Нас биед хүрсэн иргэн бүр сонгуульд оролцож, саналаа өгөх нь бидэнд олгогдсон эрх. Нөгөөтээгүүр ирээдүйнхээ өмнө хүлээж буй үүрэг гэлтэй. Журнал цувралын ээлжит дугаараа дөрвөн жилд нэг удаа тохиох УИХ-ын сонгууль болох гэж буй цаг үетэй уялдуулахыг хичээлээ.  

Энэ удаагийн зочин бол БНСУ-ын Үндэсний Ассамблейн Дэд даргын ажлын албанд гадаад харилцаа хариуцан ажилладаг Б.Урангоо. Тэрээр БНСУ-ын “Ханян” Их сургуульд улс төр, гадаад харилцааны чиглэлээр бакалавр, “Эва” эмэгтэйчүүдийн Их сургуульд төрийн бодлого чиглэлээр мастер хамгаалж, ажлын гараагаа Үндэсний Ассамблейн ордноос эхэлж байжээ.  

Үндсэн ажлынхаа хажуугаар Монголд болон Солонгост үйл ажиллагаа явуулдаг "Let's Ko&Mong Network" хэмээх ашгийн бус НҮТББ-ыг удирдан тэргүүнээр ажиллаж байна. Солонгос, монгол залуусаас бүрдсэн уг байгууллага нь 2013 оноос хойш Монголын нийгмийн сайн сайхны төлөө шинэлэг, үр дүнтэй төсөл, хөтөлбөр, сургалтуудыг зохион байгуулахаас гадна Солонгост эх орноо сурталчлан таниулах, соёлын арга хэмжээг зохион байгуулдаг гэнэ.  


Сайн байна уу? Танд энэхүү журналыг уншиж буй өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр гуравдугаар сарын 27-ны өдөр. Миний хувьд БНСУ-ын Үндэсний Ассамблейн Дэд дарга Ким Ён Жү-ийн ажлын албанд гадаад харилцаа хариуцан ажилладаг. Тэрээр парламентад дөрвөн ч удаа сонгогдож, Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан эмэгтэй бөгөөд манай оронд тун ч элэгтэйн дээр хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн салбарт олон чухал төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн туршлагатай улс төрч. Түүний ажлын албанд хамтран зүтгэж эхэлснээс хойш нэг л мэдэхэд найман жил өнгөрч, энэ хугацаанд гурван ч сонгуулийн кампанит ажилд гар бие оролцсон байна.

Ингээд та бүхэнд өөрийн яг одоо ажиллаж буй талбар болох Солонгосын сонгуулийн кампанит ажлын нэг өдрийн журналаа хуваалцъя.

05:00

Сөүл хотод яг одоо үүрийн 05:00 цаг болж байна. Сэрснээсээ хойш яг нэг цаг 30 минутын дараа гэрээсээ гардаг. Тэр хооронд зөгийн балтай ус ууж, хувийн бэлтгэлээ базаагаад гарахдаа бэлдэж байтал цаг яг таардаг юм.

Энгийн ажлын өдөр, өөрөөр хэлбэл сонгуулийн бус үеэр бидний ажил өглөө 09:00 цагт эхэлдэг ч 08:30 минутад босоо уулзалт хийж, гишүүний тухайн өдөр төлөвлөсөн уулзалтууд, бодлогын хэлэлцүүлэг, өнөөдрийн байдлаар нийгэмд үүсээд буй асуудал зэрэг мэдээллийг хоорондоо хуваалцдаг. Гэхдээ өнөөдрийн тухайд үндсэн оффис болох Үндэсний Ассамблейн ордон руу явахгүй. Учир нь тун удахгүй Солонгост 22 дахь удаагийн парламентын сонгууль болох гэж байгаа тул ажлын өдрүүд маань арай өөр зарчмаар өнгөрч байна. Солонгост нийт 300 парламентын гишүүн байх бөгөөд 254 нь тойргоос, 46-г нь жагсаалтаар буюу пропорциональ тогтолцоогоор сонгодог.

Миний ажиллаж буй тойрог бол Сөүл хотын Ёндынпу дүүрэг. 63 давхар барилга, Хан мөрөн, Үндэсний Ассамблейн ордон, банк санхүү, хэвлэл мэдээллийн төвүүд байрладаг дүүрэг гэдгээр нь монголчууд мэдэж магад. Хэд хоногийн өмнө бид тойрогтоо сонгуулийн сурталчилгааны штабаа нээж, бүх ажилтан эндээ төвлөрөн ажиллаж байна.

