Нисгэгч болон усан онгоцны ахмадуудын цаг тутам байршил, техникийн үзүүлэлт, болсон үйл явдлаа тэмдэглэн үлдээдэг logbook-ээс санаа аван хүргэж буй журнал контентын ээлжит дугаарт тавтай морил. Өнөөдрийн дугаарт БНСУ-ын томоохон эмийн судалгаа, хөгжүүлэлтийн компани болох “Ildong Pharmaceuticals”-ийн инновац болон оюуны өмчийн лиценз хариуцсан менежер Б.Нинж оролцлоо.
Тэрээр 2012 онд ахлах сургуулиа төгссөн ба ЭЕШ-ын оноогоороо хэд хэдэн тэтгэлэгт тэнцсэнээс “Korean Airlines Scholarship Program for Engineers”-ийг сонгон Солонгос улсын Инха Их сургуульд био-инженер мэргэжлээр бакалавраа хамгаалсан юм. Дараа нь Сөүлийн Их сургуульд генетик, тэр дундаа генийг засварлах боломжийг нээснээрээ энэ зууны халуун сэдвүүдийн нэг болоод амжсан CRISPR-ийн технологийн чиглэлээр судалгаагаа хийж магистрын зэргээ хамгаалжээ. Уг судалгааны ажил нь тухайн үедээ Солонгосын Үндэсний судалгааны сангаас зарладаг өмнө нь хийгдэж байгаагүй, шинэлэг сэдэвтэй судалгааны ажлуудад олгодог шагналыг хүртэж байсан нь онцлууштай.
Түүний ажлын туршлагаас дурдвал, Солонгосын “Celemics” хэмээх генетикийн судалгаа хийдэг компанид технологи хариуцсан мэргэжилтнээр мөн Английн “Intralink” хэмээх зөвлөх үйлчилгээний фирмд эрүүл мэнд болон биотехнологийн төслүүдийг хариуцсан технологийн зөвлөхөөр ажиллаж байжээ. Хамгийн сүүлд АНУ-ын UCLA анагаахын сургууль болон эмнэлэгт судлаачаар уригдан ажиллаж байгаад одоо БНСУ-д суурьшин ажиллаж байна.
Био-инженерийн мэргэжлийг товчоор
Био-инженерийн мэргэжлийг байгалийн шинжлэх ухааны салбарын “техникч” гэж ойлгож болох юм. Технологи болон биологийн шинжлэх ухааныг холбох гүүр болсон мэргэжил бол био-инженер. Хиймэл эд, эрхтнээс эхлээд байгальд ээлтэй материал хүртэл бүтээх олон төрлийн технологийг тэд боловсруулдаг гэсэн үг. Нэг ёсондоо био-инженерчид биологийн “хэлийг ойлгодог” учраас хүний биеийг эдгээх, экосистемийг хамгаалах, ер нь л бидний амьдралын чанарыг алхам ахиулах "хэрэгслийг" бүтээж чаддаг ажээ.

06:30
Сайн байцгаана уу? Энэ журналыг уншиж суугаа танд энэ өдрийн мэндийг хүргэе. Би долоон цагийн нойроо аваад сэрж байна. Намайг өглөө босоход хамгийн эхэнд угтдаг манай гэр бүлийн гишүүн сахилгагүй Мока бид хоёр өглөөний цайгаа уух гэж байна. Манай ажил хол болохоор би ихэвчлэн зөгийн балтай ус уугаад л ажилдаа гардаг.

7:00
Манай гэрээс төв оффис хүртэл цаг гучин минут, судалгааны төв хүртэл хоёр цаг явдаг. Өнөөдөр төв оффис руугаа явах гэж байна. Метронд явах замдаа саяхан Нобелийн шагнал авсан БНСУ-ын зохиол Хан Ганы “White” номыг үргэлжлүүлэн уншлаа. Цагаан гэхээр надад цас, үүл, сүү эсвэл гоё, зөөлхөн ор хөнжлийн даавуу бодогддог. Харин энэ зохиолчид цагаан өлгийнөөс эхлээд, цагаан үс, чандар, сүнс, анир чимээгүй төсөөлөгддөг юм билээ. Өглөөг эхлүүлэхэд жаахан хүндхэн ном байлаа.

