Түүхч, зохиолч, философич Юваль Ной Харари өөрийн хамгийн сүүлд хэвлүүлсэн "Nexux" номдоо цаг уурын өөрчлөлтийг И.В.Гётегийн "Шидтэний шавь" (The Sorcerer's Apprentice) бүтээлд гол дүр нь илбэдсэн шүүрээ удирдаж чадахгүй болдогтой адилтгасан байдаг.
Үнэхээр цаг уурын өөрчлөлт бидний хяналтаас гарсан болов уу? Долоо хоногийн онцлох сэдвүүдийг 10 тоогоор хүргэдэг “10 Numbers” булангийнхаа энэ удаагийн дугаараар 2025 онд тохиосон байгалийн гамшгийг 10 тоонд багтаан танд хүргэж байна.
131 тэрбум доллар
Одоогийн байдлаар дэлхий дахинд байгалийн гамшгаас болж үүссэн хохирол 131 тэрбум долларт хүрээд байна.
Үүнд газар хөдлөлт, гал түймэр, үер зэрэг байгалийн гамшгийг хамааруулан тооцоолсон талаар Германы даатгалын томоохон компани болох Munich Re мэдээлжээ.
70 хүн
Өнгөрөгч сарын 23-29-ний хооронд БНХАУ-д их хэмжээний борооны улмаас үер болж, хамгийн багадаа 70 хүн амь насаа алдсан гэж “Guardian” вебсайт мэдээллээ. Тус улсын нийслэл хот болох Бээжин хотын ойр орчимд сарын дундаж хэмжээ буюу 166 мм хур тунадас унасан бол Миюн дүүрэгт 543 мм хур тунадас унасан нь бүтэн жилийн дундаж хэмжээтэй дүйж буй. Энэхүү дүүрэгт 31 хүн амь насаа алдсан байна.
204 түймэр
Он гарснаас хойш улсын хэмжээнд 204 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ. Үүний 135 нь ойн түймэр бол 69 нь хээрийн түймэр аж.
Он гарснаас хойш Сэлэнгийн бүс нутагт бороо хур бага байснаас үүдэн хуурайшилт, хэт халалт өндөр түвшинд хүрээд байна. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 11, Мандал суманд гурав, Хүдэр суманд зургаан түймэр тус тус гарсан ба 670 гаруй иргэн, 40 гаруй техник хэрэгсэлтэйгээр галыг унтраахаар ажиллажээ.
2 сая хүн
Япон Улсын Засгийн газрын төлөөлөгчдийн мэдээлснээр долоодугаар сарын 30-ны өдөр буюу өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт 229 хотын хоёр сая гаруй иргэнийг яаралтай нүүхийг шаардсан байна.
Түүнчлэн, цунамигаас үүдэн Sendai Airport нисэх буудлын нислэгүүдийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, агаарын тээврийн компаниуд үйлчлүүлэгчдээ өөрсдийн вэбсайтыг тогтмол шалгахыг анхааруулжээ.
1980 оноос хойш
Энэ оны нэгдүгээр сард АНУ-ын Лос-Анжелес хотод ганаас үүдэн гал түймэр гарч, 1980 оноос хойших санхүүгийн хамгийн их хохирол бүхий түймэр болов.
Тус гал түймэр нийт 40 тэрбум долларын хохирол учруулсан нь 2021 онд Америк тивд тохиосон “Hurricane Ida”-гийн учруулсан хохирлын хэмжээнд дөхөж очжээ.
7.1 магнитуд
Төвөдийн бүс нутагт энэ оны нэгдүгээр сард 7.1 магнитудын газар хөдлөлт болсон. 14,000 гаруй онцгой байдлын албан хаагч тус бүс нутагт ажиллан 400 гаруй хүнийг аварсан ч 126 орчим хүн амь насаа алдсан билээ.
