Энэ долоо хоногт Монголын спортын ертөнцөөс нэгэн баярт мэдээ дуулдлаа. Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Шаравжамцын Энхийн-Од Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо буюу бидний сайн мэдэхээр NBA-н Орландо Мэжик багтай гэрээ үзэглэжээ. Ийнхүү тэрээр NBA-н багтай албан ёсны гэрээ байгуулсан анхны монгол сагсан бөмбөгчин болж, эх орныхоо спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээлээ. Түүний байгуулсан гэрээ нь Exhibit 10 буюу бэлтгэлийн бааз болон хөгжлийн лигт тоглох боломжтой холбоотой гэрээ бөгөөд цаашлаад хоёр талт гэрээгээр NBA-н багт тоглох бүрэн боломж бүрдэж байгаа юм.
Энэ мэдээг сонсоод олон хүн баярлаж, бахархсан нь гарцаагүй. Харин түүний энэ хүрсэн амжилтын цаана хэр их хөдөлмөр шаардаж, ямар өрсөлдөөн байдгийг бид тэр бүр төсөөлөөд байх бэрх. Дэлхийн өнцөг булан бүрд сагсан бөмбөг тоглож, хэзээ нэгэн өдөр NBA-н талбайд гарахыг мөрөөддөг олон сая хүүхэд томчууд байдаг бол тэр бүхнээс хэд нь мөрөөдөлдөө хүрч чаддаг бол?
Монголчуудын мөрөөдлийн зүгт мөс хагалж яваа Энхийн-Одын туулсан замаар аялцгаая.

Хагас сая гаруй хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл
Сагсан бөмбөг бол дэлхийн хамгийн алдартай спортуудын нэг. Олон улсын сагсан бөмбөгийн холбооны мэдээлснээр дэлхий даяар 6-54 насны 610 сая гаруй хүн сард дор хаяж хоёр удаа сагсан бөмбөг тоглодог байна. Харин уг спортыг сонирхон үздэг хөгжөөн дэмжигчдийн тоо хэдийн 3.3 тэрбумыг давжээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн 13 хүн тутмын нэг нь сагсан бөмбөгөөр тогтмол хичээллэж, дөрөв нь үздэг гэсэн үг.
Энэ спортын хамгийн том тогтолцоог бүрдүүлсэн улс бол яах аргагүй Америкийн Нэгдсэн Улс. Тэнд хүүхэд багачуудыг хөгжүүлж, шилдэг тамирчдыг тодруулан, мэргэжлийн түвшинд бэлтгэдэг асар том систем бий болжээ. Сургуулийн багт шалгарах, коллежийн тэтгэлэг авах, коллежед тоглох, цаашлаад NBA-н багуудын анхааралд өртөх гээд шат бүрд өрсөлдөөн дэндүү ширүүн, тоон үзүүлэлтүүдээс харахад бараг боломжгүй мөрөөдөл мэт харагдана.
АНУ-ын ахлах сургуулийн спортын холбооны статистикаар 2025-2026 оны улиралд 540,704 тамирчин ахлах сургуулийн сагсан бөмбөгийн багт тогложээ. Өөрөөр хэлбэл, хагас сая гаруй хүүхэд сургуулийнхаа нэрийн өмнөөс талбайд гарч, дараагийн шатанд хөл тавихын төлөө өрсөлдөж байна гэсэн үг. Харин тэдний багахан хэсэгт нь л коллежийн сагсан бөмбөгт тоглох боломж олдог. Үүний тулд ахлах сургуулийн багтаа шилдэг нь байх ч хангалтгүй. Бүс, муж, цаашлаад улсын хэмжээнд бусдаас ялгарч, коллежийн дасгалжуулагчид болон скаутуудын анхааралд өртөх шаардлагатай байдаг. Тиймээс ахлах сургуулийн шат бол мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин болох замын хамгийн том тогоо гэж ойлгож болохоор. Чухам эндээс л олон мянган хүүхдийн мөрөөдөл үргэлжлэх эсэх нь шийдэгдэж эхэлдэг байх нь.

