Ковер зургийн эх сурвалж: Axios
Axios
1 гол сэдэв
Юу болов?
Орон нутгийн цагаар мягмар гарагийн 22:30 цагийн орчимд БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёл улс орон даяар гэнэтийн мэдэгдэл хийж, цэргийн онц байдал зарласан нь дэлхий нийтийг цочроолоо. 6 цаг орчим үргэлжилсэн онц байдал парламентийн гишүүдийн санал хураалтын дараагаар өндөрлөсөн. Тэрээр улс төрийн үйл ажиллагааг хориглож, парламентийн ордноо бүсэлсэн ч олон нийтийн дэмжлэгтэйгээр 190 гишүүн дотогш нэвтэрч, санал хураалтад оролцон, 100%-ийн саналаар онц байдлыг цуцлах шийдвэрийг гаргажээ. Энэ бол тус улсад 1980 оноос хойш анх удаа онц байдал зарласан тохиолдол болжээ.
Яагаад?
“Улс төрийн амиа хорлолт” хэмээн нэрлэгдэх болсон уг шийдвэрийн үр дагавар, хохирлыг тэрээр маш сайн мэдэх учиртай нэгэн. Ерөнхий прокуророос ерөнхийлөгч болсон түүний нэр хүнд тасралтгүй уруудаж, нам нь парламентад олонх болж чадаагүйн улмаас төсвөө тануулж, сайд нараа удаа дараа алдах болсон тэрээр “Хойд солонгосын хүчнээс улс орноо хамгаалах, төрийн эсрэг гэмт хэргийг таслан зогсоох зорилгоор” хэмээн шийдвэрээ тайлбарласан. Түүний эхнэрийг улс төрийн томилгоонд нөлөөлсөн, үнэтэй бэлэг авсан хэмээн тусгай ажиллагаа эхэлж байгаатай зэрэгцэн энэ шийдвэр гарсан нь ч хардлага төрүүлж байна.
Одоо яах вэ?
Сөрөг хүчин Ардчилсан намаас гадна хэдэн арван мянгаараа гудамжинд жагсаж буй ард иргэд түүнийг огцрохыг шаардсаар байна. Гэсэн ч тэр өөрийн хүсэлтээр ажлаа өгөхгүй гэдгээ гүлдийж, дөнгөж гурав хоногийн дараа олон нийтээс уучлал гуйв. Парламентийн гишүүдийн гуравны хоёрын саналаар түүнийг огцруулж болно. Гэхдээ сөрөг хүчний намуудад шаардлагатай 200 саналыг цуглуулахын тулд ерөнхийлөгчийн намаас 8 гишүүнийг “урвуулах” хэрэгтэй болсон. Бямба гарагт болсон эхний санал хураалт бүтэлгүйтсэн. Ирэх долоо хоногт дахиад энэ асуудлыг хэлэлцэнэ.
2 чухал тоо
104.000 - Биткойны ханш анх удаа 100 мянгыг давлаа. Энэ бол биткойны ханш он гарснаас хойш 126%-аар өссөн гэсэн үг. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трамп ялсны дараахан 90 мянгын босгыг давсан биткойны рекорд ханш 104 мянган доллар болон бүртгэгджээ. Үүнд зөвхөн сонгуулиас гадна дөрөвдүгээр сард болсон биткойны хагаслал, биткойны ETF арилжаалагдах болсон зэрэг үйл явдлууд нөлөөлж байна.
230.000.000 - Хятадад AI хэрэглэгчдийн тоо 230 саяд хүрчээ. Засгийн газрын тайланд дурдсанаар нийт хэрэглэгчдийн 70 орчим хувь нь AI-ийг хайлт хийх, асуулт асуух, зураг, видео бүтээх зорилгоор ашиглаж байгаа гэнэ. Үлдсэн нь ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх, хувийн туслахыг зориулалтаар хэрэглэж байгаа аж. Хамгийн их хэрэглэгчтэй модель нь Baidu-ийн Ernie Bot байгаа бөгөөд ChatGPT, Gemini-ийн урд бичигджээ. Одоогийн байдлаар зохицуулах байгууллагад бүртгэлтэй 309 AI суурьтай бүтээгдэхүүн зах зээлд ашиглагдаж байгаа ажээ.
