Уран зохиол бичнэ гэдэг төрөхөөс заяадаг авьяас билиг үү, эсвэл суралцаж болдог чадвар уу? Зохиолч болгох дасгал, даалгавар, сургалт, сургууль бий юу? Зохиол бүтээлийн анхдагч эсэхийг хэн, юу тодорхойлдог вэ? Зохиолч хүнд биеийн эрүүл мэнд, булчин шөрмөс хамаатай юу? Ер нь зохиол бичихэд хүнд юу хамгийн чухалд тооцогдох вэ? 

Эдгээр уран зохиол, үгийн урлагийг тойрсон олон асуултад өнөө цагийн хамгийн алдартай зохиолчдын нэг Мүраками Харүки хариулт эржээ. Ямар ч уран зохиолын сургууль төгсөөгүй хэрнээ түүний бүтээлүүд дэлхийн тавь гаруй хэл рүү орчуулагдан, хэдэн арван сая хувь борлуулагдсан түүхтэй. Хамгийн сонирхолтой нь, зохиолч болох санаа түүнд бейсболын тоглолт үзэж суух үеэр гэнэт төрсөн гэдэг.  

Бид энэ удаагийнхаа номын тухай нийтлэлээрээ алдарт зохиолчийн “зохиолч” хэмээх мэргэжлийн тухайд чухам юу хэмээн өгүүлснийг уншигч танд хүргэхээр бэлтгэлээ. Зохиолч эл бүтээлдээ нэгэнтээ “Үг гэдэг хүчтэй. Гэвч тэр хүчээ гагц үнэн ба шударга ёсон дор зангидах учиртай. Энэ л зарчмаас гажиж болохгүй” хэмээсэн байв. Тэрбээр энэ л үгтээ хүрч тус номоо чин зүрхнээсээ, уншигчтайгаа нэг ширээнд цай, кофе хувааж уугаад л буу халж буй аятай эгэл ба даруу, үнэн шударгаар бичжээ. Зохиолч Мураками Харүкигийн дэлгэсэн уран зохиолын тухай эгэл ярианы ард гарсан багахан сэтгэгдлээ уншигч тантай хуваалцаж байгааг минь хүлээн авна уу.  

Зохиогчийн тухай 

Зохиолч Мүраками Харүки нь шинэ цагийн дэлхийд хамгийн алдартай япон зохиолчдын нэг билээ. Тэрээр 1949 онд Киото хотод төрсөн бөгөөд бага насаа Кобэ хотод өнгөрүүлсэн байдаг. Өөрийн өвөрмөц бичлэгийн хэв маяг, сонирхолтой басхүү этгээд бүтээлүүдээрээ тэрээр дэлхийн утга зохиолын нэр хүндэт шагналууд болох Франц Кафкагийн шагнал, Иерусалимын шагнал, Ханс Христиан Андерсены шагналыг хүртжээ.

Түүний хамгийн алдартай бүтээл болох Норвегийн ой (The Beatles хамтлагийн ижил нэрт дууны нэрээр нэрлэгдсэн) роман нь зөвхөн Япон Улсдаа л гэхэд хэвлэгдсэн даруйдаа хоёр сая гаруй хувь борлуулагдсан түүхтэй. Өдгөө түүнийг нэгэнтээ нэн орчин үеийн уран зохиол дахь үзэгдэл болсон зохиолч хэмээн олон улсын шүүмжлэгч, судлаач нар дүгнээд буй.



Энэ бүхэн тэртээ 1978 оны тэр нэгэн өдөр түүнийг бейсболын тэмцээн үзэж суухад нь төрсөн ганцхан бодлоос л эхтэй. “Би ч гэсэн роман бичиж чадах юм байна” хэмээх гэнэтийн энэ бодол түүний дэмждэг баг оноо авахтай зэрэгцэн толгойд нь харван орж ирсэн байна. Ингээд л тэрээр тэр өдрөө бичгийн дэлгүүр ороод үзэг, дэвтэр худалдан авч, анхны романаа бичиж эхлүүлжээ.

