1 гол сэдэв
Юуг онцлов?
2022 оны Нобелийн шагналын эзэд тодорлоо. Нэр хүнд, цар хүрээгээрээ салбар бүртээ хамгийн эхэнд бичигдэх уг шагналыг энэ жил 9 сая крон буюу 800 мянган доллар дагалдаж байгаа гэнэ.
Хэн хэн ялав?
Физиологи ба анагаах ухаан: С.Паабо (Швед)
Неандерталийн геномийг тайлж, хүний хувьслын ойлгоход оруулсан хувь нэмрийнх нь төлөө
Онцлох факт: 40 мянган жилийн настай яснаас ДНХ-г нь гаргаж авах биелэгдэшгүй мэт ажлыг эцэслэж, нэгэн үе хүний өвөгтэй нэгэн цаг үед оршиж байсан, бүр нийтлэг өвөгтэй неандерталын геномийг анх удаа бүрэн тайлсан билээ. Сонирхуулахад, С.Паабогийн эцэг Суне Бергстром 1982 онд мөн энэ салбарт Нобелийн шагнал хүртэж байв.
Физик: А.Аспе (Франц), Ж.Клаузер (АНУ), А.Цайлингер (Австри)
Сүлэлдсэн фотоноор хийсэн туршилтаар Беллийн тэнцэтгэл бишийн зөрчлийг нотолсон мөн квант информацийн шинжлэх ухааныг анхлан үүсгэсэний төлөө олгов
Онцлох: Эдгээр эрдэмтэд А.Эйнтштэйнээс эхтэй квант механикийн маргааныг эцэслэсэн туршилтыг хийж, улмаар квантын сүлэлдсэн төлвийг илрүүлснээрээ өнөөгийн квант компьютер, квант криптографын салбарын эхлэлийг тавьжээ.
Хими: К.Бертоцци (АНУ), М.Мелдал (Дани), Б.Шарплесс (АНУ)
Клик-хими ба биоортогональ химийн шинжлэх ухааныг хөгжүүлснийх нь төлөө
Онцлох: Ангид тусдаа молекулуудыг нэгтгэн хэрэгцээтэй химийн бодис гарган авах загварчлал, аргыг илрүүлснээр хорт хавдар зэрэг олон өвчний эсрэг тэмцэх боломж нээгдсэн гэж үздэг. 2001 онд Нобелийн шагнал хүртэж байсан Б.Шарплесс 2 дахь удаагаа уг шагналыг хүртсэн түүхэн дэх 5 дахь эрхэм боллоо.
Утга зохиол: А.Эрно (Франц)
Хувь хүний дурсамжийн үүсэл гарал, хязгаар болон хагацлыг нь илрүүлэн бичдэг зоригийг нь үнэлэн олгов
Онцлох: Голцуу зохиолч, яруу найрагчдад олгогддог Нобелийн шагнал энэ удаад намтарын чиглэлийн бичээчид очиж байгаа нь энэ. Тэрээр өөрийн амьдралын туршлага, бодит мэдрэмжүүдээрээ дамжуулан үе үеийн нийгмийн онцлог, үнэ цэнийг гэрчлэн үлдээдэг арга барилтай.
Энх тайван: А.Беляцки (Беларус), Иргэний Эрх Чөлөөний Төв (Украин), Мемориал (ОХУ)
Онцлох: Уг шагналыг дайнд оролцогч талуудад олгосон нь санамсаргүй хэрэг биш. Оросын хамгийн том хүний эрхийн байгууллага Мемориал бол дэглэмийг эсэргүүцэж, хэлмэгдэгсдийн дуу хоолой болдог байгууллага. 2007 онд байгуулагдсан Иргэний эрх чөлөөний төв ч дайны үеэрх энгийн иргэдийн эсрэг гэмт хэргийг баримтжуулахад онцгой хүчин чармайлт гарган ажилаж буй юм.
