24 цаг, 1440 минут, 86400 секунд… Энэ бол хүн бүрд олгогдсон илүү ч үгүй, дутуу ч үгүй нэг хоногийг илэрхийлэх хугацаа. Нэг өдөр нь нэг сар болж, нэг сар нь нэг жил болж, жилүүд нь нийлсээр бидний амьдрал болно. Гагцхүү баяртай, гунигтай, жаргалтай, зовлонтой, азтай, азгүй тэдгээр “нэг өдрүүд”-ийн нийлбэр нь өнөөдрийн бид билээ.  

Эл шалтгааны улмаас бүтсэн “Журнал” контентод тавтай морил! Уг контентыг нисгэгч болон усан онгоцны ахмадууд цаг тутам байршил, техникийн үзүүлэлт, болсон үйл явдлуудаа тэмдэглэн үлдээдэг logbook-ээс санаа аван эхлүүлж буй. Тэр ч утгаараа уригдсан зочид маань нэг өдрийн амьдрал, үзэл бодол, хүсэл мөрөөдлөө элдэв шүүлтүүр, хэтрүүлэггүйгээр тантай хуваалцах болно.   

Шинэхэн контентын маань анхны дугаарт Tesla компанийн анхны монгол инженер Э.Жавхлан оролцсон юм. Ингээд түүний журналаар хамтдаа аялъя. 

06:00

Сайн байна уу, танд энэхүү журнал хүрч буй өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр бол арваннэгдүгээр сарын 3-ны өдөр. Баасан гараг. Яг одоо өглөөний 06:00 цаг болж байна. Берлин хотод дахин нэг шинэ өглөө эхэллээ. Миний хувьд Tesla компанийн Европ дахь анхны үйлдвэр Berlin-Brandenburg-т дата инженерээр ажилладаг. Үйлдвэр маань гэрээс 45 км зайтай болохоор өглөө аль чадахаараа эрт босох хэрэгтэй. Заримдаа өглөөний цайгаа уучхаад гарна, амжихгүй бол гадил энэ тэрхэн цүнхлээд 07:00 цагийн үед гарч хурдны галт тэрэгтээ амжиж сууна даа.

Үйлдвэрийнхээ тухай товчхон танилцуулахад, манай үйлдвэр энэ оны эхээр хүчин чадлаа нэмэгдүүлэн долоо хоногт таван мянга, жилдээ хагас сая орчим Tesla цахилгаан автомашин үйлдвэрлэх боломжтой болсон. Энэ асар том бүтээн байгуулалтын нэг хэсэг болж байгаа гэж бодохоор өглөөд өөрийгөө үсдээд ч хамаагүй босгодог. Эхэндээ өглөө бүр ингэж эрт босох амаргүй даваа байсныг нуугаад яах вэ. Гэхдээ нэг жил болоод ирэхээр дасдаг юм билээ.



08:45

Манай гэрээс хурдны галт тэргээр үйлдвэр хүртэл нэг цаг орчим явдаг. Том үйлдвэр болохоор ажлын ширээнийхээ ард суух хүртлээ нэлээн хэдэн шат дамжлагаар шалгуулна. Энд ажлын үнэмлэх байхгүй бол тун хэцүү. Гэхдээ мартлаа гэж бодоход дотооддоо ашигладаг NFC чипээрээ уншуулаад орж болдог.

Үйлдвэрээс хамгийн их таалагддаг зүйл нь дотоод засал. Гурван давхар энэ барилгын хоёрдугаар давхарт миний ажлын байр бий бөгөөд нэг давхар нь тэр чигтээ үйлдвэрлэлийн шат дамжлагуудтай. Автомашин үйлдвэрлэлийн компани гэдэг утгаараа уулзалтын өрөөний сандал нь хүртэл машины суудал шиг загвартай. Чөлөөт уулзалтын хэсгүүдийг ч машины их бие, хаалгаар тохижуулсан. Ийм орчинд ажиллахаар юу хийж, бүтээж яваа билээ гэдгээ алхам тутамдаа мэдэрч чаддаг.



