Нисгэгч, усан онгоцны ахмадууд байршил, техникийн үзүүлэлт, үйл явдлаа цаг тутам тэмдэглэн үлдээдэг logbook-ээс санаа авсан журнал контентын цоо шинэ дугаар өмнөд өргөргийн 18° 35.453′, баруун уртрагийн 175° 46.304′-аас уншигч танд хүрч байна.
Журналын эзэн Ариунсанаа нь Дани улсын “Нептун” нэртэй бригантин хөлөг онгоцоор Номхон далайг гатлах аяллын багийн гишүүн бөгөөд далайд гараад 135 дахь хоногоо үдэж буй.
Энэ оны “Нептун” бригантин хөлгийн Номхон далайн аялал Мексикээс Таити, Таитигаас Палау хүрэх үндсэн хоёр чиглэлийн маршрутын дагуу үргэлжилж байгаа аж. Мөн тус маршрут Галапагос, Питкэрн, Францын Полинез, Тонга, Фижи, Маршаллын арлууд зэрэг олон алслагдсан цэгтэй огтлолцож буйг онцлууштай. Энэхүү аялал нь аяллын багийнхныг уламжлалт дарвуулт завийг хөлөглөх бүхий л ур чадварт суралцахын сацуу сонин хачнаар хөглөгдсөн далайн амьдрал, нутаг нутгийн өвөрмөц соёлтой танилцах боломжийг олгодгоороо өвөрмөц.
Ингээд түүний хөлгүй цэнхэр далайг уламжлалт дарвуулт завиар товчлон буй нэгэн өдөртэй танилцъя.
23:40
Сайн уу? Энэ тэмдэглэлийг уншиж байгаа та бүхэнтэй Номхон далайн тэг дундаас мэндчилье! Өнөөдөр миний өдөр 23:40-д эхэлж байна.
Энэ миний ор. Өөрөөр бол энэ завин дээрх ганц хувийн орон зай маань. Завь байнга савлаж хөдөлдөг тул би хоёр талдаа дэр тавьж унтдаг. Манай хөлөг онгоц уламжлалт аргаар дарвуул ашиглан явдаг учраас хийх ажил дуусахгүй. Иймдээ ч аяллын багийнхан гурван ээлжээр нэг удаад дөрвөн цагаар ажилладаг. Харин би одоо өөрийн хуваарилагдсан ээлжид гарахдаа бэлдэж байна. Ийнхүү шөнө 00:00-04:00, өдөр 12:00-16:00 цагийн хооронд ажиллах хэрэг.
Бид өчигдөр Тонга улсаас хөдөлж, Фижи арал руу зорьсон. Манайхан завин дээр нийт 14-үүлээ. Хамтдаа өнөөдрийг хүртэл 14,000 гаруй км-ийг туулсан байна. Одоогоор бидний эндхийн цаг Улаанбаатарынхаас 18 цагийн хойно яваа. Бид удахгүй уртрагийн 180 градус хүрээд календарийн нэг өдөр алгасаж, Улаанбаатараас таван цагийн өмнө байхаар цагаа тохируулна.
02:00
Манай завины залуур, луужин гэх мэт ихэнх тоног хэрэгсэл хуучны, уламжлалт хэв маягтай. Иймд бид дарвуул, олс, зангуугаа ч гараар татдаг. Автомат залуургүй учраас хуваарийн дагуу хэн нэгэн хөлгийг тогтмол залуурдах шаардлагатай. Бид бөмбөрцгийн урд хэсгээр баруун зүгт аялж байгаа.
Энд шөнийн тэнгэр Монголд харагддагаас тун ондоо. Сонирхуулахад, экватор гаталснаас хойш Maui’s hook буюу Хилэнцийн ордны одод харагдаж эхэлсэн. Заримдаа үүлгүй шөнө оддыг ашиглан хөлгөө залж суух их гоё. Номхон далайгаар тархан суурьшсан Полинез далайчдын хувьд хилэнцийн ордны од их чухал юм билээ. Сар мандахаас өмнө далайн давлагааг гэрэлтүүлдэг Сугар гараг нүдэнд үзэгдээд амжина. Бид ихэвчлэн баруун зүгийг чиглэн явж байгаа учир завины зүүн талд Өмнөд зүгийн загалмай од ч байнга харагддаг.
