Google-ийн жилийн хоёр том арга хэмжээний нэг болох Made By Google 2025 урьд шөнө болж өнгөрлөө. Тэд уламжлал ёсоор ухаалаг гар утас, цагныхаа дараагийн загваруудыг танилцуулсан юм. Хиймэл оюуны өрсөлдөөн улам ширүүсэж байгаа энэ үед Google-ээс хүлээх зүйл олон байлаа. Гэвч харамсалтай нь хүлээлтэд хүрсэнгүй. Үүний шалтгаан нь техник үзүүлэлт гэхээсээ илүү технологийн бүтээгдэхүүн танилцуулах уламжлалыг эвдсэнтэй нь холбоотой.
Тэд зөвхөн технологи сонирхогчдод бус өөрсдийн хүрч чаддаггүй сегментдээ хүрэхийн тулд спорт, энтертайнмент салбарын олон алдартнуудыг арга хэмжээндээ оролцуулав. Бүх хачирхалтай нь, телевизийн хөтлөгч Jimmy Fallon арга хэмжээг эхнээс нь дуустал хөтөлж шоу нэвтрүүлгийн уур амьсгал оруулсан нь олон технологи сонирхогчдыг цочирдуулав. Магадгүй бидний мэдэх технологийн бүтээгдэхүүн танилцуулах уламжлалт арга барилд төгсгөл ирж байна уу даа гэж бодогдсоныг нуух юун.
Арга хэмжээнээс үлдсэн сэтгэгдэл ийм байлаа. Одоо харин Google-ийн шинэ бүтээгдэхүүнүүдтэй танилцана уу.
PIXEL 10, PRO, XL
2016 онд анхны Pixel танилцуулагдсанаас хойш ийнхүү 10 дахь үе рүүгээ шилжлээ. Pixel-ийн энгийн загварт телефото камер нэмэгдэж, анх удаа гуравласан камерын системтэй боллоо. Ингэснээр 20х хүртэл zoom хийх боломжтой болж, гэрэлтгүүлэг багатай орчинд илүү богино хугацаанд фокус авдаг болжээ. Процессорын хувьд Pixel-ийн бүх шинэ загварууд Google-ийн өөрсдийн хөгжүүлсэн Tensor G5 чипээр тоноглогдсон байна. Уг чипийн тусламжтайгаар Gemini-ийн шинэ Nano загварыг ачаалах боломжтой болсон байна. Өөрөөр хэлбэл "оффлайн" үед ч Pixel дээрх хиймэл оюуны функцүүд Tensor G5 чипийн тусламжтайгаар ажиллана гэсэн үг.
Pixel 10 загваруудын хамгийн том техник шинэчлэлт нь Qi 2 стандартын утасгүй цэнэглэгчийг нэвтрүүлсэн явдал байлаа. Тэд энэхүү цэнэглэгчийн технологио Pixel Snap гэж нэрлэн 40 доллароор зарах аж. Харин Дизайны хувьд өмнөхтэйгөө ижил 6,3 инч. Дэлгэцийн тод харагдах байдал нь сайжирч 3000 нитс болжээ. Мөн дөрвөн өнгөний сонголттой бөгөөд 799 доллароос эхлэн борлуулагдах гэнэ.
Pixel-ийн хувьд энгийн болон Pro загваруудыг хооронд нь ялгах үнэхээрийн бэрх байдаг. Энэ нь дизайн болон хүчин чадлын хувьд ижил байдагтай холбоотой. Зөвхөн бага зэргийн илүү сайн камер, илүү нягтаршил өндөртэй дэлгэц зэргээр ялгарна. Pixel Pro-ийн хувьд энгийнтэй ижилхэн 6,3 инчийн дэлгэцтэй бол Pro XL хувилбарынх нь 6,8 инч. Үнийн хувьд Pro хувилбар 999 доллар, XL нь 1299 доллароос эхлэн худалдаалагдана гэв.
PIXEL 10 ҮЗҮҮЛЭЛТ
- Дэлгэц: 6,3 инч Actual
- Нягтаршил 1280*2424
- Дэлгэцийн тод харагдах байдал: 3000 nits
- Дэлгэцийн шинэчлэгдэх давтамж: 60-120 hz
- Санах ой: 12 GB RAM
- Багтаамж: 256 GB
- Батарей: 4970 mAh
- Үнэ: 799 $
PIXEL 10 PRO FOLD
Харин эвхэгддэг дэлгэцтэй хувилбар нь хэд хэдэн онцгой шинэчлэлтийг багтаажээ. Эвхэгдэх механизмынх нь бат бөх чанар өмнөхөөсөө хоёр дахин сайжирч 10 жилийн баталгаатай боллоо. 8 болон 6,4 инчийн гэсэн хоёр дэлгэцтэй. Өөрөөр хэлбэл, эвхэгдсэн үедээ ч гэсэн энгийн Pixel-ээс илүү том дэлгэцтэй гэсэн үг юм. Үндсэн 8 инчийн дэлгэцийг дахин инженерчилж доргилтод тэсвэртэй болгохын тулд хоёр давхар бүрхүүл ашиглажээ. Мөн ус болон тоосны хамгаалалтын IP68 стандартыг эвхэгддэг дэлгэцтэй гар утсанд анхлан нэвтрүүлэгчдийн нэг Google боллоо. Ингэснээр 1 метр хүртэлх гүн усанд 30 минут тэсвэрлэж чадна гэсэн үг юм. Үнийн хувьд 1799 доллароос эхлэн борлуулагдана.