3 онцлох өгүүлбэр
I. TikTok-ийн ирээдүй бүрхэг хэвээр үлдлээ.
- АНУ-ын холбооны давж заалдах шатны шүүхээс TikTok-ийг үндэсний аюулгүй байдлын шалтгаанаар хаах бүрэн боломжтой гэсэн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Байдены засаг захиргаа TikTok-ийг Америк дахь бизнесээ зарах эсвэл үйл ажиллагаагаа зогсоох шаардлагыг тавиад байгаа билээ. Тэд TikTok-ийг Америкт бүртгэлтэй 170 сая хэрэглэгчийн хувийн датаг Бээжинтэй хуваалцан зүй бусаар ашиглаж, төрөл бүрийн пропаганда түлхэж байна хэмээн буруутгаж буй.
- TikTok-ийн зүгээс энэхүү шийдвэрийг эсэргүүцэж, үг хэлэх эрх чөлөөг боомиллоо хэмээн дээд шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн. Тус апп-ын толгой компани ByteDance-ийн хувьд зөвхөн Америк дахь бизнесээ салгаж, эх кодоо шилжүүлэх боломжгүй гэдгийг ч зарлаад байгаа. Угаас 200 тэрбум доллараар үнэлэгдэх уг бизнесийг худалдаж авах компани ч бараг олдохгүй. Тэдний хувьд дата төвөө Америкт шилжүүлэх, дататай холбоотой журмаа шинэчлэх зэргээр зохицуулагчдад нийцүүлсэн шийдвэрүүдийг хэрэгжүүлсээр байна.
- Одоогийн байдлаар TikTok-т тавьсан эцсийн хугацаа нь ирэх оны нэгдүгээр сарын 19-өөр дуусна. Өөрөөр хэлбэл Д.Трампын тангаргаа өргөхөөс нэг хоногийн өмнө тэд Америкийг “орхих” ёстой. Гэхдээ ихэнх шинжээчдийн таамаглаж байгаагаар TikTok Трампт найдан, эцсийн хугацааг сунгах талаар ажиллах төлөвтэй байна. Д.Трамп ерөнхийлөгчөөр ажиллах үедээ TikTok-ийг хориглох ажиллагааг эхлүүлсэн нэгэн. Гэхдээ сүүлийн кампанит ажлынхаа үеэр байр сууриа зөөлрүүлж, TikTok-ийг хорих нь Meta-ийн байр суурийг улам хүчирхэгжүүлэх сөрөг үр дагавартай хэмээн сурталчлах болсон юм. Тэрээр энэ зун TikTok-т аккоунт нээж, хэдийнээ 14 сая дагагчтай болоод байгаа билээ.
II. Cyber Monday-ийн борлуулалт рекорд тогтоожээ.
- Арваннэгдүгээр сарын сүүлийн долоо хоног онлайн худалдааны зах зээлийн хамгийн өндөр борлуулалттай үед тооцогддог. Талархлын баяраас эхлэн хар баасан гараг, кибер даваа гарагийн борлуулалтыг нэгтгэн Cyber Week гэж нэрлэх нь ч бий.
- Тэгвэл Salesforce-ийн тооцоогоор уг таван өдрийн нийт борлуулалтын дүн дэлхий даяар 314.9 тэрбумд хүрч, өмнөх жилийнхээс 6%-аар нэмэгджээ. Зөвхөн Америкийн хэрэглэгчид 76 тэрбумын худалдаа хийсэн нь мөн л дээд амжилт.
- Харин Adobe цахилгаан бараа, компьютер, технологийн хэрэгслүүдэд төвлөрөн хямдардаг Cyber Monday-ийг борлуулалт дээд амжилт тогтоолоо хэмээн тунхаглалаа. Энэ жилийн нийт борлуулалтын дүн 49.7 тэрбумд хүрсэн нь энэ бөгөөд үүний 12 тэрбум нь Америкт хийгджээ.
