Энэхүү нийтлэл нь Гэж Юу Вэ? сэтгүүлийн 2025 оны намрын дугаарт багтсан бөгөөд бид тус сэтгүүлийн нийтлэлүүдийг цувралаар уншигч та бүхэнд хүргэж байна. Алдаж боломгүй агуулгуудыг шимтэн уншаарай. Мөн ЭНД дарж гурав дахь дугаарыг урьдчилан захиалах боломжтой.


Манай эриний V зуунд Баруун Ромын эзэнт гүрэн мөхөж, Европт дундад зуун буюу харанхуй зуун эхэлснээр соёл урлаг, философи, шинжлэх ухааны хөгжил 1,000 жил зогссон билээ. Харин энэ үетэй зэрэгцэн Исламын алтан үе эхэлсэн байдаг. Энэ үед Исламын ертөнцөд шинжлэх ухаан, философи, анагаах ухаан, соёл урлаг бүхэлдээ цэцэглэн хөгжиж байв. Аббасидын халиф Харун аль-Рашидын (786-809 он) үед Багдад хотод дэлхийн өнцөг булан бүрээс эрдэмтэн, мэргэд цуглан "мэргэн ухааны өргөө"-г нээж, хүн төрөлхтний бүхий л сонгодог мэдлэгийг араб хэл рүү орчуулж эхэлсэн нь Исламын алтан үеийн эхлэл болсон гэж үздэг.

Мэргэн ухааны өргөө нь номын сан, орчуулгын хүрээлэн, шинжлэх ухааны академи байсан бөгөөд Александрын болон Константинополын номын сангийн сор бүтээлүүдийг араб хэл рүү орчуулдаг байлаа. Улмаар эртний Грек, Ромын үед бүрэлдсэн шинжлэх ухааны сонгодог мэдлэгийг Исламын эрдэмтэд л үргэлжлүүлэн хөгжүүлсэн байдаг. Чухам энэ л алтан үед маш олон гайхамшигтай, агуу эрдэмтэд Исламын ертөнцөөс төрөн гарсны нэг нь роботиксын загалмайлсан эцэг Исмайл аль-Жазари (1136-1206 он) юм.

Хүссэн цагтаа асааж, унтрааж болдог программчлагдсан усан оргилуур, хагас цаг тутам дуугарах усан цаг. Бас зочдод гараа арчих алчуур барьж өгдөг хүний төрхтэй, өөрөө хөдөлдөг автомат зарц байна гээд төсөөлөөд үз дээ. Энэ бүхэн 12-р зууны мусульман зохион бүтээгч агуу Исмаил аль-Жазаригийн гайхамшигт бүтээлүүдийн зөвхөн нэг хэсэг нь юм. Тэрээр орчин үеийн инженерчлэл, гидравлик, бүр роботиксийн хүртэл суурийг тавьсан нэгэн.



зохион бүтээхэд шунан дурлахуй

Исмаил аль-Жазари нь 1136 онд өнөөгийн Туркэд орших Диарбакир хотод төржээ. Уран дарханы хүү болон мэндэлсэн тэрээр залуу насандаа Артукидын хааны ордонд инженерээр ажилд орсон байдаг. Исмаил аль-Жазари Артукидын хааны ордонд 100 гаруй ухаалаг, онцгой төхөөрөмж зохион бүтээжээ. Түүнтэй нэгэн цаг үед амьдарч байсан олон зохион бүтээгчийн бүтээл бараг хадгалагдаж үлдээгүй бол, аль-Жазари өөрийн бүтээсэн гайхамшигт төхөөрөмжүүдийг хэрхэн бүтээснээ нягт, нямбай тэмдэглэж, тайлбарлан үлдээх туйлын дуртай байв.

