Манай редакц Gej Yu Ve?-тэй хамтран шинжлэх ухаан, танин мэдэдхүйн сэтгүүл эрхлэн гаргаж эхэлсний нэг жилийн ой тохиож байна. Бид 2025 оны намар “Квантын Эрин”, 2026 оны хавар “Роботын Хувьсгал” гэсэн хоёр дугаарыг тус бүр 128 нүүртэйгээр эрхлэн гаргаж, дэлхийн өнцөг булан бүрд аж төрөн суугаа шинжлэх ухаан сонирхогчдод хүргэжээ. 

Манай хамтарсан редакц гурав дахь сэдвээ юу байх талаар удаан ярилцсаны дүнд “Үлэг гүрвэл” гэх хэл хугалам урт нэрт амьтадтай, хэдэн арван сая жилийн настай араг яснаас бүхэл бүтэн ертөнцийг бүрдүүлэгч салбарыг сонгон авсан юм. 


Яаж авах вэ?

Ийнхүү сэтгүүл маань уншигч та бүхний гарт очиход бэлэн боллоо. Та бүхэн 2026 оны 5-р сарын 15-17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр болох Номын баярын үеэр Unread асраас, 5-р сарын 17-нд Соёлын төв өргөөнд болох SciCon 2026 арга хэмжээнээс тус тус худалдан авах боломжтой. Мөн энэ үеэр сэтгүүлийн өмнөх хоёр дугаарыг ч худалдаж авч болно.

Гүехэн агуулга, гялсхан формат газар авсан энэ цаг үед шинжлэх ухаан хэмээх даацтай агуулга, сэтгүүл хэмээх мөлжүүртэй форматыг дэмждэг уншигч танд болон сэтгүүлд хамтран ажилласан хувь хүн, байгууллагууддаа баярлалаа. Хэвлэмэл медиагийн зах зээл хумигдахын зэрэгцээ хов живээс ангид соён гэгээрлийн агуулга ч олон нийтэд хүрэхэд хэцүү болж буй нь үнэн билээ. Ийм цаг үед та бүхний дэмжлэг бидэнд үйл хэргээ үргэлжлүүлэх маш том түшиг тулгуур болдог юм шүү.


Сэтгүүлд юу багтсан бэ?

Жил тутам хоёр удаа хэвлэгдэх шинжлэх ухаан, танин мэдэхүйн Гэж Юу Вэ сэтгүүл нь А4 хэмжээтэй 128 өнгөт нүүртэй сэтгүүл юм. Энэхүү дугаарт:

  • Дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж буй монгол эрдэмтийн онцлох нийтлэлүүд
  • Салбар бүрийн шилдэг мэргэжилтнүүдийн шүүмж-үзэл бодол бүхий бичвэрүүд
  • Unread редакцын нэрийн хуудас болсон “А-Я”, “Шинэ нээлт”, “Нобель”, “Би хэрхэн ажилладаг вэ” нийтлэл, ярилцлагууд
  • Gej Yu Ve редакцын бэлтгэсэн шинжлэх ухааны шилмэл агуулгууд
  • Гэр бүл, найз нөхдөөрөө хамтдаа хийхэд тохиромжтой “Үлэг гүрвэл” сэдэвт сэтгэхүйн тоглоомууд


Яагаад Динозавр гэж?

Монгол нутаг тэр дундаа Монголын говь бол өнөөдрөөс 100-200 сая жилийн тэртээ энэ дэлхийн аварга оршин суугчид болох Динозавруудын өлгий нутаг билээ. Дэлхийн бусад улсад ховор олдох үлэг гүрвэлийн бүрэн араг яс, өндөг, мөр зэрэг нь монгол орноос нийтлэг олддог нь тун гайхамшигтай.

Ердөө 200 жилийн өмнө хүртэл хүн төрөлхтөн үлэг гүрвэлүүдийг шинжлэх ухааны хувьд танин мэдэж, ялган ангилж амжаагүй байв. Яг л үлэг гүрвэлүүд техник технологи хөгжиж, өөрсдийг нь таньж мэдэхийг хэдэн арван сая жилийн турш хүлээж байсан гэмээр.

Өнөөдөр дэлхий нийт Үлэг гүрвэлүүдийг кино, тоглоом, музей, контент, шинжлэх ухаанаар дамжуулан дахин амилуулсаар байна. Харин эдгээр домгийн хамгийн чухал тайз нь болсон Монгол Улс одоогоор үзэгчийн суудалд, тэр дундаа эхний эгнээнд ч биш хойгуурхан л сууж байгаа юм.

Трендээ дагаж даяаршихаас гадна ондооших ч бас чухлыг ойлгож, зөвхөн бидэнд байдаг, онцгой тэр нууц хөзөр юу вэ гэдгийг дор бүрнээ, салбар бүрээсээ хайж байгаа энэ үед Үлэг гүрвэлүүд рүү анхаарлаа хандуулцгаая гэх хүслээр энэхүү дугаарыг хамтран бүтээлээ.


Өмнөх хоёр дугаарын тухай

“Гэж Юу Вэ” сэтгүүлийн I дугаар: Квантын эрин - 2025 оны хавар: Квант физикийн ачаар хүн төрөлхтөн ганцхан зууны дотор лазераас эхлээд квант компьютер хүртэлх олон “ид шид”-ийг эзэмшиж чаджээ. Тэгвэл дараагийн 100 жил бид юуг бүтээж чадах бол? Манай төрөл өнгөрсөн түүхийнхээ багагүй хэсгийг “харанхуй” гэж нэрлэдэг шиг ирээдүйн үр сад маань өнөөгийн бидний энэ цаг үеийг “гэрэл асаасан үе” бүр нарийвчилбал “квантын эрин” хэмээн нэрлэж ч магадгүй.


“Гэж Юу Вэ” сэтгүүлийн II дугаар: Роботын хувьсгал - 2025 оны намар:
Уран зөгнөлт бүтээлүүдээс л уншиж болдог, нэгэн цагт боломжгүй байсан зүйлсийг шинжлэх ухаан, инженерчлэлийн гайхамшиг бидэнд улам ойртуулсаар. Энэ ид шид бидний мянган дамнан мөрөөдөж буй роботуудыг тойрч гарсангүй. Үр дүнд нь роботууд зөвхөн үйлдвэрийн байранд байр цаг ард хоцорч, тун удахгүй бидний дунд ажиллаж, амьдарч, дуулж, бүжиглэх цаг нэгэнтээ ойртжээ.