Тухайн жил буюу 1978 онд түүний дэмждэг бейболын баг болох “Yakult Swallows” 29 жилийн түүхэндээ анх удаа лигийн аварга болсон бол тэрээр 29 насандаа анхны романаа амжилттай бичиж дуусган, улмаар Гүнзо сонины “Залуу зохиолчдын шагнал”-ыг хүртсэн юм. Гэхдээ түүний өгүүлснээр тухайн үед тэрээр эхнэртэйгээ жазз клуб ажиллуулдаг байсан (уг бизнесээ эхлүүлэхийн тулд банкнаас их хэмжээний зээл авч байжээ) тул цаг наргүй ажилладаг байж.

Тиймээс ихэнхдээ өдөржин унтдаг байсан бөгөөд сэтгүүлээс өөрийг нь тус шагналын төлөөх өрсөлдөөний сүүлийн шатанд тунан үлдсэн хэмээн утсаар ярихыг сонсоод огт ойлголгүй өнгөрөн, буцаж унтаад сэрснийхээ дараа ингэж л зүүдэлжээ гэж бодсон гэнэ. Удалгүй түүний анхны роман “Салхины дууллыг сонсохуй” бүтээл нь уг шагналын эзэн болсныг мэджээ. Энэ талаар зохиолч дурсахдаа “Би гар бичвэрээ Гүнзо руу явуулсан байснаа ч мартчихсан байсан. Бас надад гараар бичсэн ганцхан хувь байсан, түүнийгээ л уралдаанд явуулчихсан болохоор хэрвээ шалгараагүй бол тэр ном ч тэгээд алга болж, би ч дахиж зохиол бүтээл гэж оролдохгүй байх байсан” хэмээсэн байдаг.


Номын тухай 

зургийг: BookTrib

“Зохиолч хэмээх мэргэжлийн тухайд” хэмээх уг ном нь Япон Улсад анх 2015 оны есдүгээр сард хэвлэгдэн гарчээ. Тус ном нь “Зохиолч хүн өгөөмөр нэгэн үү?, Би хэрхэн зохиолч болсон талаар, Утга зохиолын шагналуудын тухайд, Анхдагч бүтээлийн тухайд, Тэгэхээр юу бичих вэ?, Цаг хугацааг найзаа хэмээн үз: Уртхан роман бичих нь, Бичихүй нь аль хүртэл хувийн ба биеийн хүчний ажил вэ?, Сургуулийн тухайд, Зохиолдоо ямар ямар дүрүүд оруулах вэ?, Хэнд зориулж бичих вэ?, Гадаадад номоо гаргах нь: Цоо шинэ дайны талбар” хэмээсэн нийт арван нэгэн бүлэг ба нэмэлт дагалдуулал бүлэг (postscriptum)-тэй. Бүлэг тус бүр тун сонирхолтой санаагаар баялаг бөгөөд зохиолч өөрийн бодит амьдралын туршлага, намтартайгаа бодол санаагаа хослуулан бичсэн нь тун энгийн бөгөөд ойлгомжтой болсон байлаа.

Ном нийтдээ 186 хуудастай тул огт нуршуу, уйтгартай санагдахгүйгээр зогсохгүй харин ч бүр битгий дуусаасай гэсэн мэдрэмж төрүүлнэ. Зохиолч өөрөө олон нийтэд төдийлөн ярилцлага өгөөд байдаггүй нэгэн тул эл бүтээл нь түүний дотоод бодол, хувь хүн, мөн уран бүтээлдээ хэрхэн ханддаг талаар нь тольдоход хамгийн тохиромжтой нь гэж хэлж болохуйц санагдсан юм.


Яагаад унших вэ? 

Зарим уншигч дуртай зохиолчийнхоо намтар, ярилцлага, эсээ, дурсамжийг уншихаас зайлсхийдэг. Тэдний хувьд зохиолчийн уран бүтээл өөрөө бүхнээ өгүүлдэг бөгөөд хувийн амьдрал, бодол санааг нь мэдэх хэрэггүй санагддаг биз ээ.

