Хэний ямар санаа хэзээ амжилт олж, хаана алдаж, хэрхэн сайжруулсан талаар өгүүлэх “Лүүншот”-ыг энэ удаагийн буландаа онцоллоо. Дэлхийг өөрчилсөн хачирхалтай атлаа гайхалтай санаануудыг лүүншот хэмээн нэрлэжээ.
Дайнд ялуулж, өвчнийг анагааж, салбарыг хувиргадаг солиотой гэмээр санаанууд бизнесийн орчинд хэрхэн нөлөөлж, байгууллагын соёл, хамт олон, удирдлагын шийдвэрүүдтэй яаж уялддагийг тайлбарласан байна.
Дэлхийн алдартай сэтгүүл, хэвлэлийн газар, сайтуудаас бизнесийн шилдэг номуудаар нэрлэгдэж, Билл Гейтсийн санал болгох номын жагсаалтад ч багтаад амжсан энэхүү номтой илүү ойроос танилцъя.
Номад хэвлэлийн газраас орчуулан гаргасан энэхүү бүтээлийг Интерном болон Coffee Namu-ийн салбаруудаас авч унших боломжтой.
Зохиолчийн тухай
Сафи Бахкал нь 1986 онд төрсөн Америк гаралтай физикч, бизнесмен мөн зохиолч ажээ. Түүний эцэг эх хоёр одон орон, физикийн салбарт томоохон байр суурь эзэлдэг. Тодруулбал, эцэг Жонн Бахкал нь NASA-ийн “Distinguished Service Medal”-ийн шагналт астрофизикч, эх Нета Бахкал нь одон орон судлаач, космологич бөгөөд Принстон их сургуулийн профессор. Сафи Бахкал 13 наснаасаа эхлэн Принстоныд физик математикийн ангид суралцаж эхэлсэн байна. Улмаар 1988 онд Харвардын их сургуульд бакалавр, 1995 онд Стенфордын их сургуульд докторын зэргээ хамгаалжээ.
Тэрээр стратеги, менежмент, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг McKinsey компанид гурван жил зөвлөхөөр ажиллан дараагаар нь биотехнологийн компани болох Synta Pharmaceuticals-г байгуулж 13 жил гүйцэтгэх захирлаар ажилласан нэгэн. Ийнхүү 2008 онд “Биотехнологийн оны шилдэг энтрепренер”-ээр шалгарсан бөгөөд 2011 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн шинжлэх ухаан, технологийн зөвлөхийн багт мөн ажилласан туршлагатай.
Номын тухай
Энэхүү бүтээлд Б болон С төрлийн лүүншотуудын тэнцвэртэй байдал, хөгжүүлэлт, бүтцийг тайлбарлана. Тодруулбал, Б төрөл нь хэн ч бүтнэ гэж бодоогүй шинэ бүтээгдэхүүн эсвэл технологи. Харин С төрөл нь хэн ч зорилгодоо хүрнэ гэж санаагүй шинэ стратеги эсвэл бизнесийн загвар юм.
Эхний бүлэгт дээрх хоёр төрлийн Лүүншотуудын жишээг дурдаж, удаах бүлэгтээ эдгээр нь салбаруудыг хэрхэн өөрчилснийг, төгсгөлд үүнийгээ яаж хэрэгжүүлэх дүрмийг математикийн тэгшитгэлээр бичжээ.
Уг номоос дэлхийн хоёрдугаар дайнаас эхлэн шинжлэх ухаан, урлаг, нийгэм, байгаль гэх мэтчилэн бидний эргэн тойронд байсан болон цаашдаа ч байж болох зүйлс хэрхэн бизнесийн салбарт оролцож нөлөөлсөнтэй танилцана.
Энэхүү номыг маш олон салбарын удирдагч, тэргүүлэгч, бүтээгчид санал болгодог бөгөөд Давинчи код болон Фрикономикс хоёрын дундаас гарсан хүүхэд бол “Лүүншот” гэж хүртэл тодорхойлжээ.
Яагаад унших вэ?
Салбар бүрийн түүхүүд: Сафи Бахкалын бүтээлийн хамгийн шилдэг санаа нь бүхий л салбарын гайхалтай санаануудыг багтаасан нь өөрөө лүүн буюу солиотой санаа болж байгаа юм. Тухайлбал, анхны зүрхний өвчнийг эмчлэх санааг гаргасан Акира Эндо 16 жил гурван удаа бүтэлгүйтсэн ч эцэст нь амжилт олсон түүх.
Мөн анхны шингэн түлш бүхий пуужингийн загварыг Америкийн физикч Робберт Годдарт санаачилсан боловч түүнийг нь салбарууд болон улс нь онцолж үзээгүй ажээ. Гэвч Герман үүнийг чухалчлан хэрэгжүүлж амжилт олов. Ийнхүү пуужингийн талаар Германаас лавлахад та нар яагаад Робберт Годдарт-аас асуухгүй байгаа юм бэ гэсэн байна. Энэ мэтчилэн урлаг, соёл нийгэм, түүх зэрэг олон салбарын түүхүүд буй.
Гол санаа: Тэрээр олон салбарын баримт түүхүүд хаана алдсан, хэзээ оносон болохыг тайлбарлаж баримтаар өгүүлжээ. Энэ нь хэрхэн шилдэг бизнесийг цогцлоох, багаа хэрхэн удирдах, бүлгийн үнэт зүйл юу байх ёстой зэрэг асуултуудад хариулт өгч чадах юм.
“Лүүншотууд” ном таны санаа, сэдэл бодит ажил болон хэрэгжихэд хөтөч болно. Мөн инновац, бүтээлч сэтгэлгээ, байгууллагын соёлын жинхэнэ үнэ цэнийг ойлгоход тусалж, таны доторх “Лүүншотыг” өөрөөр хэлбэл галзуу мэт мөрөөдлөө хөгжүүлэхэд урам зориг өгнө.
Уншигчийн сэтгэгдэл
Эргэлзэгч, эрэн хайгч хэн бүхэнд өөрийнхөө гайхалтай санааг хэрэгжүүлэн түүгээрээ өнөөдрийг бас ирээдүйг өөрчлөх эрч хүч, урам зориг өгөх бүтээл мэт санагдав.
Бүтээлд олон санааны үүсэл, хөгжлийн түүх, үр дүнг тодорхой тайлбарлан тэдгээр нь бизнесийн орчинд хэрхэн нөлөө үзүүлдгийг хүн бүрд ойлгомжтой, энгийн хэлээр бичсэн байсан нь уншигч танд ойр тусах нь дамжиггүй.