Монголын мэдээллийн технологийн салбар анх удаа нэгдсэн зорилго, хөгжлийн стратеги, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, хиймэл оюуны ирээдүйг нэг тайзан дээр өргөн хүрээнд хэлэлцлээ. IT WORLD ’26 форумын төгсгөлд салбарын таван холбоо хүчээ нэгтгэхээр санамж бичигт гарын үсэг зурсан нь энэ удаагийн арга хэмжээний хамгийн чухал үр дүн байв.

Монголын мэдээллийн технологийн салбар жилд ойролцоогоор 720 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгож, 6,400 орчим хүнийг ажлын байраар хангаж байна. Гэвч программ хангамж үйлдвэрлэгчид дотоодын зах зээлээ томруулах, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах, олон улсын зах зээлд гарах зэрэг олон сорилттой нүүр тулж байна. Эдгээр асуудлыг нэг дор хэлэлцэхээр IT WORLD ’26 International Forum & Expo аравдугаар сарын 28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдав.

Мэдээллийн технологийн нэгдсэн холбоо (MITA)-ны санаачилсан анхдугаар форумд төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, дотоодын технологийн компаниуд, олон улсын технологийн үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчид, программ хангамжийн хэрэглэгч байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

ЯАГААД IT WORLD ГЭЖ?

Салбарынхаа хэмжээг мэдэхгүйгээр хөгжлийн бодлого боловсруулах боломжтой юу?

МИТА-ийн ерөнхийлөгч, Mogul Group-ийн ТУЗ-ийн дарга Н.Баттулга форумыг нээж хэлсэн үгэндээ Монголын IT салбарын хамгийн эхний сорилт нь өөрийгөө тодорхойлж, нэгдсэн үнэлэмж бий болгох асуудал болохыг онцлов.

Түүний тайлбарласнаар Монголд мэдээллийн технологийн салбарыг олон жилийн турш программ хангамжийн үйлдвэрлэлээр төсөөлж ирсэн. Гэвч орчин үеийн мэдээллийн технологийн салбар нь зөвхөн программ хангамж бус, тоног төхөөрөмж, IT үйлчилгээ, кибер аюулгүй байдал, өгөгдлийн шинжилгээ, хиймэл оюун зэрэг олон чиглэлийг хамардаг. Эдгээр бизнесийн үйл ажиллагааг нэг ангилал, хэмжилт, бодлогын хүрээнд авч үзэхгүйгээр салбарын бодит хэмжээг тодорхойлоход хүндрэлтэй юм.

МИТА-ийн ерөнхийлөгч, Mogul Group-ийн ТУЗ-ийн дарга Н.Баттулга

Н.Баттулга илтгэлдээ салбарыг тодорхойлж чадахгүй бол хэмжих, хэмжиж чадахгүй бол хөгжүүлэх боломжгүй гэсэн зарчмыг дэвшүүлсэн. Тиймээс холбоод хамтарч, салбарын эдийн засгийн хэмжээ, ажиллах хүч, үйлдвэрлэл, үйлчилгээний бүтцийг судалж эхэлжээ.

Түүний танилцуулсан урьдчилсан тооцоогоор Монголын IT зах зээл 230 орчим сая долларын хэмжээтэй бөгөөд нийт 6,400 орчим хүн ажилладаг аж. Гэхдээ илтгэгч өөрөө эдгээр тоог баримжаа гэдгийг сануулж, салбарын ангиллыг нарийвчлан тогтоосноор илүү бодитой статистик гаргах шаардлагатайг дурдсан юм.
Энэ бол технологийн салбарт нэгдсэн холбоо хэрэгтэй болсон эхний шалтгаан юм. Салбарын хэмжээг нэгдсэн байдлаар тодорхойлж чадахгүй бол эдийн засагт үзүүлэх нөлөөгөө бодлого боловсруулагчдад нотлох, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, экспортын зорилт тогтооход хэцүү.

