Mac-ийн дэлгэцэд хүрэх цаг ирлээ. Apple олон жилийн турш эсэргүүцэж ирсэн шийдлээ эцэст нь нэвтрүүллээ. Энэ бол мэдрэгчтэй MacBook юм. Тус компанийн үе үеийн удирдлагууд мэдрэгчтэй дэлгэцтэй лаптопыг ямагт шүүмжилсээр ирсэн билээ. Гэвч тэдэнд өөрсдийн хувилбарыг зах зээлд нэвтрүүлэх нууц төлөвлөгөө байсан бололтой.
Урьд шөнө Лос-Анжелест болсон “Pro and Tell” арга хэмжээний гол дүр нь мэдрэгчтэй OLED дэлгэц бүхий MacBook Pro байлаа. Дэлгэцээс гадна дизайн, өртөгт томоохон өөрчлөлт оруулж, товчхондоо илүү нимгэн, илүү үнэтэй болжээ.
МЭДРЭГЧТЭЙ ДЭЛГЭЦТЭЙ MACBOOK PRO
Шинэ бүтээгдэхүүний албан ёсны нэршил нь MacBook PROLED XDR Display. Хамгийн том онцлог гэвэл, хэрэглэгч дэлгэц дээр хуруугаараа гүйлгэх, зураг томруулах, объект зөөх, зурах зэрэг үйлдэл хийх боломжтой. Гэхдээ энэ бол бидний сайн мэдэх, бүх төрлийн төхөөрөмжид байдаг мэдрэгчтэй дэлгэц, бусдаас онцгойрох шинэ зүйл байхгүй.
Технологийн шийдлээс гадна энэ бол Apple-ийн бүтээгдэхүүнийг харах өнцөгт томоохон зөрчил, маргааныг дагуулсан төхөөрөмж гэхэд болно. Учир нь Стив Жобс 2010 онд мэдрэгчтэй зөөврийн компьютерын эргономикийг шүүмжилж байсан бол Тим Күүк MacBook, iPad хоёрыг нэгтгэх санааг хөргөгч, талх шарагчийг нийлүүлэхтэй ижил гэж зүйрлэж байсан. Мөн одоогийн гүйцэтгэх захирал Жон Тернус өөрөө ч 2021 онд Mac-ийн дэлгэцэд мэдрэгч нэмэх нь тохиромжгүй гэж байв.
Хүмүүс лаптопоо ашиглаж байхдаа дэлгэцэн дэх мэдрэгчийг хэр их ашиглах бол? Дэлгэцээ аль болох цэвэрхэн байлгах дуртай хэрэглэгч нарт хэр төвөг учруулах бол? Үүний төлөө нэмэлт зардал гаргах хэр үнэ цэнтэй байх вэ? Гэх мэт олон хариултгүй асуулт эргэлдсээр л. Зарим шинэчлэлт чихэнд чимэгтэй сонсогддог ч бодит хэрэглээнд буухгүй тохиолдол олон бий. Бид үүнийг MacBook Pro-ийн мэдрэгчтэй кэйбордын (touch bar) нэмэлтээс харсан билээ.

Сонирхуулахад, мэдрэгчтэй MacBook Pro-ийн хамгийн үнэтэй буюу 16 инч, 18 цөмт CPU, 40 цөмт GPU, 128 GB-ийн нэгдсэн санах ой, 16 терабайтын санах ойтой хувилбар нь 14,549 доллар болж байна. Өөрөөр хэлбэл, 52 сая төгрөг болжээ.
1TB багтаамжтай хувилбарын эхлэх үнэ:
14 инч (M5 Pro) - $2,899
16 инч (M5 Pro) - $3,399
Бүтээгдэхүүнд нэр сонгох тал дээр Apple мастер гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Энэ удаад ч мөн адил бусдаас онцгойруулж шинэ дэлгэцийг PROLED XDR гэж нэрлэжээ. Хоёр давхар гэрэл ялгаруулах бүтэцтэй уг дэлгэцийн технологийг өнгөрсөн жил iPad Pro-д Tandem OLED нэртэйгээр нэвтрүүлж байсан юм.
Шинэ MacBook Pro хэмжээний хувьд 14.2 болон 16.3 инчийн гэсэн хоёр сонголттой. Дэлгэцийн тод тогтвортой харагдах байдал 1,000 nits, дээд тал нь 2,000 nits юм. Мөн 10-120Hz ProMotion, P3 болон Adobe RGB-г дэмждэг. 14 инч нь 1.36 кг,, 16 инч - 1.81 кг жинтэй буюу дизайны хувьд бага зэргийн нимгэн бас хөнгөн болжээ.
Apple-ийн үнэнч хэрэглэгч нарт дуулгах чихэнд чимэгтэй хоёр мэдээ байна. Эхнийх нь Mac-ийн “гэрэлтдэг лого” эргэн ирлээ. Хоёр дахь Dynamic Island Mac-д нэвтэрлээ. iOS-ийн шинэ нэмэлтүүд хэдэн жилийн дараа Mac-д ирдэг уламжлалыг энэ удаад ч мөн эвдсэнгүй. Гэхдээ одоохондоо FaceID байхгүй. Харин процессорын хувьд энэ 7 хоногт танилцуулсан M6 биш M5 Pro эсвэл M5 Max чипээр тоноглогдсон.

