Швейцарийн Давос хотноо зохион байгуулагдсан Дэлхийн Эдийн Засгийн Чуулган магадгүй энэ сарын хамгийн их яригдсан сэдэв байсан болов уу. Тус арга хэмжээнд Монгол Улс, тэр дундаа залуучуудаа төлөөлөн оролцсон Б.Бат-Оргилын журналыг энэ удаагийн дугаартаа хүргэж байна.  
 
Түүнийг хүмүүс Global Shapers-ийн Монгол дахь салбарын Куратор гэдгээр нь эчнээ таниж магадгүй юм. Global Shapers нийгэмлэг нь 2011 онд анх үүсгэн байгуулагдсан Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх 30-аас доош насны залуучуудын дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилготой сайн дурын нийгэмлэг. Өдгөө Дэлхийн 500 гаруй хотуудад тус нийгэмлэхийн хаб буюу салбарууд идэвхтэй үйл ажиллагаа явуулж нийгмийн олон асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулж байгаа юм. Жил бүр Дэлхийн Эдийн Засгийн Форумаас сонгон шалгаруулалт явуулж 50 Глобал Шейперийг Дэлхийн Эдийн Засгийн Форумд оролцох боломж олгодог. Чуулганд сонгогдохын тулд заавал Куратор байх албагүй, харин Куратор нь өөрийн хабын үйл ажиллагааг удирдан, зохион байгуулах үүрэгтэй ажилладаг юм байна. 

Б.Бат-Оргил бакалаврын зэргээ АНУ-ын Аризона-ийн Их сургуульд улс төр, байгаль орчин судлал, магистрын зэргээ нийтийн удирдлагын чиглэлээр Их Британийн UCL-ийн Их сургуульд тус тус хамгаалжээ. 
Карьерын хувьд 2024 оны нэгдүгээр сараас хойш “unnu.news” медиад төслийн менежер, продюсэрээр ажиллахын сацуу саяхан "New Nomad Institute"-ийг хамтран үүсгэн байгуулж, давхар Азийн хөгжлийн банкны зөвлөхөөр ажиллаж байгаа юм. Түүнчлэн тэрээр ирэх наймдугаар сараас эхлэн БНХАУ-ын Чинхуа Их сургуульд Шварцманы нэрэмжит магистрын хөтөлбөрт суралцах гэж буй.  
 
Ингээд түүний Дэлхийн Эдийн Засгийн Форумд оролцсон нэг өдөр хэрхэн өнгөрснийг сонирхьё.  

07:00


Өглөөний мэнд! Швейцарын Альпийн нурууны дунд орших Давос хотод даваа гаргийн өглөөний 7:00 цаг болж байна. Өнөөдөр 55 дахь удаагийн Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы гурав дахь өдөр эхэлнэ. Миний хувьд хамгийн завгүй өдөр байх төлөвтэй байна. Өдөр тутмын хуваарь маань 6:00 цагт босож, 7:30 гэхэд автобусандаа сууж, 8:30-д Конгресс төвд ирж уулзалтад оролцохоор эхэлдэг. Ингээд өнөөдрийн тэмдэглэлээ хуваалцъя!

8:30


Дэлхийн Эдийн Засгийн Чуулган жил бүр дэлхийн 60 гаруй орны төр, засгийн тэргүүн, 1000 гаруй компаниудын удирдлага, салбартаа тэргүүлэгч эрдэмтэн судлаач, 200 гаруй олон улсын байгууллагын төлөөллийг нэг дор цуглуулдаг. Энэ удаад 40 мянган хүн Давос хотод ирсэн гэж тооцоолж байгаа ч албан ёсны нэвтрэх үнэмлэхтэй 3000 орчим хүн Конгресс төвд нэвтэрч байгаа юм. Тийм ч учраас Давос хотын эргэн тойронд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой өндөр хэмжээний хамгаалалт байрласныг харж болно.