Хоёр дахь шалтгаан нь дэлхийн зах зээлийн өөрчлөлт. Дэлхийн технологийн салбар хиймэл оюун, үүлэн тооцоолол, дата төв, кибер аюулгүй байдалд тулгуурлан өсөж байгаа үед Монголын компаниуд зөвхөн дотоодын төслүүдийн төлөө өрсөлдөх нь хангалтгүй болж байна.

ТАВАН ХОЛБООД НЭГДЭХИЙН УТГА УЧИР

Форумын төгсгөлд Монголын мэдээллийн технологийн салбарын таван холбооны ерөнхийлөгчид хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, Мэдээллийн технологийн салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулах зорилгоо баталгаажуулав.

Эдгээр нь Мэдээллийн технологийн нэгдсэн холбоо, Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбоо, Мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, шийдэл нийлүүлэгчдийн холбоо, Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо, Мэдээллийн технологи хариуцсан захирлуудын клуб юм.

Санамж бичигт Н.Баттулга, Ч.Чимэддорж, У.Эрдэнэбямба, Б.Анхбаяр, М.Сайнбилэг нар өөрсдийн төлөөлж буй байгууллагын нэрийн өмнөөс гарын үсэг зурав.

Энэ нэгдэл зөвхөн мэргэжлийн холбоодын зохион байгуулалтын өөрчлөлт биш. Программ хангамж үйлдвэрлэгч, техник тоног төхөөрөмж нийлүүлэгч, систем нэгтгэгч, технологи хэрэглэгч байгууллагуудын удирдлага нэг платформд ажилласнаар салбарын бодлогыг илүү олон талын оролцоотой боловсруулах боломж бий болж байна.

Ажентик хиймэл оюуны дараагийн үе

Сүкисс Чен, Alibaba Cloud (QWEN) компанийн Евразийн бүсийн захирал

“Хиймэл оюун асуултад хариулдаг системээс бие даан даалгавар гүйцэтгэдэг агентын систем рүү шилжиж байна. Alibaba Cloud зөвхөн клауд үйлчилгээ үзүүлэгч бус, дэд бүтэц, модел, платформ, AI агентуудыг нэгтгэсэн экосистем хөгжүүлэхэд анхаарч байгаа. Байгууллагууд AI ашиглахдаа хамгийн том загварыг сонгохоос илүү зорилгодоо нийцсэн загвар, дэд бүтэц, өртгийн тэнцвэрийг олох нь чухал.”

Сүкисс Чен

Мэдээллийн технологийн салбарын эрх зүйн орчин

О.Энхмөнх, “Аствишн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, МИТА ТББ-ын Дэд ерөнхийлөгч

“Мэдээллийн технологийн бизнесийн эрх зүйн орчныг компьютерын үйлдлийн системтэй зүйрлэж болно. Үйлдлийн систем шинэчлэгдэхгүй бол шинэ программ ажиллахгүйтэй адил хууль, зохицуулалтын орчин хөгжихгүй бол технологийн бизнес томрох боломж хязгаарлагдана. Технологийн салбарынхан хууль батлагдсаны дараа шүүмжлэхээс илүү боловсруулах явцад нь идэвхтэй оролцож, санал дэвшүүлэх ёстой. Иймээс компаниуд виртуал бүсийн боломжийг ашиглаж, мэргэжлийн холбооддоо нэгдэн, салбарын бодлогод нэгдсэн дуу хоолойгоор оролцох нь чухал.”

