Журналын шинэ дугаарт Дэлхийн байгаль орчныг хамгаалах хамгийн том сан болох “Уур амьсгалын ногоон сан”-ийн Засаглалын хэрэг эрхлэх газрын дадлагажигч ажилтан У.Билигтсайхан оролцож буй. Тэрээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн нэг жилийн гэрээтэйгээр тус санд ажиллаж эхэлсэн бөгөөд түүний ажлын нэг өдөр хэрхэн өнгөрч буй бид талаар ярилцсан юм.

Билигтсайханы хувьд МУИС-ийг Гадаад хэлний багш мэргэжлээр төгсөж, бакалаврын оюутан байхдаа хоёр ч удаа оюутан солилцоогоор гадаад улсыг зорьжээ. Тодруулбал, 2016-2017 онд JASSO сангийн тэтгэлгээр Японы Сокагийн их сургуульд, 2018 онд Харбины технологийн их сургуульд зуны солилцоогоор тус тус явсан аж. Улмаар 2021-2023 онуудад БНХАУ-ын Цинхуа их сургуульд Хотын улс төр, гадаад бодлогын чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан бөгөөд суралцаж байх үедээ НҮБ-ын “Улс төр дэх эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих хөтөлбөр”-т дадлагажигчаар ажиллаж байжээ. 

Ингээд түүний журналтай илүү ойроос танилцъя.


08:00


Бүгдэд нь энэ өдрийн мэнд. Өнөөдөр бол нэгдүгээр сарын 15. Одоо өглөөний 08:00 цаг болж байна. Миний хувьд БНСУ-ын Инчоны онгоцны буудлаас 20 минутын зайтай Сунду хотод амьдардаг. Энэ хотыг анхнаас нь байгаль орчинд ээлтэй, ногоон хот болгохоор төлөвлөсөн бөгөөд Уур амьсгалын ногоон сан энд төвтэй үйл ажиллагаагаа явуулдаг юм.

Манайх олон улсын хүмүүстэй хамтран ажилладаг болохоор ажлын өдрүүд маань харилцан адилгүй цагт эхэлдэг. Үдээс хойш ажиллаж эхлээд шөнө дунд тарах үе ч бий. Их сонирхолтой. Харин өнөөдөр эрт очих ажилтай тул найман цагт босож байгаа минь энэ.



08:30

Би ихэвчлэн урд орой нь маргаашийн бэлтгэлээ маш сайн базаадаг бөгөөд бэлдсэн өдрийн хоол, өглөө идэх хөнгөн зүйлээ цүнхэлчхээд гарч байна. Ажил гэр хоёрын хооронд дугуйгаар ердөө долоон минут орчим явдаг. Алхвал 15 минут. Өнөөдөр гадаа гоё цаг агаартай байгаа учраас алхах сонголт хийлээ. Төвлөрлийн бүс биш учраас энэ хот өглөө оройдоо их нам гүм, тайван. Тэр нь ч надад таалагддаг юм.



08:45

Ажил дээрээ ирлээ. Удахгүй ажил эхлэх тул түүнээс өмнө өөрийгөө бэлдэцгээе. Юун түрүүнд нүүрээ будна. Манай ажлынхан үүнд маань хэдийн дасчихсан болохоор санаа зовох зүйлгүй тайван гэгч нь нүүрээ буддаг. Дараа нь өмсөх гутлаа сонгоно. Урьдчилаад хэдэн төрлөөр нь оффис дээрээ бэлдээд тавьчихдаг тул өглөө ирээд сонгоход амар.

Энэ ташрамд хэрхэн “Уур амьсгалын ногоон сан”-д ажилд орох болсон тухайгаа хуваалцъя. Та бүхний мэдэж байгаачлан би БНХАУ-ын Цинхуа их сургуульд Хотын улс төр, гадаад бодлогын чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан. Биднийг төгссөн 2023 он ажилгүйдлийн түвшин хамгийн өндөр жил болж таарсан юм. Тэгээд ч диплом хамгаалалт гэсээр жил хэдийн дундаа орчихсон нь ажилд орох магадлалыг бүр ч бууруулж байв. Аз болж тухайн үед ЮНЕСКО-ийн “Цагаан хэрэм” тэтгэлэгт тэнцэж, төгссөн сургуульдаа нэг жил судлаач оюутан хийх болзлыг хангасан. Энэ бол гарцаагүй ажлын намтраа цэгцэлж сайжруулах, өөрийгөө бэлдэх боломж олгосон цаг үе байсан шүү.