III. Intel-ийн CEO тэтгэвэртээ гарлаа
- Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тус компанийг 2021 оноос удирдаж буй Пэт Гелсингерт удирдах зөвлөлөөс халагдах эсвэл тэтгэвэртээ гарах сонголт өгсөн гэнэ. 18 настайдаа Intel-д дадлагажигчаар орж, 32 насандаа хамгийн залуу дэд ерөнхийлөгч болон дэвшиж, 2001 онд CTO-оор ажиллах болсон П.Гелсингер компаниа түүхэн дэх хамгийн хүнд үед нь орхиж байна.
- Цахиурын хөндийн хамгийн түүхт, нөлөөт компаниудын нэг Intel зөвхөн өнгөрсөн улиралд 16.6 тэрбумын алдагдал хүлээж, борлуулалт нь 54 тэрбум хүртлээ буурсан нь бүгд түүхэн муу үзүүлэлт болсон. Тэд компаниа хоёр хувааж, үйлдвэрлэлийн болон програм хөгжүүлэлтийн чиглэлээр салгах төлөвлөгөөг ч хэлэлцэж буй нь санамсаргүй хэрэг биш.
- Тус компани 15 мянган ажлын байраа цомхотгож, чипний шинэ үйлдвэрлэлийн төслөө зогсоон, 10 тэрбумын хэмнэлтийн төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлээд удаагүй байна.
4 мэдүүштэй зүйл
Цаг уурч: Google-ийн шинэ AI цаг агаарын мэдээг алдаагүй хүргэнэ. GenCast нэртэй уг модель нь Google-ийн домогт DeepMind лабораторийн бүтээгдэхүүн. Тэд уг моделио 15 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэх хамгийн шилдэг хэрэгсэл боллоо хэмээн тодорхойлжээ. Энэ нь цаг агаарын онц аюултай үзэгдлүүдийг урьдчилан таамаглаж, олон сая хүний амь нас, хөрөнгө мөнгийг хамгаалах чухал ач холбогдолтойд тооцогдож байна. Тэд нийт 32 улсын цаг уурын төвтэй хамтран ажилласны үндсэн дээр моделио хөгжүүлсэн юм.
Модем бүтээгч: Apple өөрсдийн модемийг бүтээхийг хүсэж байна. Тэд одоогоор Qualcomm-ийн модемийг ашиглаж iPhone, iPad-ийг сүлжээнд холбож буй. Тэгвэл Apple 2026 он гэхэд энэ хамаарлаас гарч, өөрсдийн нэрийн модемийг төхөөрөмжүүддээ суулгах, бүр цаашлаад Mac, Vision Pro-г 5G интернет, дуудлагад холбохыг зорьж байгаа гэнэ.
Хүчирхэг модель: Meta Llama-ийн шинэ загварыг танилцууллаа. 70 тэрбум парамтертай, гэхдээ зөвхөн текст дуудах боломжтой шинэ моделио тэд илүү хүчирхэг, илүү хямд хэмээн онцолж байна. Llama 3.3-ын техник үзүүлэлт нь хэл ойлгох тал дээр Google Gemini 1.5 Pro, ChatGPT 4o-оос илүү гарсан. Гэхдээ ерөнхий мэдлэг, математик тооцоолол тал дээр хоцорч байгаа юм. Meta-ийн мэдээлснээр Llama моделийг анх гарснаас нь хойш 650 сая хэрэглэгч ямар нэгэн байдлаар туршиж үзжээ.
Дата төв: Meta дэлхийн хамгийн том дата төвийг байгуулна. Тэд AI-ийн хөгжүүлэлтэд төвлөрсөн энэ төсөлдөө 10 тэрбум долларыг зарцуулна гэнэ. Луйзанад байгуулагдах уг дата төвөө тэд цөмийн эрчим хүчээр хангах зорилготой байгаа бөгөөд боломжит станцуудын нөхцлийг судалж байгаа юм. Шинжээчдийн тооцож байгаагаар уг дата төв нь 2030 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх ажээ.