Өнөөдрийн эхний хэлэлцүүлэг 9:00 цагт эхлэх тул 30 минутын зав гаргаж, кофе уухаар шийдлээ. Нэмээд хэлэхэд Давосын хамгийн гайхалтай зүйл бол цэвэр агаар!

9:00


Өнөөдөр миний оролцох хамгийн эхний панел хэлэлцүүлэг “БНХАУ-ын өнгөрсөн болон одоо үеийн эдийн засгийг ойлгох нь” сэдэв дор өрнөсөн. Жил бүрийн Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы үеэр 400 орчим панел хэлэлцүүлэг зохион байгуулагддаг. Иймд ийм олон сонирхолтой уулзалтууд дундаас 20 орчмыг сонгох нь амаргүй даалгавар байсныг хэлэх нь зүйтэй байх.

Ямар ч байсан сайтар бодсоны эцэст би хиймэл оюун ухаан, уур амьсгалын өөрчлөлт, БНХАУ гэсэн гурван сэдвийн хүрээнд төвлөрч, энэ удаагийн чуулганд оролцохоор шийдсэн билээ.



Миний хувьд ирэх наймдугаар сараас эхлэн БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо байрладаг Чинхуа Их сургуульд Шварцманы нэрэмжит магистрын хөтөлбөрт суралцахаар болсон тул Бээжинд очихоосоо өмнө тус улсыг маш сайн ойлгох зорилгоор Хятадтай холбоотой хэлэлцүүлэгт оролцохоор бүртгүүлсэн юм.

Тус хэлэлцүүлгийн үеэр БНХАУ-ын эдийн засгийн онцлогийн талаар ярилцаж, дэлхийн бусад улс орнууд хэрхэн Хятадтай хамтарч ажиллах боломжтой талаар ярилцсан нь сонирхолтой санагдлаа. Ялангуяа АНУ болон БНХАУ хоёрын хооронд худалдааны дайн хурцдаж байгаа энэ цаг үед уг сэдэв бүр ч илүү их чухал санагдсан. Манай улсын хувьд ч мөн адил цаашид дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятадтай хамтарч ажиллах урт хугацааны тогтвортой бодлого боловсруулж, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд Хятадын компаниудтай өргөн хэмжээнд хамтрах шаардлагатай юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ингэхдээ өөрсдийн эдийн засгийн хараат бус байдлыг зайлшгүй бодох шаардлагатай гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.

10:15


Миний дараагийн суусан панел хэлэлцүүлэг “Урьдчилан сэргийлэх арга хэмжээгээр дамжуулан эрүүл мэндийг хамгаалах нь” сэдэв дор өрнөсөн юм. Тус панелд Испани Улсын Ерөнхий сайд Педро Санчес, Гави Олон улсын вакцины холбооны Гүйцэтгэх захирал Сания Ништар нар оролцлоо. Дэлхий дахинд маш олон шалтгааны улмаас чихрийн шижин, олон төрлийн зүрх судасны өвчин гэх мэт халдварт бус өвчний өвчлөл нэмэгдэж байгаа. Харин халдварт өвчний тохиолдол дэлхий дахинд, ялангуяа ядуу буурай орнуудад эрс буурсан амжилтыг үзүүлсэн. Энэ нь шууд утгаараа вакцины ололт амжилттай холбоотой талаар Сания Ништар онцолсон.

Тодруулбал, Гави-д оруулсан нэг доллар бүрийн хөрөнгө оруулалт 54 долларын эдийн засгийн үр өгөөж авчирдаг байна. Харин одоо дэлхий нийтэд тулгарч буй халдварт бус өвчний асуудлыг шийдэхийн тулд ирээдүйд технологийг түлхүү ашиглаж улс орнууд хамтдаа хамтарч ажиллах шаардлагатайг зочид удаа дараа дурдлаа. Манай Монгол Улсын эрүүл мэндийн салбар байгаль орчны бохирдол, эрүүл мэндийн чанар, хүртээмжийн асуудлуудаас болж маш их асуудлуудтай нүүр тулж байгаа. Тэгэхээр дэлхийн бусад улсуудын сайн жишээнээс суралцаж, нийт иргэдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарах цаг болсон нь мэдрэгдсэн шүү.