О.Энхмөнх

Төр, хувийн хэвшлийн түншлэл

С.Чулуунбат, “Анд Технологи Партнерс” болон “Эконетворк” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, МИТА ТББ-ын Дэд ерөнхийлөгч

"Технологийн төсөл хэрэгжүүлэхэд өнөөгийн төр, хувийн хэвшлийн түншлэлийн зохицуулалт бүрэн тохирохгүй байгаа бодит хүндрэлүүд байна. Барилга, замын төслийн маягт, үнэлгээний аргачлалаар программ хангамж, өгөгдөл солилцооны систем зэрэг төслийг үнэлэх нь зохимжгүй. Технологийн төслийн хөрөнгө оруулалт, ашиглалтын зардал, шинэчлэлийн мөчлөг, оюуны өмчийн нөхцөл барилгын төслөөс ялгаатай. Иймээс бэлэн бүтээгдэхүүн худалдан авах, прототип турших, урт хугацааны түншлэл байгуулах зэрэг өөр өөр аргачлалыг хөгжүүлэх шаардлагатай."

С.Чулуунбат

Панел: ТӨРИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХЭРХЭН САЙЖРУУЛАХ ВЭ?

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн гол асуудал нь хамтран ажиллах шаардлагатай эсэх бус, түүнийг ямар тогтолцоогоор хэрэгжүүлэхэд оршиж байна. Мэдээллийн технологийн салбарын хувьд төрийн худалдан авах ажиллагаа, программ хангамжийн хөгжүүлэлт, системүүдийн шилжүүлэлт, түншлэлийн гэрээний нөхцөлтэй холбоотой маргаан, хүндрэлүүд үүсэж байгаа талаар хэлэлцүүлэгт дурдсан.

Зарим оролцогч төр хувийн хэвшлийн өрсөлдөгч болж байгааг шүүмжилсэн бол төрийн төлөөлөл одоо мөрдөгдөж буй хууль, тогтоолын хэрэгжилт болон хяналтын талаар тайлбар өгсөн. Технологийн төслийн онцлогт тохирсон үнэлгээ, хэрэгжүүлэх аргачлал, өрсөлдөөний нөхцөлийг тодорхой болгох шаардлага хэлэлцүүлгийн нэг гол сэдэв болсон. Мөн төрийн системүүдийг хувийн хэвшилд шилжүүлэх, үйлчилгээний чанарыг хангах, төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлыг хамтад нь шийдэх хэрэгцээ гарч байна. Цаашид талуудын байр суурийг нэгтгэн, хэрэгжүүлэх боломжтой жишиг төсөл, аргачлал боловсруулах нь чухал.

Монгол хиймэл оюуны чадвараа хэмжих нь

Б.Цээсүрэн, Могул группийн технологи хариуцсан захирал

“Дэлхийн хиймэл оюуны загваруудын өрсөлдөөн улам эрчимжиж, нээлттэй болон хаалттай загваруудын чадварын ялгаа багасаж байна. Харин Монгол Улсын хувьд тооцоолох хүчин чадал, судалгаа, мэргэшсэн хүний нөөц, өгөгдлийн дэд бүтэц зэрэг суурь боломж хязгаарлагдмал хэвээр байна. Олон улсын загваруудын ерөнхий чадвар сайжирсан ч монгол хэлний онцлог, дуу хоолой, хэлний нарийн утгыг бүрэн ойлгох асуудал байсаар байна. Тиймээс үндэсний болон олон улсын загваруудын монгол хэл дээрх гүйцэтгэлийг нэг шалгуураар үнэлэх шаардлагатай.”

Б.Цээсүрэн

Монголын IT салбарын шилжилт ба хөрөнгө оруулалт

Ц.Мэндбаяр, “Интелмайнд” ХХК-ийн Захирал, МИТА ТББ-ын Дэд ерөнхийлөгч

“Дэлхийн венчур хөрөнгө оруулалтын чиг хандлага хиймэл оюун, тооцоолох дэд бүтэц, эрчим хүч, дата төв зэрэг салбар руу хурдтай шилжиж байна. Хөрөнгө оруулалтын хэмжээ өсөж байгаа ч санхүүжилт авч буй компаниудын тоо цөөрч, томоохон хөрөнгө цөөн төсөлд төвлөрөх хандлага бий болжээ. Монголын технологийн стартапуудын хувьд хөрөнгө оруулалт татах орчин, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын тогтолцоо, олон улсын зах зээлд гарах боломж хангалтгүй хэвээр байна. Монгол Улс зөвхөн шинэ стартап байгуулахад анхаарахаас гадна аль хэдийн бүтээгдэхүүн хөгжүүлсэн компаниудын өсөлтийг дэмжих шаардлагатай.”