8:30
Ажил дээрээ ирээд хамгийн түрүүнд хийдэг зүйлсийн нэг бол хурал зөвлөгөөндөө бэлдэх байдаг. Өнөөдөр 10:00 цагт Нью Йорк-ooc хөрөнгө оруулагч ирж уулзахаар болсон тул тэр хуралдаа бэлдэж байна. Манай компанийн шинэ эмийн судалгаа, хөгжүүлэлтийн талаар мэдээлэл солилцож хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаа эсэхийг нь мэдэх зорилготой уулзалт юм.

12:00
Манай компани уг нь доороо cafeteria-тай ч xалуун ногоотой хоол их гардаг учраас ихэвчлэн өдрийн хоолоо салхилангаа гадуур идэх дуртай.

16:00
Хоолоо идчихээд буцаад оффистоо ирлээ. Компаниуд инновацыг эрт олж дэмжих, яваандаа патентыг нь өмчлөн авах зорилгоор томоохон биофармууд дэргэдээ “venture capital” буюу хөрөнгө оруулалтын сантай байдаг. Одоо тэдний нэг болох “Boehringer Ingelheim”-тай цахимаар уулзалт хийх гэж байна.
Нэг эм гарган авахад дор хаяж 10 жил, ойролцоогоор 9 их наяд төгрөг зарцуулагддаг болохоор дундаж биофармууд эрсдэлээс сэргийлж ийнхүү эхлээд патентаа томоохон олон улсын компанид зараад дараа нь хөгжүүлэлтдээ анхаардаг. Жишээ нь Pfizer-ийн “Comirnaty” гэж нэрлэгддэг ковидын эсрэг вакциныг анх Германы нэгэн энгийн компани бүтээсэн байх жишээтэй.

19:00
Ажлуудаа дусгаад өдрийн хамгийн дуртай хэсэг болох иогийн хичээлдээ ирлээ. Би ажлынхаа хажуугаар иог заадаг юм. Өнөөдөр энэ сарын сүүлийн хичээлээ зааж байна. Aжлын өдрүүдэд өөртөө зарцуулах цаг бараг гардаггүй нэлээн ачаалалтай ажилладаг болохоор иог заангаа өөрөө бас дасгал, бясалгал хийж, мөн нэмэлт орлогоо ч олдог.

20:30
Иогийн хичээлээ дуусгаад нохойгоо өдөр өнжүүлэхээс авч байна. Дараа нь найзуудтайгаа оройн хоол иднэ. Америкт хэсэг амьдраад буцаад Солонгост ирсэн хамгийн том шалтгааны нэг нь миний найзууд. Намайг тайван, аз жаргалтай, бүрэн бүтэн байлгадаг хүмүүс энэ зурган дээр харагдаж байна.


22:30
Маргааш үүрээр хөдөө явах болохоор гэртээ ирчхээд шууд хувцсаа бэлдлээ. Манай найзууд энэ амралтын өдрөөр Сөүл хотоос гарч ойд хөгжмийн фестивал зохиож байгаа юм. Гоё дуу сонсонгоо, гал дээр мах шарж иднэ. Та бүхэн өдрөө өөрийнхөө ертөнцөд тав тухтай, амралтын өдрүүдээ сайхан өнгөрүүлээрэй. Энэ хүртэл Солонгосын Сөүл хотоос Нинж бичлээ.

Сэтгэгдэл бичих (2)


З Зочин 2024.11.07 66.66.200.5
Энэ их гоё формат юмаа. Үнэхээр таалагдлаа. Хөдөлмөрийг нь үнэлэж байгаа газар манай залуучууд ажиллахгүй яахавдээ. Амжилт :)
З Зочин 2024.11.02 118.235.92.212
Гайхалтай сайхан эмэгтэй байна. Монголдоо эгрэж ирж монголынхоо хөгжилд хүчин зүтгээрэй гэж таниас хичээнгүйлэн гуйя... Хэдүлээ л хийхгүй бол эх орон минь дэндүү эзгүйрчихжээ ????