Уран зохиол гэдэг угаас хүний сэтгэлийн доторхыг уудалж, бидний өдөр тутмын амьдралдаа анзааралгүй өнгөрөөдөг нандин мэдрэмж, далд зөрчлүүдийг тольдон харуулдаг илбэт толь билээ. Ялангуяа өнөөгийн завгүй, хурдацтай ертөнцөд залуусын дотоод сэтгэлзүй, хайр дурлал, салалт хагацлын тухай чамбай бичигдсэн хүүрнэл зохиолтой учрах нь уншигчийн хувьд нэгэн төрлийн амсхийх агшин гэмээр.
Утга зохиолын редактор, яруу найрагч Ц.Дэлгэрмаагийн анхны роман болох “Шагундалагийн ертөнц” нь энэ орон зайг нөхөж, орчин үеийн уран бүтээлч залуусын сэтгэлгээний онцлог, тэдний хоорондох харилцаа, хайрын дурлалыг өөр нэгэн хэмнэлээр нээж өгчээ.
ЗОХИОЛЧИЙН ТУХАЙ

Үгийн урлагт сэтгэл зүрхээ зориулж, сэтгүүлч, утга зохиолын редактороор олон жил идэвхтэй ажилласан зохиолч, яруу найрагч Ц.Дэлгэрмаагийн уран бүтээлийн замнал тун баялаг. Тэрбээр яруу найргийн "А тэмдэглэл", "Дотоод тэнгис", "Зүрхэнд агч Намур", "Нүд чинь миний тэнгэр" зэрэг хэд хэдэн түүвэр, мөн "Баавгай нэртэй шувуу", "Тахийн гэрт зочилсон нь", АНУ-ын "Enchanted Lion Books" хэвлэлийн газарт сонгогдсон "Бяцхан одны түүх" зэрэг хүүхдийн зурагт номоороо уншигчдын эчнээ танил билээ. Харин "Little Seven" редакцаа байгуулан ажиллахын зэрэгцээ туурвисан "Шагундалагийн ертөнц" роман нь түүний хүүрнэл зохиолын салбар дахь анхны том бүтээл болон мэндэлжээ.
Энэхүү зохиол нь орчин үеийн уран бүтээлч залуусын сэтгэлзүйн онцлог, дотоод зөрчил, хот болон хөдөөгийн залуусын сэтгэлгээний ялгааг хөндсөнөөрөө онцлогтой. Зохиолийн үүдэл санаа нь хоёр өөр хувь тавилан, дотоод өсөлт, ухаарал, эгээрэл нэгэн цэгт огтлолцох тэрхүү "алтан огтлол" дээр л чин хайр сэтгэл бүрэн бүтнээрээ бүрэлдэн тогтдог хэмээх философид зангидагдаж буй.
НОМЫН ТУХАЙ
Уг бүтээл 222 нүүр, 28 богино бичвэрүүдтэй. Үйл явдал Шагундала нэрт залуухан бүсгүй болон түүнтэй хамт ажилладаг Цогт хэмээх эрийн тухай өгүүлэх агаад тэднийг тойрсон туслах дүрүүдийн аж амьдрал гарна.
Эртний Энэтхэгийн их зохиолч Галидасын бичсэн жүжгүүдээс хамгийн алдартай нь “Шагундала” гэх жүжиг бий. Чухам яагаад ийнхүү нэрлэснийг зохиолч тайлбарлахдаа, “Анх Галидасын “Үүлэн зардас”-аар романыхаа бүлэг бүрийг сүлжиж бичнэ гэж бодсон юм. Энэ бодлоос улбаалаад нэг дүрийн маань нэр Шагундала гээд л ороод ирсэн” хэмээн Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Үзэг цаас нийлүүлж, яруу найргийн ертөнцөд өөрийн гэсэн орон зайгаа үлдээж буй зохиолчийн хувьд эл роман нь урт хугацааны эрэлхийлэл, уран бүтээлчийн чамбай ажиллагааны үр дүн гэх. Тодруулбал, “Баавгай нэртэй шувуу” туужаа бичиж дуусгасныхаа дараахан хайрын сэдэвтэй нэгэн тууж туурвих сэдэл авснаар энэхүү романы суурь тавигджээ. Анхны санаагаа баяжуулах явцад олон янзын хувилбар, өрнөлийг тархиндаа уралдуулж байсны нэг нь Хөвсгөл далайн хөвөөнд үйл явдал нь өрнөх зохиомж байв. Гэвч зохиолчийн дотор санаа нь тулж, дүрүүд нь бүрэн амь орж, боловсрох хүртэл бүтэн жил гаруйн хугацаа шаардагдсан гэнэ.
Улмаар 2024 оны эхээс хавар хүртэл, цаашлаад 2025 оны хоёрдугаар сараас хавар хүртэлх нийт хагас жил гаруйн хугацаанд тэрбээр бичвэртэйгээ өдөр бүр "ноцолдож", романдаа хамаг анхаарлаа зориулсан байна. Энэ урт амьсгаатай бүтээлийн ажилд бүрэн төвлөрсөн тул зохиолч эл хугацаанд шүлэг ч бичиж амжилгүй, бүх бодол, эргэцүүлэл, сэтгэлзүйгээ ухамсаргүйгээр зөвхөн роман руугаа чиглүүлжээ.