Ц.Мэндбаяр

Технологийн бодит хэрэглээ

Т.Мөнх-Очир, Смарткар ХХК-ийн ТУЗ-ийн дарга “Аствишн” ХХК-ийн Систем архитектор, загварчлал хариуцсан захирал

"Монгол Улсад цахим засаглалын хүрээнд хуримтлуулсан туршлага нь олон улсын түвшинд харьцуулах боломжтой болсон. Гэхдээ цахим үйлчилгээ бий болгох нь өөрөө эцсийн зорилго биш бөгөөд үйлчилгээ иргэдэд хэр хүртээмжтэй байгаагаар үр дүнг нь хэмжих шаардлагатай. Иргэн нэг үйлчилгээг авахын тулд хэдэн байгууллагаар дамжиж, хэдэн баримт бүрдүүлж, хэр удаан хүлээж байгааг тооцох нь чухал. Технологийн хөгжүүлэлт төрийн байгууллагын дотоод процессыг хялбарчилж, шаардлагагүй шат дамжлагыг бууруулахад чиглэх ёстой."

Т.Мөнх-Очир

Цахим засаглалын дараагийн шат

Ц.Эрдэнэбат, Гэрэгэ Системс ХХК-ийн ТУЗ-ийн дарга

"Төрийн үйлчилгээний цахимжилт өндөр түвшинд хүрсэн ч байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох асуудал бүрэн шийдэгдээгүй байна. Үйлчилгээ цахим болохоос гадна түүнийг дэмждэг байгууллагуудын системүүд харилцан холбогдож ажиллах шаардлагатай. X-Road технологи нь өгөгдлийг нэг төвд заавал төвлөрүүлэхгүйгээр байгууллагууд хоорондоо шууд, аюулгүй мэдээлэл солилцох боломж бүрдүүлдэг. Монгол Улс энэ төрлийн архитектурыг хөгжүүлэхдээ иргэнийг таньж баталгаажуулах, мэдээлэл солилцох, хандалтыг хянах үндсэн шаардлагыг хамтад нь шийдэх ёстой."

Ц.Эрдэнэбат

 Панел: Шилдэг туршлага, шилдэг технологийн хэрэглээ

Монголын программ хангамжийн салбар зөвхөн шинэ систем хөгжүүлэхээс гадна хэрэглэгч байгууллагуудын бизнесийн асуудлыг бодитоор шийдэхэд анхаарах шаардлагатай. Хэрэглэгчдийн хувьд бүтээгдэхүүний үнэ, чанар, найдвартай ажиллагаа, интеграц, шинэчлэлийн зардал зэрэг олон хүчин зүйл сонголтод нөлөөлдөг. Дотоодын систем хөгжүүлэгчид олон улсын бүтээгдэхүүнтэй өрсөлдөхийн тулд байгууллагын онцлогт тохирсон үйлчилгээ, хурд, мэргэжлийн дэмжлэг зэрэг давуу талаа ашиглах боломжтой.

Гэхдээ технологийн шийдлийн чанарыг хөгжүүлэгчийн амлалтаар бус, бодит хэрэглэгчийн үр дүнгээр үнэлэх хэрэгтэй. Мөн байгууллагын дотоод үйл ажиллагааны өөрчлөлт, ажилтнуудын чадвар, мэдээллийн аюулгүй байдал системийн амжилтад шууд нөлөөлдөг. Иймээс программ хангамж үйлдвэрлэгчид болон хэрэглэгч байгууллагуудын хамтын ажиллагааг илүү тогтвортой болгох шаардлагатай.