09:15

Өглөө ажилдаа ирээд хамгийн түрүүнд компьютерээ асааж, ширээгээ цэгцлэн өөрт хэрэгцээтэй зүйлсээ гарт ойр байлгаж ажлаа эхлэхэд бэлэн болгоно. Үүний араас робот баристатай кофе шопоос өглөөний кофегоо уудаг дадалтай. Манай үйлдвэр ой модон дунд байдаг болохоор кофе уунгаа гадаа орчныг ажиглах ч өдрийн гайхалтай эхлэл болдог шүү.

Инженерийн баг маань 14 хүний бүрэлдэхүүнтэй. Бид өглөө бүр 09:15 цагт өчигдөр юу хийсэн, өнөөдөр юу хийх талаараа богино уулзалт хийж, мэдээллүүдээ солилцдог. Яг одоо бид энэ долоо хоногийн ажлуудаа ярилцаж, АНУ, БНХАУ дахь үйлдвэрүүдтэй хэрхэн, хэзээ холбогдохоо хэлэлцэж байна. Энэ уулзалт ойролцоогоор 30 минут үргэлжилдэг бөгөөд үүний дараа 09:45 цагаас үдийн 12:00 цаг хүртэл хүн бүр хуваарилж авсан ажилдаа төвлөрч сууна.

Ажлын дундуур заримдаа нэг давхарт өрнөж буй автомашин үйлдвэрлэлийн үе шатыг ажиглах дуртай. Их бие, мотор, хаалга, баттерей, угсралт бүхий зургаан баг энэ доор ажиллаж байгаа бөгөөд тухай бүрийг хариуцаж байгаа инженерүүд хоёр давхарт ажилладаг. Нэг ёсондоо бидний бичиж байгаа код доор болж байгаа үйл явц хоёр нягт уялдаатай болохоор хэн хэнийхээ ажлыг ойлгодог байх нь маш чухал. Жишээ нь, өнөө өглөө их бие үйлдвэрлэл дээр жижиг асуудал гараад үйлдвэрлэлийн дизайнер, инженер, менежерүүд уулзаад богино хугацаанд шийдсэн. Энэ мэтчилэн ойр ажиллана гэдэг том давуу тал.



12:00

Өдрийн хоолны цаг тун сонирхолтой өнгөрч байна. Учир нь Элон Маск ирнэ гэсэн яриа өнөөдрийн гол сэдэв боллоо. Өмнө нь хэд хэдэн удаа ирж байсан ч биечлэн таарсан удаагүй болохоор энэ удаа заавал уулзахыг хүсэж байгаа.

Сониноос манай уулзалт, хурлын өрөө, хоолны газруудын нэр тун содон. Жишээ нь, шинээр ашиглалтад орж байгаа энэхүү техно клубын нэрийг инженерүүдээсээ санал хурааж байгаад “Bar-Y” гэж нэрлэсэн.

Хоолны тухай яриандаа эргэн ороход олон улсын хүмүүс ажиллаж байгаа гэдэг утгаараа төрөл бүрийн хоол гардаг. Хүсвэл үйлдвэр дотор явж байдаг автомат хоолны машинуудаас тако, пицца, энэтхэг хоол зэргээс сонголтоо хийж болно. Инженерүүдэд тодорхой хөнгөлөлттэй бөгөөд дунджаар зургаан еврогоор хоол, уух зүйлээ авдаг.



12:30

Миний хувьд уулзалт эсвэл үйлдвэр рүү орох шаардлагатай ажлаа аль болох өдрийн хоолны дараа төлөвлөдөг. Өнөөдөр үйлдвэр рүү буух ажилтай тул хамгаалалтын хувцсаа өмсөж, өөрийгөө бэлтгэж байна. Энд байнгын сонор сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахгүй бол болохгүй. Овор хэмжээ ихтэй ачаа, олон төрлийн химийн элементүүдтэй орчинд ордог тул алхам тутамдаа анхааралтай байж, дүрэм журмаа дагах ёстой.

Tesla-ийн өөр нэгэн давуу тал нь ажилтнууддаа олгодог хангамж. Жишээ нь, миний ажилд шаардлагатай хамгийн сүүлийн үеийн техник хэрэгслүүдийг авч өгдөг. Мөн ажлаас үүдэлтэй эрүүл мэндийн асуудал гарлаа гэж бодоход үүнд шаардлагатай эмнэлгийн тусламж, эд зүйлсээр тогтмол хангана.



