Хиймэл оюуны хөгжлийг дагаад дотоодын хөгжүүлэгчид ч эрчимжиж, олон төрлийн веб апп, бүтээгдэхүүн үйлчилгээ эхлүүлэх болжээ. Тэр бүрд олон нийтэд бүтээгдэхүүнээ хүргэж, санал хүсэлт цуглуулах, хамтын ажиллагаа эхлүүлэхэд хүндрэлтэй байх нь бий.
Иймд манай редакц launchpad.mn-ийг эхлүүлсэн юм. Энд оюутан залуус, туршлагатай хөгжүүлэгчид, технологийн хорхойтнууд, салбарын мэргэжилтнүүд гээд төрөл бүрийн хөгжүүлэгчдийн хамгийн шинэлэг, хамгийн шилдэг бүтээгдэхүүнүүд байршиж буй. Уг цуврал нийтлэлээр долоо хоног бүр хамгийн өндөр санал авсан 10 бүтээгдэхүүнийг онцлон хүргэж байна.

Цаагуур бол мэдээний сайт болон олон нийтэд нээлттэй Facebook постуудыг цуглуулж, Монголд яг одоо юу яригдаж байгааг сэдвээр нь нэгтгэн харуулдаг самбар юм. "Трэнд" хуудас долоо хоногийн хамгийн их яригдсан болон шинэ сэдвүүдийг, "Сенсаци" хэсэг өдөр бүрийн гол сэдвийг харуулна. "Парламент" хэсэг УИХ-ын 126 гишүүнийг ажлын идэвх, мэдээнд дурдагдсан байдлаар нь эрэмбэлдэг. Сэтгүүлч, судлаач, маркетингийн мэргэжилтэн, улс төр сонирхогчдын хувьд сэдвээ хянах чухал орон зай гэж хэлж болно.
Туршиж үзэх

Төрийн 147 сайтын мэдээг цаг тутам уншиж, хиймэл оюунаар гурван өгүүлбэрт товчилдог мэдээний сайт. Тоо, огноо, шийдвэр зэрэг баримтыг албан ёсны пи-ар хэллэгээс салгаж, "Танд хамаатай юу?" хэсэгт яг юу өөрчлөгдөхийг тайлбарладаг. Өдөрт хоёр удаа гол 10 мэдээний тойм гаргаж, төсөв, тендерийн үр дүн, УИХ гишүүдийн хөрөнгийн мэдүүлэг, ирцийг харуулна. Цалингаа оруулаад сард хэдэн төгрөгийн татвар төлж, тэр нь төсвийн аль хэсэгт очдогийг харах тооцоолуур ч бий. Төрийн сайт мэдээгээ засах, устгахыг тэмдэглэдэг. Мэдээ бүр эх сурвалжийн холбоостой.
Туршиж үзэх

Багш, контент бүтээгчдэд мэдлэгээ цахимаар борлуулахад зориулсан платформ. Сургалтаа зарах гэж гүйлгээ тулгах, хүн бүрийг чатаар бүртгэх, төлбөр орсны дараа хичээлээ гараар нээж өгөх гэж цаг алддаг хэн бүхэнд танил асуудлыг шийдэхийг зорьжээ. Техникийн мэдлэггүй байсан ч энгийн гурван алхмаар name.ecourse.mn хэлбэрийн хаягтай өөрийн вэбсайттай болж, видео, аудио сургалт, цахим ном, гарын авлага, нийтлэлээ ангилал, сэдвээр нь цэгцлэн байршуулах боломжтой. QPay-ээр төлбөр ормогц контент автоматаар нээгдэнэ. Борлуулалт, суралцагчдын явцыг бодит цагт хянаж, багийн гишүүдэд эрх хуваарилж болно. Танхимын сургалтаа танилцуулах хэсэг ч бий. Сервер, засвар үйлчилгээг платформ өөрөө хариуцдаг тул вэбсайт хийлгэх, арчлах зардал гарахгүй. 2026 оны 10-р сарын 31-нд албан ёсоор нээгдсэн, үнэгүй болон төлбөртэй багцтай.
Туршиж үзэх

Монгол бичгийн үсэг бүрийг 16 пикселийн хүрээнд гараар зурсан пиксел фонт. Түлхүү тоглоомын харилцан яриа, цэс, даалгаврын жагсаалтад зориулжээ. Монгол бичгийн үсэг, тоо, тэмдгээс гадна латин, кирилл үсэг багтсан 1,408 дүрстэй. Үсгүүд үгийн эх, дунд, адагт Юникодын стандартын дагуу зөв холбогдоно. 16 пиксел болон 32, 48, 64 зэрэг үржвэр хэмжээнд тод харагдана. Godot хөдөлгүүр монгол бичгийг босоогоор байрлуулдаггүй тул үнэгүй godot-bichig нэмэлтээр тоглоомдоо босоо бичиг харуулж болно. Gege Pixel, Шахаа, Мини гэсэн гурван фонтыг TTF, WOFF2 хэлбэрээр татаж авах боломжтой аж. Хувийн хэрэглээнд үнэгүй, арилжааны ажилд төлбөртэй лиценз шаардлагатай.
Туршиж үзэх