Шилдгүүдийн дунд өөрийгөө сорьсон нь
Энхийн-Од АНУ дахь ахлах сургуулийн замналаа Охайо мужаас эхлүүлжээ. 2018-2019 оны улиралд буюу ахлах сургуулийн эхний улиралдаа 19 тоглолтод оролцож, нэг тоглолтод 10.5 оноо дунджилсан байна. Дараах улиралд түүний хувьд Калифорнийн Пролифик Преп академид шилжив. Тус академи бол ахлах сургуулийн түвшинд өрсөлддөг тусгай сургалтын хөтөлбөр гэж ойлгож болох ба тухайн улиралд багийн бүрэлдэхүүнд багтсан тамирчдыг нь харахад л өрсөлдөөний түвшин ямар байсныг ойлгож болохоор. Энхийн-Одтой хамт нэг багт хожим NBA-н драфтын 2021 оны хоёрдугаар сонголт болсон Жэйлен Грийн тоглож байсаныг бид сайн мэднэ. Пролифик Преп тухайн улирлыг 32 хожил, 3 хожигдолтой дуусгаж, улсын хэмжээнд есдүгээрт эрэмбэлэгдэж байжээ.
Пролифик Преп-д хоёр жил тоглосны дараа тэрээр цар тахлын ид үеэр Монголд буцаж, тухайн жилээ эх орондоо өнгөрүүлсэн байна. Харин төгсөх жилдээ дахин АНУ-д очиж, Охайо мужийн Ай Эс Эй хөтөлбөрт элссэн ба тэнд түүний тоглолт илүү тодорч эхэлсэн гэж хэлж болно. Тухайн улиралдаа 24 тоглолтод оролцож 10.2 оноо, 4.6 самбар, 3.6 оновчтой дамжуулалт дунджилсан байдаг. Яг энэ үеэс Энхийн-Од Америкийн коллежуудын анхааралд улам ихээр өртөж эхлэв. Улмаар 2022 онд АНУ-ын шилдэг ахлах сургуулийн тоглогчдыг дэлхийн шилдэг залуу тоглогчидтой өрсөлдүүлдэг Nike Hoop Summit-ийн дэлхийн багт багтсан. Ийнхүү тэрээр NCAA-ийн Division I-ийн тэтгэлэг авах хэмжээний тоглогч болсон төдийгүй, олон улсын түвшний шилдэг залуу авьяастнуудын нэгээр үнэлэгдэж эхэлсэн юм. 2022 оны элсэлтийн ангилалд түүнийг үндэсний хэмжээний Шилдэг 100 тоглогчийн нэгээр үнэлж тус жагсаалтын яг 100зуу дугаарт эрэмбэлсэн байдаг.

Гучин мянган тамирчдын амьдралын зорилго
АНУ-д их, дээд сургуулиудын спортын тэмцээнийг зохион байгуулдаг Үндэсний коллежийн спортын холбооны лигүүд бол бусад мэргэжлийн спортын лигүүдтэй энэ дүйцэхүйц үзэлттэй, сонирхогчидтой тэмцээнд тооцогддог. Тиймээс шувтаргын тоглолтууд эхлэх үед АНУ-д орон даяар коллежийн тэмцээнүүд рүү анхаарлаа хандуулж эхэлдэг байна. Тамирчдын хувьд бол коллежийн багт элссэнээр өрсөлдөөн жинхэнэ утгаараа эхэлдэг. Тэдгээр тамирчид бүгд ахлах сургуульдаа шилдгүүдийн нэг байсан байж таарна. Гэвч тэд дахин шилдгээр нь тодорч, NBA-н багуудын хараанд өртөх ёстой. Дэлхийн шилдэг дасгалжуулагч нарын удирдлагаас тодрох нь тун ч хэцүүхэн бөгөөд ахлах сургуульдаа нэг тоглолтоос 40 гаруй оноо дунджилдаг тоглогч сэлгээний сандалд бүтэн улирал өнжих нь ердийн үзэгдэл шиг байдаг аж.
Тоон үзүүлэлтүүдийг дурдвал, тус байгууллагын статистикаар ахлах сургуульд сагсан бөмбөг тоглодог тамирчдын ердөө 3.6 хувь нь коллежийн нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар дивизионы аль нэгэнд тоглох түвшинд хүрдэг гэнэ. Харин хамгийн өндөр өрсөлдөөнтэй нэгдүгээр дивизионд шалгарах боломж ердөө ганцан хувь орчим байдаг байна.

Ш.Энхийн-Од түүх бүтээв
Энхийн-Одын хувьд нэгдүгээр дивизонд тэтгэлэг авсан анхны Монгол тамирчин болж энэ өндөр өрсөлдөөнтэй орчинд бүтэн дөрвөн жилийн хугацаанд тоглов. Тэрээр анхны улиралдаа Дэйтон, дараа нь Сан Франциско, Юта, төгсөх жилдээ Өмнөд Каролина гэсэн дөрвөн өөр их сургуулийн багт тоглосон байна. Ингэхдээ коллежийн замналынхаа турш нийт 131 тоглолтод оролцож, 115-д нь гараанд гарч, 1029 оноо, 453 самбараас бөмбөг авалт, 339 оновчтой дамжуулалт бүртгүүлснээр хэр барагийн тоглогчдийн хүрээд байдаггүй амжилтыг үзүүлжээ.
Түүний коллежийн замнал ч тогтмол өсөлттэй байсан гэж үзэж болохоор. Анхны улиралдаа буюу Дэйтоны их сургуульд 5.6 оноо, 1.9 самбар, 2.6 дамжуулалт дунджилан, бүсийнхээ шилдэг шинэ тоглогчдын бэлэгдлийн багт хүртэл нэрлэгдээд амжсан. Мөн тэрээр өгсөх улиралдаа 32 тоглолтын бүгдэд нь гараанд гарч, нэг тоглолтод дунджаар 10.9 оноо, 5.6 самбар, 2.3 оновчтой дамжуулалт бүртгүүлсэн нь коллежийн карьерынх нь хамгийн өндөр үзүүлэлтүүд байв.
Холбогчийн байрлалд 203 см орчим өндөртэй, бөмбөг эзэмшиж, довтолгоо зохион байгуулж, хамгаалалтыг уншин дамжуулалт өгөх чадвартай тоглогч гэдэг нь түүний хамгийн том давуу тал байлаа. Дэйтоны дасгалжуулагч Энтони Грант түүнийг элсүүлэхдээ “биеийн хэмжээ, ур чадвар, олон талт тоглолтын өвөрмөц хослолтой” хэмээн тодорхойлж байсан. Бөмбөгтэй тоглолт, талбай харах чадвар, хэд хэдэн байрлалд тоглох боломж нь өнөөгийн сагсанбөмбөгийн хэв маягт хэрэгцээтэй ховор шинжүүдийн нэг учир NBA-н скаутуудын нүдэнд ч өртөж эхэлсэн юм.
NBA хүрэх зам

