Олон залуусын ажлын гараагаа эхлүүлэхийг хүсэж, зорьдог “Оюу толгой” компанид ажиллах ямар байдгийг өнөөдрийн журналаараа сонирхуулахаар бэлдлээ. Энэ удаагийн журналын эзэн бол “Оюу толгой” компанийн Шинэ төгсөгчийн хөгжлийн хөтөлбөрийн оролцогч, Гүний уурхайн сургалтын багийн ажилтан Д.Дэлгэрмаа. Тэрээр тус компанийн "Шинэ төгсөгчийн хөгжлийн хөтөлбөр"-т шалгарч, 2024 оны наймдугаар сараас гүний уурхайн сургалтын ажилтнаар ажлын гараагаа эхлээд буй залуу мэргэжилтэн юм. Д.Дэлгэрмаа нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ерөнхий боловсролын 2-р сургуулийг төгсөж, Улаанбаатар хотын Хүмүүнлэгийн ухааны Их cургуульд Олон улсын харилцаагаар суралцан бакалаврын зэргээ хамгаалсан. 

"Шинэ төгсөгчийн хөгжлийн хөтөлбөр" нь ажлын туршлага хуримтлуулахын сацуу мэргэжилтний хувьд өөрийгөө чадавхжуулах, нарийсан судлах чиглэлээ тодорхойлох зэрэг олон боломжийг шинэхэн төгсөгч нарт олгодог. Тиймээс энэ хөтөлбөрт орохоор сонирхож, судалсан оюутан, залууст өнөөдрийн журнал таалагдах болов уу. 

Ингээд түүний Оюу толгойн уурхайн талбар дахь нэг ажлын өдөртэй танилцья. 


05:15


Сайн уу, миний журналтай танилцаж байгаа та бүхэндээ өглөөний мэнд хүргэе. Өнөөдөр хоёрдугаар сарын 5-ны Лхагва гараг. Өчигдөр ростерийн амралтаасаа ирж, өнөөдрөөс ажилдаа эргэн орж байна. Улаанбаатарт өнгөрүүлсэн 14 хоногийн амралтаараа гэр бүл, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрүүлж, хотоос гарч, цэвэр агаарт сувилалд хэвтэн эмчлүүлж, төлөвлөсөн ажлуудаа амжуулсан болохоор шинэ өдрөө эрч хүчтэй эхлүүлж байна.

Уурхайн талбарт ажиллах үед нарийн төлөвлөгөө, өдөр тутмын хуваариар ажиллах шаардлагатай байдаг. Би өглөө 05:00 цагт сэрж, ажлын хувцсаа өмсөөд, 05:45-д “Мазаалай” ресторан руу 10 минут алхаж очдог. “Мазаалай” рестораны өглөөний цай өргөн сонголттой. Жимс, ногоо, мах, цагаан хоол гээд төрөл бүрийн хоолтой бөгөөд би ихэвчлэн эрүүл, хөнгөн хоол сонгохыг хичээдэг. Харин өнөөдөр илүү уургаар баялаг өглөөний цай идмээр санагдлаа.


6:30


Уурхайн ажил 24 цаг тасралтгүй үргэлжилдэг учир өдөр, шөнийн гэсэн хоёр ээлжтэй. Би өдрийн ээлжид ажилладаг. Өглөө 06:30-07:00 цагийн хооронд багийн гишүүдтэйгээ хуралдаж, уулзалтын эхэнд аюулгүй ажиллагааны зөвлөмж хуваалцдаг. “Оюу толгой”-д эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны ямар нэг зөвлөмж, анхааруулга байвал бусдадаа хэлж, анхааруулах байдлаар уулзалт, хурлуудаа эхлүүлдэг юм. Тухайлбал, ханиад томуу их байна, маскаа зүүгээд гараа сайн угаахаа мартуузай, эсвэл халтиргаа гулгаанаас болгоомжлоорой гэдэг ч юм уу. Энэ нь бас өглөөд уулзалтын “мөсийг хагалдаг” юм шиг санагддаг.


07:00

Өнөөдөр би гүний уурхайд анх удаа нэвтрэх гэж байгаа учраас маш их догдолж байна. Одоогоор цахим шуудангууддаа хариу бичиж, гүний уурхайд нэвтрэх бэлтгэлээ базааж байна. Сургалтын багийн ажлаас гадна "Шинэ төгсөгчийн хөгжлийн хөтөлбөр"-ийн хүрээнд зохион байгуулдаг сургалт, хөгжлийн арга хэмжээнд идэвхтэй оролцохыг хичээдэг. Тиймээс цахим шуудангаа тогтмол шалгаж, цаг тухайд нь хариу өгөх нь шинэ боломжуудыг алдалгүй ашиглах, өөрийгөө хөгжүүлэхэд чухал гэж боддог.


08:00


Дээр дурдсанчлан би гүний уурхайн сургалтын багт ажилладаг. Манай баг гүний уурхайн ажилтан бүрийг аюулгүй, мэргэжлийн түвшинд ажиллах мэдлэг, ур чадвар, зөв хандлагатай болоход нь чиглэсэн сургалтуудыг зохион байгуулдаг. Сургалтууд онолын, практик мөн аль аль нь хосолсон хэлбэрээр явагддаг. Жишээлбэл, "Гүний уурхайн зааварчилгаа сургалт"-аар гүнд нэвтрэх зочид болон шинэ ажилтнуудад анхан шатны мэдлэг олгож, аюулгүй ажиллагааны дүрэм, орц гарц, хоргодох байр зэрэг чухал мэдээллийг өгдөг. Энэ сургалтыг амжилттай дүүргэсэн ажилтнууд дараагийн шатны сургалтуудад хамрагдах эрхтэй.