06:30

Сонгуулийн сурталчилгааны штаб манай гэрээс нэг цагийн зайтай учир 06:30 гэхэд гэрээсээ гардаг. Метронд өнгөрөөх нэг цагаа ашиглаад цахим шуудан, зурвасаа шалгаж, хариу илгээгээд үлдсэн хугацаанд нь цүнхний номоо уншдаг. Сонгуулийн чухал үе ирсэн учир өөрийгөө хөгжүүлж, туршлага судлахын тулд хэд хоногийн өмнө Ассамблейн номын сангаас зээлсэн “Modern Political Campaigns” гэх номыг яг одоо уншиж байна.


07:30

Ажилдаа ирлээ. Хамгийн түрүүнд сонгогчдыг хүлээж авах өрөөнд байх зурагтыг асааж, нэр дэвшигчийн сурталчилгааны бичлэгийг тоглуулаад нөгөө багаа хүлээнэ. Нэр дэвшигч хэсэг ажилтнуудын хамт өглөө бүр метроны буудал дээр нэрийн хуудсаа биечлэн тарааж, найман цагийн үед штаб дээрээ ирдэг юм. Нөгөө баг гэдэг нь тэднийг хэлж байгаа хэрэг. Бүгд цуглармагц хамтдаа өглөөний цайгаа ууж аваад л сурталчилгааны их ажил албан ёсоор эхэлдэг дээ.

Солонгосын сонгуулийн тухай хуульд сонгуулийн кампанит ажил хэрхэн явагдах ёстой талаар тун дэлгэрэнгүй, нарийвчилсан байдлаар заагаад өгчихсөн байдаг. Жишээлбэл, сурталчилгааны хуудасны урт 27 см, өргөн 19 см, 12 хүртэлх нүүртэй байх бөгөөд агуулгыг нь СЕХ-нд шалгуулж зөвшөөрөл авдаг. Сурталчилгааны хуудас хэвлэлтээс гармагц нэгдсэн шугамын дагуу айл бүрд шуудангаар хүргэдэг нь нэг талаар ухуулагч нарын ажлыг хөнгөвчилж буй тун ухаалаг шийдэл байгаа биз.

Нөгөөтээгүүр айл бүрээр орж, иргэдтэй хувьчлан уулзаж ухуулга хийхийг хуулиар хориглодог тул нэр дэвшигчид аливаа арга хэмжээн дээр очиж иргэдтэй уулзах эсвэл өглөө оройд хамгийн их хүн төвлөрсөн газруудаар явж нэрийн хуудсаа тараадаг.


09:00

Өглөө бүр энэ цагт нэр дэвшигчээр удирдуулсан хурал эхэлдэг ба үүнд тухайн тойрог, нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчид, штабын дарга, шадар зөвлөх гэсэн гол хүмүүс оролцдог. Хурлаас гарсан шийдвэрийн дагуу шадар зөвлөх маань бидэнд гол ажлуудыг хуваарилж өгдөг тул хурал дуусахыг хүлээж байна.


10:00

Хурал дууслаа. Өнөөдөр маш чухал өдөр болох нь байна шүү. Учир нь үдээс өмнө ЕБС-ийн сурагчдын эцэг эхийн зөвлөл манай штаб дээр ирэхээр боллоо. Ташрамд дурдахад, солонгос эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ боловсрол, сургалтын орчинд онцгой анхаарал хандуулдаг. Ингэхдээ, хүүхдийнхээ сургуульд үүсэж буй асуудлыг хөндөж, засаж, сайжруулах шаардлагатай зүйлсийг сургуулийн захиргаа биш эцэг эхийн төлөөлөл нь тухайн тойргоос сонгогдсон гишүүнд хэлж, төсөвт суулгах тал дээр санал өгдөг. Тиймдээ ч Ассамблейн ордонд эцэг эхийн төлөөлөл гишүүнтэй уулзахаар ирэх нь тун хэвийн үзэгдэл.

