Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр YOUTHinc-Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэгтэй хамтран “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн форум” YEF 2025-ыг энэ сарын 30-ны өдөр амжилттай зохион байгууллаа. 

Залуучуудын дуу хоолойг сонсож, ажил хөдөлмөр, ирээдүйн карьер, төлөвлөлтийн талаар хамтдаа хэлэлцэж, хүний нөөцийн болон хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн оновчтой тодорхойлох зорилготой тус арга хэмжээнд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэний нийгмийн болон боловсрол сургалтын байгууллага, оюутан, залуучуудын төлөөлөл, нийт 200 гаруй хүн оролцсон юм. Мөн арга хэмжээний үеэр залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн тухай судалгааны урдчилсан үр дүнгээ танилцуулсан юм. 

Ингээд зургаан цагийн турш үргэлжилсэн уг арга хэмжээг тоймлон хүргэж байна. 

ХӨТӨЛБӨР

НЭЭЛТ

Тус арга хэмжээг нээж Гэр бүл хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны сайд Т.Аубакир залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулахын сацуу хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахад залуучуудын дуу хоолой чухал болохыг илэрхийллээ.

“Технологийн дэвшил, эдийн засгийн өсөлтийн өөрчлөлт зэргээс шалтгаалан дэлхий даяарх залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн чиг хандлага ихээхэн өөрчлөгдөж байна. Уян хатан цагаар ажиллах, гэр бүл өөртөө цаг заваа зохицуулж чаддаг байх, гэрээс болон зайнаас зэрэг ажлын байрны олон сонголттой байх мөн ажлын байран дээр тасралтгүй хөгжлийг эрхэмлэх болсон.

Шинэ мянганы залуусын хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхол, мэдлэг ур чадвар, одоогийн ажил мэргэжил, ажлын байр, ажлын орчин нөхцөл, хүний нөөцийн бодлоготой нийцэхгүй байгаа нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүүтэй байдлаас харагдаж байна. Мэдээллийн технологи, хиймэл ухаан, дижитал ур чадвар чөлөөт буюу бие даасан хөдөлмөр эрхлэлт, бизнес эрхлэх зэрэг нь шинэ боломжуудыг нээж байгаа хэдий ч нөгөө талдаа сул тал ихтэй.


Манай улсад хөдөлмөрийн насны 2.4 сая хүн байгаагаас 1.4 сая хүн ажил хөдөлмөр эрхэлж байна. Арван жилийн дараа гэхэд манай улсын ажиллах хүчний 40 гаруй хувийг шинэ үеийнхэн бүрдүүлнэ гэсэн тооцоо бий. Залуучуудын хөгжил, ур чадвар нэмэгдэж байгаа хэдий ч хөдөлмөр эрхлээгүй, боловсрол, сургалтад хамрагдаагүй хүмүүсийн тоо ч мөн адил өсөх хандлагатай байна.”

дэлхийн чиг хандлага, судалгаа танилцуулсан илтгэгчид

БНХАУ-ын Олон улсын бизнес, эдийн засгийн их сургуулийн профессор Су Лифенг

Сэдэв: Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн онцлог шинж чанар ба чиг хандлага

- Улс орнуудын эдийн засгийн ажлын байр бий болгох ерөнхий чадавх суларч байна.
- Өнөөгийн залуучууд эрх чөлөө, хувь хүний онцлогийг эрхэмлэдэг.
- 21-30 насны залуучуудын ажиллах цаг сүүлийн 15 жилийн хугацаанд дээших үеийн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийнхээс илүү буурсан байна.
- Ажил хайгчдын 86 хувь нь нүүр тулсан ярилцлага нь үнэн зөв үнэлгээ өгөхөд нэн чухал гэж үздэг.


Азийн хөгжлийн банкны эдийн засагч Сильвиа Гарсиа Мандико

Сэдэв: Монголын залуучуудын хөдөлмөрийн зах зээлийн туршлага

- Хөдөө орон нутгийн залуу эмэгтэйчүүд, залуучуудын дунд сүүлийн 10 жилийн хугацаанд ажиллах хүчний оролцоо мэдэгдэхүйц буурсан байна.
- Зөвхөн боловсрол тэлэлт нэмэгдсэнээр ажиллах хүчний оролцоо буурч байгаа гэж бүрэн тайлбарлах боломжгүй.
- Дунд боловсролтой хотын залуучууд, ялангуяа эмэгтэйчүүдийн оролцооны түвшин бага хэвээр байна.
- Дөрвөн залуу эмэгтэй тутмын нэг нь ажил хайхгүй байгаа шалтгаанаа гэр бүлийн үүрэг хариуцлагатай байгаагаас, харин зургаан эмэгтэй тутмын нэг нь ажлын байранд тохирох боломж хомс байгаагаас үүдэлтэй гэсэн.