Практик дээр суурилсан сургалтуудаас дурдвал “Хоёрдогч бутлалтын зааварчилгаа” сургалт нь олборлолт дээр ажиллаж буй операторуудад тоног төхөөрөмжийн ажиллагаа, ажлын орчны эрсдэл, хяналтын арга хэмжээний талаар заадаг бол “Босоо амны зааварчилгаа” сургалтыг босоо амны үйл ажиллагаа, ложистикийн баг хариуцан, ажилтнуудад ажлын байран дээр тоног төхөөрөмж дээр сургалт орох байдлаар явуулдаг. Оюу толгойн гүний уурхай нь нийт таван босоо амтай. Зарим нь гүний уурхайд агаар нэвтрүүлэх үүрэгтэй байдаг бол зарим нь дулаан агаар оруулах, зарим нь хүн болон ачааг гүний уурхай руу зөөвөрлөх зориулалттай том байгууламжуудыг босоо ам гэж нэрлээд байгаа хэрэг.

Мөн "Өдөр бүр хүндэтгэе" сургалт нь ёс зүй, хамтран ажиллах соёлд чиглэсэн. Манай сургагч багш нар өдөр бүр төлөвлөгөөний дагуу гүний уурхайн бусад багуудаас ирсэн сургалтын захиалгын дагуу хичээлээ зааж, аюулгүй ажиллагаа, үр дүнтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулдаг.


09:00


Харин миний хувьд энэ багтаа шилжиж ирээд удаагүй байгаа болохоор ахлахынхаа даалгасан ажлуудыг хийх, төлөвлөгөө боловсруулах зэрэг захиргаа, ложистиктэй холбоотой ажлууд хийхийн хажуугаар уурхайн орчинтой сайтар танилцаж, сургагч багш нараасаа суралцан туршлага хуримтлуулж байна. Удахгүй “Өдөр бүр хүндэтгэе” сургалтын хичээлийг хөтлөн явуулдаг болно.


12:00


Гүний уурхайд ажил, амьдрал өрнөж байна. Сонирхуулахад Оюу толгойн гүний уурхай 1,300 метр буюу Блью Скай барилгыг 12 давхарласантай тэнцүү газрын гүнд байдаг нүсэр том бүтээн байгуулалт. Өнөөдөр би түр хоргодох байр болон сургалтын оффисоор зочиллоо.

Оюу толгойн гүний уурхайд ажиллагсдын аюулгүй байдлыг хангах зорилгоор тусгай хоргодох байрууд байгуулсан бөгөөд эдгээр нь ослын үед ажилтнуудыг хамгаалах чухал байгууламж юм. 750 метр тутамд нэг хоргодох байр байрладаг бөгөөд тус бүр 20-100 хүн хүлээн авах хүчин чадалтай. Эдгээр байрууд нь 72 цагийн турш цэвэр агаар, ус, хүнсний нөөцөөр хангагддаг тул шаардлагатай үед ажилтнууд аюулгүй орчинд байрлаж, аврах багийн тусламж ирэхийг хүлээх боломжтой.

Мөн уурхайд ослын үеийн дохиоллын системүүд суурилуулсан. Жишээлбэл, онцгой үнэр мэдрэгдсэн тохиолдолд ажилтнууд хамгийн ойр байрлах хоргодох байранд шуурхай очих ёстой. Эдгээр хоргодох байрууд нь гүний уурхайн аюулгүй ажиллагааны чухал хэсэг бөгөөд болзошгүй ослын үед ажилтнуудын амь насыг хамгаалах үүрэгтэй.

16:00

Ажлуудаа дуусгасан тул өнөөдрийн хамгийн эхний кэйж (cage)-ээр гарахаар хүлээж байна. Гүний уурхайд тоосжилтыг бууруулах зорилгоор автомат усжуулагчийг тогтсон цагаар ажиллуулж, тоосыг дарж агаарын чанарыг тогтмол хэмжиж, хэвийн түвшинд барьдаг.


18:30


Өнөөдрийн ажил дуусаж, оройн хоолоо идэж байна. Уурхайд байхдаа өдөр бүр дасгал хийхийг хичээдэг. Тиймээс оройдоо фитнесс заал ордог дадалтай. Манай компани ажилтнуудаа тав тухтай ажиллах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчинг бүрдүүлж, боломжуудаар их сайн хангаж өгсөн санагддаг.

Иог, бүжиг, хөгжмийн хичээлүүд байдгаас гадна сагс, гар бөмбөг, хөл бөмбөг, ширээний теннис гээд хүссэн хэсэгтээ очоод тоглох боломжтой байдаг болохоор эдгээр хэсгүүдэд ажлын бус цагаар хөл хөдөлгөөн ихтэй. Мөн номын сан, кино театр ч бий.


20:00


Дасгалаа хийчихээд ирлээ. Маргаашийнхаа ажилдаа бэлдчихээд, номоо унших гэж байна. Одоогоор "Ичиго-Ичие" нэртэй ном уншиж байгаа. "Өдөр тутмын уур бухимдал, өнгөрсөн болон ирээдүйн айдас зовлонгоо орхиж байж илүү аз жаргалтай, амар тайван амьдардаг юм байна" гэх санааг энэ номноос суралцаж байна. Унтахынхаа өмнө ном унших нь тархийг амрааж унтахад бэлтгэж, илүү чанартай нойр авахад тусалдаг тул би ихэнхдээ оройн цагаар номоо уншдаг.

Дашрамд дурдахад, “Оюу толгой” компанид 100 орчим нээлттэй ажлын байр шинээр зарлагдсан бөгөөд ажлын байрны сонгон шалгаруулалттай холбоотой түгээмэл асуулт хариултыг энд дарж уншаарай.