11:00

Сонгуулийн үеэр бас нэгэн чухал төслийг эх орондоо хэрэгжүүлж эхэлсэн. Миний ажиллаж буй Ким Ён Жү дэд дарга МУ-д өрнөж буй “Эрүүл монгол хүн” хөдөлгөөний хүрээнд Монголын зорилтот бүлгийн хүүхдүүдэд эрүүл мэндийн дэмжлэг үзүүлэх төслийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна. Ирэх тавдугаар сард Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгтэй хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд эмч нарын лиценз авах бичиг баримтыг боловсруулах, эм, эмийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж илгээх, онгоцны тийз, зочид буудлын захиалга хийх зэрэг ажлыг өнөөдөртөө хийж гүйцэтгэнэ. Яг одоо үдээс хойш эрүүл мэндийн төвтэй хийх цахим хуралдаа бэлдэж байна.


12:30

Ассамблейн ордны ажилтнууд өдрийн хоол худалдан авахад зориулсан тасалбартай байдаг бөгөөд түүгээрээ ордонд байрлах хоолны газруудаас сонгон үйлчлүүлдэг нь тун амар. Бүр цаашлаад ажлаас үүдэлтэй эрүүл мэндийн асуудал үүссэн тохиолдолд эмнэлгийн тусламжийн тасаг, шүдний тасаг, зүү төөнүүр, эмэгтэйчүүдийн амрах өрөө, фитнесс, спортын өрөө, номын сан хүртэл энд бий. Тэр ч байтугай гадуур ажиллах шаардлагатай болвол лаптопоос өгсүүлээд сүүлийн үеийн техник хэрэгслүүдийг өрөөнд авчраад өгчихдөг.

Харин одоогоор ордонд биш байгаа болохоор штабын ойролцоо эсвэл хамгийн их үйлчлүүлэгчтэй байдаг томоохон хоолны газар орж хоол идэх гэж байна.

Хоолны газраа сонгох нь хүртэл их утга учиртай. Хоол идэхдээ хүртэл ухуулга хийнэ шүү дээ. Шуудхан “Дэмжээрэй, сонгоорой” гэж хэлэхгүй ч хоолны газрын эгч нартай дотно яриа өрнүүлэх зуураа нэр дэвшигчийн хийсэн ажлын талаар дурдаж, яагаад дахин сонгогдох хэрэгтэй вэ? гэдгийг ярилцдаг. Цаад утгаараа нөлөөлөх зорилготой гэх үү дээ. Цайны цаг гээд штабаа хаачхаж болохгүй тул ээлжилж хоолоо иддэг.


13:30

Одоо дараагийн уулзалт руугаа явж байна. Гадаад хүн сонгуулийн ухуулга хийх боломжгүй тул миний хувьд штаб дээрээ түлхүү ажиллана. Энэ уулзалтад эрх баригч буюу “Ард түмний хүч” намыг төлөөлж, Хууль зүйн сайд асан Хан Дун Хүн эрхэм ирж, манай нэр дэвшигчийг дэмжиж буй байр сууриа илэрхийлэн иргэдтэй уулзаад явлаа.

Онцлууштай нэг зүйл нь гэвэл томоохон тайз ч засаагүй, тун энгийнээр зохион байгуулсан тус арга хэмжээнд цугларсан асар олон хүн бүгд өөрсдийн сайн дураар, нэр дэвшигчийн үзэл баримтлал, хийсэн ажил, мөрийн хөтөлбөрийг сонсохоор хүрэлцэн ирсэн байгааг хараад үнэхээр их гайхлаа. Иргэдийн улс төрийн боловсрол, оролцоо энэ хэмжээний өндөр байгааг хараад бахархахын сацуу битүүхэн атаархал төрөх шиг болов.


18:00

Ажлаа тараад явж буй хүмүүсд нэрийн хуудас тараахаар метроны буудал руу явсан баг маань буцаад ирлээ. Дараагийн ажилдаа орохоос өмнө хамтдаа оройн хоолоо иднэ. Оройн зургаан цаг өнгөрөх үеэр бусад хүмүүсийн энэ өдрийн ажил дуусдаг бол бидний хувьд дахин нэг өдрийн ажил эхэлж байгаа мэт санагддаг.

Оройн цагаар штаб дээр ирэх хүмүүс багасдаг учир тухайн өдөр ирсэн хүмүүсийн нэр, утасны дугаарыг нэрсийн жагсаалтдаа бүртгээд нэр дэвшигчийн дараа дараагийн өдрүүдийн уулзалт, төлөвлөгөөг мэдээллийн сандаа бүртгэх ажлаа хийж байна. Тухайн өдрийн уулзалтын цаг, байршил, сонгуультай холбоотой хэлэлцүүлэг, мэдээлэл хэзээ, хэдэн цагт, ямар сувгаар гарах талаар энэхүү мэдээллийн сангаасаа харж, нэр дэвшигчид тухай бүрд нь зурвасаар мэдэгддэг юм.


