Нисгэгч, усан онгоцны ахмадууд байршил, техникийн үзүүлэлт, үйл явдлаа цаг тутам тэмдэглэн үлдээдэг logbook-ээс санаа авсан журнал контентын шинэ дугаараа Албани улсаас та бүхэндээ хүргэж байна.
Энэхүү Журналын эзэд Фэдэрико болон Баасансүрэн нар юм. Өнгөрсөн 12-р сард Италийн Ром хотоос аяллаа эхлүүлсэн тэд үойролцоогоор 17,000 км замыг унадаг дугуйгаар туулаад Улаанбаатарт ирэхээр төлөвлөжээ.
13:00
Сайн уу? Албани улсаас Фэдэ болон Бааска мэндчилж байна.
Бид өдрийн цайгаа уухаар түр зогсоод байна. Өнөө өглөө Химарэ хотоос хөдлөөд удаагүй зам өгсүүр болсон тул зарим газар дугуйгаа түрж, зарим газар нь жийсээр 15 км орчим явсан байна. Бороо орох нь уу гэж жаахан айсан ч замын нэг талд далай, нөгөө талд уулс дүнхийгээд, үүл манан хөшилдөөд, алсад Грекийн Корфу арал дээр нар тусаад гайхалтай үзэмжтэй байлаа. Өдрийн хоолондоо чанасан өндөг, өргөст хэмх, талх идэв. Сандлаа гаргаж ирээд л хүссэн газраа суугаад тухалчихна. Усны савандаа ихэнхдээ халуун уух зүйлтэй явдаг болохоор тогоо тавьж, гал асаах хэрэггүй.

15:00
Өнөөдөр аялал эхэлснээс маань хойш хамгийн их салхитай өдөр байна. Өгсөх тусам салхи нэлээн ширүүсээд, зарим хэсэгт урагшлахад хэцүү болж ирэв. Дугуй, ачаа маань нийлээд 100 кг-аас их болохоор эгц өөд таарвал түрэхээс өөр аргагүй. Гэхдээ өнөөдөр бид хоёр шинэ арга туршаад өмнөхөөсөө амархан бас хурдан явлаа. Дугуйгаа оосорлож, нэг нь татаад, нэг нь дугуйгаа тэнцвэртэй залахад л болно. Дуу хөгжмийн хүчийг үнэхээр мэдэрч явна. Энэ удаа дээш мацахдаа The HU хамтлагийн дуунаас сонсож өөрсдийгөө цэнэглэв.
Эндхийн хадархаг уулсаар хонь хариулж яваа хүмүүс нэлээдгүй таарна. Өмнө нь цөөхөн малтай хүмүүстэй таарч байсан ч өнөөдөр 100 гаруй хонь ямаатай хоёр малчин залуу, хоёр нохойтойгоо зам гарахтай таарав. Эндхийн хонь монгол хонь шиг том сүүлгүй. Магадгүй хүйтэн биш болохоор тийм байх.
Ер нь аяллын явцад хүмүүсийн амьдрах хэв маяг цаг агаар, шашнаа дагаж хэлбэржсэн нь их тод харагдаж байна. Дугуйтайгаа машинаас харьцангуй удаан явах тул явахаар байгаль орчиндоо илүү ойр бас эргэн тойрноо ажиглаж, танин мэдэх, ойлгоход их дөхөм санагддаг.

16:30
Бараг 30 км яваад, замын яг хажууд, бутны ард хоноглох үнэхээр гоё байршил оллоо. Зогсонгуутаа майхнаа барьж, ороо заслаа. Харанхуй болох хараахан болоогүй болохоор бид хоёр бичлэгээ янзалж, тэмдэглэлээ бичиж оруулах гээд утсан дээрээ хэсэг ажиллав. Тэгээд тас харанхуйгаас өмнө үлдсэн жаахан хонины махаа болгоод дээр нь Италиас авч гарсан хүнснээс үлдсэн амархан болдог рисотто хийж 12 мин буцалгаад оройн хоолоо болгов. Хоолоо залгуулаад цай чанаж уулаа.

18:00
Хоолоо идэж, ачаагаа цэгцэлж, баглаж үлдээгээд, шүдээ угаагаад, майхандаа орлоо. Майхандаа ороод намайг нүүрээ цэвэрлэх хооронд Фэдэ дугуй, майхан бүх зүйлээ шалгаж, жин тан болгодог. Өнөөдөр бараг өдөржин салхилсан. Одоо ч салхи ширүүн болохоор дугуй, майхнаа сайн бөхлөх хэрэгтэй.

20:00
Дараагийн өдөр очих Сарандэ хотод хонох газар хайж захиалаад, номоо уншив. Ихэнхдээ эрт орондоо ордог учраас аль болохоор хэвтэнгээ хэрэгтэй зүйлсээ амжуулахыг боддог ч ядарсандаа дийлдээд эрт унтах нь элбэг.

07:00 (маргааш өглөө нь)
Гадаа салхилсан хэвээр. Олон цаг унтаад нойр ханачихсан сэрэв. Удалгүй босож, би майхан доторхоо цэгцэлж хураан, Фэдэ өглөөний цайгаа бэлдэв. Монголоос ирсэн бэлэн хоолноосоо үлдсэн нэг гурилтай шөлөө чанаж идээд хөдөллөө.

10:00
Ямар ч гэсэн хэцүү өгсүүр замаа давж чадлаа. Салхи ширүүн байсан ч өглөөний эрч хүчээрээ давж чадлаа. Замд зөгийн балын аж ахуйнууд тааралдав. Энд зөгий их үржүүлдэг бололтой. Мэдээж нөгөө сайхан далай, уул маань хоёр талд дүнхийж, цэлэлзсээр л. Замын дэлгүүрт зогсож өдөр идэх зүйл авав.

12:15
Зорьсон газар болох Албани улсын Сарандэ хот хүрэхэд 10 км үлдлээ. Замын хажуугийн жаахан зайнд зогсож цайлав. Талх, чийз крем, салами идэж ходоодоо баясгаад, хөдлөхөд бэлдэж байтал хажуу хашааны өвөө явж харагдлаа. Та зөгийн бал хийдэг юм уу гэж асуутал “тийм ээ” гээд л зангаж байна. Бид хоёрт зөгийгөө үзүүлэх юм болов уу гээд дагаад орсон чинь шилтэй зөгийн балуудаа үзүүлээд 1 литр нь 15 евро гэж байна. Эелдгээр татгалзаад л гарлаа. Бидний төсөвт ихдэхээс гадна 1 литр зөгийн балаа багтааж явах чинь асуудал шүү дээ.
Ингээд Монгол хүрэх урт аяллын замдаа ахин орлоо. Бидний адал явдалтай, сорилттой аяллын маань нэг өдөртэй хамт байсанд баярлалаа. Балканы уулсаас Бааска, Фэдэ нар бичлээ.


Сэтгэгдэл бичих