2 чухал тоо
1.000.000 - Facebook 400 гаруй жижиг апп-аар дамжуулан хэрэглэгчдийн хувийн мэдээлэл алдагдсан байж болзошгүйг анхаарууллаа. Одоогоор 1 сая орчим хэрэглэгч өртсөн байж магадгүй гэнэ. Google, Apple-ийн зүгээс тоглоом, зураг засагч голцуу эдгээр апп-уудыг платформоосоо хассан гэдгээ мэдэгджээ.
570.000.000 - Дэлхийн хамгийн том крипто биржүүдийн нэг Binance халдлагад өртөж, 570 сая доллартай тэнцэхүйц токеныг алдсан гэдгээ зарлалаа. Үүнтэй холбоотойгоор тус биржийн суурилдаг блокчэйн сүлжээ BNB Chain-ийн үйл ажиллагаа хэсэг хугацаанд тасалдсан байна.
3 онцлох өгүүлбэр
I. Google шинэ төхөөрөмжүүдээ танилцууллаа
- Энэ намрын хамгийн өндөр хүлээлттэй байсан төхөөрөмж нь Pixel 7 байв. Шинэ загвар Tensor 2 чипээр тоноглогдсоноор хүчин чадал нь мэдэгдэхүйц нэмэгдэж, сельфи камера нь 10.8 мегапиксел болон сайжирч, батарейгаа 3 өдөр хүртэл хадгалах боломжтой болсон байна. Pixel 7-ийн хувьд 599 доллараас борлуулагдаж эхлэх бол Pixel 7 Pro-ийн хувьд илүү өргөн дэлгэц, илүү хүчирхэг камертайгаар эргэн иржээ.
- Гэхдээ энэ өдрийн гол анхаарал Google-ийн анхны Pixel брэндийн ухаалаг цаг Pixel Watch руу чиглэв. FitBit-ийн эрүүл мэндийн функцүүдийг шингээсэн, Samsung-ийн Exynol 9110 чиптэй, Gorilla Glass 5 дэлгэцтэй уг цаг 349 доллараас эхлэн зарагдана. Зөвхөн хэрэглээ төдийгүй дизайны хувьд зах зээл дээр хүчтэй өрсөлдөгч болох магадлал өндөр байна.
- Тэрчлэн Google ирэх жил худалдаанд гарах Pixel Tablet-ийн анхны мэдээллээ ил болголоо. Цагаан, нөгөөн өнгөтэй гарах таблет нь бүтээмж нэмэх хэрэглээ, видео дуудлагад анхаарах аж. Энэ үеэр Google Андройд үйлдлийн системийн хэрэглэгчийн интерфэйс, харагдах хэсэгт оруулсан зарим дизайны шинэчлэлүүдээ танилцуулсан юм.
II. И.Маск Twitter-ийг худалдаж авна
- Дэлхийн хамгийн чинээлэг эрхэм Илон Маск бодлоо дахин өөрчилж, Twitter-ийг худалдаж авах хүсэлтээ дахин илэрхийллээ. Тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сард компанийн 9 хувийг худалдаж авсныхаа дараахан 44 тэрбум доллараар бүтнээр нь авах саналыг илгээгээд байсан юм.
- Гэсэн ч хэлцэл үргэлжилж байх үед тэрээр саналаасаа буцаж байгаагаа зарласан нь бөөн шуугиан дэгдээсэн. Уг шийдвэрийн гол шалтгаанаа Twitter бот, спам аккоунтын тоогоо нуун дарагдуулсан, хөрөнгө оруулагчийг хангалттай мэдээллээр хангаагүй хэмээн тэр тайлбарласан юм. Twitter-ийн зүгээс үүнийг эсэргүүцэж, худалдан авалт үргэлжлүүлэх зорилгоор шүүхэд өгөөд байсан билээ.
