Карьераа бүтээх дижитал талбар Worki-той хамтран зохион байгуулдаг “Talent Summit” арга хэмжээ маань гурав дахь жилдээ болох гэж байна. Уг арга хэмжээг угтан бид энэхүү нийтлэлээ бэлдлээ.

Хэрвээ та 10-р сарын 10-нд манай арга хэмжээг зорин ирэхийг хүсвэл: Оролцогчоор бүртгүүлэх бол энд, хамтран ажиллагч байгууллагаар бол энд дарна уу.

Ажлын ярилцлагын үеэр ярихдаа алдаа гаргах вий, өөрийгөө зөв илэрхийлж чадах болов уу, асуултад оновчтой хариулж чадах уу, ярилцлагын дараа ямар үр дүн гарах бол гэх мэт олон зүйл санаанд орж ирдэг шүү дээ.

2013 онд АНУ-д хийсэн Harris Insights & Analytics байгууллагын судалгаагаар ажил эрхэлж буй 1000 насанд хүрэгчийн 920 нь ажлын ярилцлагын үеэр ямар нэгэн хүчин зүйлээс санаа зовдог гэж хариулжээ. Тэдний 17% нь хэт сандрах, 15% нь ярилцлага авагчийн асуултад хариулж чадахгүй байхыг гол санаа зовнилоо гэж нэрлэсэн байна. Мөн 10% нь ярилцлагад хангалттай бэлдээгүй байх вий гэж санаа зовдог гэжээ.

Өөрөөр хэлбэл, ярилцлагын үеэр сандрах нь цөөн хэдэн хүнд тохиолддог зүйл биш байх нь. Цаг тулсан мөчид сандарсандаа асуултаа бүрэн ойлголгүй өнгөрөх, хариулах явцдаа бодсоноо мартах, толгойд буусан санаагаа зөв илэрхийлж чадахгүй байх зэрэг олон асуудал бидэнд тулгардаг. Иймээс бид энэ нийтлэлдээ ярилцлагын үеэр сандарч, юу гэж хариулахаа мэдэхгүй байхаас сэргийлэх аргуудыг хуваалцаж байна.



АДАРМААТАЙ АСУУЛТУУДАД АМАРХАН ХАРИУЛАХ НЬ

Ажил олгогч ямар зүйлийг олж мэдэхийг зорьж байгааг юун түрүүнд ойлгох нь чухал. Ярилцлагын үеэр тавьдаг асуулт бүрийн цаана тодорхой зорилго бий. Зарим асуулт таны өөрийгөө хэр сайн мэддэгийг, зарим нь асуудалд хэрхэн ханддагийг, харин зарим нь тухайн ажлын байрны шаардлагыг хэр ойлгосныг тань мэдэхэд чиглэдэг.

1. Өөрийнхөө сул талыг хэлнэ үү?

Энэхүү асуулт нь зөвхөн сул талыг тань мэдэх зорилготой биш юм. Өөрийгөө хэр бодитоор үнэлдэг, хөгжүүлэх шаардлагатай зүйлээ хүлээн зөвшөөрдөг эсэх, мөн өөрийгөө сайжруулахын тулд ямар алхам хийдэг талаар ойлголт авах гэж байна гэж ойлгох хэрэгтэй. Жишээлбэл, “Өмнө нь олон ажлыг зэрэг амжуулахыг хичээдэг байсан нь заримдаа ажлын эрэмбэ алдагдуулахад хүргэдэг байсан. Тиймээс сүүлийн үед ажлуудаа ач холбогдол болон хугацаагаар нь эрэмбэлж, долоо хоногийн төлөвлөгөө гарган ажилладаг болсон” гэж хариулж болох юм.

2. “Яагаад өмнөх ажлаасаа гарсан бэ?”

