2025 он дуусахад хэдэн арван цаг л үлджээ. Энэ онд монголчууд бид урьд өмнө нь байгаагүйгээр эвлэлдэн нэгдэж бас хагаралдан бутарсан шиг санагдана.  

Бид сошиалын сенсацдаа сэнсэрч, хоёр туйл руугаа улам л холдож, хэн нэгэндээ элдэв хоч өгч, дэлгэцийн цаанаас хэрэлдэх нь нийтлэг ч дэлхийд амжилт гаргасан залуусаа хараад сэтгэл нь зөөлөрч, бие биедээ сайн сайхныг хүсэх аж. Тоосоо гартал зодолдож, тосоо гартал тэврэлдэнэ гэдэг нь энэ бололтой. 

Ирэх жил ч энэ байдал улам л хурц болох шинжтэй. Гагцхүү бид түр зуур амсхийгээд, гар утсаа холдуулж, сошиалаа хаагаад өөрийн амьдралыг эргэцүүлээд нэг бодвол эерэг өөрчлөлт гарч магадгүй юм. Он солигдох мөчийг хүлээж, хаа сайгүй догдлол, дурсамжид автан суугаа энэ өдрүүдээс өөрөөр эргэцүүлэн бодоход тохиромжтой үе тохиохгүй биз ээ. 

Тиймээс бид энэ удаагийн дугаараа “Сониноо эргүүлж, Оноо эргэцүүлье” хэмээн нэрлэж, ТэнГэр ТВ-ээс эхлүүлсэн жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-нийг “Үндэсний Эргэцүүлэх Өдөр” болгох санаачилгад хүч нэмэхээр шийдсэн юм.

Баярын ширээгээ тойрон сууж, амттай хоолоо зооглон суух эдгээр өдрүүдэд зүгээр нэг баярлаад өнгөрөх бус бага ч атугай эргэцүүлж, бодож өнгөрүүлцгээе.

Манай редакцын хувьд эргэцүүлэх ажлаа алдалгүй хийж “Wrapped” нэрийн дор 10 гаруй нийтлэл бүтээж, сонины нэмэлт 16 нүүр хэвлэн уншигч танд илгээлээ. Нэмэлт нүүртэй болсон тул уншигч та бүхний дуртай “Цайны цаг” булангийн хэмжээг хоёр дахин нэмж, дөрвөн нүүр болголоо. Баярын амралтын өдрүүдээр дэлгэцээсээ түр холдож, үзэг балаа бариад үгийн сүлжээгээ бөглөөрэй. 

Үзэг, бал гэснээс 32 нүүртэй уг сонины голын хоёр нүүрэн дээр энэ оноо эргэцүүлэхэд туслах 12 асуултыг хэвлэсэн. Асуулт бүрийг нь уншаад, бичиж тэмдэглэхгүй байлаа ч гэсэн цаг гаргаад бодоод үзээрэй. Эргэцүүлж бодохгүй л бол бидний толгой эргэж гүйцнэ шүү. 

Эцэст нь, энэ оны турш манай редакцын эрхлэн гаргасан 52 дугаар монгол сонин болон 20 дугаар англи сонинтой маань хамт байсан уншигч та бүхэнд гүнээ талархаж байна. Ирэх онд бид илүү ихийг бичиж, уншигч та илүү ихийг унших болтугай. 

Баярын өдрүүдээ сониноо эргүүлж, оноо эргэцүүлж ая тухтай, баяр баясалтай өнгөрүүлээрэй. 2026 онд уулзъя.


НЭМЭЛТ 16 НҮҮР - UNREAD WRAPPED

Ахин нэг жил улиран өнгөрч, дахин нэг удаа сониныхоо шинэ жилийн тусгай дугаарын редакцын зурвасыг бичиж буйдаа тун баяртай байна. Энэхүү тусгай дугаартаа бид “Wrapped” нэрийн дор боож багласан агуулгуудаа хүргэдэг уламжлалтай. Энэ жилээс боож баглах агуулгууд технологийн үйл явдал, шинжлэх ухааны нээлт, сонины онцлох дугаарууд зэргээр арвижсан нь манай редакцын үйл хэргийн бодит илрэл байлаа. Арван жилийн ойгоо угтаад хэдхэн сар болж байгаа бид сэдвийн цараагаа тэлэхийн сацуу агуулгын чанараа сайжруулж, хэлбэрээ олшруулсан он жил байсан нь эдгээр шинэ сэдвүүдээс харагдах биз ээ.

Энэ сонины онцлог нь зөвхөн бид эргэцүүлээд зогсох бус уншигч таныг ч мөн бидэнтэй хамтдаа 2025 оноо эргэцүүлж нэг хараасай хэмээн 12 асуултыг голын нүүрэндээ хэвлэсэн байгааг хүлээн аваарай. Асуултуудад хариулсан сониноо хаа нэг газраа хадгалчихвал дараа нь харахад тун чиг сонирхолтой байна гэдэгт итгэлтэй байна.

Уншигч танд шинэ оны мэнд хүргэе, 2026 онд илүү их уншицгаая.

Энэ оны Wrapped нийтлэлүүдийг энд дарж уншаарай.

түгээлтийн цэгүүд

- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi
- News Cafe