ЗОРИЛГО

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны ахлах шинжээч Ц.Баярмаа

Залуучууд Монгол Улсын нийт ажиллах хүчний 40 орчим хувийг бүрдүүлдэг. Гэвч сүүлийн жилүүдэд залуучуудын дунд ажилгүйдэл өсөж, ажиллах хүчний оролцооны түвшин, ялангуяа эмэгтэйчүүдийн дунд сулрах хандлагатай байна. Энэ үзэгдэл хөдөө орон нутагт ч мөн адил ажиглагдаж байгаа юм.

Өнөөдрийн танилцуулж буй судалгаагаар тодорхой болж буй нэг зүйл бол залуучуудын ажлын туршлага. Тэд анх ажилд орохдоо харьцангуй урт хугацаа зарцуулдаг ч, дараагийн ажлын байраа хайхад ажил хайх хугацаа мэдэгдэхүйц богино байдаг нь туршлага хуримтлуулсны үр дүн. Тиймээс оюутан залуусыг сурах явцад нь ажиллах ур чадвар, дадлага туршлагатай болгох төсөл, хөтөлбөрүүдийг илүү олон хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг харж болох юм. Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам сүүлд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Дагалдан ажиллах хөдөлмөрт шилжих нь” гэсэн төслийг эхлүүлсэн. Эл төсөл залуус болон зорилтот бүлгийн иргэдийг ажлын байран дээр дадлагажуулж, илүү тогтвортой, чанартай хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой.


Азийн хөгжлийн банкны Нийгмийн салбарын мэргэжилтэн М.Маралмаа

Азийн хөгжлийн банк болон Монгол Улс хамтран 2025–2028 оны хооронд хамтын ажиллагааны түншлэлийн стратегийг боловсруулж, гаргасан. Үүний хүрээнд “Боломж, боломж чадавхыг нэмэгдүүлэх” гэсэн тэргүүлэх чиглэлийн дагуу энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тогтвортой хөдөлмөр эрхлэхэд тулгарч буй сорилтуудыг зөвхөн төр болон олон улсын байгууллагын хүрээнд бус иргэний нийгэм, залуучуудын байгууллага, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулан хэлэлцэх нэгдсэн талбар бий болгох үндсэн зорилготой. Мөн залуучуудын боловсролоос ажлын байранд шилжих үйл явцтай холбоотой судалгааны урьдчилсан үр дүнг Дархан болон Улаанбаатар хотуудад хийсэн судалгаанд үндэслэн танилцууллаа. Уг судалгааны дэлгэрэнгүй тайлан ирэх оны эхээр хэвлэгдэн гарахаар төлөвлөж байна. Судалгааны үр дүн нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг сайжруулах бодлого боловсруулахад чухал хувь нэмэр оруулах юм.


“YOUTHinc” Монгол залуу мэргэжилтнүүдийн нийгэмлэгийн үүсгэн байгуулагч, захирал Ч.Балжинням

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт нь манай нийгэмд тулгарч буй маш том олон талт асуудал. Ийм чухал цаг үед бид YEF 2025 арга хэмжээг залуус болон байгууллагууд (YOUTH болон INC) -ын хамтын хүчин чармайлтаар суралцах замаар карьерын тогтвортой хөдөлгүүр байх эрхэм зорилгын хүрээнд хамтран зохион байгуулж буйд баяртай байна. Ихэнх уулзалт, хурлуудад ажил олгогч, байгууллагууд болон залуучууд өөр өөрсдийн өнцгөөс уг асуудлыг тайлбарладаг бол бид энэхүү нээлттэй форумаараа төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэний нийгмийн болон боловсрол сургалтын байгууллага, оюутан, залуучуудын төлөөлөл зэрэг боловсролоос хөдөлмөрт шилжих үйл явцад оролцогч бүх талуудыг оролцуулж зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Мөн судалгаанд суурилж, олон улсын сайн туршлага, судалгааны дүн шинжилгээг урдчилан танилцуулж, оролцогчид маань өөрсдийн байр суурь, санал бодлоо илэрхийлэх боломжийг олгож буйгаараа ач холбогдолтой.

