Хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах тухайд бидний санаанд хамгийн түрүүнд хувьцаа, бонд буудаг. Гэвч хөрөнгө оруулагчдад өгөөж хүртэх, байгууллагуудад санхүүжилт татах боломж олгодог өөр олон төрлийн бүтээгдэхүүн бий. Үүний нэг нь зээлийн эргэн төлөлт зэрэг ирээдүйд бий болох мөнгөн урсгалд суурилсан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас юм.
Энэ төрлийн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд дахин санал болгож буй “Нэткапитал Финанс Корпораци ББСБ” ХХК-ийн “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа арван нэгдүгээр сарын 9-нд Чингис Хаан Хөрөнгийн Биржээр эхэллээ. .Тус компани хоёр дахь удаагаа ХБҮЦ гаргах үйл ажиллагаанд оролцож буй бөгөөд энэ удаад нийт 50 тэрбум төгрөгийн санхүүжилт татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ.
Үнэт цаасны жилийн хүү 18.7 хувь, хугацаа 24 сар бөгөөд хөрөнгө оруулагчдад улирал бүр хүүгийн орлого олгох нөхцөлтэй.

ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС ГЭЖ ЮУ ВЭ?
Хувьцаа нь компанийн тодорхой хувийг эзэмших эрх олгодог бол бонд нь тогтоосон хугацаанд хүүгийн орлого хүртэж, үндсэн төлбөрөө эргүүлэн авах нөхцөлтэй хөрөнгө оруулалтын хэрэгсэл юм. Харин хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ) нь тодорхой хөрөнгийн багц, түүнээс бий болох мөнгөн урсгалд тулгуурладгаараа онцлогтой.
Энгийнээр тайлбарлавал, санхүүгийн байгууллагаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлүүдийг нэгтгэн багц үүсгэж, тэдгээрийн эргэн төлөлтөд тулгуурлан үнэт цаас гаргадаг гэсэн үг. Ингэснээр хөрөнгө оруулагчдын мөнгө санхүүгийн байгууллагын зээлийн үйл ажиллагаатай холбогдож, зээлдэгчдийн төлж буй төлбөр нь үнэт цаасны хүү болон үндсэн төлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэр болдог байна.
Тухайлбал, “Нэткапитал ХБҮЦ 2.0” нь автомашин болон үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн багц, түүний эргэн төлөлтийн мөнгөн урсгалд суурилсан бүтээгдэхүүн юм. Энэ төрлийн үнэт цаас нь хөрөнгө оруулагчдад урьдчилан тогтоосон хуваарийн дагуу орлого олох боломжийг санал болгохын зэрэгцээ санхүүгийн байгууллагуудад санхүүжилтийн шинэ эх үүсвэр бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, өмнө нь олгосон зээлийн ирээдүйн эргэн төлөлтөд тулгуурлан дахин санхүүжилт татах боломжтой юм.
50 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ

2008 оноос хойш санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй Нэткапитал Финанс Корпораци өнөөдөр Монгол орон даяар 50 гаруй салбараар дамжуулан санхүүгийн үйлчилгээ үзүүлж байна. Тус байгууллага 2024, 2025 онд дараалан Монголын ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарчээ. Харин энэ удаагийн үнэт цаас гаргалт нь компанийн хувьд санхүүжилтийн эх үүсвэрээ төрөлжүүлэх, хөрөнгийн зах зээлийн оролцоогоо нэмэгдүүлэх дараагийн алхам болж байна.
Санхүүгийн зохицуулах хорооноос өнгөрсөн наймдугаар сард нийт 50 тэрбум төгрөгийн үнэт цаасыг олон нийтэд санал болгох зөвшөөрөл олгосон бөгөөд “Нэткапитал Эй Би Эс Хоёр ТЗК” ХХК үнэт цаас гаргагчаар ажиллаж буй. Үндсэн андеррайтерийн үүргийг Голомт Капитал ҮЦК, туслах андеррайтерийн үүргийг Нэткапитал ҮЦК гүйцэтгэж байна.
Тус үнэт цаасны нэгжийн үнэ 100 мянган төгрөг бөгөөд жилийн 18.7 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар хөрөнгө оруулагчдад санал болгож байна. Хөрөнгө оруулагчид хүүгийн орлогоо улирал бүр авах бөгөөд хөрөнгө оруулсан үндсэн төлбөрийнхөө 50 хувийг 12 дахь сард, үлдсэн 50 хувийг 24 дэх сард эргүүлэн авах нөхцөлтэй. Харин хүүгийн орлогоос хуульд заасны дагуу таван хувийн татвар суутгана.
Ийнхүү хүү болон үндсэн төлбөрийн хуваарийг урьдчилан тодорхойлсон нь хөрөнгө оруулагчдад хүлээгдэж буй мөнгөн урсгалаа төлөвлөх боломж олгож байгаа юм. Гэхдээ зээлийн эргэн төлөлт саатах, үнэт цаасыг хугацаанаас нь өмнө худалдахад худалдан авагч олдохгүй байх зэрэг эрсдэл бий. Тиймээс тогтоосон хүүг эрсдэлгүй, баталгаатай өгөөж гэж ойлгож болохгүй.
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ дэх АЧ ХОЛБОГДОЛ

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь санхүүгийн байгууллагуудад зээлийн багцдаа тулгуурлан хөрөнгийн зах зээлээс нэмэлт санхүүжилт татах боломж олгодог. Харин хөрөнгө оруулагчдын хувьд хөрөнгө оруулалтын сонголтоо төрөлжүүлж, хүүгийн орлого олох шинэ боломж юм. Ийнхүү “Нэткапитал ХБҮЦ 2.0” нь санхүүжилтийн шинэ эх үүсвэр бүрдүүлэхийн зэрэгцээ Монголын хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүний төрөлжилтийг дэмжиж буйгаараа ач холбогдолтой.
Арилжаанд хэрхэн оролцох вэ?
“Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн захиалга 11-р сарын 9-нд эхэлсэн бөгөөд хөрөнгө оруулагчид үнэт цаасны компанид данс нээлгэн, брокероор дамжуулан захиалга өгөх боломжтой.
Үнэт цаасны дэлгэрэнгүй танилцуулга, нөхцөл болон эрсдэлийн мэдээллийг Нэткапитал ХБҮЦ болон Голомт Капитал хуудсаас авах боломжтой. Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахаасаа өмнө бүтээгдэхүүний нөхцөл, холбогдох эрсдэлийг сайтар судлах нь зүйтэй.