AI-д бэлэн байгууллагыг бүтээх нь

Г.Дашжид, “Интерактив” ХХК-ийн Гүйцэтгэх захирал

"Байгууллагын технологийн шилжилт шинэ программ нэвтрүүлэхээс илүү ажлын үйл ажиллагааг өөрчлөх асуудал юм. Цахим нотариат болон бусад төрийн үйлчилгээний системүүдийн уялдааг сайжруулснаар өмнө нь хэдэн өдөр үргэлжилдэг зарим үйл ажиллагааг нэг өдрийн дотор гүйцэтгэх боломжтой болсон. Мөн гадаадад амьдарч буй иргэд нотариатын үйлчилгээ авахын тулд заавал биечлэн очих хэрэгцээг бууруулсан. Ийм төрлийн шийдэл амжилттай ажиллахын тулд өгөгдөл, байгууллагын процесс, харилцан ажиллагааны архитектур зэрэг суурь нөхцөл бэлэн байх шаардлагатай."

Г.Дашжид

AI-ийн дэд бүтэц ба бизнесийн үр дүн

Крайг Пиллай, Ази, Номхон далайн бүс нутаг болон Япон дахь хиймэл оюун ухаан, өгөгдлийн платформ хариуцсан захирал, Dell Technologies

"XIII зууны Монголын өртөөний сүлжээ нь мэдээлэл, хүнийг хурдан дамжуулах тухайн үеийн дэвшилтэт дэд бүтэц байсан. Өнөөдөр байгууллагууд мэдээллийг зөв газарт, зөв цагт хүргэх зорилготой хэвээр боловч GPU, дата төв, өгөгдлийн платформ ашигладаг болсон. Хиймэл оюун зөвхөн зөвлөгчийн үүргээс бодит ажил гүйцэтгэгчийн түвшинд шилжиж байна. Хиймэл оюун нэвтрүүлэхийн тулд хамгийн түрүүнд сервер худалдан авах бус, байгууллагын хүрэхийг хүсэж буй бизнесийн үр дүнг тодорхойлох хэрэгтэй. Үүний дараа тохирох хэрэглээ, өгөгдөл, дэд бүтцээ сонгосноор технологийн хөрөнгө оруулалтын бодит үр өгөөжийг хэмжих боломжтой."

Craig Pillay

AI бол эхний биш, хамгийн сүүлийн алхам

Г.Золбоо, Могул Сервис ХХК-ийн Дэд захирал

"Байгууллагууд программ хангамжийн лиценз худалдан авснаараа цахим шилжилт хийсэн гэж үзэх хандлагатай байдаг. Гэтэл лицензтэй байх, түүний бүх боломжийг ашиглах хоёр өөр ойлголт юм. Хиймэл оюуныг нэвтрүүлэхийн өмнө байгууллага өөрийн өгөгдөл, мэдээллийн хандалтын эрх, дотоод процесс, аюулгүй байдлаа цэгцлэх шаардлагатай. Эдгээр суурь нөхцөл бүрдээгүй үед AI нэвтрүүлэх нь мэдээллийн эрсдэл болон хүсээгүй үр дүн үүсгэж болзошгүй."

Г.Золбоо

Хиймэл оюуны ёс зүй ба засаглал

Ж.Майзориг, Өмгөөллийн Эм Ди Эс энд Хаан Лекс ХХН-ийн Удирдах зөвлөлийн гишүүн

"Хиймэл оюуны ёс зүй, засаглал, төрийн зохицуулалт нь хоорондоо холбоотой боловч өөр өөр асуудал юм. AI-ийн эхний үеийн эрсдэл нь өгөгдөлд суурилсан буруу, ялгаварлан гадуурхсан шийдвэр гаргалттай холбоотой байсан. Харин өнөөдөр агентууд бие даан үйлдэл хийдэг болсноор тэдгээрийн шийдвэр, үйл ажиллагаанд хүний хяналт тавих асуудал улам чухал болж байна. Хиймэл оюуны системд ямар эрх олгох, ямар үйлдэлд зөвшөөрөл шаардах, шаардлагатай үед хэрхэн зогсоохыг тодорхойлох ёстой."