1206 онд Исмаил аль-Жазари 25 жилийн арвин туршлагадаа тулгуурлан "Ухаалаг механик төхөөрөмжүүдийн мэдлэгийн ном" хэмээн нэрлэгддэг номыг гаргасан юм. Аль-Жазари өөрийн бүтээл бүрийг хэрхэн угсрахыг үзүүлэх нарийн диаграмм, өнгөлөг зураг зурж хавсаргасан байв. Түүний энэхүү ном Туркийн Истанбул дахь Топкапы Сарай музейд хадгалагдаж буй бөгөөд уран сайхны нарийн хийц, үзэсгэлэнтэй зургуудаараа онцгой үнэт бүтээлд тооцогддог.

Аль-Жазаригийн бүтээлүүд эртний Грек, Энэтхэг, Перс, Хятад болон бусад соёл иргэншлийн мэдлэгээс нөлөө авсан байдаг. Түүний зорилго нь зөвхөн өмнөх үеийн агуу зохион бүтээгчдийн өвийг өвлөх бус, улам төгөлдөржүүлэх байж. Мэдлэгийн номын оршилд: "Өмнөх үеийн зарим мэргэд янз бүрийн төхөөрөмж бүтээж, түүнийгээ тайлбарлан үлдээсэн байдаг. Гэвч тэдгээрийг бүрэн төгс хэлбэрт хүргэж чадаагүй, мөн зөв арга замаар хөгжүүлж чадаагүй... тийнхүү үнэн ба худлын дунд эргэлзсээр үлдсэн." хэмээн бичсэн байна.

Тухайн үеийн зарим зохион бүтээгчид бүтээлээ зөвхөн цөөн тооны элит уншигчид ойлгогдохоор зориуд төвөгтэй хэлээр бичдэг байсан бол аль-Жазари түлхүүлэн энгийн үг хэллэг хэрэглэн эгэл ард ойлгоод зогсохгүй өөрсдөө хийж үзэх боломжтой байхаар бичжээ. Аль-Жазари зөвхөн онол, тооцоололд бус, харин бүтээх, угсрах үйл явцад маш их ач холбогдол өгдөг байсан тул зарим судлаачид түүний номыг нэг төрлийн гарын авлага гэж нэрлэдэг.

усан цаг

Түүний хамгийн алдартай бүтээлүүдийн нэг нь усан цаг юм. Энэ цаг нь зааныг хөлөглөж буй хүн байх бөгөөд олон төрлийн амьтдаар дүүргэсэн цамхаг бүхий хийцтэй. Энгийн усан цаг эртний Египет болон Вавилонд байсан боловч аль-Жазаригийн энэхүү бүтээл нь өмнөх үеийн бүтээлийг төгс төгөлдөр болгох гэсэн түүний хүсэл эрмэлзлийг тод илтгэнэ. Учир нь энэ усан цаг нь зүгээр нэг цаг биш, харин хөдөлгөөнт тоглоом шиг ажилладаг байжээ. Хагас цаг тутамд доторх нарийн механизм ажиллаж эхлэх ба эхлээд, хүн дүрстэй жижигхэн бамбарууш шиг дүр нэгэн ган бөмбөгийг авч, лууны ам руу унагадаг. Луу тэр бөмбөгийг залгих мэт харагдах бөгөөд бөмбөг доош унахдаа дотор байрласан хонхыг дуугаргана. Үүний зэрэгцээ, зааны хүзүүн дээр суусан жолооч жижиг алх эсвэл саваагаар зааны толгойг тогших хөдөлгөөн хийдэг. Ингээд харвал энэхүү цаг нь зөвхөн цаг хугацааг заах, хэмжих хэрэгсэл биш, харин олон орны соёлыг шингээсэн өвөрмөц бүтээл (луу нь Хятад, заан нь Энэтхэг) юм.



