Одоогоос яг сарын өмнө Apple 600 долларын үнэтэй MacBook Neo-г танилцуулсан билээ. Уг зөөврийн компьютер нь олон хэрэглэгчийн хувьд хамгийн анхны MacBook байх болов уу. Учир нь мянган доллароос дээш үнээр зөөврийн компьютер худалдан авах боломж хүн бүрд байхгүй шүү дээ. Тиймдээ ч Neo буюу Грек хэлний “шинэ” гэх үгийг сонгосон нь санамсаргүй хэрэг биш юм.

Өнгөрсөн жилээс Neo-гийн талаар сураг дуулдаж эхэлсэн бөгөөд технологийн хорхойтон миний хувьд тэр цагаас туршиж үзэх сэн гэх бодолд автсаар байсан юм. Аз болж долоо хоног ашиглах боломж олдсон ба тэрхүү туршлагад үндэслэн уг нийтлэлийг бичлээ.

ХЯМД ҮНЭ, ТӨГС ДИЗАЙН

Neo-д Air болон Pro-гийн үндсэн дизайн өвлөгджээ. Хамгийн хямд MacBook Air 1,099 доллароос эхлэн зарагдаж буй. Тэгэхээр бараг хоёр дахин хямд үнээр Mac-ийн хөнгөн цагаан их биетэй энгийн бөгөөд премиум мэдрэмжийг төрүүлэх дизайныг санал болгож байна гэсэн үг.
Дизайны хувьд илүү дугуй ирмэгтэй. MacBook Air-ээс ялгаатай нь цагаан өнгийн кэйбордтой. 13 инчийн хөнгөн цагаан их бие болон LCD дэлгэцтэй.

Хэмжээний хувьд М5 чиптэй MacBook Air-тэй ойролцоо жинтэй (1.2 кг) бөгөөд авч явахад авсаархан. Төсөр өртөгтэй боловч илүү бат бөх, премиум бүтээгдэхүүний мэдрэмжийг төрүүлэхүйц. Мөн дэлгэцийн хүрээг зузаан болгосны ачаар вебкамерыг далдалж чаджээ.

ХЯМД ҮНЭТЭЙ ХҮЧИРХЭГ ПРОЦЕССОР

Neo-гийн MacBook Air-ээс бараг хоёр дахин хямд болж чадсан нууц нь iPhone 16 Pro-д анх ашиглаж байсан A18 чип юм. Уг чип дээр macOS-ийг ажиллуулж чадсан нь эл зөөврийн компьютерыг энэ арваны шилдэг инновацуудын нэг болгож буй.

Миний туршсан хувилбар 8GB RAM, 256 GB багтаамжтай ба долоо хоног ашиглахад нэг ч удаа гацсангүй. Би долоо хоног Google Workspace болон Figma-гийн апп хувилбар болон Final Cut Pro-г нь ашиглаж үзэв. Эдгээр програмыг ажиллуулахад MacBook Air (M4)-өөс ялгагдахааргүй хурдан бөгөөд “smooth” ажиллаж байв.

Gleekbench 6-ийн харьцуулсан үзүүлэлтүүдийг харвал 2020 оны M1 MacBook Air-ийг давжээ. Мөн нэг цөмтэй M3 чипний адил түвшинд ажиллаж байна. Түүнчлэн Google-ийн Chromebook-ийг үзүүлэлтийн хувьд хол хаясан байв.

Үндсэн үзүүлэлт:

- Дэлгэц: 13 инчийн LCD (2408x1506)
- Процессор: A18 Pro (5-core GPU)
- RAM: 8GB
- Багтаамж: 256GB
- Үйлдлийн систем: macOS 26 Tahoe
- Камер: 1080p FaceTime HD
- Холболт: Wifi 6E, Bluetooth 6, 2 ширхэг USB-C, чихэвчний оролт
- Жин: 1.23 кг

ҮГҮЙЛЖ МАГАДГҮЙ ЭЛЕМЕНТҮҮД

MacBook-ийг Windows үйлдлийн системтэй лаптопуудаас ялгадаг гол онцлогуудын нэг нь кэйборд байдаг. Neo-гийн хувьд цагаан өнгийн, бага зэргийн хатуу даралттай, арын гэрэл нь асдаггүй кэйбордтой. Эхний өдөр кэйбордын товшилт бага зэргийн хатуу санагдаж байсныг дурдууштай.

Харин трекпадын тухайд мөн адил хатуу даралттай. Мэдрэгч нь Air болон Pro-гоос харьцангуй муу ажилладаг, хаптик (чичирхийлэлт мэдрэгддэггүй). Хэрэглэхэд бага зэргийн төвөгтэй санагдав.

599 долларын Neo Touch ID-гүй бөгөөд 100 долларын үнэтэй хувилбарт нь бий. Touch ID нууцлалаас гадна цахим худалдан авалт, апп нэвтрэх зэрэгт ашиглагддаг. Мөн MagSafe цэнэглэгч байхгүй. Үүний оронд USB-C цэнэглэх оролттой, 20 ваттын цэнэглэгч дагалдаж ирнэ. 50 хувь хүртэл нь цэнэглэхэд нэг цаг зарцуулж байв.

ДАВУУ ТАЛ

- Хямд үнээр MacBook-ийн премиум дизайн
- MacBook Air-ийнхээс бага зэргийн жижиг 13 инчийн дэлгэц
- macOS-ийг ажиллуулах A18 чип
- Чанга яригчийн дуугаралт болон камерын чанар боломжийн

СУЛ ТАЛ

- Touch ID-тай болохын тулд нэмэлт $100 төлөх шаардлагатай
- Суурь багтаамж 256GB учир амархан дүүрнэ
- MagSafe цэнэглэгч болон түргэн цэнэглэх горим байхгүй
- Хатуу кэйбордын товшилт