Unread-ийн хамт олон редакцынхаа арван жилийн ойг угтаж, шинжлэх ухааны Gej Yu Ve? хүрээлэлтэй хамтран "ГЭЖ ЮУ ВЭ?" шинжлэх ухаан, танин мэдэхүйн сэтгүүлийг эрхлэн гаргаад байна. Энэхүү сэтгүүл нь улирал тутам тогтмол хэвлэгдэх бөгөөд шинжлэх ухааны агуулгыг илүү энгийн, сонирхолтой байдлаар хүргэх зорилготой билээ.


ЭХНИЙ ДУГААР: КВАНТЫН ЭРИН

Бид анхны дугаартаа эртний мэт атал энүүхнээс хөгжиж эхэлсэн нэгэн салбарыг сонгон авлаа. Ертөнцийг бүрдүүлэгч хамгийн жижиг хэсгийг нээж, түүнтэй танилцан хүчийг нь ашиглах гэсэн хүмүүний хүсэл хэдэн мянган жил үргэлжилжээ. Эртний Грекийн алдарт сэтгэгч Демокрит “Атом болон хоосон зайнаас өөр юу ч оршдоггүй” хэмээн тунхаглаж, үл хуваагдах ямар нэгэн зүйл бий гэх санааг дэвшүүлж байв. Гэсэн ч түүний энэ санаа шинжлэх ухаанаар батлагдах хүртэл хоёр мянган жил өнгөрсөн юм.

XIX зууны төгсгөл XX зууны эхэн үед бид атом болон түүний төв, электрон, протон, нейтрон зэрэг бөөмсийг илрүүлэв. Энэ бол бидний өөрсдийнхөө бас хорвоо ертөнцийн дотогш өнгийж, юу байгааг нь ойлгож чадсан чухал цэг байлаа. Эл нээлтээ бид квант физик хэмээн нэрлэв.


XXI зуун ирэхтэй зэрэгцэн бид энэхүү аугаа хүчийг зөвхөн ойлгоод зогсохгүй ашиглах боллоо. Квант физикийн ачаар хүн төрөлхтөн ганцхан зууны дотор лазераас эхлээд квант компьютер хүртэлх олон олон “ид шид”-ийг эзэмшсэн гэсэн үг.

Тэгвэл дараагийн 100 жил бид юуг бүтээж чадах бол? Манай төрөл өнгөрсөн түүхийнхээ багагүй хэсгийг “харанхуй” гэж нэрлэдэг шиг ирээдүйн үр сад маань өнөөгийн бидний энэ цаг үеийг “гэрэл асаасан үе” бүр нарийвчилбал “квантын эрин” хэмээн нэрлэж ч магадгүй. Тийн нэрлээсэй хэмээн бид итгэнэм. Дэлхийн улс орнууд энэ аугаа хүчийг хөлөглөн хөгжлийн шинэ шатандаа хүрч байна, даанч монголчууд бид эл мэдлэгийн галт тэрэгнээс хоцорч байгаа нь харамсалтай.


Иймд бид уншигч та бүхнийг квант ертөнцтэй илүү дотно танилцаасай, зөвөөр ойлгоосой хэмээн сэтгэж, шинжлэх ухаан, танин мэдэхүйн сэтгүүлийнхээ анхны дугаарыг “Квантын эрин” хэмээн нэрийдсэн юм. Шинжлэх ухаанч сэтгэлгээ түгж, асуудал бүрд логик, ул суурьтай, олон ургалч үзлээр хандаж чадвал бидний амьдрал өдрөөс өдөрт цэцэглэн хөгжих нь дамжиггүй билээ, уншигч танд баярлалаа.

Эрдэм мэдлэг, эрүүл энхийг хүсье, шинжлэх ухаан мандтугай!

Уншигч та 37 дахь удаагийн номын баярын үеэр Unread-ийн асраар зочилж шинжлэх ухааны "ГЭЖ ЮУ ВЭ?" сэтгүүлийг хямдралтай үнээр худалдан аваарай.