Уур амьсгалын чиглэлээр ажиллах төлөвлөгөөгүй яваа надад манай менторууд “Ажлын гараа чинь дөнгөж эхэлж байгаа болохоор эрт шийдэх гээд хэрэггүй. Бүгд рүү нь материалаа явуулаад үз. Чамд хангалттай хугацаа байгаа” гэж зөвлөсөн юм. Ажил горилож байх үед салбартаа хамгийн сайн нь төдийгүй 500-аас дээш хүнтэй ОУ-ын байгууллага байх ёстой гэсэн ганц л шаардлага тавьж, материалаа илгээсэн. Мэдээж тэдний нэг нь Уур амьсгалын ногоон сан бөгөөд 2024 оны нэгдүгээр сарын 6-нд анх материалаа илгээн, гуравдугаар сар хүртэл хэд хэдэн шатны даалгавар, ярилцлагад орж байв. Хамгийн сонирхолтой нь тэгээд л таг чиг болчихсон. Гэтэл наймдугаар сарын сүүлийн долоо хоногт надад эргээд хариу өгч, сүүлийн шатны ярилцлагад урьдаг юм байна. Гол нь тэр үед би Японы НҮБ дахь салбарт ажиллаж эхлээд долоо хонож байлаа.

Надад алдах зүйлгүй шүү дээ л гэж бодогдсон. Угаасаа Япон, Өмнөд Солонгос хоёр ойрхон юм чинь эцэс хүртэл нь яваад үзье гэж шийдээд ярилцлагадаа орлоо. Даруй долоо хоногийн дараа тэнцсэн хариугаа авч, тэд надаас нэг жилийн хугацаанд ажиллахыг хүссэн юм. Олон улсын байгууллагад ажилд орох, ажлаас гарах үйл явц багагүй хугацаа шаарддаг юм л даа. Мэдээж би НҮБ-тай зургаан сарын ажиллах гэрээ хийчихсэн учраас нэгдүгээрт хариуцлагатай хандах хэрэгтэй, хоёрдугаарт гарах процесс визний асуудал, бичиг баримт цэгцлэх гээд их ажил болох нь тодорхой болохоор тэр хүртэл үргэлжлүүлэн ажиллахаар шийдсэн. Уур амьсгалын ногоон сангийн талаас НҮБ-д ажиллаж байгааг минь мэдсэн ч ажилд авах шийдвэр нь өөрчлөгдөөгүй.

Ингээд НҮБ-д гурван сар орчим ажиллаад гарах тухайгаа хэллээ. Тэд их уриалгахан хүлээж авсан. Яалт ч үгүй энэ сангийн үйл ажиллагаа чухал учраас чи карьераа бодож, ийм шийдвэр гаргасан нь зөв хэмээн дэмжсэн юм.


09:00

Ойрын үед жилд гурван удаа зохион байгуулдаг төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаа анхаарал хандуулан ажиллаж байгаа. Үүнтэй холбоотойгоор ТУЗ-ийн хуралд ирэх орон орны эрхмүүдийн мэдээлэлтэй танилцаж, Өмнөд Солонгос руу хаагуур дамжиж, хэрхэн аюулгүй ирэх талаар нь и-мэйлээр хөнгөн яриа өрнүүллээ.

Энэ ажил маань надад олон талаар сорилт болж байгаа. Хэдий уур амьсгалын чиглэлээр ажилласан туршлагагүй ч олон улсын хурал, уулзалт зохион байгуулсан багагүй туршлагатай тул хичээн ажиллаж байна. Магадгүй энэ туршлага намайг ажилд авах гол шалтгаан болсон байж мэдэх юм.


09:25

Багийн хурал эхэлж байна. Жилд гуравхан удаа зохион байгуулагддаг энэхүү хурал бидний хувьд маш чухал учраас хүн нэг бүр мэрийж байгаа. Манай баг 20 орчим хүнтэй. Долоо хоногт хоёр удаа хуралддаг.

Уур амьсгалын сангийн талаар товчхон танилцуулахад манай сан бол хөгжиж буй орнуудыг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлаа бууруулахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой. Анх 2010 онд НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (UNFCCC)-ын хүрээнд байгуулагдсан. Энэ хурлаар хөгжсөн орнуудын төлөөлөл жилдээ гурван удаа уулзаж, ирэх жилийнхээ төлөвлөгөөг боловсруулахаас гадна аль улсуудад хэдий хэмжээний мөнгөн тусламж болон санхүүжилт олгох вэ гэх шийдвэрийг гаргадаг. Харин миний ажиллаж байгаа хэлтэс энэхүү ТУЗ-ийг бүрэлдүүлж, хурал зохион байгуулах үүрэгтэй.