5 сонин хачин
1. 2025 оны онцлох өнгө бол "Mocha Mousse". “Халуун кофе, амтат шоколадны мэдрэмжийг төрүүлж, хүн бүрийг тайтгаруулах увдистай” хэмээн тодорхойлогдсон уг өнгийг 2025 оны өнгө хэмээн Pantone зарлалаа. Сүүлийн 26 жилийн турш ирэх жилийн тренд өнгийг зарлаж буй тус байгууллага анх удаа хүрэн, бор өнгийг сонгосон нь энэ юм. Сонирхуулахад, 2024 оны өнгө Peach Fuzz байсан бол 2023 онд Viva Magenta нэрлэгдэж байжээ.

2. Spotify Wrapped 2024 задарлаа. Дэлхийн хамгийн том аудио стриминг платформ Spotify-ийн уг төсөл тухайн жилийн хамгийн том уран бүтээл, артистуудын тоймыг танилцуулдаг гэж хэлж болно. Энэ жилийн жагсаалтыг Т.Свифт 26.6 тэрбум стримингийн амжилтаар тэргүүлжээ. Түүний энэ онд гаргасан The Tortured Poets Department цомгийн жагсаалтад Билли Айлишийн өмнө гарч мөн манлайлсан байна. Харин хамгийн их сонсогдсон дууны жагсаалтыг С.Карпентерын "Espresso" тэргүүлэв.

3. Оксфордын оны онцлох үг бол "Brain Rot". Орчуулбал тархины ялзрал гэдэг үгийн хэрэглээ өнгөрсөн жилтэй харьцуулахад 230%-аар нэмэгдсэн байна. Сошиалд хэт донтож, чанаргүй бөгөөд хуурамч мэдээллийн нөлөөнд автах үзэгдлийг уг үгээр илэрхийлснээ Oxford-ийн толь бичгийн редакц онцолжээ. Энэ үгийн хэрэглээ TikTok-д, ялангуяа өсвөр насныхны тунд тренд болж байгаа гэнэ.

4. OpenAI 200 долларын бүтээгдэхүүн танилцууллаа. Саяхан ашгийн төлөө болж бүтцээ өөрчилснөө зарлаад байгаа OpenAI 12 хоногийн турш үргэлжлэх хөгжүүлэгчдэд зориулсан эвентээ зохион байгуулж байна. Тэд эхний өдөр сарын 200 долларын төлбөртэй, эргэцүүлэн бодох чадвартай болсон гэгдэх шинэ загвараа ChatGPT Pro нэрийн дор олон нийтэд нээлттэй болголоо. Уг загвар нь зураг, бичлэг тайлбарлах, харилцан ярилцах тал дээр зах зээл дэх бүх загваруудыг тас цохих хэмжээний чадвартай бөгөөд илүү хурдтай, мөн дуу хоолойгоор удирдагдах болжээ. Энэ эвентийн үеэр тэд өндөр хүлээлттэй байгаа, текстээс видео руу хөрвүүлэлт хийх хэрэгсэл болох Sora-аа танилцуулах төлөвтэй байна.
5. Nvidia Вьетнамд хөрөнгө оруулна. Тэд Вьетнамын засгийн газартай хамтран AI-ийн чиглэлээр төрөлжсөн судалгаа, шинжилгээний хүрээлэн байгуулах тохиролцоонд хүрчээ. Талууд Вьетнамыг хиймэл оюуны чиглэлээр бүс нутагтаа тэргүүлэгч, хамгийн том дэд бүтцийг эзэмшигч болгох амбицын дор нэгдэж байгаа нь энэ. Nvidia энэ үеэр тус улсын хамгийн том групп компаниудын нэг VinGroup-ийн эрүүл мэндийн технологи хөгжүүлэгч VinBrain-ийг мөн худалдаж авч байгаагаа зарлажээ.


Сэтгэгдэл бичих

