Шинэхэн журналаар эргэн уулзаж буйдаа таатай байна. Нисгэгч болон усан онгоцны ахмадууд цаг тутам байршил, техникийн үзүүлэлт, болсон үйл явдлуудаа тэмдэглэн үлдээдэг logbook-ээс санаа авсан эл контентын эхний улирал буюу дэвтэрийн хоёр дахь журнал танд хүрч буй. Энэхүү дэвтэрт технологийн салбарт өөрсдийн түүхийг үлдээж, урам зоригтойгоор бусдыг түүчээлж яваа залуусын түүхийг тэмдэглэн үлдээх юм.
Залуу мэргэжилтнүүдийн хамгийн том цугларалт Unplug зургаа дахь жилдээ
Залуу мэргэжилтнүүдийн хамгийн том цугларалт Unplug зургаа дахь жилдээ
Өнөөдрийн журналын эзэн бол Amazon, MYTA зэрэг компанид 2017 оноос хойш ажилд элсүүлэгчээр (recruiter) ажиллаж байгаад энэ оны тавдугаар сараас SEQ Technology компанид эл чиглэлээр менежрийн албан тушаалд томилогдон ажиллаж буй Б.Дөлгөөн юм.
Түүний хийдэг ажлыг илүү тодруулбал, технологи болон банк, санхүүгийн салбарт цойлж яваа мэргэжилтнүүдийг эрэн хайж, зарим тохиолдолд харилцагч байгууллагын хүссэн хүнийг өөр компаниас “хулгайлж” авчрах аж. Сонирхолтой байгаа биз? Ингээд эрүүл, зөв амьдралын хэв маягийг эрэлхийлж, эргэн тойрны хүмүүсээ эерэг бүхэнд уриалахыг зорьдог түүний нэг өдөртэй танилцъя.
05:30
Сайн уу. Миний журналтай танилцаж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр бол арваннэгдүгээр сарын 27. Урьд шөнө 20:45 цагт орондоо орсон болохоор өнөө өглөө тун сэргэг 05:30 цагт босож байна. Миний хувьд өдрийн хамгийн дуртай хэсэг бол өглөө. Тиймдээ ч эрт унтаж, эрт босдог дадалтай. Өглөөг яаж эхлүүлснээс тэр өдрийн бүтээмж, өнгө төрх шууд хамаардаг учраас чухалчилдаг.
Дадал ёсоор нимбэгтэй бүлээн усаа уучихлаа. Одоо харин хар кофе уунгаа гэрийнхээ ойр зуурын зүйлсийг цэгцэлж байна. Өглөө надад хоёр сонголт гардаг. Нэг нь гарч алхах, нөгөөх нь дасгах хийх. Өнөөдөр гарч алхахаар шийдлээ. Өглөөний цай уудаггүй болохоор кофегоо уучхаад шууд гарч байна. Вашингтон хотод ойрын үед өдөртөө нэмэх градустай, заримдаа бороо орж байгаа болохоор өглөөний цэвэр агаар амьсгалах тун таатай. Ийнхүү урт хугацаагаар алхах эсвэл дасгал хийх нь оюун бодлоо цэгцэлж, өдрийн төлөвлөгөөгөө гаргахад тусалдгийн зэрэгцээ зарим чухал шийдвэрээ гаргах цаг хугацаа бөгөөд орон зай болдог.
08:00
Өглөөний гайхамшгийг мэдэрсний дараа ажилдаа сайтар бэлдэх хэрэгтэй. Манай компани АНУ-ын Вашингтоноос гадна Нью-Йорк, Канадын Торонтод оффистой бөгөөд миний хувьд долоо хоногийн хоёроос гурван өдөрт гэрээсээ ажилладаг. Нэг ёсондоо биечлэн очих ажил харьцангуй багатай.
Өнөөдрийн тухайд гэрээсээ ажиллана. Яг одоо надаас хамааралтай ажлаа цэгцэлж, шаардлагатай и-мэйлүүдэд хариу өгч байна.