14:00

Үйлдвэрийн ажлаа амжуулчхаад ширээнийхээ ард эргэн суугаад байна. Дараагийн ажлуудаа эхлэхийн өмнө түр амсхийж, хийсэн, хийж байгаа, хийхээр төлөвлөж байгаа ажлуудаа цаас, компьютер, эсвэл утсан дээрээ тэмдэглэж авлаа. Энэ дадлыг би ахлах инженерээсээ сурч байсан юм. Дараа нь менежертэйгээ уулзахдаа юу хийснээ орхигдуулалгүй ярихад дөхөм учраас үүнд заавал цаг гаргадаг.

Spotify-аас дуу сонсоод анхаарал бага шаардах ажлуудаа эхлүүллээ. Ийм үед ширээгээ босож зогсоход тааруулан өндрийг нь өөрчлөөд техно төрлийн хөгжмүүд сонсох дуртай. Инженерүүдийн ширээний өндрийг хүссэнээрээ тааруулж болдог нь тун догь. Байнгын суугаад байх шаардлагагүй гэсэн үг.

Энэ үеэр явж таарсан хөгжим өнгөрсөн зуныг санахад хүргэв. Ажилдаа орсноос хойш хамгийн өндөр ачаалалтай байсан үе маань байсан гэхэд хилсдэхгүй. Манай багийн бусад инженер амарчихсан үе таарсныг ч хэлэх үү Берлин, Шанхай, Калифорнид үйлдвэрлэсэн Model Y автомашинуудын чанарыг харьцуулах даалгавар ирсэн юм. Тухайн үед би Америкийн цагаар ажилд нь туслаад нэлээн ачаалалтай ажилласан. Нэгдүгээрт, цагийн зөрүү. Хоёрдугаарт, тэдний талаас хүсэж байгаа зүйлс гээд Tesla-д орсноос хойших хамгийн том сорилтуудын нэг байсан. Гэхдээ одоо бодоход энэ ажлын ард гарчихсан юм чинь гэж бодогдоод хэр баргийн ажил хэцүү санагдахгүй байгаа.



15:00

Хүсэн хүлээсэн мөч ирлээ. Яг одоо Элон Маскын “We Are the Future” илтгэлийг сонсож байна. Хүн бүр худалдан авах боломжтой хамгийн хямд цахилгаан автомашины шинэ загварыг Берлинд үйлдвэрлэнэ гэнэ.

Tesla-ийн дөрвөн үйлдвэрээс хамгийн сүүлд баригдсан нь манай Берлин дэх үйлдвэр. Model Y загварын автомашинуудаас хамгийн чанартайг нь энд үйлдвэрлэж чадсан талаар Элон хэллээ. Сонирхуулахад, энэ сарын 30-нд Cybertruck автомашиныг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдана. Unread-тай хамтран олон сонирхолтой контентууд гаргахаар төлөвлөж байгаа.



16:00

Арга хэмжээ өндөрлөж, ажлын өрөөндөө эргэн ирээд байна. Элон Маскийн яриаг сонсоод, басхүү түүнийг анх удаа бодитоор нь хараад сэтгэл их хөдөллөө. Өнгөрсөн хугацаанд хувь нэмрээ оруулсан ажлуудаа ч бодож үзлээ. Тэдгээрээс олон нийтэд хуваалцаж болох нь Tesla-ийн үйлдвэрүүдийн эрчим хүч болон газрын хийн зарцуулалтыг урьдчилан тооцоолох зорилготой хиймэл оюун ухаан, машин сургалтад тулгуурласан төслийг удирдсан явдал юм. Ирэх сарын 8-ны өдөр албан ёсоор дуусна. Одоогоор тайлан бэлтгэх шатан дээрээ явж байгаа бөгөөд уг бүтээгдэхүүнийг Калифорни болон Берлин дэх үйлдвэрүүд авч ашиглах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байна. Автомашин үйлдвэрлэнэ гэдэг асар их эрчим хүч, энерги зарцуулж байгаа хэрэг тул үүнийг урьдчилан тооцоолох нь маш чухал юм.


