Өнөөдрийн дугаарт хүн төрөлхтний түүхэнд анх удаа хар нүхний бичлэгийг сансраас авах T-REX судалгааны багийн гишүүн Цогт оролцож байна. Колумбийн Их сургуулийн физикийн оюутан тэрээр энэхүү төслийнхөө хүрээнд NASA, MIT, Принстоны Их сургууль тэргүүтэй салбартаа дэлхийн топ хэмээгддэг институтуудтай хамтран ажиллаж буй.
Энэ төсөлд анхаарлаа хандуулах хэд хэдэн шалтгаан бий. Анх 2019 онд дэлхийгээс 54 сая гэрлийн жилийн зайд байх, хэдэн их наяд оддыг хамарсан M87 галактикийн хар нүхний зургийг EHT (Event Horizon Telescope)-ээр авсан түүхтэй. Харин "бидний" Сүүн зам галактикийн төвд орших Sgr A* хар нүх ердөө 26,000 орчим гэрлийн жилийн зайд оршдог гэх NASA-ийн тооцоолол бий. T-REX (Time-Resolving Experiment) төслөөр энэ хар нүхний бичлэгийг авах болно.
Хар нүхний анхны бичлэг, тэр ч байтугай хүн төрөлхтний "гэр" болсон Сүүн зам галактик дахь Sgr A* хар нүхний бичлэгийг хийнэ гэдэг космологи гэлтгүй олон салбар шинжлэх ухааны томоохон нээлтүүдийн эхлэлийг тавих боломжтой билээ. Сонирхуулахад, T-REX нь ойролцоогоор 2.5м диаметртай антен бүхий, 87кг жинтэй хиймэл дагуул байх юм. Одоогоор энэ төсөл NASA-ийн NIAC судалгааны грантын эцсийн шатанд шалгарчхаад буй.

Ингээд санаагаа сансрын хиймэл дагуул болгох түүний аяллын нэгэн завгүй өдрийг сонирхъё.
06:30
Өглөөний мэнд! Өнөөдөр Нью-Йорк хотод цас орж, агаарын температур -10°C хүрч хүйтэрсэн байна. Бүгдээрээ сургуулийн цайны газарт орж кофе, өндөг аваад өглөөний хичээл рүүгээ хөдөлье.

08:10
Ирээдүйд сансрын технологийн компани байгуулах зорилготой миний хувьд Blue Origin, Tesla зэрэг цахиурын хөндий дэх гигантуудын гүйцэтгэх захирлуудыг ажиглаад хүн төрөлхтний мэдлэгийн хүрээг тэлж, инновацаар манлайлагчид "хүн" хэмээх бодгаль өөрөө ямар үүсэл гаралтай, оюун санааны түүх хэрхэн хувьсаж өнөөдрийг хүргэсэн зэргийг сууриас нь эхэлж судлах хэрэгтэй гэж ойлгосон. Үүний тулд философийн олон сэдвийг хөндөж, эргэцүүлэх хэрэгтэй. Энэ хичээлээр Платоноос эхлээд Руссо, Фуко хүртэлх түүхэн сэтгэгчдийн үзэл баримтлалд дүн шинжилгээ хийж, мэтгэлцэх боломж олддог.
IVY League болон Liberal Arts суурьтай сургуулиуд жинхэнэ утгаар нь ном уншуулж сургадаг. Одоо бол хичээлдээ бэлдэж өмнөх шөнө нь 3-4 цаг ном уншиж, судалгаа хийдэг дадалтай болчихсон. Ямар ч мэргэжлээр явсан бай, ирээдүйд үр нөлөөтэй, чухал ажил хийж гүйцэтгэх мөрөөдөлтэй бол маш нуцахтай уншсан байх хэрэгтэй санагдсан.

10:10
Одоо физикийн хичээлтэй. Мэдлэгийн фронтын тэргүүн эгнээнд ихэвчлэн их сургуулийн судлаач, эрдэмтэд байдаг. Энэ хичээлийг зааж буй профессор маань "astroparticle" (одон орны эгэл бөөмс) судалгаагаараа алдартай бөгөөд физикийн маш адармаатай сэдвүүдийг судлахын зэрэгцээ анхан шатны хичээлийг ч сонирхолтойгоор тайлбарлаж чаддаг. Ер нь сууриа сайн тавьчихсан бол ямар ч төвөгтэй сэдвийг задалж, хэсэгчлээд ойлгож болдог. Судалгааны ажил хийхэд ч бусдын бичсэн зүйлийг нягтлахаас гадна асар их мэдээлэл дундаас үнэн зөвийг нь ялгаж таних чадвар хэрэгтэй болдог тул суурь физикийн мэдлэг маш чухал.