ЯАГААД УНШИХ ВЭ?
Төвөггүй, хөнгөн уншигдах хэмнэл
Энэхүү роман нь урт үргэлжилсэн, нуршуу хүүрнэлээс зайлсхийж, үйл явдлыг дүрүүдийн өнцгөөс богино хэсгүүдээр өрнүүлснээр онцлогтой. Тус шийдэл нь эргээд уншигчид ямар нэгэн чилэх, чилээх мэдрэмж өгөхгүйгээр өгүүлэмжийн гүнд амархан орох боломж олгох шиг санагдлаа. Булгилсан их үйл явдлын дунд төөрөхгүйгээр дүр бүрийн дотоод ертөнц рүү хоромхон зуурт яваад орчихдог нь номыг нэг суултаар уншихад тус болов.
Мэргэжлийн нарийн шинж ба мэдрэмжийн нандин дүрслэл
Зохиолч дүрүүдийнхээ ажил мэргэжил, амьдрах орчныг гадарлаж бичсэнгүй. Яг л өөрөө өдөр бүр тухайн ажлыг хийдэг, тэр орчинд нь амьдардаг мэт нэвт шувт, тун нарийн мэдэж буй нь бичвэрээс мэдрэгдэнэ. Тэрхүү мэргэжлийн деталиудаас үүдэн бий болох сэтгэлзүйн өнгө өнгийн, нарийн нандин мэдрэмжүүдийг тов тодорхойлж өгсөн нь уншигчид бодит бөгөөд амьд сэтгэгдэл үлдээж чадахуйц.
Энэ романы нэг гол өгүүлэмжийн шугам нь уран бүтээлч хүмүүсийн дотоод ертөнц. Миний арай илүү илэрхийлж, дүрийнх нь сэтгэл зүйг тод гаргаж чадах хүмүүс гэвэл уран бүтээлчид байж болмоор санагдаад ингэж шийдсэн. Роман маань реалист хүүрнэлтэй, эгэл жирийн залуусын тухай мэт боловч бүх өрнөл, зөрчил нь дүрүүдийн сэтгэл зүйн гүнд бий.
2025-05-17-нд Өдрийн сонинд нийтлэгдсэн ярилцлагын хэсгээс…
Хайр дурлал ба эдгэрэл тайтгарал
Хүн бүр өөрийн замаар хайрыг эрэлхийлж, эргээд тэрхүү хайраас ирэх шарх, шаналлыг хэрхэн туулж эдгэрдэг вэ гэдгийг харуулснаараа энэ ном сэтгэлд ойр тусаж мэдэх юм. Магад мартагнан байсан тэр дурсамжийг тань сануулж болох. Аль эсвэл мэдэрч ч амжаагүй хагацлыг төсөөлүүлж дөнгөх байх. Ямартай ч энэ бүтээлээс хайрыг ч тэр, хагацлыг ч тэр мэдрэх нь лавтай.