Ж.Майзориг

SaaS for Business Transformation

Ш.Оюунчимэг, Нэкс Майнд ХХК-ийн Байгууллагын шийдлийн бизнесийн захирал

"Байгууллагын харилцагчийн үйлчилгээг сайжруулахын тулд зөвхөн дуудлагын төвийн технологийг шинэчлэх нь хангалтгүй. Харилцагчийн үйлчилгээний чанар нь хэрэглэгчийн мэдээлэл, хүсэлтийн түүх, байгууллагын дотоод процесс болон ажилтнуудын бүтээмжээс хамаардаг. ContactX платформыг ашигласнаар дуудлагын хүлээлтийн хугацааг 22 секундээс хоёр секунд болгож бууруулсан туршлагыг танилцуулсан. Мөн шинэ оператор бэлтгэх хугацааг 14 хоногоос нэг өдөр болгож богиносгосон байна. Энэ өөрчлөлт нь хүний нөөцийг шууд цомхотгохоос илүү давтагддаг ажлыг автоматжуулж, ажилтнуудын бүтээмжийг нэмэгдүүлэх боломжийг харуулж байна. "

Ш.Оюунчимэг

The Power of Cybersecurity Vision

Б. Ганзориг, Кибер аюулгүй байдлын зөвлөх, Fortinet

"Кибер аюулгүй байдлыг зөвхөн хамгаалалтын төхөөрөмж, программ хангамж худалдаж авах замаар шийдэх боломжгүй. Байгууллагын аюулгүй байдал нь сүлжээ, өгөгдөл, үүлэн үйлчилгээ, ажилтнуудын үйл ажиллагаа зэрэг олон түвшнийг хамардаг. Технологийн хөгжилтэй зэрэгцэн халдлагын арга барил өөрчлөгдөж, шинэ эрсдэлүүд үүсэж байна. Иймээс байгууллага аюулгүй байдлаа урт хугацааны стратеги, эрсдэлийн удирдлагын хүрээнд авч үзэх шаардлагатай."

Б.Ганзориг

Панел хэлэлцүүлэг: Хиймэл оюун ба өгөгдөл

Монголын байгууллагууд хиймэл оюуныг нэвтрүүлэхдээ хамгийн түрүүнд ямар бизнесийн асуудлыг шийдэхээ тодорхойлох шаардлагатай. Дараа нь богино хугацаанд хэмжигдэх үр дүн гаргах боломжтой хоёр, гурван хэрэглээ сонгон турших нь зохимжтой гэж оролцогчид үзсэн. Үүнтэй зэрэгцэн байгууллага өөрийн өгөгдлийн чанар, системийн уялдаа, дэд бүтэц, мэргэжлийн хүний нөөцийг хөгжүүлэх ёстой.

Томоохон байгууллагуудын хувьд өгөгдөл бүрийг хэн эзэмших, хэн хариуцах, ямар зориулалтаар ашиглахыг тодорхой болгосон өгөгдлийн засаглал чухал. Харин хиймэл оюуны тооцоолох хүчин чадал, дата төв, хүний нөөцийн асуудлыг үндэсний хэмжээнд авч үзэх хэрэгцээ мөн хөндөгдсөн. Цаашид Монголын технологийн компаниуд, хөрөнгө оруулагчид, судалгааны байгууллагууд хиймэл оюуны бодит хэрэглээ болон үндэсний дэд бүтцийг зэрэг хөгжүүлэх шаардлагатай.

ОНЦЛОХ МӨЧҮҮД