- Улмаар товлогдсон шүүх хурлын өдрөөс ердөө 2 хоногийн өмнө тэр бодлоо дахин өөрчилсөн нь энэ. Үүнээс өмнө журам ёсоор түүний текст мессеж зэрэг хувийн мэдээллүүд ил болоод байсан юм. Шүүхээс түүнд аравдугаар сарын 28-аас өмнө худалдан авалтаа дуусгах үүргийг өгсөн бөгөөд биелүүлээгүй тохиолдолд ирэх сард дахин хуралд дуудна гэдгээ мэдэгджээ.
III. Украин хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулах хүсэлт гаргалаа
- Тус улс 2030 оны дэлхийн аваргыг Испани, Португал улсуудтай хамтран зохиох төлөвлөгөөтэй байгаа юм. Одоогоор талууд хэрхэн тоглолтоо хуваах, Украины ямар хотуудад тэмцээн явагдах талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.
- Одоогоор 2030 оны ДАШТ-ийн эрхийн төлөө Морокко улс дангаар, Египт, Грек, Саудын Араб улсууд хамтран өрсөлдөж буй. Тэрчлэн анхны дэлхийн аварга явагдсаны 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан анхны дэлхийн аварга Уругвай улс Өмнөд Америкийн Аргентин, Чили, Парагвай улсуудтай хамтран нэрээ дэвшүүлээд байгаа билээ.
- Хоёрдугаар сараас хойш ОХУ-тай дайтаж буй Украин улс 2012 онд Европын аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авч байсан удаатай. Мөн Киевийн Олимпын цэнгэлдэхэд 2018 оны Аваргуудын лигийн финал явагдаж байсан билээ. УЕФА-ийн зүгээс эцсийн шийдвэрээ 2024 онд гаргах хуваарьтай.
4 мэдүүштэй зүйл
Дрон зэвсэг: VR технологийн анхдагч Oculus-ийг үндэслэгч Палмер Лакигийн байгуулсан Anduril анхны бүтээгдэхүүнээ зарлалаа. Батлан хамгаалахын технологи хөгжүүлэгч тус компани автомат удирдлагатай тэслэгч дрон бүтээж байгаа гэнэ. П.Лакси 16 настайдаа эхлүүлсэн Oculus-ийг 6 жилийн дараа Facebook-т 3 тэрбумаар зарж байсан билээ.
Ухаалаг сав: Gatorade гар утасны апп-тай хослон ажиллах ухаалаг усны саваа танилцууллаа. 70 долларын үнэтэй уг төхөөрөмж нь хэрэглэгчийн алхалт, дасгал хөдөлгөөн дээрээс үндэслэн ус уух хэрэгцээг нь тогтоож, дохио илгээдэг давуу талтай гэнэ.
Жаран секунд: Лондоны их сургуулийн эрдэмтэд 60 секундын дотор тухайн өвчтөний зүрхний шигдээс, цус харвах эрсдлийг тогтоох програм бүтээжээ. Тэдний хөгжүүлсэн хиймэл оюун хүний нүдний торлог бүрхэвчийг гүйлгэж скан хийснээр оношоо гаргадаг гэнэ. Тэд 40-89 насны 100 мянга орчим өвчтний шинжилгээг машинд сургажээ.
Видео бүтээгч: Google текстээс видео бүтээгч "Imagen" нэртэй AI төслөө танилцууллаа. Өнгөрсөн долоо хоногт Facebook яг ижил AI-аа зарлаад байсан юм. Google-ийн хувьд хэрэглэгчдийн хүссэн өгүүлбэрээс гарах видео нь илүү дүрслэлийн чанартай байна хэмээн амалж байна.