Анх бөмбөрцгийн урд талд гарахад Монголд харж өссөн одод төдийлөн харагдахгүй, тэнгэр нүдэнд их өөрөөр туссан нь сонирхолтой санагдаж билээ. “Дэлхийн өнцөг булан бүрд суугаа хүмүүс ч сар, оддыг ялгаатай өнцгөөс аждаг байх нь ээ…” гэдэг бодол төрж, тэдгээрийг хаа ч явсан сайтар анзаардаг болсон.
03:30
Дараагийн ээлжийнхнийг сэрээхээс өмнө кофе чанах цаг болжээ. Манай завины хамгийн хөдөлгөөнтэй хэсэг буюу урд хэсэгт гал тогоо бий. Заримдаа завь бараг л 45 градус хазайж байгаа юм шиг санагддаг. Тогооч эмэгтэй маань хамгийн аюултай хэсэгт бидэнд хоол хийж өгдгийн сацуу далайд дотор муухайрдаг өвчтэй. Түүнчлэн шөнийн ээлжид хурц шар бус улаан гэрэл ашиглах ёстой байдаг ба зарим өнгө улаан гэрэлд хангалттай ялгарч харагддаггүй.
Ээлж солигдохоос өмнө завины бүх хэсэг хэвийн байгаа эсэхийг нягтална. Мөн цаг тутам олснууд байх ёстой газраа байгаа эсэх, завь их савлаж хөдөлдөг учир эд зүйлс унасан эсэх, батарей хэдэн хувь цэнэгтэй, завины доод хэсэгт хэр их ус хуримтлагдсан байгааг тус бүрчлэн шалгана. 03:55-д ээлжээ хүлээлгэж өгөөд орондоо орж дараагийн ээлж эхлэхээс өмнө нойр авахыг хичээе дээ. Өдөрт ихэвчлэн хоёр удаа унтдаг болохоор нэг дор хоёр өдөр өнгөрчихсөн ч юм шиг, арал хоорондын аяллууд их удаан санагддаг.
10:00
Дээр хүмүүсийн орилолдох дуунаар сэрлээ. Загасны уургад том загас орсон гэнэ. Ийнхүү дарвуулаа салхи өөд харуулж завиа зогсоогоод, уургаа эргүүлсээр бараг хоёр цаг оролдсоны эцэст том шар сэрвээтэй туна загас гарч ирснийг дөрвүүл татаж, арай хийн уснаас гаргахдаа баярлан зургаа авхуулцгаалаа. Энэ аялал эхэлснээс хойш барьсан хамгийн том загас. Бараг 70кг давсан том загас байсан шүү.
12:30
Манай гуравдугаар ахлах залуу барьсан загасаа яс арьснаас нь салгах хооронд би түүхий загасаар будааны цуу, зөгийн балтай carpaccio маягийн зууш хийснийг бүгд идлээ. Нэг мэдэхэд өдрийн хоолны цаг ч болсон байна. Ойрд мах дууссан учир ногоо давамгайлсан хоол идэж байгаа. Харин өнөөдөр шинэ загас идэх нь ээ!
Бид өчигдөр Тонга хаант улсын Вава'у арлаас хөдлөхдөө жимс ногоо авсан. Урт аяллуудад эхний долоо хоногт жимс, удаах долоо хоногт ногоо дуусчихдаг. Тийнхүү үр тариа, шош, гоймон, будаа зэрэг удаан хадгалах боломжтой хүнс голдуу хэрэглэдэг тул жимс ногоог тун их санадаг. Чухам эх газар, арал дээр очихдоо л төрөл бүрийн амттан идэж баярлацгаана.
Манай завь ихэвчлэн салхины хүчээр урагшилдаг. Дундаж хурд нь 5 knot. Далайд хурд болон салхины эрчийг knot-оор хэмждэг ба 5 knot нь цагт 9.26 км замыг туулсантай тэнцүү үзүүлэлт. Ингээд бодоход унадаг дугуйтай зүйрлэж болох юм. Нэг ёсондоо Номхон далайг унадаг дугуйны хурдтай гаталж байна гэсэн үг. Шуургатай үед завины хурд 7-8 knot ч хүрнэ.
14:00
Завины хамгийн дээр байдаг дарвуулын оёо нь задарчхаж. Дээш гарч дарвуулаа салган буулгаж, ирэх хэдэн хоног ээлж ээлжээр оёж засах шаардлага гарлаа. Яг одоо миний зогсож байгаа хэсэг завины тавцангаас 18 метрийн өндөрт байрладаг. Завины савлах хөдөлгөөн энд улам илүү мэдрэгддэг тул өндрөөс айдаг хүмүүс энд гарч ирэхэд анх их хэцүү байдаг.
