Тэнд өндөр барилга ховорхон. Эртний загвартай, хуучинсаг намхан байшингууд шил шилээ даран эгнэж, амьсгаа авах зайгүй санагдам нарийн гудмуудаар зааглагдана. Үе үе сонстох мөргөлийн дуу, хоол хайсан цахлай шувууд, гудамжинд шарах эрдэнэ шишийн үнэр, бараагаа зарахаар хүмүүсийг урих худалдаачид…
Цөм нэгдэн нийлж өвөрмөц үзэсгэлэнтэй Истанбулыг бүтээнэ. Евромониторын тайлангаар энэ хот 2023 онд аялагчдын хамгийн их очсон хотоор шалгарсан бол 2024 онд Бангкокт энэ титмээ шилжүүлж өгөөд удаалсан байдаг. Аяллын компаниуд тусгайлан хөтөлбөр гаргасан байдгаас үзвэл манай монголчууд ч энэ хотыг амралтаараа их зорьдог болов уу.
Хэрэв та ч мөн Истанбул руу аялахаар төлөвлөж байвал миний бие 6 өдөр, 5 шөнө Истанбулаар аялсан богцоо уудалж, нийтийн тээвэр, дурсгалт газар, хоол хүнснээс авхуулаад юуг мэдэх хэрэгтэй тэр бүрийг танд энэ нийтлэлээрээ танилцуулъя.
Товчхондоо хэдийд ч болно. Зуны гурван сар бол Истанбулын жуулчлалын оргил үед тооцогддог. Цаг агаар ойролцоогоор 20°C-30°C хооронд хэлбэлзэнэ. Харин миний хувьд хамгийн хүйтэн буюу хоёрдугаар сарын эхээр Истанбулд очсон. Өдөртөө дунджаар 6°C дулаан байсан. Тиймээс жуулчин цөөтэй, дурсгалт газруудаар зочлоход дараалал багатай байсан нь давуу тал болсон.
Иймд цаг агаарт хязгаарлагдалгүйгээр хэзээ ч аялсан тохиромжтой байх болно. Эрс тэс уур амьсгалтай, хамгийн хүйтэн нийслэлтэй манайханд Истанбулын уур амьсгал харин ч таатай санагдаж мэдэх юм.
Автобус, трамвай, такси, метро, усан онгоц гээд бүх төрлийн нийтийн тээвэр тэнд бий. Хамгийн гол нь тэдгээрийг ашиглахад маш хялбар байсан бөгөөд ердөө Google Map-аар чиглэлээ хайгаад, түүний дагуу аль тээврийн хэрэгслээр зорчихоо сонгоход л хангалттай.
Ингэхдээ юун түрүүнд улаан өнгөтэй Истанбул гэсэн картыг 130 лир (13,000₮)-ээр худалдаж авна. Онгоцны буудал, метро, автобус, трамвайн буудал бүрд энэ картыг худалдаалдаг. Автобус, трамвай, метро, усан онгоцоор нэг удаа зорчиход тус бүр ойролцоогоор 27 лир (2700₮) байдаг.
Таксины хувьд бага зэрэг асуудалтай. Учир нь Истанбулд жуулчид их очдог болохоор тэр хэрээр жуулчдыг залилж, илүү мөнгө авах гэсэн таксины жолооч их байдаг гэлцдэг. Харин такси дуудлагын BiTaksi, Uber зэрэг аппууд илүү найдвартай. Ерөөс маш яаралтай, чухал шаардлагатай үе л биш бол гар өргөн такси барилгүйгээр нийтийн тээврийг сонгохыг зөвлөж байна. Аль ч нийтийн тээврийг сонголоо гэсэн таныг хурдан шуурхай хүргээд өгөх бөгөөд бас мэдээж манайх шиг удтал түгжрээд байхгүй.
Гадагшаа аялахад зочид буудалд буух, Airbnb авах гэх мэт сонголтууд байдаг. Миний хувьд Европ хэсгийн Фатих дүүрэгт зочид буудал захиалсан. Хэдхэн минут алхаад дурсгалт газруудаа үзэх боломжтой байсан нь цаг хэмнэх том давуу тал болсон.
Хэрэв та зочид буудал захиалах бол Expedia.com, Booking.com, Trip.com гэх мэт аяллын нэгдсэн вэбсайтаар зочлоод захиалахыг зөвлөж байна. Ингэхдээ үзэх газраас тань хэр зайтай, нийтийн тээврийн зогсоол ойр бий юү гэх мэтийг харгалзан үзээрэй.
Түүхэн талаасаа энэ хот анх Византын эзэнт гүрэн буюу Зүүн Ромын эзэнт гүрний нийслэл байсан гэдэг утгаараа тэр үеэс үлдсэн христийн шашны ул мөр ихтэй. Дараа нь Османы эзэнт гүрний нийслэл болсноор исламын шашны дурсгалыг мөн хадгалсан маш өвөрмөц, баялаг түүхтэй хот юм. Иймээс танд үзэж харах, түүхэн дурсгалт газар ёстой л мундахгүй.
1. Софийн цогчин дуган
(грекээр Ἁγία Σοφία)
Энэ сүм нь анх Византын эзэнт гүрний үед христийн сүм байсан ч Османы эзэнт гүрнийхэн хотыг эзэлж аваад ислам шашны мөргөлийн газар болгосон түүхтэй. 1935 онд Мустафа Кемал Ататурк энэ сүмийг музейн статустай болгосон байдаг. Гэгээн Мария, Есүс Христ нарын шигтгэмэл хөргөөс эхлээд хоёр шашны олон сонирхолтой дурсгалууд энд бий. (Жич: Эмэгтэйчүүд орохдоо үсээ халхлан алчуур зүүж орно. Тав дахь өдөр үдээс хойш ажилладаггүй тул бусад өдөр хүн хөл нэмэгдэхээс өмнө өглөө эрт очиж үзэхийг зөвлөе.)
