“Эрт урьдын цагт
Сүн далайг шалбааг байхад
Сүмбэр уулыг дов байхад
Цаг дөнгөж эхэлж байхад
Цахилдаг дөнгөж хөхөрч байхад
Өвөг дээдэс маань он тооллыг
Арван хоёр амьтны нэрээр нэрлэхээр болжээ…”
хэмээн арван хоёр жилийн эхний жил болохын төлөө тэмээ хулгана хоёр булаалддаг үлгэрийг монгол хүүхэд бүр багаасаа сонсож өсдөг билээ. Үлгэр домог, туульс, ардын аман зохиол гэдэг тухайн ард түмнийг тодорхойлох, тэдний ертөнцийг үзэх үзэл, итгэл үнэмшил, олон зууны амьдралын туршлагыг шингээсэн үнэт өв юм. Харин хулгана он тооллын эхний жил болсон талаар бусад дорнын улс орнууд хэрхэн өгүүлдэг бол?
Морилон ирж буй Модон могой жилийг угтуулсан цуврал нийтлэлийнхээ дараагийн дугаарыг бид хулгана жил он тооллын эхэн болсон тухай улс орон бүрийн түүх домгоос сорчлон хуваалцахаар бэлтгэлээ.
“Эрт ээ урьдын цагт юм гэнэ…”
“Эрт урьдын цагт
Сүн далайг шалбааг байхад
Сүмбэр уулыг дов байхад
Цаг дөнгөж эхэлж байхад
Цахилдаг дөнгөж хөхөрч байхад
Өвөг дээдэс маань он тооллыг
Арван хоёр амьтны нэрээр нэрлэхээр болжээ…”
Монгол ардын үлгэрт өгүүлснээр он тооллын эхэнд арван нэгэн жил тодроод байсан ч хамгийн эхний жил олдоогүй л байв. Гэтэл тэмээ, хулгана хоёр өөрсдийнхөө нэрийг дэвшүүлж, ургах нарны туяаг урьтаж харсан нь арван хоёр жилийн эхний суудалд суухаар болдог. Тэмээ наран ургах дорно зүгт ширтдэг бол хулгана өрнө зүгт хараалсаар ургах нарны туяаг урд ууланд тусахыг тэмээнээс урьтаж хардаг билээ. Ийнхүү хулгана жил он тооллын эхний жил болдог домогтой.
Тийнхүү тэмээ мэлзээгээ алдсандаа уурлан, хулганыг хөлөөрөө дэвсэнэ хэмээн ухасхийтэл хулгана овоолоостой үнсэн доогуур гүйн орж амь хоргодож гэнэ. Тэр цагаас хойш тэмээ үнс асгасан газар харагдах бүрд өнөөх өстөн дайсан хулганыг бяц дарах санаатай үнсийг дэвсэлж хөрвөөдөг болсон хэмээх домог бий.
Монголчууд бид эрт үеэсээ тэмээг 12 жилийн бүх амьтны шинжийг багтаасан гэж үзсээр ирсэн байдаг. Тэдгээр шинж нь туулай хамар, бар таваг, луу хүзүү, гахай гэдэс, үхэр сүүл, могой нүд, морин дэл, хонин ноос, бичин бөх, тахиа өрвөлөг, нохой гуя ажээ. Харин хулганад тэр бүх амьтны аль ч шинж байдаггүй ч арга ухаанаараа он цагийн эхний суудалд сууж чаддаг билээ.
Бусад улс орны домгоос ялгаатай нь тус Монгол ардын үлгэрт он тооллын эхэнд хулгана жил суудаг бол бусад улсын домогт харх жил суудаг онцлогтой. Монголчууд хулгана жилээ ам цагаан хулгана хэмээн бэлгэшээн үздэг бол зарим улсад 12 жилийн домогт өгүүлдэг зальжин хархыг онцолсон байдаг.
Эрт ээ урьдын цагт Тэнгэрийн орны Хаш чулуун хаан он тооллыг эхлүүлэхээр болж хорвоогийн амьтан бүрийг уралдаанд дууджээ. Тэгээд аль түрүүлж их мөрнийг давсан 12 амьтан он тооллын суудалд суухаар болж гэнэ. Арга ухаан, заль мэх сайт хулгана (харх) мөрний эрэгт түрүүлж ирсэн ч ус гаталж чадалгүй нэлээд удсан байна. Морь, үхэр, бар түүний араас иржээ. Хулгана тэднээс нуруундаа суулган мөрнийг гаталж өгөхийг гуйхад сайхан сэтгэлт үхэр түүнийг нуруундаа суулган мөрнийг гатлаад эрэгт хүрэхийн наахан ирж байтал хулгана эрэг рүү үсэрч, он тооллын эхний байранд суусан домогтой. Түүний араас үхэр эрэгт хүрсэн бол бар тэднийг удаалжээ.