PIXEL WATCH 4
Google-ийн 4 дүгээр үеийн ухаалаг цагны хувьд хоёр сонголттойгоор худалдаанд гарлаа. 41 мм-ийн дэлгэцтэй хувилбар нь 349 доллар бол 45 мм нь 499 долларын үнэтэй. Pixel Watch 4 ухаалаг цаг Actua 360 дэлгэцээр тоноглогдсон бөгөөд ирмэг хэсэг нь өмнөхөө 10 хувиар илүү нумарч, хүрээ нь 16 хувиар нарийсжээ. Үүнээс гадна хоёр дахин илүү тод харагддаг болж 3000 нитс болсон нь том үсрэлт байлаа. Мөн Qualcomm-ын Snapdragon W5 Gen 2 чипийн тусламжтайгаар сүлжээгүй байсан ч яаралтай түргэн тусламж дуудах боломжтой болжээ.
Эдгээрээс гадна хэрэглэгчийн бугуйнд Gemini үргэлж хамт байдаг болж, хүссэн үедээ Google-ийн хамгийн хүчирхэг хиймэл оюуны загварыг ухаалаг цагнаасаа ашиглах боломжтой боллоо. Харин тасралтгүй ажиллах хугацааны хувьд өмнөх загвараасаа 25 хувиар сайжирч дээд тал нь 40 цаг хүртэл цэнгээ барьдаг болжээ.
PIXEL BUDS 2A
Энэ бол Google-ийн төсөр өртөгтэй чихэвчний хоёрдугаар үеийн загвар юм. Хямд үнэтэй ч Pixel Buds Pro-тойгоо үзүүлэлтийн хувьд бараг эн зэрэгцэж ирсэн нь анхаарал татлаа. ANC буюу хүрээлэн буй орчны чимээ ямар байхаас хамаарч тод эсвэл сул сонсгогддог функц шинээр нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, машины чимээг багасгах, хүний яриаг илүү тод сонсгох эсэхийг автоматаар тохируулах юм. Мөн хиймэл оюуны тусламжтайгаар чихэвчтэй утсаар ярьж байх үедээ цаадах чимээг нь бууруулж яриаг нь илүү тод сонсгодог болжээ. Эдгээрээс гадна ресторан хайх, замын чиглэл асуух, шинэ ирсэн имэйл уншиж өгөх чадвартай хиймэл оюунт туслахтай боллоо. Үнийн хувьд өмнөхөөсөө 30 доллароор нэмэгдэж 130 доллар болов.
MAGIC CUES
Төхөөрөмжүүдээс гадна шинээр танилцуулсан функцүүдээс хоёрыг нь онцолъё. Эхнийх нь Magic Cue. Энэ бол таны өмнөөс зарим үйлдлийг хийх чадвартай хиймэл оюунд суурилсан систем. Жишээ нь, танд хэн нэгнээс “Өнөө орой хаана оройн хоолонд орох билээ?” гэсэн мессеж ирэх үед Magic Cue автоматаар ажиллаж танд тохирох рестораныг олж өгөх юм. Үүнээс гадна хэрэглэгчийн хувийн мэдээллийг ч гэсэн автоматаар боловсруулж хариулах чадвартай. Танилцуулга дээр үзүүлсэн жишээнүүд дундаас галерей дотроос хүртэл автоматаар хайлт хийж байгаа нь харагдаж байлаа. Magic Cue хэдэн хэл дээр ажилладаг нь одоогоор тодорхойгүй боловч ард нь Gemini ажиллаж байгаа юм.
CONVERSATIONAL EDIT
Хиймэл оюуны тусламжтайгаар зураг янзлах функцүүд бараг бүх ухаалаг гар утсанд нэвтэрсэн билээ. Харин Google үүнийг дараагийн шатанд авчирч чаджээ. "Conversational Edit" нэртэй функцийн тусламжтайгаар дуу хоолойгоор шууд команд өгч зургаа засварлах боломжтой. Үүнээс гадна илүү сайн зураг дарахад хиймэл оюун тусалж танд зааварчилгаа өгөх болно.
Ийнхүү Google Apple-аас урьтаж шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа. Тэд хиймэл оюун болон үйлдлийн системийнхээ тусламжтайгаар зах зээл дэх байр сууриа бэхжүүлэх хүсэлтэй буй. Гэвч Pixel 10 хүчин чадлын хувьд гол өрсөлдөгч нараасаа сул хэвээрээ байна.