09:30
Манай баг өглөө бүр 09:30 цагт цахим хурал хийдэг. Энэ уулзалтаар харилцагч байгууллагуудын хүссэн хүнийг авчрах ажил ямар шатанд явж байгаа, тэдгээрт асуудал бэрхшээл гарсан эсэх мэдээллүүдээ солилцдог. Хийдэг ажлаа товчхон тайлбарлахад, үйлчлүүлэгч байгууллагын хүсэж байгаа технологи эсвэл банк санхүүгийн мэргэжилтнүүдийг өөр компанид ажиллаж байгаа эсэхээс үл хамаарч “хулгайлах” үүрэгтэй. Нэг ёсондоо тухайн мэргэжилтний хэрэгцээ шаардлага, хүсэл эрмэлзлийг маш нарийн мэдэрч, оновчтой санал тавин харилцагч байгууллагадаа ажилтнаар элсүүлэх нь манай багийн гол ажил. Харин миний төвлөрч хийдэг ажил нь багийн гишүүддээ энэ мэргэжилтнийг ингэж авчрах хэрэгтэй гэсэн стратегийн талын зөвлөгөө өгч, чиглүүлдэг.
Та бүхний мэдэж байгаачлан 2021 оны сүүл үеэс технологийн томоохон компаниуд хүний нөөцийн цомхотгол хийж эхэлсэн. Гэсэн хэдий ч нөгөө талаас банк санхүү, төрийн байгууллагуудад эл салбарын мэргэжилтнүүдийн эрэлт, хэрэгцээ үлэмж нэмэгдсэн. Жишээ нь, манай баг одоогоор хөрөнгийн менежментийн компанид 32 хүний бүрэлдэхүүнтэй хөгжүүлэлтийн багийг цоо шинээр бүрдүүлэх чухал төсөл хариуцан ажиллаж байгаа.
10:00
Багийн хурлаа 30 минутад багтаахыг хичээдэг. Ингээд өөрийн хийх ажилдаа төвлөрнө. Өнөөдрийн хувьд харилцагч компанид тохирох мэргэжилтнийг эрж хайх, товлосон цахим ярилцлагуудаа хийж дуусгах ёстой. Юун түрүүнд LinkedIn-ээс хайлт хийж байна. Зөв түлхүүр үгээ үүсгээд оновчтой хайлт хийж чадвал хүссэн мэргэжилтнээ эндээс төвөггүй олох боломжтой. Өмнө нь хэлсэнчлэн өргөн бүрэлдэхүүнтэй хөгжүүлэлтийн баг бүрдүүлэх шаардлагатай учраас богино хугацаанд үр дүн гаргахыг хичээж байгаа.
Манай ажил ямар дарааллаар явдаг талаар сонирхож байж магадгүй юм. Юун түрүүнд үйлчлүүлэгч байгууллагаас ийм албан тушаалд, тийм туршлагатай хүн хайж байна эсхүл өрсөлдөгч компанид ажиллаж байгаа хүн л бидэнд хэрэгтэй байна гэж хүсэлт тавьдаг. Үүний дагуу тохирох хүнийг LinkedIn, Blind зэрэг платформоос хайлт хийж, зурвас бичнэ. Хэрэв хариу өгөхгүй бол хувийн хаягуудыг нь олж байгаад холбогдохыг хичээдэг. Маш чадварлаг хүний араас над шиг олон ажилд элсүүлэгч явж байдаг болохоор өрсөлдөгч ихтэй.
Тэр хүн уулзахыг зөвшөөрсөн тохиолдолд олон арван уулзалтын эх суурь тавигдаж байгаа юм. Эхний уулзалтаар одоогийн ажилдаа сэтгэл хангалуун байгаа эсэх, өөр ажил хайж байгаа бол ямар шаардлага тавьж байгаа талаар нөхөрсөг яриа өрнүүлэхийг хичээдэг. Энэ мэтчилэн олон уулзалт, ятгалгын дараа эерэг хариу авч чадвал харилцагч байгууллагын хүний нөөцийн мэргэжилтэнтэй холбож өгснөөр миний хийх ажил дуусна.
11:15
Өглөөний цай уудаггүй болохоор өдрийн хоолоо эрт идэхийг хичээдэг. Гэрээс ажиллахын нэг давуу тал нь өдрийн хоолоо тухтай хийж идэх боломж юм. Хүсвэл оройн хоолоо ч эрт бэлдэж болно. Өнөөдөр уураг, шим тэжээлээр баялаг тахианы махтай салат идэж байна. Оффисоос ажиллаж байгаа өдрүүдэд ч гэсэн гэртээ өег хоол хийгээд авч явахыг боддог.