5 сонин хачин
1. К.Бэйл, М.Робби, К.Рок, З.Салдана, Т.Свифт зэрэг оддын тоглосон "Amsterdam" нээлтээ хийж, бокс оффисын 3-р байрт бичигдлээ. 80 сая долларын өртөгтэй уг кино эхний долоо хоногтоо 15 сая орчим долларын орлого олсон нь чамлахуйц үзүүлэлт. Өнгөрсөн долоо хоногийн лидео "Smile" дахин жагсаалтыг тэргүүлсэн бол Б.Уаберийн хүүхдийн зохиолоос сэдэвлэсэн "Lyle, Lyle, Crocodile" 2-р байрт жагсчээ.
2. Instagram хэрэглэгчийн профайл болон "Explore" цэсэнд зар сурталчилгаа байршуулах сонголтыг нээлээ. Meta-ийн борлуулалтын орлого өнгөрсөн улиралд түүхэндээ анх удаа буурсантай холбоотойгоор тэд орлогын шинэ сувгуудыг үүсгэхийг эрмэлзэх болсон. Үүнээс өмнө тэд "Reels" хэсэгт мөн богино видео болон AR рекламыг нэвтрүүлээд байсан юм.

3. Tesla удтал хүлээлгэсэн цахилгаан хөдөлгүүрт ачааны машины үйлдвэрлэлээ эхлүүллээ. Нэг цэнэглэлтээр 800 км замыг туулах чадвартай, бүтэн ачаатай үедээ 20 секундын дотор 100 км/цагийн хурд авах боломжтой гэнэ. Уг загварын эхний 100 машиныг Pepsi дөнгөж зарлагдангуут буюу 2017 онд захиалж байсан билээ.
Excited to announce start of production of Tesla Semi Truck with deliveries to @Pepsi on Dec 1st! https://t.co/gq0l73iGRW
Thu Oct 06 23:50:57 +0000 2022
4. Дэлхийн хамгийн нууцлал сайтай, найдвартай чат апп-д тооцогдох болсон Signal стори нэмэлт туршиж байна. Уг нэмэлт нь Snapchat, Instagram-тай ижил 24 цагийн хугацаанд харагдахуйц тохиргоотой байх гэнэ. Гол ялгарал нь хэрэглэгч зөвхөн найзуудаасаа гадна өөрийн харьяалагддаг чат группүүдэд тусгайлан стори оруулах боломжтой байх нь бололтой.

5. Twitter видео, GIF, зурган контентыг нэг дор нэгэн зэрэг жиргэх боломжийг албан ёсоор нээлээ. Өнгөрсөн хавраас эхлэн туршигдаж байсан уг нэмэлтийн хүрээнд хэрэглэгч 4 хүртэлх файлыг хавсаргаж оруулах эрхтэй болж буй. Үүнээс гадна тэд дэлгэц дүүрэн видео форматыг нэвтрүүлж, төстэй видеог шууд үргэлжлүүлэн үзэх байдлаар тохируулжээ.
Get ready to mix it up with visuals on Twitter. You can now add a combination of media to your Tweet on Android an… https://t.co/HmPvZKd0LA
Wed Oct 05 18:35:45 +0000 2022
10 унших мэдээ
Хүлээх: 741 жилийн настай Монголын усан онгоцыг олжээ /Mainichi/
Амлах: Робот бүтээгчид нэгдэж амлалт өглөө /Axios/
Сонирхох: Дэлхийн анхны хүн бордооны лаборатори /The Verge/
Аялах: Метаверст өнгөрүүлсэн 24 цаг /NYTimes/
Гайхах: TikTok-ийн толгой компани 7 тэрбумын алдагдалтай /WSJ/
Анхаарах: Крымийн гүүрэнд цохилт өглөө /BBC/
Ойлгох: Ж.Байден мариуханы хэрэгтнүүдийг өршөөнө /CNBC/
Төсөөлөх: Жолоочгүй машины 100 тэрбумын хоосон мөрөөдөл /Bloomberg/
Турших: Fast Company хакдуулав /FC/
Унших: Fandom контент зөвлөмжийн брэндүүдийг нэгтгэлээ /Variety/

Сэтгэгдэл бичих

