Дотоодын хөгжүүлэгчид хиймэл оюуны тусламжтайгаар өмнөхөөсөө хамаагүй богино хугацаанд олон төрлийн бүтээгдэхүүн гаргах болсон ч түүнийгээ хэрэглэгчдэд хүргэх, санал хүсэлт сонсох нь хүндрэлтэй хэвээр байна. Манай редакцын эхлүүлсэн launchpad.mn оюутнаас эхлээд туршлагатай инженер хүртэл бүх хөгжүүлэгчдэд хийсэн бүтээснээ бусдад хүргэх нээлттэй талбар болж буй.
Энэ долоо хоногт launchpad.mn-д 21 бүтээгдэхүүн зарлагдсанаас бизнес, ажил хөнгөвчлөх хэрэгслүүд тэргүүллээ. Хууль зүйн AI туслах Huulitech 197 санал авч нэгдүгээр байрт орсон бол хотын газрын хөтөч localSpot маш ширүүхэн өрсөлдөж хоёрдугаар байрт бичигдэв.

Хууль зүйн асуултаа монгол хэлээр асуувал хууль, шүүхийн шийдвэрийн эх сурвалжтай тайлбар өгдөг хиймэл оюунт туслах. Гэрээ, эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах, өөрийн файлыг оруулж нэгтгэн дүгнүүлэх, гэрээнээс анхаарах нөхцөл, эрсдэлийг тодруулах боломжтой. Файл, хавтсаар ажлаа цэгцэлж, багаараа хамтран ажиллана. Хуульчийн шалгалтад тест, кейс бодлогоор бэлдэх хэсэг ч бий. Хуульчаас гадна хуулийн мэдээлэл хэрэгтэй иргэн, бизнес эрхлэгч, оюутан залууст зориулжээ.
Туршиж үзэх

Улаанбаатарын кафе, ресторан, караоке, амралт, үзвэрийн газрыг нэг дороос хайж олох платформ. Интерактив газрын зураг дээр орчноо судалж, ангиллаар нь эсвэл "Date night", "Rainy cafe" гэх мэт бэлэн сонголтоор хайна. Хиймэл оюунд суурилсан хайлттай. Газар бүрийн зураг, мэдээлэл, хэрэглэгчдийн бодит сэтгэгдлийг үзээд таалагдсанаа хадгалж болно. "Popular this week" хэсэг тухайн долоо хоногт олны анхаарал татаж буй газруудыг харуулна. Үйлчилгээний газрууд өөрсдийгөө нэмэх боломжтой бөгөөд одоогоор хамтрагч байгууллагаа хайж буй гэнэ.
Туршиж үзэх

Үйлчилгээний цаг, кино, эвентийн тасалбар, зочид буудал, цагийн ажилтан захиалах зэргийг нэгтгэсэн платформ. Хэрэглэгч ойр байрлах үйлчилгээний газрыг газрын зургаас хараад захиалгаа хийж, төлбөрөө цахимаар төлнө. Байгууллагууд харин TANU Business апп болон веб самбараар захиалга, тасалбарын борлуулалт, ажилтнуудын ирц, тайлангаа нэг дороос удирдана. Гоо сайхан, эрүүл мэнд, зочлох үйлчилгээ, арга хэмжээ зохион байгуулагчдад тохиромжтой. iOS, Android, веб дээр ажиллана.
Туршиж үзэх

Техникийн мэдлэггүй ч хэдхэн минутад өөрийн цахим дэлгүүрийг нээх боломжтой платформ. Бүртгүүлээд дэлгүүрийн нэр, ангилал, хаягаа сонгоод л борлуулалтаа шууд эхэлнэ. Гүйлгээнээс шимтгэл авдаггүй, төлбөр шууд дансанд орж, захиалга автоматаар баталгаажна. StorePay, PocketZero-оор хувааж төлөх боломж, хүргэлт, лояалти оноо, купон, бэлгийн карт гээд хэрэгтэй бүгд бий. Утсаар авсан энгийн зургийг студийн түвшний зураг болгож, зурагнаас бүтээгдэхүүний тайлбар бичдэг хиймэл оюуны хэрэгсэл нь хамгийн том онцлог. Өөрийн домэйн холбох, Facebook чатботтой болох, автомат SMS илгээх зэрэг боломж ч бий.
Туршиж үзэх

