Шинэ апп, веб үйлчилгээ гаргах нь урьд урьдынхаас хялбар болсон ч олны анхаарлыг татаж, санал хүсэлт цуглуулах хэцүү даваа хэвээр байна. Манай редакцын эхлүүлсэн launchpad.mn энэ асуудлыг шийдэхэд тусалдаг бөгөөд хөгжүүлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнээ зарлаж, олон нийтийн хараанд өртөх боломжтой болдог юм. 

Уг нийтлэлээр энэ долоо хоногт зарлагдсан 18 бүтээгдэхүүний дундаас хамгийн их дэмжлэг авсан 10-ыг онцолж байна. "Монголын нууц товчоо"-гоор аялах Urtuuly, Улаанбаатарыг 3D-ээр бүтээсэн машины тоглоом тус бүр 22 санал авч тэнцсэн бол гэрээсээ шинжилгээ өгөх elab.mn гуравдугаар байрт оржээ.

Launchpad дээр бүтээгдэхүүнээ зарлах


"Монголын нууц товчоо"-гоор мориор аялж, түүхэн тулаанд оролцох боломж олгодог 3D түүхийн тоглоом. Монголын бодит газар нутаг дээр бүтээсэн ертөнцөд юу болсныг болсон газар дээр нь уншина. Чакирмаут, Цзюйюн хавцал, Далан балжудын тулаанд морин дээрээс цэргээ захирна. Хүннүгээс өнөөг хүртэлх 19 эринийг нэг атласт багтааж, мөр бүрт эх сурвалж заажээ. Хөтөч дээр шууд тоглох бөгөөд монгол, англи хэлтэй. Бета шатанд, үнэгүй.

Туршиж үзэх


Улаанбаатар хотыг 3D хэлбэрээр бүтээж, машинаар зугаалах боломжтой хөтөчийн тоглоом. OpenStreetMap-ын нээлттэй өгөгдлөөс барилга, зам, гүүр, гол, төмөр замыг авч, 17.8 × 7.6 км орчим талбайг бүтээжээ. Хүргэлтийн даалгавар хийж оноо цуглуулаад шинэ машин, өнгө худалдан авч, хурд, жолоодлогоо сайжруулна. Өдөр шөнө өнгөрч, замын гэрэл солигдож, галт тэрэг явахаас гадна Сүхбаатарын талбай, Гандан, Зайсан зэрэг танил газрууд бий. Татаж суулгах шаардлагагүй, W/A/S/D товчоор жолооддог тул компьютер дээр тоглоход тохиромжтой.

Туршиж үзэх



Бэлгийн замын халдварт өвчний ПГУ (PCR) шинжилгээг эмнэлэгт очилгүй гэрээсээ өгөх үйлчилгээ. БЗДХ, ХПВ-ийн шинжилгээг тус тусад нь, хамтад нь эсвэл хосын багцаар захиалж болно. Захиалсан хүн сорьцоо гэртээ авч лабораторид илгээх бөгөөд хариугаа нэрээ нууцлан цахимаар авна. Өглөө ирсэн сорьцын хариу орой гардаг гэнэ.

Туршиж үзэх



Улаанбаатарын агаарын бохирдлыг тамхины ширхгээр илэрхийлдэг сайт. Нийслэлийн нээлттэй өгөгдлийн сангаас агаарын чанарын станцуудын хэмжилтийг авч, дүүрэг бүрийн PM2.5-ын 24 цагийн дунджийг Berkeley Earth-ийн аргачлалаар (22 мкг/м³ нь өдөрт 1 ширхэг тамхитай ойролцоо) хөрвүүлдэг. Гадаа хэр удаан байсан, маск, агаар шүүгчтэй эсэх зэрэг дөрвөн асуултад хариулснаар таны "татсан тамхи"-ын тоо гарна. Үр дүнгээ story-д тохирох зураг болгон хуваалцаж болно.