11:30


Энэ өдрийн гурав дахь хэлэлцүүлэг хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хөндөж ярилцсан. Миний хувьд өмнө нь залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд ажиллаж байсан туршлагатай учраас уг хэлэлцүүлгийг ихэд олзуурхаж сонссон. Хэлэлцүүлгийг Сингапур Улсын Ерөнхийлөгч Тарман Шанмугаратнам нээж, үг хэлэхдээ хөдөлмөр эрхлэлтийн асуудал нь зөвхөн эдийн засгийн төдийгүй, нийгмийн суурь асуудал болохыг онцолсон нь онцгой сэтгэгдэл төрүүллээ.

Учир нь хүн ажилгүй байх нь зөвхөн санхүүгийн хүндрэл үүсгээд зогсохгүй, өөртөө итгэх итгэл, нийгэмд эзлэх байр сууринд нь сөргөөр нөлөөлдөг. Мөн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг шийдвэрлэхийн тулд боловсролын тогтолцоог сайжруулах нь нэн тэргүүний зорилт байх ёстой гэсэн түүний байр суурьтай би бүрэн санал нийлсэн.


Ялангуяа хиймэл оюун ухаан дэлхийн хөдөлмөрийн зах зээлийг бүхэлд нь өөрчлөх ирээдүй ойртож буй энэ үед бид боловсролын талаарх хандлагаа шинэчлэх шаардлагатай болжээ. Хэлэлцүүлгийн төгсгөлд, улсын буюу үнэгүй боловсролын систем хамгийн сайн хөгжсөн орнууд энэ өөрчлөлтөд хамгийн бэлтгэлтэй байх талаар онцолсон нь манай улс боловсролын тогтолцоогоо эргэн харах цаг болсныг сануулсан мэт санагдлаа.

Үндсэн панелын хүрээнд LinkedIn-ийн Гүйцэтгэх захирал Райн Рослански, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ерөнхий захирал Гилберт Ф. Хунгбо нар ирээдүйн хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлага болон тулгарч болох асуудлуудын талаар ярилцсан. Ялангуяа тэд хиймэл оюун ухааны учруулж болзошгүй эрсдэлүүд болон бий болгож чадах боломжуудыг онцлон хэлэлцсэн нь тун сонирхолтой байв.

12:30


Харин дараагийн уулзалт Хятадын санхүүгийн зах зээлийг ойлгох нь сэдэв дор өрнөсөн өдрийн зоог барих уулзалт байсан юм. Тус уулзалтад Хятадын хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцдог хөрөнгө оруулагч, тус сэдвийн хүрээнд судалгаа хийдэг академич нар оролцож, тэдэнтэй ярилцаж, асуулт асуух боломж олдсон юм. Уулзалтын төгсгөлд London School of Economics-ийн профессор, The New China Playbook: Beyond Socialism and Capitalism номын зохиогч Кейү Жин-тэй уулзах завшаан тохиож, ном дээр нь гарын үсэг зуруулах боломж олдсоныг онцлон тэмдэглэх нь зүйтэй болов уу.

13:15


Өнөөдрийн хамгийн сонирхолтой панел хиймэл оюун ухааны гол тоглогчид болох Ёшуа Бенгио, Ежин Чой, Томас Волф, Эндрю Нг, Жонатан Росс нар оролцсон хэлэлцүүлэг байлаа.

