Нисгэгч, усан онгоцны ахмадууд байршил, техникийн үзүүлэлт, үйл явдлаа цаг тутам тэмдэглэн үлдээдэг logbook-ээс санаа авсан журнал контентын цоо шинэ дугаар хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн зочноор саяхан болж өнгөрсөн Дэлхийн эдийн засгийн форумд Монгол Улсыг төлөөлөн явсан AI Academy Asia-гийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Болор-Эрдэнэ оролцож байна. 

Тэрээр Азийн Хөгжлийн Банк, Мянганы Сорилтын Сан, Дэлхийн Банк, SpaceX зэрэг олон улсын байгууллагуудад зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай. Мөн 2020-2022 онд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байсан юм. 

Анх Оксфордын Их сургуулийн улс төрийн сургуулийн захирал Нгейр Вүүдс түүнийг Дэлхийн эдийн засгийн форумын Young Global Leaders-д нэр дэвшүүлсэн бөгөөд 2022 оноос хойш тэрээр эл форумтай холбоотой болжээ. Ингээд түүний Давос дахь нэг өдөртэй танилцъя. 


07:00


Сайн уу? Давосоос Обуна мэндчилж байна!

Давост одоо өглөөний 07:00 цаг болж байна. Миний хувьд хоёр дахь жилдээ Дэлхийн эдийн засгийн Форумд оролцох гэж байгаадаа баяртай байна. Бид энэ жил олон улсын цахилгаан холбооны байгууллагын AI Skills Coalition-ий албан ёсны гишүүн болсон. Уг холбооны бусад гишүүдийг дурдвал бидний сайн мэдэх Meta, OpenAI, Amazon зэрэг томоохон компаниуд бий. Уг олон улсын нэгдлийн элч дуучин will.i.am болон Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Дориан Богдан бид бүгд хамтран үндэсний хиймэл оюуны аяныг олон улсад зарласан. Уг аяныг Голомт банк, НҮБ-ын Хүүхдийн Сан ивээн тэтгэж бид энэ жил 500 багшийг сургахын сацуу жилд 10,000 хүүхдэд хиймэл оюуны ерөнхий мэдлэг олгох юм. Өнгөрсөн жил энэ аяныг хэрэгжүүлж байхад гаднын улс орнууд өөрсдийн улсдаа хэрэгжүүлэх хүсэлтээ ирүүлж байсан. Тиймээс Давосын тайзнаас олон улсад зарлаж байгаа юм.



14:00

Форум зохион байгуулагдах тав хоногийн хугацаанд Young Global Leaders өөрсдөө тусдаа чуулганууд зохион байгуулдаг. Залуу манлайлагчдын хувьд юуг өөрчлөх үү? Юуг сайжруулах, яаж хувь нэмэр оруулах уу? гэх ерөнхий сэдвүүдээр ярилцдаг. 2026 оны гол сэдэв хиймэл оюун байсан учраас мэдээж хиймэл оюуны хүртээмжтэй холбоотой хэлэлцүүлгүүд ч боллоо.

Уг хэлэлцүүлэгт оролцсон нь надад өөрт их өгөөжтэй байсан гэж харж байгаа. Нэн ялангуяа хиймэл оюунтай холбоотой дэлхийн нөлөө бүхий хүмүүстэй танилцсан. Тухайлбал ​​Nvidia-гийн гүйцэтгэх захирал Женсен Хуангтай уулзаж 5 минут ярилцах боломж олдсонд их олзуурхаж байгаа. Мөн Монгол Улсын технологийн салбарыг таниулах хэлэлцүүлэг, яриа, уулзалтуудад аль чадахаараа орсондоо баяртай байгаа. Өмнөх жилийн хувьд туршлагагүй байсан учраас илүү ажиглах маягаар оролцсон бол энэ жил хэд хэдэн хэлэлцүүлэг, мэтгэлцээн зэрэгт орсон нь бас чамлахааргүй амжилт болов уу гэж харж байгаа.


16:30

Индонезийн цахим яамны сайд болон Дэлхийн эдийн засгийн форумын гадаад харилцаа хариуцсан захиралтай хамт хиймэл оюунтай холбоотой Дэлхийн хөдөлмөрийн зах зээл дээр гарч буй өөрчлөлтийн талаар панелд оролцсон. Түүнчлэн Токиогийн Их сургуулийн захиралтай уулзаж хиймэл оюуны хамтарсан төсөл хийж, монгол залуусыг бэлдэх хамтын ажиллагааны талаар ярилцлаа.


19:00

Дэлхийн эдийн засгийн форумын үеэр хамгийн эрэлттэй буюу оролцогчид дараалан хүлээж үздэг нэг хөтөлбөр болдог нь New York Times-ийн мэтгэлцээн. Мэтгэлцээн эхлэхээс цагийн өмнө нэлээд урт дараалал үүсчихсэн байсан. Энд миний бие уригдаж “AI will succeed where human have failed” буюу хиймэл оюун хүний гаргасан алдааг давтахгүй, хүн төрөлхтнөөс илүү оновчлолтой, алдаагүй ажиллаж чадна гэсэн байр суурийг хамгаалж мэтгэлцлээ. Манай багийн хувьд төрийн байгууллагын хүнд суртал, удаашралыг хиймэл оюун шийдэж чадна хэмээх аргументыг дэвшүүлсэн юм. “Think Again” бестселлер номын зохиолч Адам Грант манай багт орж хиймэл оюуныг бүтээлч ажилд ашиглах тухай санаа дэвшүүлж амжилттай оролцлоо.



AI Academy Asia Дэлхийн эдийн засгийн форумын тайзнаас өөр хоёр төсөл танилцуулсан нь хүүхдэд зориулсан хиймэл оюунд суурилсан платформ, нөгөө нь багш болон багшийн туслахын ажлыг хөнгөвчлөх зорилготой платформ. Atlantic сэтгүүлийн захирал Никола Томпсон LinkedIn дээр хиймэл оюунтай холбоотой дэлхий дахинд болж байгаа үйл явдлыг мэдээлдэг. Тус контентод уг төслийнхөө тухай мэдээлэл өгөв.


23:00 


Давосд болдог хамгийн гоё арга хэмжээний нэг нь McKinsey-гийн зохиодог арга хэмжээ. Энд би McKinsey компанийн Хятадыг хариуцсан захирал Жо, Японыг хариуцсан захирал Юито гээд хоёр хүнтэй зургаа авхуулсан байна.

Форумаас ойлгосон гол зүйл нь бид нарт олон улсад гарах боломжууд их байгаа юм байна. Маш хурдтай өөрчлөгдөж байгаа энэ үед бидэнд маш өндөр чадвартай байх хариуцлага давхар ирж байгаа. Дэлхийн бүхий л улсууд хиймэл оюун руу хөрөнгө оруулалтаа чиглүүлж хийж байгаа бол манай улсын хувьд энэ тал дээр учир дутагдалтай ч аль болох хоцролгүй эртнээс бэлдэх хэрэгтэй юм байна гэж ойлголоо.

Дараа жилийн Давосоор уулзацгаая.

Энэ хүртэл Швейцарын Давос хотоос Обуна бичлээ.