Хумс, сормуус, үс, арьс арчилгааны салон, студид зориулсан онлайн цаг захиалгын систем. Үйлчлүүлэгч линк дээр дараад үйлчилгээ, өдөр, сул цагаа өөрөө сонгоно. Захиалсан цаг автоматаар хаагдах тул нэг цагт хоёр хүн давхцахгүй. Шинэ захиалга бүрд и-мэйл очих бөгөөд утсаар авсан захиалгаа ч гараар нэмэх боломжтой. Маргааш ирэх үйлчлүүлэгчдэд сануулга илгээхэд ч тун хялбар.
Туршиж үзэх

Монгол хэлээр ханз сурах, япон зохиол унших замаар япон хэлээ сайжруулах гар утасны апп. JLPT N5–N2 түвшний ханзыг түлхүүр хэсгүүдэд нь задалж, дүрслэл, түлхүүр үгээр тогтоолгоно. Хирагана, катакана гараар бичиж сурах дасгалтай. Япон зохиолыг апп дотроо уншиж байхдаа үгэн дээр дарвал орчуулга нь, өгүүлбэр дээр удаан дарвал бүтэн өгүүлбэрийн орчуулга гарна. Интернэтгүй үед ч ажиллана. iOS, Android дээр ажиллах бөгөөд үнэгүй болон төлбөртэй багцтай.
Туршиж үзэх

Нийгмийг хуурамч мэдээ, сенсацаар аргалж, төсвийн мөнгө "идэх" ёстой хошин тоглоом. Чи "Том дарга" болж, иргэдийг сатааруулж байх зуураа төсвөөс 1 их наяд төгрөг идэж чадвал ялна. Хялбар, хэцүү гэсэн хоёр түвшинтэй. Хөтөч дээр ажилладаг тул нэмэллт апп суулгах шаардлагагүй. Мэдээллийн давалгаанд живж, чухал асуудлаас анхаарал сарниж буйг ёжилсон энэ тоглоомыг 14-өөс дээш насныханд зориулжээ.
Туршиж үзэх

Албан ёсны сургалтын хөтөлбөрт суурилсан, 1-12-р ангийн сурагчдад зориулсан хиймэл оюунт багш. Гэрийн даалгавраа зургаар илгээхэд хариуг шууд хэлэхгүй, алхам алхмаар тайлбарлаж, сэжүүр өгч өөрөө олоход тусална. Шаардлагатай бол илүү өргөн хүрээнд туслана. Бүлэг бүрийн сорилд тэнцвэл дараагийн сэдэв нээгдэж, эцэг эх нь хүүхэд юуг эзэмшсэнийг хардаг. ЭЕШ-д бэлдэх курс, сэдэвчилсэн тест ч бий.
Туршиж үзэх

Код бичихгүйгээр санаагаа энгийн үгээр бичээд л програм хангамж бүтээх хиймэл оюунт платформ. Онлайн дэлгүүр, цаг захиалга, ирц бүртгэл, гишүүдийн бүртгэл гэх мэт томоохон системийг ч ингэж бүтээж болно. QPay, SMS холболтыг ч энгийн үгээр хүсэхэд холбож өгдөг аж. Туршилтын болон бодит өгөгдлийн сан нь тусдаа. Бүтээсэн системээ дараа нь хүссэн үедээ өөрчилж сайжруулах боломжтой. Одоогоор нээлттэй бета шатанд явж байгаа тул хүн бүр туршиж үзэх боломжтой.
Туршиж үзэх

Цэцэрлэг, 1-р ангийн хүүхдэд монгол цагаан толгойг тоглоом хэлбэрээр заадаг апп. Хүүхэд улирлын болон сансрын сэдэвтэй газрын зураг дээр түвшин даван асуултад хариулж, үсэг зурах дасгал хийнэ. Явцын турш шагай, гэрэгэ зэрэг үндэсний агуулгатай шагнал цуглуулна. Үлгэр сонсох, тоо бодох хэсэг ч бий. Интернэтгүй үед ажиллах горимтой. Хүүхдийнхээ утасны хэрэглээг суралцахуй руу чиглүүлэхийг хүсэж буй эцэг эхчүүдэд нэг сонголт байж болох юм. iOS, Android дээр үнэ төлбөргүй ажиллана.
Туршиж үзэх
Сэтгэгдэл бичих

