Наадмын бужигнасан өдрүүдээр бялхсан долоодугаар сарыг төгсгөж, өнгөрсөн сард шинээр хэвлэгдсэн долоон номыг сонордуулъя. Сонирхууштай нь, энэхүү жагсаалтын талаас илүүг нь намтар бүтээлүүд эзэлжээ. Тэдгээрийн нэг нь Unread редакцын эрхлэн гаргаж буй ээлжит ном гэдгийг онцлох байна. Мэдээж үүний дээр шинжлэх ухаан, танин мэдэхүйн “хөтөч”-үүд болон шинэхэн манга цуврал ч багтав. Ингээд зуны сүүлийн сард унших номоо хайж суугаа бол нийтлэлээ дуустал нь саатаарай. 

Химийн элементийн үелэх хүснэгт

Алт яагаад зөөлөн, алмаз яагаад хатуу байдаг вэ? Неон яаж ийм тод гэрэлтдэг вэ? Төмөр юунаас болж зэвэрдэг вэ?

Философи, түүх, эдийн засаг, архитектур, шашин судлал гээд арвин их агуулга бүхий танин мэдэхүйн цувралыг тохой дараалуулан уншигчдын хүртээл болгосоор ирсэн DK редакцын ээлжит нэгэн бүтээл өнгөрсөн онд хэвлэгдэж, нүд тайлах дүрслэл, мэдлэг тэлэх инфографикийн хамт Монгол уншигчдын гарт хүрч эхэлжээ.

Бидний мэдэх үелэх хүснэгтэд химийн элементүүд атомын цөм дэх протоны тоогоороо өсөх дарааллаар байршдаг шүү дээ. Харин энэ номд элементүүдийг олж нээсэн цаг хугацаагаар нь дараалуулжээ. Тиймээс үелэх хүснэгтийн 118 элементийн бүрдэл хэсэг рүү өнгийж, эрхтэнцэрүүдийн үйл ажиллагааг нэг бүрчлэн тайлбарлахаас гадна химийн шинжлэх ухааны түүхийг өгүүлэх бүтээл бол энэ.

Зохиогч: DK
Үнэ: 69,000₮
Хуудас: 288
Хэвлэлийн газар: Монсудар

Хатагтай төрийн нарийн бичгийн дарга

АНУ-ын анхны эмэгтэй Төрийн нарийн бичгийн дарга (1997-2001), АНУ-ын НҮБ дэх элч (1993-1997) асан Мадлэн Олбрайт нь Косово дахь Албани үндэстнийг хоморголон устгахын эсрэг хүмүүнлэгийн ажлаас эхлээд Ойрхи Дорнодод энх тайвныг цогцлоох тууштай алхмуудаараа улс төрийн олон адармаатай үйл хэргүүдэд гар бие оролцож байв.

Үндэстэн дамнасан ээдрээт сорилтуудын үеэр хөшигний ард өрнөсөн түүх, эрчүүд давамгайлах хандлагатай дипломат албанд өөрийгөө таниулан баталсан замнал гээд ажил, амьдралынхаа тухай тун чиг илэн далангүй өгүүлсэн эл бүтээл өнгөрсөн сарын эхээр хэвлэгдэн гарчээ. Сонирхуулахад, тэрээр энэхүү номдоо Владимир Путин, Ясир Арафат, Ариэл Шарон, Биньямин Нетаньяху, Хаан Хуссэйн, Ким Чен Ир, Билл ба Хиллари Клинтон зэрэг дэлхийн нөлөө бүхий удирдагчдын тухай төдийлөн танил бус түүхийг өгүүлсэн гэнэ шүү.

Зохиогч: Мадлэн Олбрайт
Үнэ: 106,700₮
Хуудас: 1104
Хэвлэлийн газар: Нэпко

Make friends with who you're becoming: Jordan Wayne Tolbert

Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн гурав дараалсан, нийт 10 удаагийн аварга, BCL Asia East-ийн аварга, BCL Asia-гийн хүрэл медальт "Хасын Хүлэгүүд" багийн 2024–2025 оны улирлын супер легионер Жордан Вэйн Толбертийг Монголын сагсан бөмбөгт шимтэгсэд андахгүй болсон биз ээ. Үүнээс гадна тэрээр Малайзын MBL лигийн MVP, онооны лидер бөгөөд 2016 оны NBA-гийн драфтад нэрээ дэвшүүлж байсан удаатай.