11:15

Өнөөдрийн хурлын эхний хэсэгт хөгжсөн болон хөгжиж буй орны гишүүн бүрийн саналыг сонсох, ярилцах, асуулт асуух боломжоор нь хэрхэн хангах тухай өмнөх алдаа, оноогоо дүгнэж ярилцлаа. Үргэлжлүүлэн хоёр дахь хэсэгтээ өмнөх ажлын туршлагууддаа үндэслэн олон улсын томоохон шийдвэр гаргах ТУЗ-ийн гишүүдийг авчрах дүрэм, журам, зааварчилгааны талаар хэлэлцэж байна.

Тодруулбал, хоёрдугаар сарын 17-ноос 20-ны хооронд үргэлжлэх энэ оны эхний хурлаар хөгжиж буй орнуудад нөлөө үзүүлэх ногоон хөгжлийн олон сая долларын хэлэлцээр, гэрээнээс эхлээд чухал шийдвэрүүд гарах юм. Тиймээс дэлхийн өнцөг булан бүрээс ирэх гишүүдийн аюулгүй байдлыг бодолцон цаг хугацаагаа нарийн төлөвлөх хэрэгтэй. Гэнэтийн аюул, цаг агаарын таагүй нөхцөл байдал зэрэг гаднын ямар ч хүчин зүйл үүсэж болох тул хурлын гишүүдийг ялгаатай өдөр хуваарилах, өөр өөр хотоор дамжих нислэгүүдийг сонгох зэргээр нухацтай ажиллаж байна. Ялангуяа ижилхэн олон улсын байгууллагууд болох НҮБ, Дэлхийн банкны жишгүүдийг ярилцлаа.



Сонирхуулж хэлэхэд, хурлын тэмдэглэлээ гарын алганы хэмжээтэй, ажлын хослолын халаасанд багтах жижиг дэвтэр дээр бичдэг юм. Энэ дадал намайг захиралтай ярилцаж, өөрийгөө танилцуулах боломж олгож байлаа. Багийн хуралдаа тэмдэглэл хөтлөөд сууж байтал надаас “Чи үүнийг хаанаас сурсан бэ? Би Бразилын төрийн байгууллагад ажилладаг байхдаа сурсан.” гэлээ. Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагад сонгуулийн үеэр ажиллахдаа ахлах мэргэжилтнээсээ сурсан гэдгийг маань сонсоод багийнханд ийм дэвтэртэй болохыг санал болгосон. Үүнээс хойш ажил дээрх харилцаа илүү сайжирсан гэх үү дээ. Би ч багийнхантайгаа улам нээлттэй болж эхэлсэн.


12:15


Өдрийн хоолны цаг эхэлж байна. Манай цайны цаг хоёр цаг үргэлжилдэг. Урт байгаа биз? Олон хүнтэй харилцаж, ярилцдаг ажилтай болохоор цайны цагийг ганцаараа өнгөрүүлэхийг хүсдэг юм. Өнөөдрийн тухайд өдрийн хоолонд гэрээс бэлдэж ирсэн пастагаа идлээ. Солонгост ирснийх би олон төрлийн хоол хийж сурч байгаа.

Хоолны дараа кофе уунгаа ажлын ойролцоох цэцэрлэгт хүрээлэнд алхаж байна. Ажлын дундуур алхах нь тархины эсэд сайн нөлөөтэй гэдгийг уншаад тогтмол хэрэгжүүлэхийг хичээх болсон. Заримдаа алхаж орж ирээд унтлагын өрөөнд 30 минут унтдаг. Ер нь манай оффис ажилчдадаа анхаарч, тав тухтай орчин нөхцөлөөр нь маш сайн хангаж чаддаг шүү.



14:00

Сүүлийн үед манай байгуулагын 15-20 жилийн туршлагатай захирлууд залуу мэргэжилтнүүдддээ зориулан нэг цагийн карьер болон амьдралын туршлагаа хуваалцах зорилготой кофе уулзалт хийж байгаа. Яг одоо тэр уулзалтад оролцож байна. Бид энэ үеэр аль болох нээлттэй ярилцаж, ажлын хүндрэл бэрхшээлтэй зүйлсийг хэрхэн даван туулж, шийдэх тухай зөвлөгөө авдаг.