M6 ЧИПТЭЙ MACBOOK PRO
Apple энэ 7 хоногийн туршид өдөр бүр шинэ бүтээгдэхүүн танилцуулав. Тэд өнгөрсөн жилээс эхлэн аравдугаар сарыг ийн хаадаг уламжлалтай болжээ. Шинээр танилцуулсан M6 чипийн гол онцлог нь өмнөхөөсөө 2 цөмөөр илүү болов. Мөн хиймэл оюуны ажил гүйцэтгэх хурд 25 хувь, графикийн гүйцэтгэл 30 хувь хүртэл нэмэгдэв.
Санах ойн хувьд 16GB болон 32GB гэсэн хоёр сонголттой. Түүнчлэн Wi-Fi 7, Bluetooth 6 дэмждэг боллоо. Батарейн хувьд 24 цаг хүртэл цэнэгээ барих боломжтой. Дизайн болон оролтуудын хувьд өөрчлөлт хийгдсэнгүй.
Эхлэх үнэ: $1,999
OLED ДЭЛГЭЦТЭЙ IPAD MINI
Энэ удаагийн танилцуулгаас олон хүний сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүн нь шинэ iPad mini байлаа. Хэдийгээр 100 доллароор үнэ нь нэмэгдсэн ч OLED дэлгэц, шинэ чип нь тус төхөөрөмжийг iPhone Duo-оос илүүд үзэхээр хэмжээнд авчиржээ.
Шинэ iPad mini 8.5 инчийн Super Retina XDR OLED дэлгэцтэй. Дэлгэцийн хүрээ өмнөх загвараасаа 24 хувиар нарийссан бөгөөд OLED технологи нь хар өнгийг илүү гүн, өнгөний ялгарлыг тод харуулах боломж бүрдүүлжээ. Тод харагдах байдал нь дээд талдаа 1,200 nits хүрэхээс гадна гэрлийн ойлтыг бууруулдаг nano-texture шилний сонголт нэмэгдсэн байна.
Их бие нь 14 хувиар нимгэн, 13 хувиар хөнгөн болж, тоос болон ус цацагдахад тэсвэртэй хийцтэй болжээ. Мөн A20 Pro чипээр тоноглогдсон нь өмнөх загвараас CPU-ийн гүйцэтгэлийг 60 хувь хүртэл, графикийн гүйцэтгэлийг 2.7 дахин нэмэгдүүлжээ. Wi-Fi 7, Bluetooth 6 дэмждэг болсон.
Эхлэх үнэ: $699
M6 ЧИПТЭЙ IMAC
iMac мөн M6 чипээр тоноглогдон шинэчлэгдлээ. Суурь үзүүлэлттэй хувилбар нь 10 цөмт CPU, 10 цөмт GPU-тэй болжээ. M4 загвартай харьцуулахад AI-аар зураг боловсруулах хурд тав дахин хурдан болж сайжирчээ.
Холболтын хувьд Wi-Fi 7, Bluetooth 6, мөн 2.5Gb Ethernet-ийн сонголт нэмэгдсэн. SSD-гийн унших, бичих хурд хоёр дахин хүртэл нэмэгдсэн нь том хэмжээтэй файл ачааллуулахад илүү тохиромжтой болсон байна.
Эхлэх үнэ: $1,499

Сэтгэгдэл бичих