Тэгвэл энэ сард түүний мэргэжлийн тамирчны замналыг өгүүлээд зогсохгүй, бага насны дурсамж, дурдатгалаар аялуулж, сагсан бөмбөгийн ертөнцөд хөл тавьсан түүхийг нь дэлгэх нэгэн бүтээл мэндэлсэн нь “Make friends with who you’re becoming”. Талбай дээрх уналт босолт, тулгарсан түмэн сорилтыг хэрхэн давж туулсан тухайгаа хуваалцсан түүний намтраас барьж авах санаа мундахгүй нь лавтай.

Зохиогч: Жордан Вэйн Толберт
Үнэ: 45,000₮
Хуудас: 256
Хэвлэлийн газар: Нэпко

ХЯТАДЫН ЭРТНИЙ СОЁЛЫН НИЙТЛЭГ МЭДЛЭГ

Хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхийг Хятад үндэстний оролцоогүйгээр төсөөлөх боломжгүй. Тэгвэл даруй таван мянганы настай эл үндэстний хэл соёл, ёс заншил, уламжлал, тэр ч байтугай одон оронч сэтгэлгээний онцлогийг цогцоор нь танилцуулсан нэгэн “хөтөч”-ийн шинэчилсэн найруулга эх хэлнээ хэвлэгдэн гарчээ. Энэ удаагийн хэвлэлд эх зохиолын үндсэн агуулга, үзэл санааг бүрэн хадгалж, өнөөгийн уншигчдад илүү ойлгомжтой, хүртээмжтэй байхаар бүтэц, хэл найруулгыг нягтлан сайжруулсан гэнэ. Мөн номын туршид шаардлагатай тайлбар, лавлах мэдээлэл, түүхэн нэр томьёо, хүн, газар ус, зан үйл, хууль цааз болон соёлын онцлогтой холбоотой нэмэлт тэмдэглэлүүдийг нэмж оруулсныг дурдууштай. Эртний Хятадын соёл, мөн чанарыг илүү ойроос таньж, мэдлэгээ тэлэхийг хүссэн оюутан, судлаач, дорнын соёл, хэл шинжлэл, түүх сонирхогч хэн бүхэнд зориулсан найдвартай эх сурвалжийг Нэпко хэвлэлийн газраас уншигчдын хүртээл болгосон байна.

Зохиогч: Ма Ханьлинь
Үнэ: 93,400₮
Хуудас: 373
Хэвлэлийн газар: Нэпко

Түшиг

Хүн бүр өөрийн Олимпын тавцандаа гарах болтугай

Номын хэсгээс

Unread редакцаас эрхлэн гаргаж буй ээлжит ном хэвлэлтэд шилжлээ. Энэ бол Монголын Үндэсний Олимпын Хорооны 70 жилийг тохиолдуулан сагсны шийд бараадан өнгөрөөсөн хүүхэд балчир нас, алс газар эрдмийн мөр хөөхөөр мордсон он жилүүд, өдгөө Монголын олимпизмын хөдөлгөөнд хүчин зүтгэж яваа үйл хэргээ цөм хуваалцсан намтар бүтээл. Олимпын он жилүүдийн адал явдал, санаа сургамжаар дамжуулж спортын дэвжээн дэх сорилт бэршхээл, тамирчны замнал, “арын алба”-ны нөр их хөдөлмөрийн түүхийг дэлгэсэн эл номд Милан, Парисын олимпын бахдалт мөчүүдээс эхлээд 2028 онд болох Лос Анжелесийн олимпийн ач холбогдол, бэлтгэл сургуулилтын тухай ч өгүүлжээ.