Харин эсрэгээрээ дуртай зохиолч, уран бүтээлчийнхээ олон нийтэд өгсөн ярилцлага, баримтад кино, эсээ, дурсамж бүрийг нь нэхэж уншиж үзэхийг хичээдэг өөртэй минь ижил уншигч нар ч бий. Мөн зохиолч болох мөрөөдөлтэй залуус ихэвчлэн бусад нэр алдарт хүрсэн зохиолчдын өгсөн зөвлөгөө, зөвлөмж, санаа зэргийг уншиж, сонсох сонирхолтой байдаг. Аль ч тохиолдолд уншаад үзэхэд нэгийг бодуулж, хоёрыг тунгаалгах болов уу.

Түүнээс гадна уг номыг онцгой болгож буй хамгийн гол чанар нь зохиолч Мүраками Харүки өөрийн зохиолчийн 25 гаруй жилийн замналынхаа туршид тэмдэглэлийн дэвтэртээ бичихүйн тухай бодол, санаагаа тэмдэглэсний нийлбэр нь гэдэгт оршино. Зохиолч уг бүтээлээ олон нийтэд хүргэх ном болгох зорилгоор бичээгүй бөгөөд яг л Ромын эзэн хаан Марк Аврелийн “Бясалгал” бүтээлтэй адил туурвисан гэдгээрээ тун онцлогтой.



Онцлох санаанууд  

1. Зохиолч хүн өгөөмөр нэгэн үү?

Зохиолч дээрх асуултаараа дамжуулан зохиолчид шинээр бичиж эхэлж буй нэгэндээ хэрхэн ханддаг талаар яриагаа эхлүүлжээ. Түүний бичсэнээр уран зохиолчид бол энэ дэлхийн аль ч салбарт үгүй тийм өгөөмөр, хүлцэнгүй хүмүүс аж. Учир нь зохиолчид (уран зохиолын) бүгд уран зохиолын ертөнцөд тэсэж үлдэнэ гэдэг, ном бичээд л амьдрах хэр хүнд хэцүү болохыг юу юунаас илүү мэддэг тул шинээр хаалга тогшин орж ирж буй нэгнээ хэзээ ч хөөж гаргадаггүй бөгөөд харин ч эсрэгээрээ эелдэг дотноор хүлээн авдаг гэнэ.

Үүний цаана мөн өөр нэгэн шалтгаан байдаг нь хэн нэгэн зохиолчийн номын борлуулалт өслөө гээд өөр нэгний уншигчид алга болчихдоггүйтэй холбоотой. Зохиолч, уншигч хоёрын хооронд үүссэн үл үзэгдэгч итгэлцлийн утас тасраагүй цагт тухайн зохиолч өөр ямар ч зохиолчоос үл хамааран амьдарсаар байна хэмээн зохиолч бичсэн байв. Түүнийхээр бол “Дуртай зохиолчийн маань сүүлд гаргасан ном нь надад ерөөсөө ч таалагдсангүй. Гэхдээ л шинэ ном гаргахад нь заавал очиж авна аа” гэсэн энэ уншигчийн итгэл хэрэв нэгэнт тогтсон л бол юугаар ч нураах аргагүй аж.


зургийг: Penguin Books

Мөн зохиолч байх, зохиол бүтээл туурвих гэдэг орь ганцаардлын ажил юм хэмээн тэрээр дүгнэсэн байлаа. Зохиолч “Хэн ч чамд өнөөдөр ёстой мундаг байлаа шүү. Чи тэр мөрийг үнэхээр тунг нь тааруулан засаж чаджээ. Энэ үгийг ямар сайхан онож бичсэн юм бэ, баяр хүргэе гэж хэлэхгүй. Чиний ялалт, ялагдал бүхэн зөвхөн дотор чинь, өөрөө өөртэй чинь л хамт байх болно” хэмээн онцлоод, иймд бусад зохиолч нараа шүүмжлэхгүй байж, шинээр зохиолч болохоор мөрөөдөж буй залуу үеэ ямар ч үед дэмжих талаар өгүүлсэн байв.

Түүнийг “Underground” хэмээх уран зохиолын бус (non-fiction) анхны номоо хэвлүүлэхэд тус салбарын зохиолчид асар хурцаар шүүмжилж байсныг дурсан яриад, харин уг явдал уран зохиолын зохиолчдын дунд огт тохиодоггүй хэмээсэн байлаа.

