Монголын ахлах ангийн сурагчдад зориулсан ууган хөтөлбөрүүдийн нэг Монголын Залуу Эрдэмтэд хөтөлбөр (MYSP)-т өргөдлөө илгээхээр тэсэн ядан хүлээдэг сурагчид жилээс жилд олширсоор. Мөрөөдлийн сургуульдаа амжилттай өргөдлөө илгээхэд туслах зөвлөгөө чиглүүлэг, дэлхийн шилдэг их дээд сургуулиудад суралцах туршлагыг олгодог уг хөтөлбөр нь тасралтгүй 15 удаа зохион байгуулагдан өнөөг хүрч, хэдийнээ 450 төгсөгчтэй болжээ. Хэдхэн хоногийн өмнө тэд анх удаа албан ёсоор чуулж, төгсөгчдийн холбоогоо үүсгэн байгуулсан бөгөөд энэхүү нийтлэлээрээ эл арга хэмжээ болон хөтөлбөрийн тухай мэдэх ёстой бүхнийг хүргэе.


MYSP ГЭЖ ЮУ ВЭ?

Зориг сангийн албан ёсны хөтөлбөр Монголын Залуу Эрдэмтэд буюу Mongolian Young Scholars Program (MYSP) нь 2011 онд дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцдаг Монгол оюутан залуусын санаачилга, сайн дурын нэгдлээр үүсгэн байгуулагдсан билээ. Монголын авъяаслаг ахлах ангийн, завсар жилтэй сурагчдыг мөрөөдлийн сургуульдаа тэнцэхэд нь замчлах зорилготой энэхүү хөтөлбөрт сурагчид бүтэн долоо хоног хамтдаа байрлаж, академик сонирхол, өргөдлийн бэлтгэлтэй холбоотой төрөл бүрийн хичээл, үйл ажиллагаанд хамрагдангаа зорилго нэгт үеийнхэнтэйгээ танилцаж, нэгэн хүрээллийг бий болгодог онцлогтой.
АНХНЫ ТӨГСӨГЧДИЙН АРГА ХЭМЖЭЭ
MYSP нь жил бүрийн хаврын өргөдлөөр 30 сурагчийг сонгон шалгаруулж, зун нь зохион байгуулагддаг уламжлалтай. Ийнхүү тэд өнөөдрийг хүртэл 450 төгсөгч, 100 гаруй багш, зохион байгуулагч, хамтран оролцогчидтой томоохон хамт олон болсон байна. Тиймээс ч 15 жилийн ойн босгон дээрээ үе үеийн төгсөгч, багш, зохион байгуулагчдыг илүү ойроос холбох, цаашдын эргэх холбоог бэхжүүлэхээр анхны нэгдсэн арга хэмжээгээ зохион байгуулсан нь энэ юм.



С.Оюун, Зориг сангийн тэргүүн

MYSP бол Зориг сангийн маань урдаа барьдаг хөтөлбөрүүдийн нэг. Өдгөөгөөс 16 жилийн өмнө дөнгөж 20 гарч яваа цөөн хэдэн Монгол оюутан залуус зуу зуун сурагчдыг мөрөөдөлд нь хөтлөх зорилгоор санаачилж асан энэ хөтөлбөр нас залуу гэлтгүй нийгэмдээ томоохон эерэг нөлөөг бий болгож болохыг залуус өөрсдийн биеэр баталж яваа үлгэрлэл гэж боддог. Хүссэн их сургуульдаа тэнцэн суралцахад шаардлагатай мэдлэг, чадварыг зааж зөвлөж, олон сурагчид урам зориг өгдөг энэ хөтөлбөрийн маань төгсөгчид ч буцаж ирж мэдсэн сурснаа бусадтайгаа хуваалцдаг, хөтөлбөрөө ивээн тэтгэж, хамтран зохион байгуулалцдаг нь улам үр дүнтэй, утга учиртай болгодог болов уу. Зориг сангийн хувьд хөтөлбөрийг 2-3 настайгаас хамтран ажиллаж байгаадаа үргэлж баяртай байдаг, цаашдаа ч олон жил дэмжинэ.
Ж.Тана, Хөтөлбөрийн санаачлагч

