Удаан хугацааны дараа “Журнал” булангаараа эргэн уулзаж байгаадаа таатай байна. Журналын шинэхэн дугаарт ТэнГэр телевизийн анкор, продюсер Халиумаа оролцлоо.
Өнгөрсөн долоо хоногийн хамгийн онцлох үйл явдал COP30 байсан билээ. Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хамгийн нөлөө бүхий уг хурлыг сэтгүүлчидгүйгээр төсөөлөхийн аргагүй. Учир нь сэтгүүлчид дэлхий дулаарлын бодлогыг тодорхойлох шийдвэрүүд хаалганы цаана хэрхэн хэлэлцэгдэж, ямар улс, юу санал болгож, хурлын бодлого шийдвэрүүд Монгол Улсад ямар үр нөлөө үзүүлэхийг бодитоор харж, олон нийтэд үнэн зөвөөр хүргэж ажилладаг билээ.
Тэр дундаа COP30 улс орнуудын дунд хүлээлт үүсгэсэн, өмнөх хэлэлцээрүүдээ дүгнэсэн онцгой хурал байв. Учир нь COP30 дээр Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг таван жил тутамд хэлэлцэн дүгнэдэг “Global Stocktake” болж өнгөрсөн ба өмнөх хурлуудаас биелэгдээгүй үлдсэн амлалтуудыг цуцалж, санхүүжилтийн хомсдолыг хэрхэн шийдэх тал дээр дорвитой арга хэмжээ авахаар улс орнууд хичээн ажилласан юм.
Журналын зочин маань уг хурлыг сурвалжлахаар Монгол Улсаас сонгогдон очсонтой холбоотойгоор түүний хурал дээрх нэг өдрийг нь хуваалцахаар бэлдлээ.
эхлэхийн өмнө
Сайн уу? ТэнГэр ТВ-ийн анкор, продюсер Халиумаа байна. Энэ сард надад Earth Journalism болон Stanley Center-ийн хамтарсан UNCCMP Fellowship хөтөлбөрт хамрагдан дэлхийн хамгийн том уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хурал буюу COP30 хуралд оролцох боломж олдсон юм. Уг хөтөлбөр нь дэлхийн хөгжиж буй орнуудын сэтгүүлчдийг тэтгэлэгт хамруулан, уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдээлэл түгээх үндсэн зорилготой НҮБ-ын хөтөлбөр.
Жил бүр дэлхийн 60 гаруй орноос 300-400 сэтгүүлч өрсөлдөж, 20-25 сэтгүүлч COP-ийг сурвалжлах эрх авдаг. Сонгон шалгаруулалтын хувьд уур амьсгалын сэдвээр өмнө нь хийсэн бүтээлүүд, дата ашиглах чадвар, улс орныхоо байр суурийг тодорхой хүргэх чадамж зэргийг нь шалгадаг. Миний хувьд ийнхүү Монгол Улсаас анх удаа тэнцсэндээ маш их баяртай байгааг хэлэх нь зүйтэй болов уу.
Ингээд миний COP30 дээрх нэг өдөртэй танилцана уу.
06:00
06:00

Өглөө бүр 06:00 цагт босож, усанд ороод өөрийгөө бэлддэг. Хөтлөлт хийх болохоор нүүрээ будах, үсээ янзлах гэх мэт хувийн бэлтгэлээ базаачхаад 07:15 гээд өглөөний цай/өглөөний хуралдаа орно. Энд надаас гадна Филлипин, Сингапур, Тайланд, Непал, Энэтхэг, Индонез, Хятад, Бангладеш, Гамби, Нигер, Малави, Мексик, Бразил гээд 13 орны сэтгүүлч цугласан байна. Өглөө бүр цайгаа уунгаа менторуудтайгаа тухайн өдөрт болох онцлох хурал болон үйл явдлуудыг ярилцаж төлөвлөгөө гаргана. Дараа нь бүх сэтгүүлч COP30 -д зориулсан тусгай автобусаар хурлын байрлуугаа явцгаах юм. Энд дунджаар +33 хэмийн халуун, харин хурлын зааланд агааржуулалтын систем хүчтэй ажиллаж байсан болохоор заавал нөмрөх зүйл авч явж байгаа.
08:30
08:30

Автобусаар 30 орчим минут явсны дараа хурлын байрны гадаа очиж 10 минут орчим алхаад үүдэнд шалгуулан дотогш орно. Учир нь улс орнуудын төрийн тэргүүд, өндөр дээд албан тушаалтнууд гээд нийт 56,000 гаруй хүн нэг дор цугласан учир харуул хамгаалалт нэлээд чанга. Ингээд Media Room буюу сэтгүүлчдийн өрөөндөө очоод нарийн төлөвлөгөө гаргаж, аль сэдвийг сурвалжлахаа бэлдэнэ.
Дэлхийн өнцөг булан бүрээс энэ жилийн COP30 хурлыг сурвалжлахаар 4,000 гаруй сэтгүүлч ирсэн нь түүхэндээ хамгийн их хэвлэл мэдээллийн ажилтнууд нэг дор цугласан COP-ийн хурал болж байна. Өнөөдөр Белэмийн эрүүл мэндийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах учраас тус хурлын өрөө рүү явлаа.
09:00 -11:00
09:00 -11:00
Хуралд суунгаа тэмдэглэл хөтөлж, бичлэг хийсэн. Зураглаач маань хараахан Бразилд ирж амжаагүй байсан учраас өөрөө бичлэг хийлээ.