Туршиж үзэх



Бүртгэлгүйгээр хэдхэн секундэд өөрийн pixel амьтныг бүтээж, хамтын нэг том ертөнцөд байраа олдог аядуу тайван тоглоом. Найзуудаа урьж Friends World үүсгэвэл хамтын гэртэй болж, гэрээ хамтдаа тохижуулна. Амьтан тань бариста, цэцэрлэгч зэрэг өөрийн өдөр тутмын амьдралтай бөгөөд таныг байхгүй үед юу хийснээ харуулна. Оноо, түвшин, худалдан авалт гэж байхгүй. Утас, компьютерийн хөтөч дээр шууд ажиллана.

Туршиж үзэх



Төрөхөөс эхлээд нэг удаад нэг сонголт хийж амьдралаа туулдаг монгол тоглоом. Сонголт бүр аз жаргал, эрүүл мэнд, ухаан, гадаад төрхөд нөлөөлж, "+1 НАС" дарахад амьдрал цааш үргэлжилнэ. Сургуульд орж, ЭЕШ өгч, 109 компаниас ажил хайж, дурлаж гэр бүл болно. 22 төрлийн бизнес эхлүүлэх, улс төрд өрсөлдөх боломж ч бий. Санамсаргүй дүрээр эсвэл өөрийн дүрийг бүтээж эхэлнэ. Утас, компьютерийн хөтөч дээр ажиллана.

Туршиж үзэх


Дунд, ахлах ангийн сурагчдад мэргэжлээ сонгоход туслах платформ. "Мэргэжлээ тааж биш, туршиж сонгоорой" гэсэн уриатай бөгөөд 200 мэргэжлийн бодит даалгаврыг 5-10 минутад туршиж үзэх боломжтой. Барилгын инженерээс финтек мэргэжилтэн хүртэл олон салбарыг хамруулжээ. Өөрийгөө сорих тест хийж, тохирох 10 мэргэжил, 90 хоногийн хөгжлийн төлөвлөгөө бүхий 40 нүүр тайланг нэг удаа төлбөр төлж авна.

Туршиж үзэх


Илгээмж (дайвар) тээвэрлэдэг жолооч нарт зориулсан цахим дэвтэр. Цаасан дэвтрийн оронд илгээгч, хүлээн авагч, төлбөр, 9 хүртэл зургийг утсаараа бүртгээд, нэр, утас, дугаараар хэдхэн секундэд хайж олно. Хүлээн авагчид илгээмжийн төлвийг харах холбоос явуулж, хүссэн хугацааны тайланг татаж болно.Илгээмжийн мэдээллийг зөвхөн жолооч өөрөө хардаг. Сард 50 дайвар үнэгүй бүртгэх боломжтой.

Туршиж үзэх


Ургийн модоо гэр бүлээрээ хамтдаа цахимаар бүтээх систем. Өвөг дээдсээс эхлээд ач зээ хүртэл үе үеийн ураг төрлөө нэг дор бүртгэж, хамаатнуудаа урьж модоо хамтдаа өргөтгөнө. Монгол бичгээр үүсгэх, бэлэн болсон модоо хэвлэлд бэлэн "Ургийн бичиг" ном болгох боломжтой. Хиймэл оюунт туслахтай. Мод, огноо, намтрыг шифрлэж хадгалдаг. Компьютер, утсан дээр ажиллана.

Туршиж үзэх


Монгол хэрэглэгчдэд зориулсан санамсаргүй видео чат. Танихгүй нэгэнтэй нүүр нүүрээ харан шууд холбогдож ярилцах бөгөөд гадаадын ижил төрлийн чатын монгол хувилбар гэж хэлж болно. Gmail хаягаараа нэвтэрнэ. Үнэгүй ашиглах боломжтой ч төлбөр төлбөл таарах хүнийхээ хүйсийг сонгож болдог. Танихгүй хүнтэй камераар холбогддог үйлчилгээ тул хувийн мэдээлэл, аюулгүй байдалдаа анхаарах хэрэгтэй шүү.

Туршиж үзэх