Та өмнө нь ямар ч шалтгаанаар ажлаасаа гарсан байж болно. Гол нь карьерын зорилго, ажлын хандлага болон дараагийн алхмаа хэр бодож төлөвлөж байгааг тань мэдэхийг энэхүү асуултаар мэдэхийг хүсэж байгаа. Тийм учраас өмнөх байгууллага, удирдлага, хамт олныг буруутгаж үл болно. Харин өөрийн карьерын зорилго, цаашид хөгжүүлэхийг хүсэж буй ур чадвар, дараагийн ажлаас хүлээж буй зүйлдээ төвлөрөн хариулах нь зүйтэй. Танд яаж хариулвал зохимжтой талаар жишээлбэл, “Өмнөх ажлаасаа олон зүйл сурсан ч цаашид илүү өргөн хүрээний төсөл дээр ажиллаж, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх хүсэлтэй болсон. Тиймээс өөртөө шинэ сорилт, өсөж хөгжих боломжтой ажлын байр хайж байгаа”.

3. “Таван жилийн дараа карьерын хувьд өөрийгөө хаана харж байна вэ?”

Энэхүү асуултаар таны карьерын чиглэл, хувийн зорилго болон тухайн ажлын байртай хэр нийцэж байгааг ойлгох зорилготой. Мөн л таныг таньж мэдэх арга. Мэдээж таван жилийн дараах тодорхой нэг албан тушаалыг яг таг нэрлэх шаардлага байхгүй. Гэхдээ тухайн хугацаанд ямар ур чадвар эзэмшсэн, ямар түвшний хариуцлага хүлээдэг болсон байхыг хүсэж байгаагаа тодорхой хэлэх нь илүү бодитой байх болно.

4. “Яагаад бид таныг ажилд авах ёстой гэж?” 

Энэхүү асуултыг асууж байвал, өөрийн давуу талыг хэрхэн тодорхойлж байгаа, улмаар тухайн ажлын байрны шаардлагыг хэр сайн ойлгосныг үнэлэх гэж байна гэж бодоорой. Тиймээс өөрийнхөө талаар түрүүлж хэлэхээс илүү тухайн ажлын шаардлага, өөрийн туршлага, тэгээд хамгийн гол нь та тухайн ажлын байранд ямар бодит үнэ цэн авчирч чадахаа холбон тайлбарлах нь зүйтэй.

5. “Цалингийн хүлээлт тань ямар байна вэ?”

Ажлын ярилцлага дуусах дөхөнгүүт танаас энэ асуултыг зайлшгүй асууна. Хүслээр болдог бол хүсэмжит цалингаа авчихмаар боловч тийм боломж тэр болгон бүрдээд байхгүй нь лавтай. Тиймээс цалингийн талаар хариулахдаа зөвхөн өөрийн хүсэж буй дүнг хэлэхээс гадна тухайн ажлын байрны үүрэг, хариуцлага, өөрийн туршлага, нийт цалингийн багцыг харгалзан үзэх нь зүйтэй. Зах зээлийн мэдээлэлгүйгээр хэт өндөр эсвэл хэт бага дүн хэлэхээс зайлсхийж, үндсэн цалингаас гадна бонус, урамшуулал, нэмэлт хангамж зэрэг нийт нөхөн олговрын нөхцөлийг мөн бодолцоорой.

6. “Таны болон хамтран ажиллагч, удирдлагын санал зөрвөл яах вэ?”

Ажлын орчинд санал зөрөх тохиолдол нь тун хэвийн үзэгдэл. Ийм нөхцөлд тухайн хүн асуудлыг хэрхэн шийдэж байгаа нь илүү чухал байдаг. Энэ асуултад хариулахдаа эхлээд нөгөө талын байр суурь, үндэслэлийг сонсож ойлгох, дараа нь санал зөрж байгаа шалтгааныг тодорхойлох, боломжтой бол баримт, мэдээлэлд тулгуурлан шийдэл хайх
зарчмыг тайлбарлаж болно.

7. “Алдаа гаргаж байсан үеэсээ ярьж өгнө үү?”