Монголын болон дэлхийн эдийн засаг, зах зээлийн мэдээг монгол хэлээр, энгийнээр тайлбарладаг платформ. МХБ, дэлхийн индекс, валютын ханш, зэс, нүүрс, алт, нефтийн үнийг интерактив графикаар, монгол тайлбартай харуулна. Нийтлэл бүр эх сурвалжаа заадаг. Эдийн засгийн мэдээ гарах хуанли, компаниудын орлогын тайлангийн хуваарь, newsletter-ийн дугаарууд нэг дор байгаа нь цаг хэмнэх нь гарцаагүй. 2023 оноос эхэлсэн EZ Talk YouTube нэвтрүүлгийн бүх дугаар энд бий бөгөөд EZ Edu видео хичээл ч тун удахгүй нэмэгдэх гэнэ. Унших тусам түвшин ахих систем ч бий.
Туршиж үзэх

Монголын хөрөнгийн биржийн бүх үнэт цаасны 1999 оноос хойших өдөр тутмын ханш, ногдол ашиг, санхүүгийн тайланг нэг дор цуглуулсан өгөгдлийн үйлчилгээ. Компани бүрийн ханшийн түүх, зах зээлийн үнэлгээ, P/E зэрэг үзүүлэлтийг тооцож харуулдаг. Ногдол ашгийн шийдвэр, бүртгэлийн болон төлөх огноо ч бий. 2009 оноос хойших 2,900 гаруй тайланг PDF хэлбэрээр хадгалжээ. Гол бүтээгдэхүүн нь API тул брокер, сан, судлаач, сэтгүүлч, мөн хиймэл оюун агентад тохиромжтой. Сайт англи хэлтэй, үнэгүй болон төлбөртэй багцтай.
Туршиж үзэх

Шинжлэх ухаанд дуртай залуусын нийтлэл, мэдээ, асуулт, бодлоо хуваалцах талбар. Асуулт асуухдаа хариултад мөнгөн шагнал тавьж ч болно. Сайн контентод бусад гишүүд "оч" өгдөг бөгөөд оч цуглуулснаар түвшин ахиж, нийтлэл бичих эрх нээгдэнэ. Сар бүр хамгийн их оч авсан 10 бичээч шагналын сангаас шагнал хүртэнэ. Лекц, хакатон, олимпиадын хуанли, клубүүдийн газрын зураг, хамтын нэр томьёоны толь бас бий. Гэхдээ бид 11-р сарын 25-нд сайтыг нээхэд сүүлийн 7 хоногт шинэ контент гараагүй, бүртгэлтэй клуб ч одоогоор алга байлаа.
Туршиж үзэх

Тэмүжиний бага насны тухай өгүүлэх 16 бит, дээрээс харсан тулаант RPG тоглоом. Түүх 1171 оны хавар, Есүхэй баатрыг нас барсны дараагаас эхэлнэ. "Монголын нууц товчоо"-ноос сэдэвлэсэн есөн ертөнцөөр явж, Бэгтэрээс Таян хаан хүртэлх есөн боссыг ялна. Боорчи, Хасар, Зэлмэ, Зэв, Сүбээдэй гэсэн өөр өөрийн чадвартай таван нөхөр бий. Хөтөч дээр шууд, эсвэл Windows, macOS, Linux дээр татаж тоглоно. Нэг цагийн дотор тоглож дуусна. Тоглоом англи хэлтэй.
Туршиж үзэх

Утасны дугаар баталгаажуулах үйлчилгээ. Компаниуд ихэвчлэн хэрэглэгч рүү OTP SMS илгээж, мессеж бүрт төлбөр төлдөг бол 2fa.mn-д хэрэглэгч өөрөө 150073 дугаар руу нэг SMS илгээж баталгаажуулна. Ингэснээр компанид SMS-ийн зардал гарахгүй, ботын хуурамч хүсэлтээр зардал өсгөдөг SMS pumping-аас хамгаалах боломжтой аж. Харин энгийн хэрэглэгчийн хувьд энэ нь баталгаажуулах бүртээ өөрийн утаснаас код илгээж, 150₮-ийг оператортоо төлнө гэсэн үг. REST API, webhook, бэлэн виджеттэй, бүх үүрэн операторын хэрэглэгч ашиглах боломжтой. Туршилтын API түлхүүр үнэгүй.
Туршиж үзэх

Лайт новел, веб романыг монголоор унших, өөрийн зохиолоо нийтлэх сайт. Гадаад романуудыг автоматаар монгол хэл руу буулгажээ. Одоогоор зургаан зохиолтой бөгөөд нэвтрэхгүйгээр бүлгээ нээгээд уншиж, догол мөр бүрийг англи эхтэй нь харьцуулж болно. "Зохиолоос асуух" товч нь мартсан дүр, үйл явдлын талаар зөвхөн таны уншсан хэсгээс хайж, эх сурвалжтай хариулах ч үйл явдлыг спойлордохгүй. Монгол зохиолчид нооргоо бичиж хяналтад илгээх бөгөөд батлагдсан бүтээл нь сайтад нийтлэгдэнэ. Сайт монгол, англи хэлтэй.
Туршиж үзэх
Сэтгэгдэл бичих