12:30
Өдрийн хоолноос өмнөх цагийг уулзалт, хурал хийхэд зориулдаг. Хамгийн эрч хүч, энергитэй ажилладаг үе учраас тэр л дээ. Өдрийн үд дундаас хойш ярилцлага хийхээс аль болох зайлсхийж, тохирох мэргэжилтнүүдээ эрж хайхад илүү их цаг зарцуулна. Үүний дагуу дөнгөж сая бүх цахим уулзалтуудаа дуусгаад дараагийн ажил руугаа орж байна.
Миний ажил олон онцлогтой ч хамгийн том давуу тал нь шинээр сурах зүйл асар арвинтай. Технологийн салбарын хөгжил хэр хурдацтай явагдаж байгаа билээ, тэр талбарт хүний нөөцийн эрэлт хэр өндөр байгаа билээ? Ийм нөхцөлд салбарынхаа шинэ мэдээ мэдээллээс хоцрох эрх надад байхгүй. Тиймээс салбарын мэргэжилтнүүдийн адилаар тасралтгүй суралцах хэрэгтэй.
Хиймэл оюун ухаан хурдацтай хөгжиж байгаа өнөө үед технологийн компаниуд Python, R, Java болон машин сургалтын PyTorch, TensorFlow зэрэг фрэймворкуудтэй ажиллаж чаддаг боловсон хүчнийг ихэд хайх болсныг энэ ташрамд онцолмоор байна.
14:15
Өдрийг эрч хүчтэй үргэлжлүүлэхийн тулд тодорхой хугацаагаар ажлаасаа түр завсарлаад гарч алхдаг. Яг одоо гэрээсээ гараад явж байна. Манай энэ хавиар хүний хөдөлгөөн харьцангуй багатай болохоор аливааг тунгаан тайван алхах боломжтой.
Алхах зуураа ажлынхаа хүндрэл, бэрхшээлтэй талыг бодож явна. Дөнгөж түрүүхэн манай багийн гишүүн хариуцаж буй ажилтайгаа холбоотой асуудлаа надад аминчлан ярьж, зөвлөгөө авсан юм л даа. Түүний яриа намайг ийн бодоход хүргэсэн юм.
Ажил бүхэн өөрийн гэсэн саад бэрхшээлтэй байдгийн адилаар манай ажилд ч бас хэцүү зүйлс олон бий. Хүссэн мэргэжилтнээ олоод ажилд нь элсүүлэх хүртэл хэдэн сараас эхлээд нэг жил ч шаардаж болно. Тогтвор суурьшилтай ажиллаж байгаа хүнд өөр ажлын санал тавиад ятгана гэдэг тийм амар биш. Ялангуяа удирдлагын түвшний хүн хайж байгаа тохиолдолд бүр ч хэцүү. Ажил, амьдрал нь аль хэдийн тэгширсэн хүмүүсийн хүсдэг зүйл нь албан тушаал, цалингаас илүү өөрийнх нь санал санаачилга тухайн компанийн үйл ажиллагаа, алсын хараатай яаж уялдах вэ гэдэгт төвлөрдөг. Зарим нь ажилд элсүүлэх өдрийн өмнөх шөнө татгалзсан и-мэйл бичнэ, зарим нь гэрээгээ хийчхээд цуцлах шийдвэр гаргана. Нэгэнт тийм шийдвэрт хүрсэн хүнийг бид хэчнээн ятгаад нэмэргүй. Ер нь аль аль талынхаа хүсэл сонирхлыг эрт мэдээд санал болгож буй ажлын байранд тохирох эсэхээ шийдэхгүй бол хэн хэнийхээ цагийг үрсэн хэрэг болох гээд байдаг талтай.
16:00
“Хүн амьдралдаа хүссэн зүйлээ хийж, аз жаргалтай амьдрах хэрэгтэй. Аль сургуульд ямар мэргэжлээр сурах, хэзээ хүнтэй гэрлэж хэдэн хүүхэдтэй болох зэрэг амьдралын үйл явдлуудад дагах ёстой бичигдсэн дүрэм гэж үгүй. Тиймээс өөрийнхөөрөө л амьдрах тэр замыг сонгоорой.”