Энд зохиолчийн бас нэгэн чухал санааг тодотгох шаардлагатай. Тэрхүү санаа нь хэн ч юу ч гэж хэлээд нэмэргүй, ёстой бичээд л, бичээд л байдаг хүмүүс л энэ салбарын хатуу хүтүүг туулж чадна гэдэг. Зохиолч тийнхүү үргэлжлүүлэн явсаар эхний бүлгийнхээ төгсгөлд ирээд “Зохиолч болохыг хүссэн хэн бүхэнд би чин зүрхнээсээ тавтай морил гэж хэлмээр байна. Суудал энд байна” хэмээн бичсэн нь уншигчийн хувьд хамгийн их таалагдсан эшлэл байсан юм.


2. Утга зохиолын шагналуудын тухайд

Зохиолч эл номдоо утга зохиолын шагналуудын тухайд хэд хэдэн чухал санаа дэвшүүлжээ. Тэдгээрээс хамгийн чухал хоёр санааны эхнийх нь “Утга зохиолын шагнал гэдэг бол уран зохиолын хүрээлэлд орж ирэх эрхийн бичиг, тасалбар юм” байсан бол нөгөөх нь “Утга зохиолын шагнал нь тийм ч хэрэгтэй, чухал зүйл биш” гэсэн санаа.

Зохиолчийн бичсэнээр түүнд Гүнзо сэтгүүлийн Залуу зохиолчдын шагнал, “Өсөх ирээдүйтэй зохиолч” (өөрөө тус “өсөх ирээдүйтэй” хэмээх тодотголоосоо ичдэг гэсэн байлаа) хэмээх цол хүртсэн нь түүнд утга зохиолын хаалгыг нээж өгсөн гэж бичжээ. Учир нь зохиолч энэ салбарт дөнгөж орж ирж байгаа залууст өөр нэгэн том, алдартай зохиолч, хэвлэлийн газрын дэмжлэг гээд олон зүйл тун их тус болдгийн нэг нь утга зохиолын шагналууд гэсэн байв. Утга зохиолын шагнал, уралдаан нь тухайн шинэ залуу зохиолчийг нийтэд таниулахын зэрэгцээ, тухайн зохиолчид өөрт нь бичих урам зориг өгөх давхар ашиг тустай хэмээсэн байлаа.

Удаах санааны тухайд бол, зохиолч эхний гурван романаа бичиж хэвлүүлэх бүрд сэтгүүлч, сурвалжлагч нар түүнээс “Мүраками сан, та одоо л Акүтавагийн шагнал (Японы утга зохиолын хамгийн нэр хүндэт шагналуудын нэг)-ыг хүртэхгүй бол дахиж боломж гарахгүй. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?” хэмээн асуудаг байж. Өөрөө ч тус шагналд нэр дэвших бүрдээ “хөөрхөн” догдлоод шагналын эздийг зарлах өдөр ойртох тусам тайван байж чадахгүй болдог байсан талаараа хуваалцсан байв. Тэгээд өөрийг нь шагналын эзнээр тодроогүйг нь мэдэх бүрдээ эхнэр, хамаатан садан, найз нөхөд нь “За, зүгээр дээ, хө. Дахиад л нэг роман биччихгүй юу. Чи дараачийн удаа яг ялж чадна аа” хэмээдэг байжээ.


зургийг: Macao News

Гэхдээ удалгүй тэрээр шагнал авахын төлөө роман бичих нь ямар ч утгагүй болохыг ойлгон энэ догдлол, хүлээлтээсээ бүр мөсөн салахаар шийдсэн байна. Мөн түүний хэлж буй санаанд утга зохиолын нэр хүндтэй шагналуудыг хүртсэн зохиолч болгон түүхэнд үлддэггүй бөгөөд үүнд ямар ч шагнал, тэр ч байтугай Нобелийн шагнал ч хамаагүй хэмээн бичжээ.