Хэлэлцүүлгийн үеэр хиймэл оюун ухааны хөгжлөөс гарч болох эрсдэл ба боломжуудыг харьцуулахын сацуу АНУ болон Хятадын хоорондын тус салбарын өрсөлдөөний талаар мэтгэлцсэн. Мэдээж хиймэл оюун ухааны хэрэглээнээс маш олон шинэ боломж гарч ирэх боловч түүний эрсдэл бүр ч их аюул байгааг хүн бүр сануулж байсныг онцлууштай.

Тодруулбал хүн төрөлхтөн хиймэл оюун ухааныг удирдах боломжгүй болсон тохиолдолд дэлхий дахинд гарч болох сөрөг үр дагавруудыг одоогийн байдлаар төсөөлөх ч боломжгүй байгаа аж. Ямартай ч Монгол Улсад хиймэл оюун ухааны хэрэглээг зохицуулах зохицуулалт ирэх он жилүүдэд зайлшгүй бий болгох шаардлагатай гэдгийг уг хэлэлцүүлгээс сайтар ойлгож авлаа.

16:15


Хиймэл оюун ухааны хэлэлцүүлгийн дараа хэсэг хугацаанд панелд суулгүй, Эдийн засгийн чуулганд оролцож буй хүмүүстэй танилцан ярилцахаар шийдэж, 16:15-д дараагийн уулзалтад орлоо. Энэ удаагийн хэлэлцүүлгийн үеэр дээд боловсролыг тойрсон олон асуудлуудыг хөндөж ярилцсан юм. Бас миний урд бидний сайн мэдэх зохиолч Стивен Пинкер суусан нь гоё санагдсан шүү.

Уг хэлэлцүүлэгт миний магистртаа суралцсан UCL-ийн Ерөнхийлөгч Майкл Спенс модератороор ажиллаж, Дартмут коллежийн Ерөнхийлөгч Сиан Бейлок, Харвардын их сургуулийн профессор Ларри Саммерс, Коломб Улсын Андын их сургуулийн Ерөнхийлөгч Ракуэл Бернал нар оролцлоо.



Энэ хэлэлцүүлгийн хамгийн гол сэдэв нь дээд боловсрол эзэмшихийн үндсэн зорилгыг тодорхойлох байсан. Хүн зөвхөн ажилд орохын тулд их сургуульд сурах ёстой юу? Эсвэл өөр ур чадваруудыг эзэмшин, сэхээтэн болж төлөвших нь гол зорилго байх ёстой юу?

Эртний уламжлалтай, дэлхийн дахинаа хамгийн он удаан жил үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын нэг нь их, дээд сургуулиуд. Гэвч олон зуун жилийн турш боловсролын тогтолцоо, сургалтын ерөнхий загвар бараг өөрчлөгдөөгүй. Харин хиймэл оюун ухаан бидний өдөр тутмын хэрэглээнд нэвтэрснээр боловсролын системийг дахин эргэн харах, шинэчлэх шаардлага улам тод томруун болж байна.

Миний анзаарсан нэг зүйл бол АНУ-ын төлөөлөгчид энэ өөрчлөлтөд төдийлөн бэлэн биш байгаа мэт санагдсан. Үүний гол шалтгаан нь АНУ-д боловсролын салбар бизнесийн зарчмаар хөгжсөнтэй холбоотой болов уу. Хэрэв хиймэл оюун ухаан боловсролын салбарт томоохон шинэчлэл авчирвал, АНУ-ын их, дээд сургуулиуд энэ өөрчлөлтөд төдийлөн нээлттэй хандахгүй байх магадлалтай.

Монгол Улсад ч боловсролын салбарын хувьд төстэй асуудал тулгарч байна. Хувийн болон улсын их сургуулиудын боловсролын чанар эрс тэс ялгаатай болсон энэ үед бид боловсролын системээ эргэн харж, чанарын шинэчлэл хийх цаг ирсэн болов уу.