Энэхүү асуултаар алдаа гаргасан эсэхээс илүүтэй гаргасан алдаагаа хэрхэн хүлээн зөвшөөрдөг, түүндээ ямар хариуцлага хүлээдэг, мөн түүнээс юу сурч, өөрчилсөн бэ гэдгийг ойлгохыг зорьж байна гэсэн үг. Тиймээс алдаагаа нуух эсвэл алдаа гаргадаггүй мэт харагдах гэж хариулахаас зайлсхийн илүү бодитой, гэхдээ шийдвэрлэх боломжтой жишээнээсээ сонгох нь зүйтэй. Жишээлбэл, “Нэг удаа ажлын эцсийн хугацааг богино гэж тооцоолж, ажлын тодорхой хэсгийг хэт орой эхлүүлж байсан. Үүний дараа ажлыг зөвхөн эцсийн хугацаагаар нь бус, жижиг ажилбаруудад хувааж, тус бүрт нь хугацаа төлөвлөдөг болсон” гэж хариулж болно.

8. “Ажлын ачаалал, стресс өндөр үед хэрхэн ажилладаг вэ?”

Тус асуултаар таныг ачаалал нэмэгдсэн үед ажлаа хэрхэн эрэмбэлдэг, сэтгэл хөдлөлөө хэрхэн удирддаг, асуудлыг ямар арга барилаар шийддэгийг ойлгохыг зорьж байгаа. Хүмүүс өөрсдийгөө стрессдэггүй гэж хэлэх нь түгээмэл. Гэвч бодит үнэн нь хүн бүр л аливаа ажилд баригдаж, хийж чадахгүй ажлуудаас чаддаг ажилдаа ч түүртэх үе бий. Хэцүү ч байлаа ямарваа ажлын ард гардаг шүү дээ. Түүнтэй адил хүн бүрд өөрсдийн гэсэн стресстэй тэмцдэг аргууд байдаг. Тиймээс өөрийнхөө ажиллах, ажлын ачааллаа менеж хийх арга барилыг бодитоор дүгнэж, өмнө нь тулгамдаж байсан үеэ эргэн нэг бодож, түүнээсээ юу сурснаа илэрхийлбэл зүгээр. Магадгүй танд илүү туршлага өгсөн байж болно, түүнийгээ дурдахад илүүдэхгүй.

9. “Танд биднээс асуух зүйл байна уу?”

Ярилцлагын төгсгөлд “Танд биднээс асуух зүйл байна уу?” гэж асуух нь зөвхөн асуулт байгаа эсэхийг шалгах гэж байгаа хэрэг огтоосоо биш. Энэ нь ажил горилогч тухайн ажлын байр, байгууллагын талаар хэр зэрэг ойлголттой, ярилцлагад хэр бэлтгэж ирснийг харуулах боломж болдог. Тиймээс асуулт асуух боломж гарвал ажлын байрны хүлээлт, багийн бүтэц, ажлын сорилт, байгууллагын зорилго зэрэгтэй холбоотой асуулт тавьж болох юм.

Сайн асуултын жишээ:

  • Энэ албан тушаалд эхний 3-6 сарын амжилтыг юугаар хэмжих вэ?
  • Энэ ажлын байрны хамгийн том сорилт юу вэ?
  • Багийн бүтэц, шууд удирдлагын ажлын хэв маяг ямар байдаг вэ?
  • Байгууллагынхаа талаар ойрын хугацаанд хийх болон алсын хараа, эрхэм зорилгоос танилцуулна уу?

Ийнхүү та ажлын ярилцлага өгөхдөө нэг алхам ойртлоо. Хэрвээ та нэгэн зэрэг олон байгууллагад ажлын ярилцлага өгч, өөрийгөө сорихыг хүсэж байвал “Talent Summit 2026” арга хэмжээн дээр 10-р сарын 10-нд уулзацгаая!


Хүн бүрд боломж бий. Танд ч бас. Ярилцлагад нь амжилт!