Түүнчлэн жил бүр, эсвэл хэдэн жил тутам шилдэг бүтээл шалгаруулдаг шагнал, уралдаан бүрийн ялагч болгон нь нэг түвшний бүтээлүүд, эсвэл уран бүтээл байх боломжгүй бөгөөд нэг жил нь урлагийн агуу бүтээл түрүүлэхэд, дараа жил нь энгийн л бүтээл түрүүлдэг нь тус наадмуудын хамгийн том дутагдал нь гэсэн байв. Учир нь жил бүр урлагийн агуу бүтээл төрөх ямар ч боломжгүй бөгөөд үүний цаана ашиг сонирхлын асуудал байдаг талаар зохиолч онцолсон нь тун сонирхолтой санаа байсан юм.


3. Анхдагч (original) бүтээлийн тухайд

Уран бүтээлийн оргинал, дахин давтагдашгүй чанар гэж юу болохыг тодорхойлох нь тун, тун их хэцүү хэмээн зохиолч онцолсон ч өөрийн туршлага, үзэл бодолдоо тулгуурлан ямартаа ч аливаа уран бүтээлчийн дахин давтагдашгүй, онцлог шинжийг цэнэх гурван суурь шалгуурыг гаргаснаа хуваалцжээ.

1. Бусад бүх уран бүтээлчээс ялгарах. Мөн өөрийн гэсэн хэв маягтай байх (хөгжим, үгийн урлаг, баримал, уран зураг гм.). Уран бүтээлийг нь уншаад, сонсоод, хараад шууд л тэр уран бүтээлчийн бүтээл байна гэж хэлэх боломжтой хэв маягийг бүтээх.

2. Тухайн хэв маягаа тогтмол хөгжүүлдэг байх. Өөрөө өөрийгөө өөрчилж, задалж чаддаг байх. Уран бүтээлч хүн хэзээ ч нэг газраа тэр чигтээ гацчихаж болохгүй бөгөөд үргэлжийн шинийг эрэлхийлэх чадвартай байх.

3. Өөрийн гэсэн хэв маяг нь цаг хугацаа явахын хэрээр “сонгодог” хэмээн үнэлэгдэн, бусдын уран бүтээлд босго, шалгуур болж үлдэх. Өөрөөр хэлбэл, хойчийн уран бүтээлчдэд урам зориг, сэдэл өгдөг баялаг хэв маягийг ардаа үлдээх.

Зохиолч өөрөө дээрх гурван шалгуурыг гурвууланг нь хангах шаардлагагүй хэмээсэн ч тус шалгууруудыг нь бүрэн хангасан нэгнээр Л.В.Бетховеныг нэрлэсэн байв. Түүний есөн симфони нь зохиогчоо хэрхэн дээрх гурван шалгуурыг төгс төгөлдөр хангасан гайхалтай уран бүтээлч болохыг нь тод томруун харуулна хэмээн зохиолч үзжээ.


Онцлох эшлэлүүд 


Уншигчийн сэтгэгдэл 

Зохиолч болохыг хүсдэг, хүсдэггүй, уран зохиолд хайртай, хайргүй, Мүраками Харүкиг уншдаг, уншдаггүй үл харгалзан тус номыг уншихыг зөвлөмөөр байна. Учир нь тус ном зөвхөн урлаг, уран зохиолын тухай яриа бус зохиолчийн хувийн амьдрал, залуу насанд нь тохиосон хүнд хэцүү сорилт, бэрхшээлүүд, утга зохиол шүүмжлэгчдийн дайралт, түүний зохиол бүтээлүүд хэрхэн дэлхийн болон АНУ-ын зах зээлд орж ирсэн, олон улсын номын бизнесийн тухай гээд маш олон чухал, сонирхолтой сэдвээр бодит өөрийн туршлагаа хуваалцсан байсан юм.

Түүнчлэн зохиолчийн хошин, хөнгөн, ойлгоход амар үг хэллэг, өгүүлбэр нь тус номыг уншихад улам илүү амттай болгосны дээр романуудаа хэрхэн бичдэг тухай, тэрхүү бүтээлийн ард ямар үйл явц, сэтгэл зүй, үе шат байдгийг илэн далангүй хуваалцсан нь номыг унших явцад “зохиолчтой хамт ширээний ард сууж, аяга кофе уунгаа буу халж буй мэт” дотно мэдрэмж төрүүлж байв. Уншигчийн зүгээс бичдэг, бичих хүсэлтэй хэн бүхний ширээний ном байвал зохих бүтээл гэж хэлмээр байна.