Нэгдүгээр ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 

Сэдэв: Боловсролоос ажлын байранд шилжих үйл явцыг хурдасгах бодлого

Энэхүү хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшил, боловсролын байгууллагын төлөөллүүд оролцож залуусын боловсролоос хөдөлмөрт шилжих үйл явцад тулгарч буй бэрхшээл, боломжийг олон өнцгөөс хэлэлцэв.

Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид хөдөлмөрийн зах зээл хурдацтай өөрчлөгдөж, шаардлагатай ур чадварууд шинэчлэгдэж буй өнөөгийн нөхцөлд залуусыг зөв чиглүүлэхийн чухлыг онцолсон юм. Монгол Улсад нийт 69 мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллага үйл ажиллагаа явуулж, 168 мэргэжлээр 48,000 гаруй суралцагч суралцаж буй ч, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн хувь харьцангуй доогуур байгааг судалгаанд дурдав.


Мөн хөдөлмөрийн зах зээлд ажлын байр бий боловч ажил олгогчдын тавьж буй ур чадварын шаардлага, залуусын эзэмшсэн мэдлэг, дадлага хооронд зөрүү байсаар байна. Иймээс “сургуулиас шууд ажлын байранд” шилжих үйл явцад илүү практик дадлага, ажлын туршлага олгох хөтөлбөрүүдийг түлхүү хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон юм.

СУДАЛГААНЫ уРЬДЧИЛСАН үр дүн

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам нь Азийн хөгжлийн банктай хамтран өнгөрсөн жилээс эхлэн Монгол залуучуудын боловсролоос хөдөлмөрт шилжих үйл явцын судалгааг хийж эхэлсэн. Арга хэмжээнд судалгааныхаа эхний үр дүнг танилцууллаа. Судалгаанд 803 өрх, 18-49 насны 816 иргэн хамрагдсан.

Залуучуудын хувьд ажлын байран дээр тогтвортой ажиллах хугацаа харьцангуй богино байна. Судалгаагаар 15–24 насны залуус дунджаар нэг ажлын байранд 1.6 жил, харин 25–29 насныхан 1.8 жил ажилладаг гэсэн үзүүлэлт гарчээ.

Энэ нь залуучууд илүү сайн нөхцөлтэй, өөрийгөө хөгжүүлэх боломжтой ажлыг эрэлхийлдэгтэй холбоотой. Тэдний хувьд “сайн ажил” гэдэг нь заавал өндөр цалинтай байх албагүй, харин ажлын соёл, орчин, хувь хүний өсөлт хөгжилд нь дэмжлэг үзүүлдэг орчин илүү чухал болсон байна. Мөн залуус илүү уян хатан ажлын цагтай, гэрээс эсвэл зайнаас ажиллах боломжтой ажлын байрыг илүүд үзэх болсон нь өөртөө болон гэр бүлдээ цаг гаргах, ажлын ба амьдралын тэнцвэрийг хадгалах хүсэлтэй нь холбоотой юм.

Залуучууд ажил хайхдаа албан бус сувгуудыг ашиглах, танилын хүрээгээ ашиглан ажилд зуучлуулах нь түгээмэл байгаа нь хөдөлмөрийн гэрээний хэрэгжилт, хөдөлмөрлөх эрхийг хангуулахад тодорхой хэмжээгээр сөрөг үр дагавар үзүүлдэг аж. Харин залуучуудын зүгээс цалин хөлснөөс илүүтэй ажиллах орчин нөхцөл, байгууллагын соёл, цагийн уян хатан нөхцөлийг чухалчилж байгаа нь дээрх судалгааны үр дүнгээс харагдаж байна.

ХОЁРДУГААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 

Сэдэв: Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын шинэчлэл

Хоёрдугаар хэсгийн хэлэлцүүлэгт ур чадварын зөрүү, системийн шинэчлэлт, компанийн соёл болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, ажил олгогчдын хандлага зэрэг чухал сэдвүүдийн талаар хэлэлцэв.

Монголын боловсролын систем өнөөдрийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй нийцэхгүй болжээ. Диплом, зэрэг цол нь ажил эрхлэлтийн баталгаа биш болж, харин ажил олгогчийн зүгээс туршлага, кейс, бодит чадварыг илүүд үзэх хандлага давамгай байна. Энэ нь диплом төвтэй нийгмээс ур чадвар төвтэй эдийн засаг руу шилжих шинэ үе эхэлж тухай МҮХАҮТ-ын дэргэдэх Залуу Бизнес Эрхлэгчийн Зөвлөлийн Л.Хандсүрэн панелист онцлон хэлэв. Мөн хөдөлмөрийн зах зээлд 70 мянга орчим нээлттэй ажлын байр, 55 мянга орчим ажил хайгч бүртгэлтэй мөртлөө эрэлт, нийлүүлэлтийн огтлолцол сул байгаа тухай ч дурдсан юм.