2023 онд, Дэйтонд ердөө нэг улирал тоглосныхоо дараа Энхийн-Од NBA-н сонгон шалгаруулалтад нэрээ өгч, улмаар Хөгжлийн лигийн Элит кэмпд оролцох 44 тоглогчийн нэгээр сонгогдов. Энэ кэмп бол NBA-н драфтын өмнөх шатны шалгаруулалт бөгөөд NBA-н болон Хөгжлийн лигийн скаут, дасгалжуулагч, багийн удирдлагуудын ирж тоглогч нарыг судалдаг байна. Түүнээс гадна хэд хэдэн багийн бэлтгэлд уригдаж очсоныг онцлох хэрэгтэй. Өөрийнх мэдээллэснээр 6 багийн бэлтгэлд хамрагдаж, Милyoки Бакс баг түүнийг 2 дугаар тойргийн 58 дахь сонголтоор баталгаат бус гэрээний нөхцлөөр сонгох боломжтой байсан гэнэ.
Тухайн үед тэрээр NBA-д шууд ороход хараахан бэлэн биш гэж үзэн драфтаас нэрээ татаж, коллежид үргэлжлүүлэн тоглохоор шийдсэн. Ингээд дахин гурван улирал коллежид тоглож, бакалаврын зэргээ авснаар NBA-н хаалгыг дахин тогшлоо.
2026 онд? тэрээр сонгон шалгаруулалтад нэрээ дахин өгөөд хараахан сонгогдож чадаагүй ч гэлээ Орландо Мэжик багийн зуны лигийн бүрэлдэхүүнд багтсан юм. Зуны лиг бол NBA-н драфтаар сонгогдоогүй чөлөөт агент тоглогчид, шинэ драфтын тоглогчид болон залуу тамирчид багуудын өмнө өөрсдийгөө харуулах хамгийн чухал боломжуудын нэг байдаг. Зуны лигийн бүрэлдэхүүнд багтана гэдэг том амжилт бөгөөд тэрбээр хоёр ч тоглолтонд оролцоод амжсан.

Арван саяд ганц тохиох боломж
Түүний аялал зуны лигээр дууссангүй. 2026 оны 10-р сарын 5. Орландо Мэжик баг Ш.Энхийн-Одтой гэрээ байгуулснаар тэрээр NBA-ийн багтай албан ёсны гэрээ байгуулсан анхны монгол тоглогч болов.
Цөөн хэдэн онцгой авьяастаны нэрээ мөнхөлдөг энэхүү спортод Энхийн-Од бидний олонхын адил хотын гудамж, шороон талбайгаас л хүрч чадлаа. Дэлхий дахины 600 сая гаруй сагсан бөмбөг тоглогчдын хэд нь энэ өндөрлөгт хүрэх сэн гэж мөрөөдөж явсныг таашгүй.
Жилд NBA-д ердөө 60 гаруй тамирчин л гэрээ үзэглэх боломж бий. Ингээд бодохоор түүний энэхүү амжилт Арван саяд ганц тохиох боломж билээ. Тэр олон сая хүнээс эхлээд ахлах сургуулийн баг, коллежийн тэтгэлэг, нэгдүгээр дивизион, скаутуудын анхаарал, зуны лиг, бэлтгэлийн бааз гээд шат бүрийн өрсөлдөөнийг давсаар энэ хүрсэн түүний аялал ч дуусаагүй нь ойлгомжтой. Гэхдээ энэ хүртэл ирсэнд нь гарцаагүй бахархмаар үйл явдал. NBA-н талбайд монгол тамирчнаа харах тэрхүү мөчийг тэсэн ядан хүлээе.
Сэтгэгдэл бичих