Тасалбарын үнэ: 25 евро
2. Цэнхэр сүм
(туркээр Sultanahmet Camii, англиар Sultan Ahmed Mosque/Blue Mosque)
Османы эзэнт гүрний үеийн хамгийн гайхалтай дурсгалуудын нэгд тооцогддог энэхүү сүмийг барихад цэнхэр, ногоон туяатай хавтан ашигласан тул ийнхүү нэрийдсэн аж. Софийн цогчин дуганы яг эсрэг харуулж барьсан нь исламын шашин Османы эзэнт гүрэнд ноёлж буйг илэрхийлэхийг зорьсон гэгддэг. (Жич: Эмэгтэйчүүд мөн алчуур зүүнэ. Орж буй хүн бүр гутлаа тайлна. Тав дахь өдөр үдээс хойш хаадаг.)
Тасалбарын үнэ: Үнэ төлбөргүй
3. Топкапи ордон музей
(туркээр Topkapı Sarayı, англиар Topkapi Palace Museum)
Османы эзэнт гүрний султанууд 400 жилийн турш үе улиран энэхүү ордонд сууж байжээ. Тэдний хэрэглэж байсан гоёл чимэглэл, хувцас зүүсгэл, зэр зэвсгээс эхлээд асар олон үзмэртэй. Та эндээс Османы эзэнт гүрний үеийн архитекторын шийдэл, тэдний өвөрмөц онцлогийг бүрэн дүүрэн харах боломжтой. Миний хувьд энэхүү ордон музейг үзэхэд ойролцоогоор дөрвөн цаг зарцуулсан тул ийм дайны хугацааг зарцуулна гэж тооцон аяллаа төлөвлөөрэй.
Тасалбарын үнэ: 1700 лир
4. Долмабахче ордон
(туркээр Dolmabahçe Sarayı, англиар Dolmabahçe Palace)
XIX зууны дунд үеэр баригдсан энэхүү ордон Топкапи ордонтой харьцуулахад илүү европжуу өнгө аястай. Барокко, рококо хэв маягийн гайхам тансаг чамин хийцтэй. Нийт 285 өрөө, 46 танхимтай бөгөөд 4 тонн жинтэй аварга том гэрлийн бүрхүүл энд бий. Истанбулд очвол заавал үзэх газрын нэг яах аргагүй мөн билээ.
Тасалбарын үнэ: 1500 лир
Дээрхээс гадна Гранд базаар буюу хар зах, Галата цамхаг, Басилика Цистерн (Византын үеийн ус нөөцлөх газар), Султанахмед талбай, Таксим талбай, Истиклал өргөн чөлөө (худалдаа наймааны гудамж) гэх мэт олон газрыг нэрлэж болно.
Миний хувьд бүх тасалбараа очоод худалдаж авсан. Жуулчин багатай үеэр явсан болохоор урт дараалалд удаан зогсоогүй. Хэрэв та вэбсайтаас түрүүлээд бүх тасалбараа захиалах гэж байгаа бол албан ёсны вэбсайт мөн эсэхийг нь сайн шалгаж аваарай.
Амттай хоолоороо дэлхийд алдартай Туркэд очих болохоор та юу идэх вэ хэмээн санаа зовох ямар ч шаардлагагүй. Хонины мах, үхрийн махаар хийсэн төрөл бүрийн амттай хоол зооглох боломжтой. Турк хоолнуудаас жишээлэн дурдвал:
- Кебаб
- Шиш кебаб (шорлосон мах)
- Лахмакун (турк пицца гэгддэг)
- Эзогэлин шөл (сэвэг зарамтай шөл)
- Долма (ногооны ороомог)
- Баклава (амттан)
- Локум (амттан)
Мөн Турк улс нарийн боов, амтат бялуугаараа алдартай тул заавал идэж үзээрэй. Хувийн зүгээс "Hafiz mustafa 1864" нэртэй 100 гаруй жилийн түүхт нарийн боовны газрыг санал болгоё.
Цэнэглэгч: Хэрэв таны утас цэнэглэгчийн адаптер хавтгай бол дугуйгаар солиод яваарай. Европын орнуудад ихэвчлэн ийм дугуй үзүүртэй адаптер хэрэглэдэг бөгөөд Туркэд ч мөн адил байдаг.
Дататай явах: Аялалд явах бол заавал гар утсандаа дататай байх хэрэгтэй. Адаглаад Google Map ашиглаж, газруудын байршил харах, гэр бүлийнхэнтэйгээ ярих, зураг хөргөө нийтлэхэд заавал дата хэрэгтэй. Миний хувьд travelSIM.mn-ы цахим симийг ашигласан.
Төлбөрийн хэрэгсэл: Виза карт юм уу, бэлэн мөнгөтэй байхад л хангалттай. Евро, америк доллар, турк лир гээд аль алийг нь гүйлгээнд ашигладаг ч зарим газар зөвхөн турк лирээр гүйлгээ хийдэг онцлогтой гэдгийг анхаараарай.
Хэл нэвтрэлцэх: Жуулчид ихээр очдог газрынхан цөм англи хэлтэй байснаас гадна орос хэлтнүүд ч түгээмэл санагдсан. Тиймээс хэрэв та англи юм уу орос хэлтэй бол ямар ч асуудал гарахгүй. Бүр хэл нэвтрэлцэхгүй бол Google translate ашиглаад явахад алзахгүй.
Танд амжилт хүсье!