Монгол Улсад 103 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй хүн албан ёсоор бүртгэлтэй бөгөөд тэдний ажил эрхлэлтийн түвшин 20-25 орчим хувь байдаг аж. Төрөөс хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль” нь ажил олгогчдод тодорхой квот тогтоож, 100 ба түүнээс дээш ажилтантай байгууллага нь нийт ажилтныхаа дөрвөн хувьд дүйцэх хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах үүрэгтэй гэж заасан. Харин жил ирэх тусам энэхүү квотын хэрэгжилт нэмэгдэж байгаа тухай панелист ГБХНХЯ, Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын газрын дарга Б.Алимаа хэлж байлаа.

Хэлэлцүүлгээс Монголын хөдөлмөрийн зах зээлд ур чадварт суурилсан, хүний үнэ цэнийг бүтээдэг, оролцоог дэмжсэн болон тогтвортой хөгжлийг дэмжих шинэ соёл төлөвшиж буйг харж болох юм.

ОНЦЛОХ ИЛТГЭЛҮҮД


Americano TV-н үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Анар Иванов /Anniur/

Сэдэв: "Бид биш, харин систем л залхуу"

Яг үнэндээ систем залхуу биш, илүү сайжруулах хэрэгтэй байна. Одоо үеийн залуус залхуу болоод байгаа юм биш, харин энэ асуудал үеийн үед л байсан зүйл. Залуучуудыг ажиллах ёстой гэж шахахын оронд системээ шинэчлэн, сайжруулах нь чухал. Улс төрч, багш, худалдаачин, оюутан, эсвэл гэртээ хүүхэд харж буй ээж ч бай нийгмийн нэг хэсэг учраас хүн бүр хамтдаа хөдөлмөрлөж, тэтгэвэр, цалингийн хүлээлтгүйгээр амьдрах боломжтой орчин бүрдүүлэх ёстой.

Ажилд шинээр орсон хүмүүсийн 35-40 хувь нь нэг жилийн дотор ажлаасаа гардаг гэсэн тооцоо бий. Энэ нь ажил олгогч болон ажил горилогч хоёуланд нь алдагдалтай, хайран хөрөнгө оруулалт болж байгаа хэрэг. Нэг цагт баригдаж суудаг, тэрийг хий гэж захирдаг, өөртөө чөлөөт цаг гаргуулдаггүй ийм хөдөлмөрийн системд өнөөгийн залуучууд ажиллах сонирхолгүй байна. Захирахаас илүүтэй хамтарч ажилладаг, уриалдаг, залуучуудыг оролцуулдаг систем рүү манай улс аажим аажмаар шилжсээр байна.


“Papa Logistic” платформын хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Х.Санжаажамц

Сэдэв: Хөдөлмөр хүнийг бүтээдэг гэж хэн хэлсэн бэ?

Юун түрүүнд залуучууд маань чанартай компаниудад дадлага хийж, цагийн ажилд идэвхтэй оролцож байгаасай гэж хэлмээр байна. Би оюутан байх хугацаандаа мэргэжлийн чиглэлээр дөрвөн байгууллагад дадлага хийж байсан. Энэ туршлага надад онолын мэдлэгээ бодит ажил дээр хэрэгжүүлэх, өөрийгөө нээх, харилцааны ур чадвараа сайжруулах, цагийн менежментээ зөв зохион байгуулах үнэтэй боломж болсон.

Хөдөлмөр гэдэг бол өөрийгөө хөгжүүлэх, чадвараа шалгах хамгийн том талбар. Гол нь зоригтой, тууштай, ухаалаг бөгөөд хурдтай байх хэрэгтэй.

Манай компанийн дундаж нас ердөө 24. Өөрөөр хэлбэл, Z үеийнхэн давамгайлсан залуу хамт олон ажилладаг. Тэд хийж буй ажлынхаа үнэ цэнэ, бүтээмж, цалингийн уялдаа холбоог маш сайн ойлгодог. Тиймээс Z үеийн залуусаа шүүмжлэхээс илүү ойлгохыг хичээе. Тэд бол ирээдүйн хөдөлмөрийн зах зээлийг тодорхойлох гол хүч юм.