Гадаадад сурах талаарх хөтөлбөр, мэргэжлийн зөвлөгөө, ЕБС-иудад чиглүүлэгч гэх ойлголт ховор байх үед хөтөлбөрөө санаачилж, 2011 онд анхны 30 сурагчаа 6 үндсэн, 6 туслах багшийн бүрэлдэхүүнтэйгээр угтаж байжээ. Монголд маань олон чадвартай, мөрөөдөлтэй хүүхдүүд байдаг, тиймээс ч мөрөөдлөө биелүүлэхэд нь замчилж, өгсөхөд нь шат нь болох зорилготой анх эхэлж байв. Мөн миний бие их сургуулийн оюутан байхдаа “Harvard Seminar for Young Leaders in China” гэх 300 гаруй сурагчтай томоохон хөтөлбөрт 2 жил багшаар ажиллахдаа долоохон хоногийн дотор маш үр дүнтэй хөтөлбөр хэрэгжүүлж болохыг анзаарч, Монголынхоо хөрсөн дээр буулгахыг хүсэж байснаа санадаг. Хожим нь УИХ-ын Ундраа гишүүний үүсгэн байгуулсан Mongolian Young Leaders Program Стэнфордын Их Сургуульд зохион байгуулагдахад АНУ-ын өнцөг булангаас Монгол оюутнууд цугларч, Монголдоо хэрэгтэй санаачлага хэрэгжүүлэхээр хэлэлцсэний үр дүнд MYSP-г үүсгэн байгуулахаар болсон.
Цар тахалтай 2020 оныг эс тооцвол өнгөрсөн 16 жилийн хугацаанд хөтөлбөрөө жил бүр тууштай зохион байгуулсны үр дүнгээ харж, 15 үеийн төгсөгчидтэйгөө уулзалдахдаа баяртай байна. Төгсөгчид маань албан ёсоор “холбоо” гэх нэртэй болж амжаагүй байсан ч хөтөлбөр эхэлснээс хойш амьдралын найз, ажлын хамтрагч, бүр гэр бүлүүд ч төрөөд амжсан байдаг. Өнөөдрийн арга хэмжээ өнгөрсөн 15 жилээ тэмдэглэхийн сацуу ирээдүйн 15, магадгүй 150 жилдээ илүү институтийн хэлбэрт шилжиж, үе үеийн төгсөгчид улам ойроос бие биенээ таньж мэдэх, холбоо тогтоох суурь болж байгаа болов уу.
Хөтөлбөрийнхөө анхны хоёр жилийг өөрөө гардаж, сурагчидтайгаа хамт байрлах үеэр дуусашгүй олон дурсамжтай болсны нэг нь анх ямар ч хүлээлтгүй эхлүүлсэн хөтөлбөрийн төгсгөлд багш сурагчид маань сэтгэлийн үгсээ хуваалцаж, удтал халуун дулаан яриа өрнүүлсэн сүүлчийн орой. Тэр мөчид төсөөлснөөс илүү үр дүнтэй хөтөлбөр эхлүүлсэн юм байна гэдэг асар их урмыг авч байснаа мартдаггүй. Одоо ч энэ уламжлал маань үргэлжилж байгааг харж, сонсоход сайхан байдаг.
Сурагчид жилээс жилд MYSP-ийн тухай олноороо мэддэг болж, өргөдлөө илгээсээр байгаа. Оргил үедээ 1000-аад өргөдөл хүлээн авсан ч тохиолдол бий. Өөрийгөө тодорхойлсон эсээ бичиж, материал бүрдүүлэх, ярилцлага өгөх гээд өргөдлөө илгээх үйл нь өөрөө том туршлага болдог учир өөртөө эргэлзэлгүй оролдоод үзээрэй гэж уриалах байна. Мэдээж 15 жилийн турш ашгийн бус, үнэ төлбөргүйгээр 450 сурагчдад хүрч ажиллахад ивээн тэтгэгчдийн дэмжлэг үлэмж их байсан учир энэ ташрамд бүгдэд нь чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөн ивээн тэтгэгч олж амжаагүй зарим жилүүдэд ч MYSP-дээ хөрөнгө оруулж, төсвийг нь босголцож байсан төгсөгч, дэмжигч хувь хүмүүстээ маш их баярлалаа.

Д.дэлгэрЗаяа, 2018 оны багш

Анх Вашингтоны Их Сургуульд Байгаль орчин судлал, Эдийн засгаар суралцах хугацаандаа Байгаль орчны ёс зүй (Environmental ethics) сэдвээр амьтны эрх, байгаль хамгаалалтай холбоотой философийн хичээлийг багшилж байсан. Мэдээж оюутан ахуйдаа зун бүр сайн дурын, дадлагын ажлууд тогтмол хийдэг байсан ч тэдгээрээс хамгийн мартагдашгүй туршлага нь MYSP гэж хэлнэ. Учир нь хүүхдүүд шинэ юм сурч, ойлгохоороо нүд нь сэргээд ирэхийг харах, өөрийн сурснаа бусдад хуваалцаж ирээдүйд нь бага ч атугай хувь нэмэр оруулж буйгаа мэдрэх маш урамтай. Энэ арга хэмжээгээр хүүхдүүдтэйгээ буцаж уулзах сайхан байна.
Ажил дээр гараад MYSP-ийн олгодог шиг менторшип, зөв чиглүүлгийн чухлыг улам ойлгож яваа. Миний хувьд ч MYSP-ийн нэг хэсэг болсны хувьд төгсөгчдийн холбоонд нэгдэж, салбар салбарын мэргэжилтнүүдтэй холбогдож, туршлага судлах боломж илүү нээгдэж байгаад баяртай байна.
З.Мөнхтөр, 2026 оны төгсөгч