21:00

Солонгосын сонгуулийн тухай хуульд зааснаар 07:00-23:00 цагийн хооронд сурталчилгаа хийдэг. Нэр дэвшигч 21:00 цагийн үед штаб дээр ирж өнөөдөр болсон үйл явдал, маргаашийн сурталчилгааны төлөвлөгөө гэх мэт зүйлсийг ярилцаад дууслаа.

23:00

Нэг зүгт амьдардаг ажлынхаа охинтой хамт метронд суухаар явж байна. Гэртээ харих замдаа хэвлэлээр гарсан мэдээ мэдээлэл уншиж, өрсөлдөгчдөө судална.

Гэртээ ирлээ. Оройн хоолоо идчихээд ирдэг болохоор гэртээ орж ирмэгцээ шууд зурагтын мэдээ асаадаг. Маргааш өглөөний хурал дээр цаг үеийн мэдээлэл солилцох цаг байхгүй учир одоогийн байдлаар улс төрийн болоод сонгуулийн уур амьсгал ямархуу байна вэ? гэдгийг тандаж, мэдээ мэдээлэлтэй танилцаад өглөө нь хурал дээр хамтдаа дүгнэлт гаргадаг. Мэдээ харах зуураа нүүрээ угааж, маргаашийнхаа хувцсыг бэлдэнэ.

01:00

Журналаа дуусгахын өмнө өөрт төрсөн нэг бодлоо хуваалцъя гэж бодлоо. Энэ хүртэлх зам минь тийм ч дардан байгаагүй болохоор хүсэж мөрөөдсөн ажлынхаа үр шимийг тултал нь хүртэж, сурч, мэдсэн зүйлээ эх орондоо хэрэгжүүлэхийг хүсдэг. Солонгос бол сонгуулийн кампанит ажил, бодлого, мөрийн хөтөлбөрөөр өрсөлдөж, үүнд тулгуурласан сурталчилгааны дүр төрхийг бүрдүүлдэг цоо шинэ сонгуулийн соёл хэдийнээ бүрэн тогтсон улс юм. Хийж буй ажил маань олон онцлогтой ч хамгийн том давуу тал нь сурах зүйл асар арвинтай. Постмодерн төрлийн сонгуулийн сурталчилгаа явуулдаг улс орнууд өдгөө олон нийттэй харилцах зөвлөх, дүр төрх тодорхойлогч (image maker), дата аналист зэрэг мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлж, шинжлэх ухаан, технологид суурилсан кампанит ажлыг мэргэжлийн түвшинд зохион байгуулж байна.

Солонгост улс төр, гадаад харилцааны чиглэлээр багагүй хугацаанд сурч, салбарт нь ажиллаж буй хүний хувьд хэлэхэд, энэ улсын үсрэнгүй хөгжиж буй нь иргэдийнх нь улс төрийн оролцоо, сонголтын үр дүн юм болов уу гэж хардаг.

Эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин нөхцөл, тогтвортой ажлын байр, нийгэмд илүү өндөр хувийг эзлэх дундаж давхарга. Энэ бол монголчууд бидний хүсэж буй нийгэм. Харин залуус бидэнд байгаа хамгийн том хүч бол асар их үнэ цэнээр олдсон эрх чөлөө. Тэр дундаа сонгох эрх чөлөө. Дөрвөн жилд нэг л удаа бид энэхүү сонгох эрхээ эдэлж, үзэл бодлоо худалдахгүйгээр, гагцхүү үнэт зүйлдээ тулгуурлан, нэр дэвшигчдийн хийж бүтээсэн ажил, мөрийн хөтөлбөртэй нягт нямбай танилцсаны үндсэн дээр цаашдын дөрвөн жилд та биднийг төлөөлөх хэн нэгнийг сонгох учиртай. Монголд ч мөн сонгуулийн цаг үе ойртож байна. Тиймээс залуус та бүхэн сонгуульдаа идэвхтэй оролцоорой хэмээн уриалаад энэхүү бичвэрээ жаргаая.


Миний нэг өдөртэй хамт байсанд баярлалаа. Энэ хүртэл Солонгос Улсын Сөүл хотоос Урангоо бичлээ.