18:00

Ажлын цаг дуусаж, гэрийн зүг хөдөлж байна. Өнөөдөр хананд авиралтын бэлтгэлдээ явдаг өдөр болохоор бага зэрэг эрт тарлаа. Оффисын ажилтан учраас байнгын идэвхтэй хөдөлгөөн хийх шаардлагатай болохоор сүүлийн үед хананд авиралт болон хурдны дугуйн спортоор хичээллэж байгаа. Ялангуяа хананд авирч эхэлснээс хойш чамлахааргүй үр дүн гарч байгаа шүү. Тогтмол ажиллуулж чаддаггүй гарны шуу, мөр, нурууны булчингуудаа ашиглаж байгаа болохоор их үр дүнтэй байна.



19:00

“If you’re going to try, go all the way. Otherwise don’t even start. This could mean losing girlfriends, wives, relatives, jobs. And maybe your mind. It could mean not eating for 3 or 4 days. It could mean freezing on a park bench. It could mean jail. It could mean derision. It could mean mockery, isolation. Isolation is the gift. All others are a test of your endurance. Of how much you really want to do it. And you'll do it, despite rejection in the worst odds. And it will be better than anything else you can imagine. If you're going to try, go all the way. There is no other feeling like that. You will be alone with the gods. And the nights with flame with fire. You will ride life straight to perfect laughter. It's the only good fight there is.”

Charles Bukowski

20:30

Гэртээ ирлээ. Оройн хоолоо идчихээд дуусах хугацаа нь дөхсөн ажлуудаа хийж байна. Дуусаад цаашдын төлөвлөлтдөө тодорхой хэмжээний цаг гаргая гэж бодлоо. Учир нь бусад үед үргэлж урдах ажилдаа анхаарал хандуулах шаардлагатай болохоор өөртөө зориулах цаг оройн үеэр л гардаг юм. Өмнө нь өөр ажлууд хийж байхдаа “За Tesla-д л орчихвол болно доо” гэж боддог байлаа. Зорилго маань ч биелэсэн. Гэхдээ энэ хүртэлх зам тийм ч дардан байгаагүй болохоор хүсэж мөрөөдсөн ажлынхаа үр шимийг тултал нь хүртэж, илүү ихийг сурч мэдэхийг хүсдэг.

“Чи их сургуульд сурсан, сураагүй чинь нэг их чухал биш. Хүсвэл чи бүхнийг үнэ төлбөргүй сурч болно” гэсэн утгатай Элон Маскийн хэлсэн үг байдаг шүү дээ. Үүнтэй би ихээхэн санал нийлдэг юм. Жишээ нь, манай багт Tesla-аас ажлын санал аваад бакалаврын зэргээ авалгүй орхисон “гавал” залуу ажилладаг. Эндээс хэлэх гээд байгаа санаа нь нэг бол бүхнийг маш сайн мэддэг “гавал” нөхөр бай, эсвэл нэг зүйлээ тултал нь сурч чаддаг бай. Хэрэв энэхүү журналыг уншиж байгаа та их сургуулийн оюутан бол сурч байгаа зүйлсийнхээ хоорондын уялдааг ойлгож, том зургаар нь харах хэрэгтэй. “Яагаад?” гэж өөрөөсөө байнга асуудаг бай. Магадгүй төвөгтэй асуудлыг мэргэжлийн бус хүнд ч ойлгогдохоор энгийн болгох нь инженер хүний хамгийн том ур чадваруудын нэг байх.


22:00

Унтахаасаа өмнө уншиж байгаа номоо хэдэн хуудас явуулъя гэж бодлоо. Энэ ном бол ChatGPT тэргүүтэй хиймэл оюун ухаан бидний амьдралыг хэрхэн өөрчлөх тухай “Our Final Invention” ном.



23:00

Өглөө эрт босох хэрэгтэй ч сүүлийн үед хамгийн эртдээ 23:00 цагийн үед унтаж байгаа. Өнөөдрийн хувьд Элон Маскийг бодитоор нь харсан онцгой өдөр болж өнгөрлөө. Миний нэг өдөртэй хамт байсанд баярлалаа. Энэ хүртэл Германы Берлин хотоос Жавхлан бичлээ.