсдэлтэй.

Эх сурвалж: The New York Times

Яаж яваад мэдэв? 


Эрчүүдийн зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл эмэгтэйчүүдээс 80%-иар өндөр байдаг. 2023 онд гэхэд урьдчилан сэргийлэх боломжтой гэмтлийн шалтгаант нас баралтын 67%-ийг эрчүүд эзэлж байсан гэхчлэн эрэгтэйчүүдийн өвчлөлтэй холбоотой статистикууд маш олон. Тэдгээр дундаас хамгийн сэртэс хийлгэм тоо бол эрэгтэй хүн дэлхийн бүх улс оронд эмэгтэйчүүдээсээ илүү эрт нас бардаг байна. Ихэнх улс оронд эсвэл хөгжингүй, ядуу буурай улсуудад биш бүр бүх улсад гээд бод доо? Гэсэн хэдий ч анагаах ухаанд шалтгааныг эрчүүдийн амьдралын хэв маягтай л (дасгал хөдөлгөөн, архи, тамхины хэрэглээ) ихэвчлэн холбодог байж.

Харин эрчүүдийн Ү хромосом алга болох үзэгдэл асуудалд арай өөр харах өнцөг өгөөд буй. Анх 2014 онд Шведийн эрдэмтэн Ларс Форсберг болон Ян Думански нар энэ сэдэвтэй холбоотой судалгаагаа хэвлүүлж уг сэдэв хөндөгдөж эхэлжээ. Тэдний судалгааны үр дүнд 65-аас доош насны эрчүүдийн 7% орчимд нь цусны эсүүдийн Y хромосомын алдагдал илэрч байсан бол 66-75 насанд энэ хувь хоёр дахин өсөж 14% болсон байна. Харин 76-85 насанд 18%, цаашлаад 86-аас дээш насанд 20% хүрнэ. Өөрөөр хэлбэл 80 гаруй насны таван эрэгтэйтутмын нэг нь цусны эсүүдийнхээ нэлээд хэсэгт Y хромосомгүй болсон гэсэн үг.

Яах ёстой вэ?

Хамгийн төвөгтэй нь Y хромосомын бага багаар багасах нь цусны шинжилгээгээр харагдахгүй, өвдөлт өгөхгүй, анхааруулах дохио ч огт илгээхгүй явдал. Зүгээр л амьдрал хэвийн үргэлжилж байх зуур чимээгүйхэн болж өнгөрнө гэсэн үг. Тэглээ гээд бас сэргийлэх арга байхгүй гэсэн үг бас биш.

Тамхидалтын тамын тойргоос гарах

Судлаачид гурван тусдаа судалгаанд хамрагдсан 6,000 гаруй эрчүүдийн өгөгдлийг шинжлэхэд тамхи татдаг эрчүүдийн Y хромосомоо алдах магадлал нь тамхи татдаггүй эрчүүдтэй харьцуулахад дөрөв дахин өндөр байжээ. Нэг ёсондоо эрэгтэй хүн хэдий чинээ урт хугацаанд, хэдий олон тамхи татна төдий чинээ түүний цусны эс илүү олон Y хромосомоо алдана гэсэн үг.

Энэ сэдэвтэй холбоотой судалгаануудын дуу нэгтэйгээр анхааруулсаар буй ганц зүйл нь тамхидалт тул аль болох эртхэн тамхинаас гарахдаа бэлдээрэй.

Эх сурвалж: The New York Times

Амаар орсон бүхнийхээ албан татварыг төлөх

Архийг хэтрүүлэн хэрэглэх нь бие махбодод байнгын үрэвсэл, бодисын солилцооны дарамт үүсгэдэг. Үүнээс гадна архи нь цусанд эсүүд хэвийн хуваагдахад саад болдог химийн орчныг үүсгэдэг ба хэдий одоо зүгээр байж болох ч цусны эсүүд тань горыг нь дараа нь үргэлж төлж байдаг.

Бие махбод өөрөө юмсын их багыг тэнцүүлж ажиллахгүй. Өөрөөр хэлбэл долоо хоногийн таван өдөр хэтрүүлж уучхаад амралтын өдрүүдэд эрүүл хооллолоо гээд бие чинь яагаа ч үгүй мэт зүгээр болохгүй.

Хортой нөхцөлөөс хурдан гарах

Агаарын бохирдол, хүнцэл, хорт бодистой орчинд удаан хугацаанд ажиллаж амьдрах нь юу юунаас ч илүү аюултай. Ялангуяа химийн бодистой ойр ажилладаг эрчүүдийн хувьд тогтмол үзлэг оношилгоонд хамрагдаж байх нь зүйтэй.

Урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдах

Хэдийн цусны шинжилгээ өгөөд хромосом тань алдагдаад байгаа эсэхийг мэдэх боломжгүй ч зүрх, уушги, элэг, бөөр гээд дотор эрхтнүүдээ тогтмол үзүүлж хэвшээрэй.