Анхны-робот

Аль-Жазаригийн бүтээсэн гайхамшгууд дундаас онцгой анхаарлыг татдаг хэд хэдэн бүтээл бий. Эдгээрийг олон судлаач түүхэн дэх хамгийн анхны роботууд гэж үздэг. Хөгжимт хайрцагтай төстэй, дөрвөн ширхэг хөгжимчин хүүхэлдэй суусан завь байх бөгөөд завь усан дээр хөвөх үед автоматаар хүүхэлдэйнүүд хөгжим тоглож эхэлдэг байв. Түүнчлэн бөмбөрчин хүүхэлдэйг өөр өөр хэмнэл тоглох байдлаар программчилж болдог байсан нь тун ч сонирхолтой.

Аль-Жазаригийн бүтээсэн тогос хэлбэртэй усан оргилуурыг маш нарийн хийцтэй гар угаах төхөөрөмж гэж хэлж болно. Тогосын хошуунаас нь ус гоожих ба тосгуур дахь бохир ус дүүрэхэд тогосын доорх хаалганаас алчуур барьсан хүн дүрстэй автомат хүүхэлдэй гарч ирдэг байна.



гидравликийн салбарт бүтээсэн гайхамшгууд

Гинжин шахуургад эргэдэг гол (crankshaft) ашигласан анхны жишээ нь аль-Жазаригийн зохион бүтээсэн сакия гэх систем байсан юм. Энэ систем нь нуур, гол, худаг гэх мэт эх үүсвэрээс ус авч, тариалангийн талбай, усалгааны суваг, эсвэл хотын ус хангамж руу хүргэх зорилготой. Тухайн үедээ эргэдэг гол ашигласнаар ажлын тасалдал багасна гэж тооцсон нь ч зөв байж шахуургын бүтээмж эрс нэмэгдсэн
байна.

Аль-Жазари шүдэн араа болон усны хүчээр ажилладаг хамгийн эртний ус хангамжийн системийг зохион бүтээсэн нэгэн юм. XIII зуунд Дамаскт байгуулсан энэ систем нь хотын сүм болон эмнэлгүүдэд усыг нуураас хүргэдэг байв. Нуурын ус нь халбага хэлбэрийн хүрдийг эргүүлж, шүдэн арааны системээр дамжин ус агуулсан савнуудыг дээш өргөж, хотын сүм, эмнэлгүүд рүү чиглэсэн сувгаар нийлүүлдэг байжээ. Түүний бүтээсэн сакия системтэй төстэй төхөөрөмжүүд одоог хүртэл Дамаск хотод ус түгээсээр байгаа билээ

Исмайл аль-Жазари нь тухайн үеийн Европын шинжлэх ухаанаас хэдэн зуунаар түрүүлсэн хүн байв. Гидравликийн инженерчлэлийн гол бүрэлдэхүүн хэсэг болох конус хэлбэрийн хавхалганы талаарх түүний ажлыг 200 гаруй жилийн дараа Леонардо да Винчи анх судалсан байдаг. Мөн зарим эх сурвалжид Леонардо да Винчи нь Исмайл аль-Жазаригаас маш их урам зориг, нөлөө авсан гэдэг. Исмаил аль-Жазариг амьд ахуй цагт нь Бади аль-Заман (Цаг үеийнхээ хосгүй, давтагдашгүй хүн) хэмээн өргөмжилж, мөн аш-Шейх (эрдэмтэн, хүндэт хүн) гэж хүндэтгэдэг байв.

Аль-Жазариг "Дорнын Леонардо да Винчи" хэмээдэг ч үнэн хэрэгтээ ингэж нэрлэх нь буруу. Харин Леонардо да Винчиг "Өрнийн аль-Жазари" гэж нэрлэх нь зөв байж болох талтай.

Энэхүү нийтлэл нь Гэж Юу Вэ? сэтгүүлийн 2025 оны намрын дугаарт багтсан бөгөөд бид тус сэтгүүлийн нийтлэлүүдийг цувралаар уншигч та бүхэнд хүргэж байна. Алдаж боломгүй агуулгуудыг шимтэн уншаарай. Мөн ЭНД дарж гурав дахь дугаарыг урьдчилан захиалах боломжтой.