Монголын Залуучуудын Эвслийн Ерөнхий захирал Т.Амарзаяа

Сэдэв: Залуучууд хөдөлмөр эрхлэхэд юу чухал вэ?

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд үе хоорондын ялгаа, боловсролын агуулга, дадлага туршлага хоорондын зөрүү хамгийн их нөлөөлдөг. Тэр дундаа сургуулиас ажлын байранд шилжихэд дадлага хийх боломж. Их сургуулиа дөнгөж төгсчихөөд ажлын байран дээр гарахад дор хаяж гурван жилийн туршлагатай байх ерөнхий үзүүлэлт тавьчихсан байдаг. Гэвч дөнгөж их сургуулиа төгссөн хүүхдүүд тийм боломж тун цөөн. Тэгэхээр ажлын байранд гарахаас өмнө аль болох олон газар дадлага хийх боломжийг нэмэгдүүлэх хэрэгтэй.

Үүнээс гадна залуучууд сайн дурын ажилд идэвхтэй оролцдог байгаасай. Энэ нь өөрийгөө хөгжүүлэх, харилцааны ур чадвар эзэмших, ажлын орчинд дасан зохицоход маш чухал юм.

ЗАЛУУСЫН ҮЗЭЛ БОДОЛ 

СЭЗИС-ийн Мэдээллийн систем 2-р дамжааны оюутан Ц.Номинтуяа

Залуусын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал, Z үеийнхний ажлын байрны талаарх мэдлэгээ тэлэхээр энэхүү арга хэмжээнд оролцож байна. Манай үеийнхэн нэг мэргэжлээр өөрийгөө хязгаарлахгүйгээр бусад чиглэлийн мэргэжлээр давхар суралцаж, ажиллах сонирхолтой байдаг юм шиг санагдсан. Энэ нь ч зөв сонголт. Олон чиглэлд суралцсанаар хүн илүү бүтээлч сэтгэж, аливаа асуудлыг олон өнцгөөс харж шийдвэрлэх чадвартай болно. Ингэснээр өнөөгийн хөдөлмөр эрхлэлтийн түвшинд төдий чинээ эерэг үзүүлэлт дагуулах боломжтой.

Би одоо хоёрдугаар дамжааны оюутан. Миний дадлага хийж эхлэх хугацаа хараахан болоогүй. Гэхдээ би одоо л яг практик дээр гарч, дадлагажих хүсэлтэй байгаа. Хүсэл зорилгынхоо дагуу хэд хэдэн байгууллагатай уулзаж үзсэн ч намайг жаахан, мөн ур чадварын хувьд дутмаг гэж үзээд дадлага хийх боломж олгоогүй. Цаашдаа төр, хувийн хэвшлийн байгууллагууд энэ тал дээр илүү анхаарч ажиллаасай гэж хүсмээр байна. Оюутан залуустаа дадлага хийх боломж илүү олгож байж л хурдан чадвартай болно шүү дээ.


ШУТИС-ийн Программ хангамж 5-р дамжааны оюутан М.Жаргалсайхан

Жилээс жилд манай үеийнхний хөдөлмөр эрхлэлтийн хэв маяг эрс өөрчлөгдөж байна. Ажиллаж байхад үе хоорондын үзэл бодлын ялгаа, ажлын арга барилын зөрүү их ажиглагддаг. Өмнөх үеийнхэн ажлаа ихэвчлэн механик, уламжлалт аргаар шийдэж ирсэн бол өнөөгийн залуус илүү дижитал орчинд ажиллах, хиймэл оюун ухааныг ашиглан ажлаа хөнгөвчлөх, зайнаас уян хатан ажиллахыг илүүд үздэг. Үүнээс болж хамтын ажиллагаа нь удаан байдаггүй байх.

Би өмнө нь төрийн байгууллагад дадлага хийж байсан, харин одоо хувийн хэвшилд ажиллаж байна. Байгууллагын ёс зүй, ажиллах орчны уур амьсгал бол хамгийн том ялгаа. Хувийн хэвшил илүү чөлөөтэй, бүтээлч, системтэй байхад төрийн байгууллагад журам, дэглэм, шаардлага илүү хатуу байх нь бий. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн тулд цаашид төрийн оролцоо бага байх хэрэгтэй болов уу. Ядаж л татварын дарамтаа багасгачихвал залуучууд өөрсдийн санаачилга, бүтээлч байдлаараа илүү хөгжиж, хөдөлмөрийн зах зээлд шинэ өнгө төрх авчирна гэж бодож байна.