11:40
Дараагийн хичээлийн нэр нь Амьдрал, үхэл ба амьдралын утга учир (Living, Dying, and the Meaning of Life). Олон жилийн түүхтэй энэ танхимд 100 гаруй бакалавр, магистр, докторын түвшний, амьдралын өөр өөр замналтай хүмүүс цугларч, амьдрал ба үхлийн утга учрын талаар эсээ бичиж, хэлэлцүүлэг өрнүүлдэг. Физикийн хичээл дээр нарийн дифференциал тэгшитгэл бодож байгаад дараа нь амьдралыг арай өргөн хүрээнд харж, юу хамгийн чухал болох талаар тунгаах нь миний тархийг тэлж байгаа мэт санагддаг.
Аз жаргал гэж юу вэ? Үхэл гэж юу вэ? Утга учир хаанаас олддог вэ? Үүний талаар сэтгэгчид юу гэж хэлж байв?
Сүүлийн үед "intellectual cross-pollination" буюу салбар хоорондын нарийн холбоог олж, түүн дээрээ бодит дүгнэлт хийх чадвартай “бүтээлч” хүмүүс амьдралд амжилттай явдаг гэдгийг ойлгосон. Энэ талаар сонирхож байвал манай найзын хийдэг "How To Be a Thinker & a Doer At The Same Time" подкастыг сонсоорой.

13:00
Үд дундыг бизнесийнхээ санааг хөгжүүлэхэд зориулдаг. Одоогоор зохиогдоогүй ирээдүйн технологийг бүтээгч, хөрөнгө оруулагч, эрдэмтэдтэй нэг ширээнд сууж, хиймэл оюун, Frontier Tech, Deep Tech-ийн гүн рүү ордог төслийг эхлүүлээд 3 сар болж байна. Манай баг олон улсын залуу бизнес эрхлэгчдээс бүрдсэн бөгөөд энэхүү төслөө улам өргөжүүлэх зорилготой. Энэ цагаар дэлхийн хамгийн сонирхолтой, чухал компаниудын ард буй технологийг судалдаг.
Дан ганц сурагч, багш нартай харилцаад зогсолгүй сургуулиас гаднах амьдрал, практик дээр хүмүүс хэрхэн ажиллаж, бүтээж байна вэ? гэдгийг сонирхох дуртай. Нью-Йорк, Лондон, Сан Франциско гэхчлэн хотуудын гол давуу тал нь ч уур амьсгал, гоёмсог барилгуудаас илүүтэй talent density буюу хийж бүтээж, шинийг санаачлах амбицтай, чадварлаг боловсон хүчнүүдтэй нэг дор уулзах боломж.

14:40
Хоолоо идчихээд гадуур алхаж агаар амьсгалаад математикийн хичээлдээ орлоо. Энэ цагийг дараагийн судалгааны ажилдаа зориулсан "тархины халаалт" гэж хэлж болно.

16:00
Одоо жинхэнэ судалгааны ажил эхэлж байна. Даалгавруудаа дуусгаад, оройн уулзалтдаа бэлдэнэ. Багийнхандаа танилцуулах диаграмынхаа кодыг бичиж, бусад судалгаануудтай харьцуулж суусаар энэ цагийг өнгөрүүлдэг. Судалгааны маань хамгийн сонирхолтой хэсэг нь хар нүхний зураг авалт хийхдээ газрын болон сансрын олон хиймэл дагуулыг ашиглах явдал. Үүний тулд сансарт 2-3 хиймэл дагуулыг хэрхэн зөв байршуулах, ямар хурдаар аль зүг рүү чиглүүлбэл хар нүхний дүрсийг хамгийн тодоор буулгаж авах тухайг тооцоолно.

18:00
Кампус дээр долоо хоног бүр сонирхолтой арга хэмжээнүүд болдог. Тэдгээрийн жишээ нь Google, SpaceX зэрэг компаниудиас хүрэлцэн ирж, оюутан элсүүлэх, мэдээлэл өгөх уулзалтууд. Харин өнөөдөр санхүүгийн салбарт ажилладаг төгсөгчид зочлон ирж, яриа хийлээ. Хүмүүсийн туршлага, зөвлөгөөг сонсохоос гадна зорилго нэг оюутнуудтай танилцаж, хоол идэнгээ нийгэмших боломж гардагт нь дуртай. Кампус хооронд алхах зуураа цэвэр агаар амьсгалаад сайхан байна.