Уран бүтээлч залуусын дотоод ертөнцийг нээх боломж
Бидний эргэн тойронд оршин буй уран бүтээлч залуус хэрхэн сэтгэж, ямар зөрчил туулж, тэдний бүтээх үйл явцын цаана сэтгэлзүйн ямар эвдрэл, эдгэрэл явж байдгийг ойроос харах боломжтой. Уран бүтээлч хүн бусадтай ижилгүй дотоод ертөнцтэй байдгийг эрх биш уншигч та ч бас нэг бус удаа мэдэрч байсан биз ээ. Үүний сацуу уран бүтээлч хүний дэргэд аж төрөх, түүний хань түшиг болох, урам зориг нь байхын хэцүү бөгөөд сайхан талыг ч мэдрэх нь дамжиггүй.

УНШИГЧИЙН СЭТГЭГДЭЛ
Зохиолч хүн бодолдоо юу тээж явдаг болоод дотроос нь ийн дүрүүд амилж, бүр амьдарч үхэж байдаг юм бол? Аль эсвэл амьдралынх нь аль нэг үед өөрт нь тохиосон, магад бүр зүүд нойронд нь үзэгдсэн үйл явдлууд байдаг юм болов уу? гэх асуултууд ямар ч роман, тууж уншсан бай надад төрдөг юм. Харин үүнд номон дундаа зохиолч өөрөө хариултыг нь дүрийнхээ амаар хэлсэн удаатай. Хэрхвэл өөрийн хувьд ч, өрөөлийн хувьд ч сайн бүтээл төрдөг болохыг ийн бичжээ.

Номыг унших явцад сэтгэлзүйн тэс өөр хоёр мэдрэмж нэгэн зэрэг хавсарч байв. Нэг талаас хамтдаа удаан явсан хосын дундах хайр дурлалын дөл аажмаар хөрж, хөндийрч буйг мэдрэн гунигийн сүүдэр тусах ч, өөр нэг талд өөр хоёр сэтгэлд шинэхэн дурлалын оч харван, догдлол үүсэж буйд зүрх догдлох аж. Энэхүү эсрэгцэл нь уншигчийг сэтгэлзүйн сонирхолтой давалгаан дунд хөтөлж байлаа.

Хайр сэтгэлийн тухай олон зохиол бий. Учирдаг, хагацдаг, дахин учирдаг... Яг л нэг загварт оруулсан мэт тэр олон ижил үйл явдлуудаас энэ зохиол юугаараа өөр байж чадах вэ? Зохиолч цаашид энэ хоёр гол дүрийн учрал замналыг нэгтгэх болов уу, эсвэл огт өөр зүгт чиглүүлэх болов уу гэх хүлээлт номын төгсгөл хүртэл намайг амраасангүй. Магад бидэнтэй зэрэгцэн оршиж буй мэт эгэл дүрүүдтэй учраас тэдний сонголт, алхам бүр нь миний л туулж явсан эсвэл туулахаас эмээдэг мэдрэмжүүдтэй ойр туссан байж болох юм. Энэ хайрын романаас илүү нь ч бий, дутуу нь ч бий биз ээ.

Хайрлахын нэр нь ерөөс хайртай хүнийхээ дэргэд чин үнэнээр өөрийгөө мэдрэх, ямар нэг нуулт хаалт үгүйгээр өөрөөрөө оршин байхын тухай болов уу гэх анирхан эргэцүүлэл номыг хаасны дараа ч сэтгэлд тунаж үлдлээ. Нөгөөтээгүүр, романы гол дүрүүд, ялангуяа эрэгтэй дүр нь сэтгэлээ нээлттэй илэрхийлэх зориггүй, нэг л их хүлцэнгүй, сул дорой мэт санагдсан нь уншигчийн хувьд заримдаа бухимдалтай, давчидмаар санагдаж байсныг нуух юун. Бидний эргэн тойронд өдөр бүр тааралддаг эгэл дасал болсон эдгээр бодит амьдралын үнэн төрхийг өөр байгаасай хэмээн хүсэж байлаа. Тиймдээ ч номын дүрүүд бүх зүйлээ тодорхой илэрхийлээд цэг тавибал цэг тавиад, гараас нь атгаад цааш алхвал алхаасай гэх хүсэл төгсгөл хүртэл төрж байв. Мэдээж энэ бол надад л төрсөн сэтгэгдэл буюу.