Манай завь өмнө нь гурвалжин дарвуултай schooner загварын хөлөг онгоц байсан юм. Бид өнгөрсөн 12 дугаар сараас эхлэн зургаан сарын турш завиныхаа ихэнх тоног хэрэгслийг сольж, манай мужаан миний зогсож байгаа модон яардыг (yard) бусад бүх модон эд ангийн хамт гараараа хийсэн. Өөрөөр хэлбэл, энэ завинд хүний гар хүрээгүй хэсэг бараг байхгүйн зэрэгцээ бүх зүйлс уламжлалт аргаар хийгдсэн.
Дөрвөлжин дарвуултай бригантин загвартай хөлөг онгоц нь хойноосоо худалдааны салхи (trade wind) ашиглан явахад их тохиромжтой. Манай завь ч худалдааны салхинд хөтлөгдөн дэлхийг тойрох аялал дундаа яваа.
15:30
Энэ бол моторын өрөө. Батарейнууд энд цэнэглэгддэг. Харин би өдрийн хоол хийж дууссан тул генератор, усны машинаа унтраахаар орж ирлээ.
Усны машин далайн уснаас зөвхөн ус ба бусад жижиг молекулыг шүүж авдаг. Манай завь хоёр тонн цэвэр усны нөөцтэй тул энэ усаа уух, хоол хийх, усанд орох, угаалга хийхэд зарцуулна. Саяхан усны насос маань эвдэрснээс үүдэж 15-уулаа усанд орох тоогоо ч танан усаа гамнаж, өөрсдөд байсан нөөцөө бараг гурван долоо хоног хэрэглэж үзсэн.
Завин дээр усанд орох, угаалга хийх зэрэг нь бидний гэртээ хийж заншсанаас их ондоо. Аль болох далайн давстай усаар угаалгаа хийж, цэвэр усаа гамнахыг хичээдэг. Хувцсаа давстай усаар угаахад саван сайтар хөөсрөхгүйн сацуу хувцас хатахгүй удах, даавуун материал нимгэрч гандах зэрэг тохиолдог олон гардаг.
17:30
Би завин дээрээ давхар зурагчин, дүрс бичээч хийдэг. Саяхныг хүртэл сүүлийн зургаан сарын турш авсан зургуудаа тухтай үзэх зав чөлөөгүй явсан юм. Одоо бол шинээр ирсэн хүмүүс маань дарвуулаа тавьж, завин дээрх ажлуудаа сураад авчихсан тул надад зураг, видеогоо янзлах цаг, боломж харьцангуй элбэгшиж эхэлсэн. Завь байнга хөдөлгөөнд байдаг учир зарим үед дүрс бичлэгийн монтаж хийхэд их толгой эргэдэг. Аз болж би далайд дотор муухайрдаггүй. Манай завины нэг залуу тавдугаар сард Мексикийн эх нутгаас далайд гарснаас хойш дотор нь муухайрч яваа. Өдөр бүр үүнийгээ намдаах эм уудаг.
Завин дээр зай талбай бага. Тиймээс бидний унтлагын хэсэг усны түвшнээс доор байдаг. Мөн ширээн дээр сууж ажиллахад дээд цонхоор давлагааны ус орж ирэх магадлалтай тул ихэвчлэн орондоо ажлаа хийдэг. Бөгтийж суухгүй бол бас багтахгүй. Ширээний ойролцоох цонхноос ус орж ирснээс үүдэж аялал эхэлснээс хойш хоёр, гурван хүн компьютероо шатаасан. Цаашилбал, далайн давстай чийг бүх металл эд зүйлсийг маш хурдан зэврүүлдэг учир би камер, электрон төхөөрөмжүүдээ чийг сорогчтой саванд хадгалдаг.
18:30
Оройн хоолоо идэнгээ нар жаргахыг харчхаад орондоо орлоо. Баруун зүг рүү урагшлах тусам нар мандах, жаргах цаг нь оройтдог юм билээ. Тэгж явсаар нэг бол цагаа урагшлуулна, эсвэл дараагийн арал дээр очоод тухайн орон нутгийн цагтай зэрэгцэхээр тохируулна. Шөнө дунд хүртэл татаж авсан киногоо хэсэг үзсэнийхээ дараа унтаж амраад, 23:40-өөс дахин ээлждээ гарна даа.