19:30
Тайвширч, тархиа амраахаар Буддист клуб дээрээ ирлээ. Энд долоо хоногт бүр төрөл бүрийн шашин шүтлэг, итгэл үнэмшилтэй хүмүүс нэг дор цугларч, бясалгадаг. Анх таван минут суухад л хэцүү санагддаг байсан бол одоо 30 минут суугаад толгой дахь бүх бодол цэгцэрч байгааг мэдэрдэг.

21:00
Завгүй өдрийн маань сүүлчийн арга хэмжээ ч угтаа хамгийн чухал ажил болох T-REX багийн судалгааны хурал эхэллээ. Өнөөдөр хийсэн судалгаа, хүрсэн үр дүнгээ багийнхантайгаа хуваалцана. Энэ жил манай баг олон эрдэм шинжилгээний хуралд оролцож, төслөө танилцуулахаар төлөвлөж байгаа.
Би хангалттай зоригтой, амбицтай байж чадвал ур чадвар болон аз дагаад ирдэг гэдэгт итгэдэг. Энэ төслийг эхлүүлээд дэлхийн ямар ч эрдэмтэн рүү и-мэйл бичээд хариу авч байгаа нь гайхамшигтай. Нобелийн шагналтан байсан ч ертөнцийг судалж, ойлгох бидний тэмүүллийг дэмжиж, Принстон, NASA, МIT, Харвардын эрдэмтэд маш үнэтэй зөвлөгөө өгдөг.

23:00
Ингээд миний нэг өдөр дууслаа. Тав, эсвэл арван жилийн дараа дахин нэг өдрийн тэмдэглэлээр уулзъя. Одоогоор би амьдралын утга учир, физикийн томьёо бодож суугаа ч тэр үед компанийнхаа үйлдвэрлэлийн асуудал эсвэл хөрөнгө оруулагчийн уулзалтад санаа зовоод сууж байж магадгүй юм.
2032 онд бид Sgr A* хар нүхний анхны бичлэгийг хийх болно. Тэрхүү судалгааны үр дүнд Нобелийн шагнал авсан Монгол эрдэмтэн гарч ирэх ч бүрэн боломжтой билээ. Надтай хамт байсанд баярлалаа.


Сэтгэгдэл бичих (7)


Z Zorigoo 2026.03.19 103.212.162.218
Mash ih uram zorig sedel avlaa. Hiih yum mash ih bhad denduu zalhuu taavaaraa yvaa gedgee oilgoloo Bayarlalaa buh zuild ni amjilt
З Зочин 2026.03.19 122.201.31.53
Ямар гайхалтай юм бээ???? Орчин үеийн монгол залуус дэлхийн хэмжээнд сэтгэж, дэлхийн шилдэг эрдэмтэн, судлаачидтай мөр зэрэгцэн суралцаж, хөгжиж байгаа нь бахархалтай байна аа. Урагшаа залуу минь улам их хичээгээрэй????
И Иргэн 2026.03.18 209.149.213.74
Монголын маань залуус дэлхийн түвшинд сэтгэж, хийж бүтээж, тэмүүлж байгааг уншаад маш их урам авлаа. Амжилт хүсье, зөвхөн Урагшаа ????
З Зочин 2026.03.18 202.126.88.200
Баяр хүргэе, амжилт хүсье???? Монгол хүүхдүүд ийм түвшинд сурч хөгжиж яваад итгэж ядан бахархаж байна.
З Зочин 2026.03.17 66.181.183.178
ter olon hicheelees avch bui medleg, olon tsagiin nom unshij oilgoson zuilsee herhen tolgoidoo uldeedeg ve? Martaj sanah tohioldol gardag uu? Tiim bol herhen arga hemjee avdag baiv?
З Зочин 2026.03.17 202.55.188.118
Анх ig scroll хийж яваад ямар гоё зураг дардаг ах вэ гээд follow хийж байсан юм. Ийм мундаг хүн гэж яаж мэдэх билээ. Танд амжилт????
A Admirer 2026.03.17 66.181.188.48
Wow yamar gaihaltai yumbe. Übermensch gej ene l baihdaa. Dandaa gadaad lag ornii humuus l iim lag lag zuil hiideg gej boddog baila. Mongoldoo ch bish, delhii ch bish bur sansar ogtorguin tuvshind setgej bna shu. Buh zuild ni amjilt husie 10 jiliin daraa odoo henii ch tusuuluugui tusul deer ch ajillaj baij magadgui ym