18:30


Миний хувьд Дэлхийн Эдийн Засгийн Чуулганд зөвхөн ажиглагчаар оролцохоос гадна хэлэлцүүлэгт оролцож, дуу хоолойгоо хүргэх завшаан тохиосон юм. Миний оролцсон хэлэлцүүлгийн сэдэв нь "Цэвэр ундны усны хүртээмжийн асуудал". Өнөөдрийн байдлаар дэлхий дахинаа 3.5 тэрбум орчим хүн цэвэр усны хомсдолтой амьдарч байна.

Монгол Улс ч энэ асуудлаас ангид бус. Бид цэвэр усны нөөц багатай орны тоонд багтдаг бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр энэ асуудал улам хурцдаж буй. Үүний улмаас иргэдийн амьдралд шууд сөрөг нөлөө үзүүлж байгаа юм. Судалгаанаас үзэхэд, Монголын нийт өрхийн ердөө 30 хувь нь л цэвэр ундны усаар бүрэн хангагдсан гэсэн тоо баримт бий. Ундны ус бол хүн бүрийн үндсэн эрх. Тиймээс би энэ хэлэлцүүлэгт Монгол Улсын нөхцөл байдлыг олон улсын тавцанд танилцуулах зорилгоор оролцсон юм.

Нэмээд залуу үеийн дуу хоолой шийдвэр гаргах түвшинд дутагдаж байгаа асуудлыг хөндөхийг хүссэн. Жишээлбэл миний оролцсон энэхүү хэлэлцүүлэгт оролцсон таван хүнээс ганцхан би 30-аас доош насны залуусыг төлөөлж байсан нь залуучуудын дуу хоолой энэ түвшинд хэр хэмжээнд дутагдаж байгааг илтгэж байгаа хэрэг.

Тус хэлэлцүүлгийн энд дарж үзэх боломжтой.

20:00


Хэлэлцүүлгээ дуусгаад яаран Нобелийн шагналт эрхмүүдтэй оройн хоол идэхээр ирлээ. Миний ширээнд Лесото улсын хаан, нөгөө ширээнд Бельги улсын хаан, хатан хаан хоёр мөн сууж байсан нь сонирхол татсан.

Харин оройн зоогийн гол зочид нь Нобелийн энх тайвны шагналт Тимор Улсын Ерөнхийлөгч Хосе Рамос-Хорта, Химийн салбарын Нобелийн шагналын эзэн Ардем Папапутиан, Эдийн засгийн салбарын Нобелийн шагналт Майкл Спенс нар байлаа.

Өмнө нь хийсэн ажлыг нь харж, уншиж, биширч байсан эрхмүүдтэйгээ нэг ширээнд суун оройн хоол идэж, хүссэн асуултаа асуух боломж олдсонд сайн итгэж чадахгүй, өөрийгөө чимхэж байсан гэдгээ заавал хэлэх хэрэгтэй байх.

23:00


Ингээд буудалдаа буцаж ирлээ.

Өнөөдрийн ойлгосон хамгийн чухал зүйл бол дэлхий дахинд тулгарч буй томоохон асуудлуудыг шийдэхийн тулд улс орнууд бүгд хамтдаа нэгэн зүгт харж, шийдэл эрэлхийлэх ёстой юм байна гэсэн дүгнэлт байлаа. Үүнд Монгол Улс, тэр дундаа дэлхийн ирээдүй болсон залуучууд бид ямар үүрэг оролцоотой байх вэ гэдгийг хамтдаа сайтар бодож бодлого боловсруулах түвшинд зөв шийдвэрүүдийг шат дараатайгаар гаргах хэрэгтэй. Мөн залуу үе "Бид залуу байна" гэж өөрсдийгөө гололгүй зоригтой дуу хоолойгоо хүргэх цаг бас ирсэнийг маш сайн ойлголоо.

Ингээд миний Дэлхийн Эдийн Засгийн Чуулган дахь нэг өдөртэй хамт байсанд баярлалаа.