Би Өвөрхангай аймагт сурдаг. Ноднин жилийн зун Access хөтөлбөрт хамрагдах үеэрээ MYSP-ийн 2025 оны төгсөгчтэй танилцаж, өргөдлөө илгээхээр шийдээд англи хэлний сургалтын ангиараа бэлдэж, өргөдлөө илгээж байсан. MYSP-д хамрагдсан өдрүүд энэ зуны хамгийн гоё долоо хоног байлаа. Эсээ бичих, common app-тай танилцах воркшоп, зочин илтгэгчдийн ярианууд гээд маш үр өгөөжтэй хөтөлбөрүүд ар араасаа үргэлжилж, богино хугацаанд олон зүйл сурж авсандаа баяртай байна. Цаашдаа ч хийх зүйл их байгааг мэдэрсэн учир одооноос бие даагаад их сургуулийн өргөдөлдөө идэвхтэй бэлдэж байгаа.
Миний хувьд Logic and Arguments, Art and Creativity хичээлдээ дуртай. Хоёр хичээл хоёул байгальд, модон дунд орсон үеүд сэтгэлд тод үлдсэн. Бас хамгийн сүүлийн орой бичгийн цаас тойруулаад бие биедээ захиа бичсэн нь гоё дурсамж.
Э.Нарангарав, 2016 оны төгсөгч, 2025 оны зохион байгуулагч

Одоогоос яг 10 жилийн өмнө MYSP-д өргөдлөө илгээж байсан юм байна. Гадаадад суралцах талаар зөвлөгөө чиглүүлэг, өргөдөлд бэлдэх нөөц бололцоо маш ховор байх үед MYSP хөтөлбөрт хамрагдсан нь хожим Харвардын Их Сургуульд улсын сургуулиас тэнцсэн анхны сурагч болох суурь, маш том түлхэц болсон санагддаг.
Миний бие АНУ-ын Свартмор сургуулийг сонгон суралцаж, АНУ-даа хэсэг ажиллаад Монголдоо ирэн олон улсын байгаль орчны төсөл дээр ажилласан. Үргэлжлүүлэн боловсрол судлалын мэргэжлээрээ Зориг санд орсон юм. Ингээд өөрөө Зориг санд ажиллаж байгаагийнх MYSP-аа авч явахаар шийдэж, өмнө жилийн хөтөлбөрийг хариуцаж ажилласан. Анх хөтөлбөртөө хамрагдсанаас хойш есөн жилийн дараа зохион байгуулахад маш том ялгааг мэдэрсэн шүү. Жишээ нь, намайг сурагч байхад дэлхийн шилдэг их сургуулиудад хувийн сургуулиас л тэнцдэг гэх ойлголттой, улсын сургуулиас гадаадын томоохон их дээд сургуулиуд руу өргөдлөө илгээх нь ховор байсан бол өдгөө Монгол орны хаанаас ч, аль ч сургуулийн хүүхэд хүссэн сургуульдаа элсэж чаддагийг баталсан олон жишээтэй, хүүхдүүд маань ч итгэлтэй болсныг харах их урамтай. Ер нь л хөтөлбөрийн багш, төгсөгчид үргэлж эргэх холбоотой гоё коммюнити болж чаддаг. Харин өнөөдрийн энэ арга хэмжээгээр өөр үеийн төгсөгчидтэй албан ёсоор танилцаж, бие биеэсээ урам зориг авах тохиол гарч буйд баяртай байна.
М.Номинсувд, 2023 оны төгсөгч

10-р ангиа төгсдөг жил MYSP-д хамрагдаж байсан. Үеийнхэн, багш нартайгаа өглөө сэрэх, оройн унтахдаа ч хамт байсан учир маш хурдан дотноссон. Миний хувьд хамгийн дурсамжтай үе урлагийн үзлэг. Бөөнөөрөө Авъяаслаг монголчууд шоунаас санаа аваад шүүгчдээ хүртэл косплэй хийж, үзүүлбэрүүдээ бэлдсэн үеүдээ одоо ч тод санадаг.
Харин хамгийн дуртай хичээл Сиси багшийн Civil engineering-ийн воркшопууд. MYSP-д сонирхолтой хичээлүүдэд хамрагдахаас гадна багш нарынхаа office hour-ыг ашиглаад өдөртөө нэг багштайгаа уулзаж, ярилцах боломжтой байсан нь их хэрэг болсон санагддаг. Одоо ч заримтай нь холбоотой байдаг юм. Нэмээд мэдээж маш олон найзтай болсон. Хаа ч явсан MYSP-г төгссөн хүн гараад л ирдэг, өөр үеийн төгсөгч байсан ч ижилхэн туршлагатай учир шинээр танилцаж, найзууд болоход ч амар байдаг.
арга хэмжэээнээс онцлох мөчүүд










Сэтгэгдэл бичих