Эмээгийн минь хэлсэн үг
17:00
Миний хувьд ажлаа 17:00-17:30 цагийн хооронд дуусгахыг хичээдэг. Өнөөдрийн тухайд 17:00 цагт ажлаа дуусгаж байгаа минь энэ. Төвлөрч ажиллах үедээ бараг ширээнээсээ босдоггүйн зэрэгцээ үдээс хойш ихэвчлэн хайлтын ажлуудаа хийгээд төдийлөн шинэ содон зүйл болсонгүй.
17:40
Өдөр чанаж эхэлсэн ясны шөлөн дээрээ шим тэжээлтэй ногоо, дүпү хийгээд оройн хоолоо идэж байна. Миний хувьд хэзээ нэг өдөр өөрийн гэсэн ресторанаа нээгээд хайртай, дотнын хүмүүсээ цуглуулан амттай хоолоор дайлахыг хүсдэг юм. Тиймдээ ч хоолонд маш өндөр ач холбогдол өгч, зав зайтай үедээ аль болох цаг гарган хоол хийхийг хичээдэг.
18:30
Оройн хоолоо амтархан идлээ. Өглөө алхсан болохоор одоо дасгалаа хийхээр фитнесс дээрээ ирээд байна. Хөлсөө гартал дасгал хийх нь бие организм, сэтгэл зүй хоёртоо нэгэн зэрэг анхаарах боломжийг олгодог. Эрүүл мэнд эрхэм баялаг гэдэг шүү дээ.
19:30
Дасгалын дараа бодол цэгцэрч, түгшиж санаа зовсон зүйлс үгүй болох шиг боллоо. Одоо маргаашийн ажилд шаардлагатай зүйлсээ бэлтгэхээр ширээнийхээ ард сууж байна. Төлөвлөгөө, бэлтгэлээ сайн хангасан байхад маргаашийн ажлуудад харьцангуй сэтгэл амар байж болно.
20:00
Ажлын төлөвлөгөөгөө гаргачхаад, Монголд байгаа гэр бүлийнхэнтэйгээ ярьж дууслаа. Ном уншихаас илүү сонсох дуртай учир “Art of Seduction” номоо сонсох гэж байна. Энэ номд хүмүүстэй уулзахдаа биеийн хэлэмжээ хэрхэн удирдаж, яаж ярилцвал нөгөө хүнээ зөвшөөрүүлж болох талаар арга замуудыг заадаг. Ялангуяа олон мэргэжилтэнтэй уулзаж, тэднийг ятгах ажил хийдэг миний хувьд тун өгөөжтэй ном.
21:00
Өдрийн төгсгөл ирж, амрах цаг боллоо. Гэхдээ журналаа дуусгахаас өмнө өөрийн зүгээс өдий хүртэл ажиглаж, ойлгосон зүйлээс хуваалцмаар байна. Гаднын томоохон компаниуд хүний нөөц сонгохдоо юун дээр түлхүү анхаардаг гээч? Тэдний хувьд мэргэжлийн ур чадвараас гадна өөрийгөө илэрхийлэх чадварыг чухалчлан хардаг. Өөрөөр хэлбэл, ажилдаа сайн байхын сацуу түүгээрээ өөрийгөө “рекламдаж” чаддаг байх хэрэгтэй гэсэн үг. Жишээ нь маш том төслийн нэг хэсэг болсон ч хийсэн бүтээснээ хангалттай хэмжээнд илэрхийлж, цаашдын потенциалаа тодотгон ярьж чадахгүй бол тухайн хүн карьерын хувьд тултал өсөж хөгжихөд учир дутагдалтай юм билээ. Үүнийг санаж яваарай гэж захимаар байна. Ингээд миний журналтай хамт байсанд баярлалаа. Энэ хүртэл АНУ-ын Вашингтон хотоос Дөлгөөн бичлээ.
З Зочин 2024.11.25 60.105.36.106
Эрүүл мэнддээ анхаараад өглөөнийхөө цайг заавал ууж байхыг зөвлөж байна.Ажилд нь улам их амжилт хүсье.Мундаг юмаа