Unread үүсгэн байгуулагдсан цагаасаа Монголын стартап комьюнитигийн уулзах цэг байж, дараагийн үеийн бүтээгчид, хөгжүүлэгчид, энтрепренерүүдийн шинэ төсөл, санаа, бүтээлийг олон нийтэд хүргэх анхны талбаруудын нэг болсоор ирсэн билээ. Өнөөдөр бидний өдөр тутмын хэрэглээ болсон олон зуун апп, веб, бүтээгдэхүүнийг анхлан туршиж, тэдгээрийн ард буй хүмүүсийн түүхийг бичиж, уншигчдадаа танилцуулж ирсэн нь бидний ажлын хамгийн том бахархлын нэг юм. 

Тэгвэл өнөөдрөөс бид Монголын бүтээгчид, хөгжүүлэгчдийг бүтээлээ танилцуулах, анхны хэрэглэгчдээ олох, санал хүсэлт сонсох, нэгнээсээ суралцах шинэ талбарт урьж байна. 

Танилц, энэ бол Launchpad.mn!

ЯГ ОДОО ТУРШИХ: LAUNCHPAD.MN


Launchpad-ийн тухай

Бид олон жилийн турш “Эргэн тойронд маань хэн, юу бүтээж байна вэ?” гэсэн асуултад нийтлэлээрээ хариулж ирсэн. Харин одоо бүтээгч бүр өөрийн бүтээлээрээ энэ хариултыг баяжуулж, хэрэглэгч бүр түүнийг олж нээн, туршиж, хөгжүүлэхэд нь оролцох боломжийг нээж байна.

Launchpad бол Монголын бүтээгчдийн хөгжүүлж буй төсөл, апп, веб, тоглоомтой нэг дор танилцах талбар юм. Бид алдарт Product Hunt-аас санаа авч, Монголд төрж буй шинэ бүтээлүүдийг нэгтгэж, тэдгээрийг бүтээсэн хүмүүсийг хэрэглэгчидтэй нь холбохыг зорилоо.

Хиймэл оюуны боломжийг ашиглан мөрөөдлийн бүтээгдэхүүнээ өдөр шөнөгүй хөгжүүлж, биднийг дуу алдуулах бүтээлүүд гаргаж буй залуус энэ платформыг эхлүүлэх урам зориг өгсөн юм. Тэдний бүтээл илүү олон хүнд хүрч, бодит хэрэглээнд нэвтэрч, улам сайжраасай гэж бид хүсэж байна.

Та ч бас эргэн тойронд тань юу бүтээж байгааг сонирхоорой. Дараагийн дуртай аппаа, хамтрах түншээ, эсвэл өөрөө бүтээж эхлэх урам зоригоо эндээс олж мэднэ.


Хэнд зориулсан бэ?

Нэг талаас бид энэ платформыг Монголын бүх бүтээгчдэд зориуллаа. Хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн, толгой дотроо удаан тээсэн санаагаа бодит бүтээл болгосон хүн бүрд түүнийгээ бусдад хүргэх хэрэгцээ бий. Launchpad тэр бүтээлийг тань олны өмнө гаргах талбар болно.

Эндээс та ижил төстэй асуудлыг шийдэхээр ажиллаж буй бусад бүтээгчтэй танилцаж, анхны хэрэглэгчдээ, дараагийн түншээ, магадгүй ирээдүйн хөрөнгө оруулагчаа ч олж мэднэ.

Нөгөө талаас бид энэ платформыг шинийг эрэлхийлдэг интернэт хэрэглэгч та бүхэнд зориуллаа. Та цоо шинэ зүйл туршихыг хүсэж байж болно. Ажлаа хөнгөвчлөх хэрэгсэл хайж байж болно. Эсвэл зүгээр л цагаа хөгжилтэй өнгөрөөхийг хүсэж байж болно. Аль нь ч байсан Launchpad-аас танд хэрэг болох, сонирхлыг тань татах бүтээл олдоосой гэж бид хүсэж байна.