15:00

Ажилдаа эргэн төвлөрөх цаг. Өмнө нь хэлсэнчлэн би хөгжиж буй орны гишүүдийн материал дээр ажиллаж буй. Энэ хүрээнд нислэгийн зардал, визний асуудал, эрүүл мэндийн даатгал, стипенд зэрэг нарийн зүйлсийг хэлтсийнхээ захиралтай маш сайн ярилцаж, санал солилцож байгаа.

Өнөөдөр л гэхэд би бүх ТУЗ-ийн гишүүдийн вэбсайт дээрх мэдээлэл, визний материалаас авхуулаад манайд байгаа бичиг баримтын мэдээллүүдийг нь харьцуулан харж, нэгтгэж байна.



17:00

Бие даан хийх ажлаа түр орхиод, багийнхантайгаа үлдсэн ажлаа ярилцаж, яаралтай дуусгах шаардлагатай тайлан дээр ажиллах гэж байна. Бид 2024 оны сүүлийн гурван сард хийгдсэн ажлыг нэгтгэн шинэ ТУЗ-д өгсөн зөвлөмжүүдийн протоколыг уншив. Мөн өмнөх ТУЗ-ийн хийсэн видео зөвлөгөө, танилцуулгыг уншсаны зэрэгцээ эдгээрээс гарсан мэдээллийг шинэ тайланд оруулж, баримт бичгийн ажилтанд илгээлээ.



18:30

Ажлын цаг дууссан ч ТУЗ-ийн хурлын суудал хуваарилалтын талаар дахин ярилцаж байна. Энэ ажил бол тэр чигтээ улс төр, нийгмийн өндөр мэдрэмжийг шаарддаг. Учир нь манай хуралд олон орны, янз бүрийн шашин шүтлэг, үзэл баримтлалтай хүмүүс ирнэ шүү дээ. Тиймээс хөгжиж буй болон хөгжсөн орны гишүүдийн дунд үл ойлголцол гаргахгүйн тулд гишүүн бүрийн, улс бүрийн мэдээллийг ахин дахин нягтлан ярилцаж, тухайн гишүүдийн зан араншинг хүртэл судалж байж сая нэг хуваарилалтаа эцэслэх ёстой.

Жишээ нь, бид өмнөх жилүүдийн зөвлөмж, анхаарвал зохих зүйлсийг ярилцсаны дүнд аль өрөөг залбирлын өрөө болгон засах, өөр өөр шашны зан үйлийн онцлогт яаж тааруулах, хүүхэд хөхүүлэх өрөөг хэрхэн сонгох талаараа зөвлөлдсөн.


19:00

Ажил тарлаа. Одоо гэр лүүгээ явцгаая. Би ихэвчлэн алхаж харих дуртай.



20:30

Гэртээ ирээд юун түрүүнд оройн хоолоо бэлддэг. Тэгээд хооллонгоо Монголд суугаа гэрийнхэнтэйгээ ярилцдаг дадалтай. Бид удаан бөгөөд тухтай гэгч нь сонин сайхнаа ярилцдаг юм. Яг одоо өнөөдөр ажил дээр юу болсон тухайгаа яриад сууж байна.



22:00

Бээжин, Токио зэрэг хүн ам, хөл хөдөлгөөн ихтэй хотуудад удаан хугацаагаар амьдарч байсан надад энэ хот их тайван, гадуур хийх зүйл цөөнтэй санагдаж байгаа. Гэхдээ энэ нь эргээд өөртөө цаг гаргах сайхан боломж болсон л доо. Жишээ нь би Солонгост ирснээс хойш хоол сайн хийдэг болсон, мaш олон баримтат кино үздэг болсон, дугуй унаж, алхдаг болсон, ороолт нэхэж сурсан, олон улсын жолооны сургалтад бүртгүүлсэн гээд жижиг ч гэсэн олон янзын оролдлого тасралтгүй хийсээр байна. Мэдээж энэ бүгд миний амьдралын чанарт эергээр нөлөөлж байгаа.

Яг одоо ороолт нэхэж сууна.



23:45

Маргааш ажилдаа өмсөх хувцас, авч явах хоолоо бэлдээд амрах гэж байна. Миний нэг өдөртэй танилцсанд баярлалаа. Энэ хүртэл БНСУ-ын Сунду хотоос Билигтсайхан бичлээ.