Энэхүү нийтлэл нь Гэж Юу Вэ? сэтгүүлийн 2025 оны намрын дугаарт багтсан бөгөөд бид тус сэтгүүлийн нийтлэлүүдийг цувралаар уншигч та бүхэнд хүргэж байна. Алдаж боломгүй агуулгуудыг шимтэн уншаарай.

ChatGPT-д монгол буузны тухай бичих даалгавар өгтөл "хүнсний ногоо бараг ордоггүй", мөн "шар буурцагны сүмсэнд дүрж идэхгүй" гэх мэт тайлбарууд гарч ирэв…

Хиймэл оюун бол асар их өгөгдөл дундаас ерөнхий хандлага, трендийг илрүүлэх зориулалттай технологи. Өгч буй хариултууд нь бичиг болон сэтгэлгээний хэв маягийн хувьд олон нийтийн үзэл бодолтой санал нийлэх хандлагатай. Бичгийн хувьд хэвшил болсон үг хэллэг ашиглаж, улиг болсон санааг санал болгодог. Тиймдээ ч хиймэл оюуныг бичиг болон сэтгэлгээний хувьд "дунджийн технологи" гэж хэлж болно. Хиймэл оюунаар эсээгээ бичүүлж буй оюутнууд, хуримын урилгынхаа үгийг зохиолгож буй хосууд ердийн, байдаг л нэг бүтээлтэй болж буй нь тэр. Гэтэл дээрх буузны тухай ChatGPT-ийн тайлбар миний хувьд ердийн бус байв. Дэлхийн хувьд уг дүрслэл нь энгийн буюу "дундаж" боловч монголчуудын хувьд, жишээ нь малчин авга ахын маань хувьд, энэ нь яах аргагүй хачин, жигтэй дүрслэл.



Авга ахаасаа өвөл орсон цасны хэмжээг асуувал "богийн хоёр хар туруу цас орсон" зэргээр хариулах нь элбэг. Цасыг бог малынхаа турууны өндрөөр хэмжиж буй нь тэр юм. Энэ дүрслэл ChatGPT-ээр гарч ирэх нь юу л бол. Хүнсний ногоог ихээр хэрэглэж заншсан, шар буурцагны сүмсэнд буузтай төстэй хоолыг дүрж иддэг хүний сэтгэлгээгээр бичигдсэн өнөөх монгол буузны тухай тайлбар бол хиймэл оюуны сэтгэлгээ Баруун төвтэй гэдгийн илрэл юм.

ChatGPT-ийн текст автоматаар гүйцээх хэрэгсэл (Text Autocomplete for ChatGPT)-ийг хэрэглэх үед "Миний дуртай хоол бол" гээд харзнавал "пицца" гэж гарч ирэх жишээтэй. Хэд хэдэн судалгаа ChatGPT-ийн энэ төрлийн Барууны соёлын давамгайллыг баримтжуулсан байдаг.

Хиймэл оюун цөөнгүй даалгаврыг хүнээс илүү үр ашигтай гүйцэтгэдэг болсон нь маргаангүй. Гэвч бичих, төсөөлөн бодох даалгавар өгөхийнхөө өмнө бичээч бидний хувьд азнах шаардлага тулгарч байна. Хиймэл оюун өөрөө дунджийн технологи байхаас гадна Барууны сэтгэлгээ давамгайлсан тул хэрэглэж буй хүнээ ч бас энэ сэтгэлгээний хэв маяг руу чирэх нь цаг хугацааны л асуудал юм. Үр дүнд нь дэлхий нийтээрээ ижилхэн сэтгэдэг болох цаг үе хаяанд ирэв.



2024 онд Массачусетсийн Их сургууль 50 гаруй оюутан оролцуулж, ChatGPT-ийн талаарх судалгаа хийжээ. "Баячууд ядууст туслах үүрэгтэй юу?" гэх зохион бичлэгийн даалгаварт ChatGPT ашигласан бүлгийн оюутнууд бүгд "Туслах нь зөв" гэсэн нэг үр дүнд хүрсэн байтал бусад бүлгийн оюутнууд үүрэггүй байх талаар саналыг бага ч болов дэвшүүлсэн байсан юм. Асуудлын гол нь зохиогч нь оюутан өөрөө учраас эсээнийхээ дүгнэлтийг өөрийн бодол, итгэл үнэмшил гэж итгэж буйд байгаа юм.

OpenAI компанийн Ерөнхий захирал Сэм Алтман нэгэн блогтоо "ChatGPT нь урьд өмнөх ямар ч хүнээс илүү хүчирхэг болсон. Олон зуун сая хүн өдөр бүр түүнд түшиглэж, улам чухал ажлуудаа гүйцэтгэж байна" гэж бичжээ. Түүний хэлж байгаагаар хүн машинтай уусан нийлж байгаа ба компанийнх нь хиймэл оюуны хэрэгслүүд хүний тархи гэж нэрлэгддэг энэ хуучин, ноорхой бодох системийг сайжруулж байгаа юм байх.

"САЙН СЭТГҮҮЛЧ ДУНДЖИЙН ТАЛААР БИЧДЭГГҮЙ. ЯАГААД ГЭВЭЛ ХЭН Ч ДУНДАЖ ДЭЭР АМЬДАРДАГГҮЙ ЮМ"

Энэ бол багшийн минь хэлсэн үг. Сэтгүүлч, бичээч, зохиолчид урьд өмнө нь байгаагүй зүйлсийг төсөөлөх дуртай, сэтгэж, бичдэг ажил хийдэг хэнбугай ч дунджаас хол зүйлсийг эрэлхийлдэг. Улам сайн бүтээл гаргахын тулд эрэлхийлсээр ч байх хэрэгтэй. Харин эрэл хайгуул хийхдээ дунджийн технологийг ашиглах нь бидний сэтгэлгээг өөрсдөөс маань хулгайлаад зогсохгүй, хариултууд нь сонин жигтэй санагдаж болно (ийм үед эдгээр нь хэт Баруун төвтэй байж болзошгүйг анхаарах хэрэгтэй).

Би ажилдаа ирэнгүүтээ цахим шуудангаа шалгавал эхний зурвас: "Хиймэл оюуны оффис цаг" байлаа. Мөн түүний яг дор нь Томсон Ройтерс компанийн Ерөнхий захирал Стив Хаскераас ирсэн захиа байх бөгөөд дотор нь "Би бүх ажилчдаа хиймэл оюуныг өдөр тутмын амьдралдаа хэрэглэж хэвшихийг уриалж байна" гэсэн байв. Энэ бол ердийн нэг даваа гаргийн өглөө. Ийм захиа долоо хоног бүр ирдэг юм. Энэ компанийн өгөгдлийн сэтгүүлчийн хувьд хиймэл оюун ашиглах нь миний "үүрэг". Гэвч сэтгэн боддог хүний хувьд хиймэл оюунд өөрийнхөө өмнөөс бүтээлчээр сэтгэх даалгавар өгөхгүй байхыг ч мөн эрхэм үүргээ гэж боддог.