Эндээс та дараагийн дуртай тоглоомоо, өдөр бүр ашиглах аппаа олж нээгээрэй. Туршиж үзээд саналаа хуваалцаж, таалагдсан бүтээлээ бусдад түгээгээрэй. Таны ганц санал, анхны дэмжлэг хэн нэгний бүтээлийг дараагийн шатанд хүргэх эхлэл байж болно шүү дээ.


Ямар давуу талтай вэ?

Launchpad-ийг ашиглахад амархан. Хэрхэн ажилладаг нь ч энгийн.

Бүтээлээ хуваалцаарай. Хөгжүүлэгчид бүтээлээ илгээж, бид шаардлага хангасан эсэхийг шуурхай шалгаад платформд нийтэлнэ.

Туршиж, саналаа өгөөрэй. Хэрэглэгчид таалагдсан бүтээлдээ санал өгч, сэтгэгдэл бичиж, бүтээгчидтэй нь шууд холбогдож болно. Мөн сонирхсон ангиллаараа өмнө нийтлэгдсэн бүтээлүүдийг олж үзэх боломжтой.

Долоо хоногийн шилдгүүдийг олж нээгээрэй. Бид долоо хоног бүр хамгийн олон санал авсан бүтээлүүдийг жагсааж, бүртгэлтэй хэрэглэгчдийн цахим шууданд хүргэнэ.

Илүү олон хүнд хүрээрэй. Unread-ийн редакц онцлох бүтээлүүдийг сонгон, веб, сонин, телевиз, арга хэмжээний сувгуудаараа танилцуулна.

Комьюнититэйгээ уулзаарай. Бид Launchpad-ийн арга хэмжээг тогтмол зохион байгуулж, бүтээгчдэд танилцах, туршлага солилцох, хэрэглэгчидтэйгээ уулзах боломж бүрдүүлнэ.


Төгсгөлийн оронд

Одоогоос найман жилийн өмнө “Unplug 2018” арга хэмжээний үеэр бид үүсгэн байгуулагчид, брэнд хөгжүүлэгчдэд шинэ бүтээгдэхүүнээ нэг дор нээж, олон нийтэд танилцуулах боломж олгох Launchpad эвентийн төслөө зарлаж байлаа. Олон шалтгаанаар тэр үед хэрэгжүүлж амжаагүй санаа маань өнөөдөр илүү өргөн боломжтой платформ болон биеллээ олж байна.

Өдгөө хиймэл оюуны хувьсгал хөгжүүлэгчдэд өөрийн бизнесийг эхлүүлэх, хэрэглэгчдэд өөрсдөө бүтээгч болох боломжийг нээж байна. Удаан тээсэн санаагаа туршиж, анхны бүтээгдэхүүнээ бүтээхэд хэрэгтэй хэрэгслүүд урьд урьдынхаас илүү хүртээмжтэй болжээ. Энэ давлагаанаас бид хоцрох ёсгүй.

Цар тахал болон экосистем, зохицуулалтын олон сорилтын дунд хэсэгтээ эрчээ алдсан Монголын технологийн гарааны бизнесүүд дахин сэргэж буйг бид мэдэрч байна. Шинэ санаагаа ажил хэрэг болгохоор зориглосон хүмүүс, өөрсдийн хэрэгцээнээс шийдэл олсон багууд, дэлхийн зах зээлийг зорьсон бүтээгчидтэй улам олон таарах боллоо. Бүтээгч байхад үүнээс илүү тохиромжтой цаг гэж үгүй мэт.

Дараагийн үеийн үүсгэн байгуулагчид, дэлхийд хүрэх компаниудын эхлэл тэдний дунд бий гэдэгт бид итгэдэг. Launchpad таны бүтээгдэхүүнээ хөөргөх цэг нь байг.

Монголын бүтээгчид улам олон болох болтугай!