11:00-12:30
11:00-12:30
Хурал дуусаад мэдээний өрөөнд очиж мэдээ бичих, орчуулах, найруулах ажлаа хийчхээд 13:30-ийн үед өдрийн цайндаа орно. Энд cashless буюу цаанаас өгсөн картад мөнгө байршуулан түүгээрээ худалдан авалт хийх системтэй. Маш хурдан өдрийн хоолоо идчихээдд дараагийн үйл ажиллагаа руугаа явлаа.
14:30
14:30

“Germanwatch” ТББ өнгөрсөн 30 жилийн уур амьсгалын эрсдэлийн индексийг танилцуулав. Мэдээж хэвлэлийн бага хурлыг бичиж аваад Монголын талаар асуулт асууж, яриа авлаа. Нэг цаг орчмын дараа мэдээний өрөөндөө буцаж очин мэдээгээ бэлдэж, орчуулж эхэлсэн боловч дараагийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хөдөлгөөн өрнүүлэгчтэй хийх ярилцлагын цаг товлосон байсан учир ярилцлага хийх өрөө лүүгээ явлаа.
16:00-16:30
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хөдөлгөөн өрнүүлэгч, Энэтхэг Улсын иргэн Харжееттэй ярилцлага хийлээ. Тэрээр чулуужсан нүүрсний эсрэг тэмцэгч бөгөөд нүүрснээс өндөр хамааралтай манай улсын тухай ярилцан, түүний байр суурийг сонсоход их сонирхолтой байлаа. Мэдээж хэрэг Монгол шиг хөгжингүй орнуудын хувьд чулуужсан нүүрснээс цэвэр эрчим хүч рүү шилжих нь амаргүй байх хэдий ч өндөр хөгжилтэй орнуудын дэмжлэгтэйгээр энэ шилжилтийг хурдасгах боломжтой гэдгийг тэрээр хэлж байв.

17:00
17:00
Монгол Улсын төлөөлөгчид дээд хэмжээний хуралд оролцох байсан учраас тэрхүү хурал явагдаж байгаа өрөөнд очлоо. Хурал хоёр цаг орчим үргэлжилсэн ба хурлыг удирдан явуулж байсан Бразилын Засгийн газрын төлөөлөгч болон бусад орны ажиглагчид мөн Монголын төлөөлөгчөөсөө яриа авав.
19:30
19:30

Өрөөндөө эргэж очин мэдээнүүдээ бэлдэж орчуулсаар байгаад нэг мэдэхэд 22 цаг өнгөрчхөж. Бусад улсын сэтгүүлчид маань ихэнх нь англи хэл дээр мэдээгээ бэлтгэж байсан учраас харьцангуй хурдан дуусгаад байр лугаа явж байсан бол над шиг мэдээнүүдээ орчуулах шаардлагатай бусад сэтгүүлчид оройтож байлаа.
Байр луугаа явах замдаа хоол идэж амжив. Эндхийн хоол Бразилын үндсэн хоолноос жаахан өөр, илүү Амазонын хоол гэж хэлж болно.
23:30
Автобусандаа суугаад цаг орчим яваад байрандаа очно. Оройны автобус тойрч явдаг учраас бид харихдаа илүү урт замыг туулж байгаа хэрэг л дээ. Тэгээд 00:00 өнгөрч байх үед өрөөндөө ороод нүүрээ угаагаад нам унтана. Өрөөндөө хувцсаа солих, усанд орох, унтахаас бусад үед бараг л байсангүй.
Ингээд COP30 хурлыг сурвалжилсан нэг өдөр шувтарлаа. Хоёр долоо хоногийн турш маш олон үйл явдалтай, завгүй өдрүүд өнгөрлөө. Энэ хугацаанд уур амьсгалын өөрчлөлтийн талаар асар их мэдлэг мэдээлэлтэй болж, олон орны найзуудтай болж нэлээд туршлага хуримтлууллаа.


Миний нэг өдөртэй хамт байсанд баярлалаа. Энэ хүртэл Бразил Улсын Белэм хотоос Халиумаа бичлээ.

Сэтгэгдэл бичих