Зохиогч: Б.Баттүшиг
Редакц: Unread books

Олимп болон олимпизм бол зөвхөн спортын талбай дээрх өрсөлдөөнөөр хязгаарлагдахгүй. Энэ бол хүний эрх, энэрэнгүй үзэл, нийгмийн хариуцлагыг дэмжих өргөн хүрээний үйл ажиллагаа юм. Олимпын бамбар асах мөчид дэлхий даяараа нэг зүрхтэй мэт цохилж, улс үндэстнүүд харагдах байдал, ярих хэлээрээ ялгаатай байж болох ч хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүллээрээ ижил байгаагаа ахин дахин санадаг билээ.

Номын хэсгээс

Музей: Бороонд инээх цуврал алуурчин #1

Хэрэв та манай шинэ номын тухай буланг алгасалгүй уншдаг бол “Цэнхэр гүзээлзгэнэ” хэвлэлийн газраас гаргадаг Давшигч Титан, Токиогийн өшөө авагчид-ийн тухай бишгүй дуулсан биз ээ. Тэгвэл ээлжит боть бүрийг нь онцолдог эл бүтээлүүд дээр нэгэн цоо шинэ цуврал нэмэгдсэн нь “Музей: Бороонд инээх цуврал алуурчин #1”. Японы мангака Томоэ Рёосүкэгийн 2013 онд хэвлүүлсэн тус манга нь даруй уншигчдыг байлдан дагуулж, сая гаруй хувь борлогдсон билээ. Ийнхүү 2016 онд Японы алдарт Огүри Шүн гол дүрд нь тоглосон бүрэн хэмжээний уран сайхны кино дэлгэцнээ гарч, үзэгчдээс өндөр үнэлгээ авч байв.

Гагц бороо шивэрсэн өдөр л үйлдэгдэх гаж хэрцгий цуврал аллагуудын шалтгаан учир битүүлэг. Мөрдөгч Хисаши Савамүра хэргийн зангилааг уйгагүй тайлах ч тэр бүх ээдрээ эцэстээ эхнэр лүү нь хөтөлж буйг ухаарна. Савамүра аймшигт алуурчны гараас гэр бүлээ аварч чадах болов уу?

Зохиогч: Томоэ Рёосүкэ
Үнэ: 22,900₮
Хуудас: 236
Хэвлэлийн газар: Цэнхэр гүзээлзгэнэ

Хуудас эргүүлэх тусам хурцдах өрнөл бүхий уг гурамсан сэтгэл зүйн триллер зохиолын эхний дэвтрийг хүргэж байна.

Цэнхэр гүзээлзгэнэ

ДАРМА БАТБАЯР

Нэпко хэвлэлийн газар, "Хүмүүн хорвоо" нийгэмлэгээс эрхлэн гаргадаг “Түүхэн эрхмүүдийн цадиг” цувралд Монголын орчин үеийн уран зохиолын төлөөлөгч Дармын Батбаярын амьдрал, уран бүтээлийн замналыг өгүүлжээ.

Ажил мэргэжлийн гараагаа хайгуулын хээрийн ангид геологичоор эхэлж, театр, дэлгэцийн урлаг, боловсролын салбарт ч хөл тавьсан тэрээр 1960 аад оны эхэн үеэс үгийн урлагт шамдаж, “Саахалтын нууранд ангир дуугарна”, ”Амрагийн тэнгэр”, “Чамд аз жаргал хүсье”, “Давалгаа бас дахин давалгаа” гэх олон бүтээлийг туурвижээ. Зохиол бүтээлүүд нь Орос, Болгар, Япон, Хятад, Англи, Вьетнам, Латви зэрэг 10 орчим улсын хэлээр орчуулагдсан тэрээр XX зууны драмын ноён оргил Д.Намдагийн шавь болон бэлтгэгдэж, Монголын театрын урлагийг шинэ шатанд гаргасан гэдгээрээ түүхэнд нэрээ үлдээсэн нэгэн.

Зохиогч: А.Амарсайхан

Үнэ: 37,500₮

Хуудас: 352
Хэвлэлийн газар: Нэпко

Монгол хүний сэтгэлгээ, амьдралын философийг гарамгай нээсэн их туурвигчийн оюуны ертөнцөөр аялахыг урьж байна. Номын хуудаснаа уулзацгаая!

Нэпко