Бид завин дээрээ бараг интернэт ашигладаггүй. Старлинк ашиглаж энэ тэмдэглэлээ илгээчхээд утсаа хаалаа. Задгай далайд утас, интернэтээс холдож, шөнийн оддыг тольдож суух гоё. Энд биднээс өөр хэн ч байхгүй. Тэр тусам ертөнцийн өчүүхэн жижигхэн хэсэг гэдгээ улам бүр мэдэрдэг. Өмнөд зүгт өвөл болж, бөгтөр халимын нүүдэл бидний аялалтай нэг цаг үед таарч байгаа. Халимууд төрсөн арлууд руугаа эргэн ирж буй завшаанаар нэлээд хэдэн удаа бөгтөр халим харж, хамт сэлж, дууг нь сонсож, харц тулгарах боломж тохиосноор нэг мөрөөдлөө биелүүлээд амжсан.
Төгсгөл
Завин дээрх амьдрал олон сорилттойн зэрэгцээ байнгын аюул эрсдэлтэй. Завь үргэлж хөдөлгөөнд оршдог учир зүгээр алхахдаа ч ямар нэг зүйлийг тулж, түшихгүй бол унаж бэртэж мэднэ. Эд зүйлсээ сайн уяхгүй бол завь савлахад гээгдэж, давлагаанд орж ирэхэд урсаж алга болох боломжтой. Манай завь бидний хувьд орон гэрээс өөрцгүй учир бид бүгдээрээ л хэрэгтэй үед цэвэрлэгч, инженер, сантехникч, мужаан, оёдолчин, будагчин, засварчин, гагнуурчин гэх мэт төрөл бүрийн дүрд хувирдаг. Үүний сацуу олуулаа хязгаарлагдмал зай талбайд зэрэгцэн амьдрах нэлээдгүй бэрхшээлтэй. Аялал эхэлснээс хойш гурван ч хүн завиа орхиж, аяллаа эрт дуусгасан.
Гэсэн ч энэ аялалд гарснаар зөвхөн завиар л хүрэх боломжтой Питкайрн, Палмерстон шүрэн арал зэрэг ердөө 30-40 орчим хүн амтай, сонирхолтой түүхийн өлгий болсон нутгаар зочилсон нь миний хувьд их нандин дурсамж байлаа. Аялал маань энэ оны 12 дугаар сарын төгсгөлд Палау арал дээр өндөрлөнө. Номхон далайг гатлах мөрөөдлийн минь ⅔ нь гүйцчихсэн явж байна.
Надтай хамт Номхон далай дахь нэг өдрийг минь өнгөрүүлсэнд баярлалаа. Тогтуун салхитай тайван өдөр байлаа. Энэ хүрээд өндөрлөе.
Баяртай, fair winds!
Н Найзаас нь .., 2025.10.05 202.126.91.185
Ариука бид хоёрыг нэг найз маань анх танилцуулж байсан юм. Одоо бол, тэр найзаасаа илүү дотно найзууд болсон. Байнга хэлж, ярьж амждаггүй ч чамаараа үргэлж бахархаж, найз шиг бие даасан, зоригтой байхыг хичээж, үлгэр дуурайлал юм авдаг шүү. Тэврэе ???? Pusheen & Tsas’han ???? ~ Улаанбаатараас
З Зочин 2025.10.03 66.181.182.249
Gaihaltai setgel hudlum aylal baina ayan zamdaa sain yavaad ireerei amjilt buuniig husen yeruuy Uvurhanvai aimgiin Burd sumaas
Э Энгийн нэгэн уншигч 2025.10.03 66.181.168.8
Энэ бол үнэхээр гайхалтай, сэтгэл догдлуулсан аялал байна. Та бүхний зориг, тэсвэр хатуужил, итгэл үнэмшил нь уулс хормойлж, салхи дагуулсан мэт хүчтэй байна. Та нарын алхам бүрт эх орон бахархаж, түүхийн хуудас шинэчлэгдэж байна. Зорьсон зорилгоо гүйцээнэ гэдэгт эргэлзэх зүйл үгүй — учир нь та бүхэн бол итгэл, эрмэлзэл, нэгдмэл сэтгэлийн илэрхийлэл юм. Алзахгүй, буцахгүй, зөвхөн урагш — энэ бол та бүхний зам!"