БНХАУ-ын төрийн хэвлэл болох “People's Daily” өдөр тутмын сонинд 30,000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн гэж мэдээлж байсан бөгөөд нийт 3,600 гаруй байшин барилга нуржээ. Харин хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Камчаткийн хойг орчимд болсон 8.8 магнитудын газар хөдлөлт одоогийн байдлаар энэ оны хамгийн хүчтэй газар хөдлөлтөөр бүртгэгдээд байна.
2,300 хүн
Цаг уурын өөрчлөлтөөс үүдэн сүүлийн жилүүдэд Европ тивд хэт халалт нүүрлээд буй. Тодруулбал, тус тивд энэ зун 39 хэм (өдгөө бүр 46 хэм хүртэл) хүртэл халж, хэт халалт үргэлжилсэн 10 хоногт 12 хотын 2,300 хүн амь насаа алдсаныг албаныхан мэдээлэв.
Судлаачдын үзэж буйгаар цаг уурын өөрчлөлт явагдаагүй байсан бол уг тоо 1,500-аар бага байх байжээ. Өөрөөр хэлбэл, амь эндэгсдийн 65 хувь нь цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан ийнхүү амь насаа алдсан юм. Мөн цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан Европын дундаж температур 1-4 градус нэмэгджээ.
65-аас дээш насныхан халуунд хамгийн их өртөмтгий бөгөөд нийт нас баралтын 88 хувийг энэ насны хүмүүс эзэлж байна. Харин нас барсан хүмүүсийн 200 орчим нь 20-65 насны хүмүүс байжээ.
Зарим хотуудад цаг уурын өөрчлөлт хэт халалтад бүр хүчтэй нөлөөлж байгаа аж.
Тухайлбал, Испани Улсын Мадрид хотод халуунаас болж нас барсан хүмүүсийн 90 хувь нь цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан амь насаа алдсан хэмээн судлаачид үзэж буй.
110,000 айл
Францын иргэнийг аюулаас хамгаалах агентлагийн мэдээлснээр тус улсад зургаадугаар сард болсон хүчтэй шуурганаар нийт 110,000 гаруй айлын тог цахилгаан тасарсан байна. Түүнчлэн, шуурганаар тус улсын баруун өмнөд хэсэгт 12 настай хүүхэд модонд даруулж амь насаа алдсан ба 17 хүн хүнд гэмтсэн хэмээн сурвалжлах албаныхан мэдээлжээ.
БНСУ 7-р сард
БНСУ-д энэ оны долоодугаар сарын 16–аас эхэлсэн бороо, үер, газар хөдлөлт зэрэг гамшгийн улмаас 17 хүн нас барж, есөн хүн сураггүй алга болжээ.
Гамшгийн үеэр 12,921 хүнийг түр нүүлгэн шилжүүлсэн бол 2,549 хүн гэртээ буцах боломжгүй болж, зориулалтын байранд хоргодсон байна.
Үерийн улмаас 41,000 гаруй айл орон гэргүй болж, 2,549 хүнийг тусламжийн цэгт нүүлгэжээ. Энэ тоо уур амьсгалын өөрчлөлтийн шууд нөлөөллийг харуулж буй хэрэг болсон гэж мэргэжилтнүүд үзэж буй.
2,686 гэр орон
Энэ оны дөрөвдүгээр сараас эхэлсэн аадар бороо, үерийн улмаас Кени, Танзани, Бурунди, Уганда зэрэг зүүн, төв Африкийн орнуудад хэдэн зуун хүн амь үрэгдэж, мянга мянган хүн орон гэрээ алдав.
Зөвхөн Танзанид гэхэд 155 хүн нас барсан нь хамгийн өндөр тоо байсан бол бүс нутгийн хэмжээнд 2,686 хүн орон гэрээ алдаж, тусламжийн байранд хоргодох болжээ.
Эл гамшиг уур амьсгалын өөрчлөлт бидэнд хэрхэн шууд нөлөөлж буйг харуулсан үйл явдал болов.