Харин туулай мөрний ширүүн урсгалыг туулж чадалгүй чулуунаас чулууны хооронд үсэрсээр дөрөвт ирсэн бол түүний араас луу иржээ. Хэдийгээр луу нисээд ирэх боломж байсан ч замдаа түймэрт сүйдээд байсан амьтдад тусалсаар оройтсон гэдэг. Лууны араас уг нь морь ирсэн ч түүнийг мөрний цаад эрэгт хүрэхийн даваан дээр могой хажуугаар нь сүүлээ шарвуулан үргээж, зургаадугаар байрт орсон байна. Морины араас хонь, бич, тахиа гурав модон сал дээр сууцгаан эвтэй найртай эрэгт хүрээд хонийг хамгийн урдаа оруулжээ. Тэдний араас мөрний усанд тоглож хамаг цагаа үрсэн нохой ирсэн бол хамгийн сүүлд замдаа унтаж басхүү бага зэрэг хоол эргүүлээд авсан гахай ирсэн гэдэг.
Хулгана жил хэрхэн он тооллын эхний суудалд суусан талаарх Японы домог Хятадын домогтой тун төстэй. Эрт урьдын цагт юм гэнэ. Бурхан он тооллыг тоолох цаглаврыг зохиохоор болж хамаг амьтанд уралдаан зарласан ч муур уралдаан яг хэдний өдөр болохыг сонсож чадалгүй хоцорчээ. Тэгээд хулганаас уг уралдаан хэзээ болохыг асуухад өнөөх нь буруу өдөр хэлж орхисонд сайхан сэтгэлт муур итгээд гэртээ харьчихжээ.
Хамаг амьтнаас явдал удаан үхэр уралдааны өмнөх шөнө замдаа гарч гэнэ. Түүнийг нь мэдсэн хулгана үхрийн нуруун дээр чимээгүйхэн сууж аваад явсан аж. Бурханы орд харшийн хаалга ургахын улаан нартай зэрэгцэн нээх байтал үхэр бүтэн шөнийн турш явсаар нар мандахаас наана ирсэн байна. Тэгээд удтал хүлээсний эцэст ордны хаалга сая үүдээ нээхэд хулгана үхрийн нуруунаас годхийн үсэрч он тооллын эхэнд суусан домогтой. Хулганад муур хууртсан учир тэр цагаас хойш харсан газар бүрдээ хулганатай хөөцөлдөх болсон учир тэр гэнэ.
Солонгосын домог дахь хулгана он тооллын эхэн болсны учир нь Япон, Хятадын домогт өгүүлдэгтэй яг адилхан ч зарим сурвалжид өгүүлснээр бар үхрээс түрүүлж Бурханы ордод хүрнэ хэмээн мөрийцдөг гэдэг. Гэтэл үхэр уралдааны урьд шөнө гарч удаан ч гэлээ бүтэн шөнийн турш явсаар бараас түрүүлсэн хэмээдэг бөгөөд тууштай, тайван чанарын чухгийг онцолсон байдаг байна.
Хулгана жил эхний жил болсон Вьетнамын домог нь Япон, Хятад, Солонгосын домогтой адилхан ч багахан ялгаатай. Тодруулбал, Вьетнамын домогт жирийн үхрийн оронд одос үхэр гардаг бөгөөд түүнчлэн туулай жилийн оронд муур жил байдаг онцлогтой. Уг ялгаа нь хэл зүйн ялгаанаас үүдэлтэй хэмээн судлаачид үздэг.
Тайландын 12 жилийн домог бусад орны домгоос онцлогтой. Эрт урьд цагт Бурхан багш нирваан дүр үзүүлэх болж хорвоогийн хамаг амьтадад сүүлийн номоо айлдахаар болжээ. Тэгэхэд амьтны төрлөөс 12 амьтан ирсэн нь хулгана, үхэр, бар, туулай, нага (Буддын болон Хиндү домгийн амьтан), могой, морь, ямаа, бич, тахиа, нохой, гахай ирсэн ажээ. Бурхан багш ирсэн амьтдад номоо айлдаж дуусаад тус 12 амьтныг хүрэлцэн ирсэн дарааллынх нь дагуу он тооллын суудалд суулгасан хэмээдэг бөгөөд тэднээс хамгийн түрүүнд хулгана ирсэн ажээ.
Төвөдийн домогт өгүүлснээр он тооллын 12 жилийн суудалд Цаст уулын цагаан арслан ба Хангарди шувуу хоёр суух ёстой байжээ. Гэтэл тэр хоёрыг он тооллын амьтадын суудалд суухад хэтэрхий хүчтэй хэмээн үзсэн тул Цаст уулын цагаан арслангийн оронд бар жил, Хангардийн оронд тахиа жилийг суулгасан гэдэг. Гэхдээ зарим сурвалжид тахиа жилийн оронд Хангарди жил хэмээх нь бий. Харин хулгана он тооллын эхэн болсны учир Төвөдийн домогт хэрхэн өгүүлдэг талаар төдийлөн мэдээ сэлт байдаггүй байна.
Эцэст нь уншигч танд морилон ирж буй XVII жарны Элдэв эрдэнэт хэмээх Модон могой жилийн сар шинийн мэнд дэвшүүлье.
“...Цаг үргэлж цагариглаад байдаг
Цагаан эрээн могой зургаан жил…”