
Энэхүү нийтлэл нь Гэж Юу Вэ? сэтгүүлийн 2025 оны намрын дугаарт багтсан бөгөөд бид тус сэтгүүлийн нийтлэлүүдийг цувралаар уншигч та бүхэнд хүргэж байна. Алдаж боломгүй агуулгуудыг шимтэн уншаарай. Мөн ЭНД дарж гурав дахь дугаарыг урьдчилан захиалах боломжтой.

Та алийг нь авмаар байна вэ?
“200 жилийн өмнө эрчим хүчийг ийм хүртээмжтэй, энгийн зүйл болно гэж хэн ч төсөөлөөгүй. Хэрэв тухайн үед хамгийн ухаантай хүнээс хэзээ нэг өдөр зүгээр нэг товч дарахад л гэрэл асдаг болох уу? гэж асуувал боломжгүй гэж хариулах байсан.”
Neo нэртэй робот гурван сарын өмнө дэлхийн хамгийн шилдэг сэтгэгчид хуран цугладаг TED-ийн тайзнаа тавьсан илтгэлээ ийм асуултаар эхэлжээ. Тэгвэл өнөөдөр танаас асууя л даа. Роботууд, за магадгүй 100 жилийн дараа дэлхийг эзэлж, бидний ажлын байрыг булааж, хүнээс илүү ухаантай болж чадах уу гэж асуувал та юу гэж хариулах вэ? Эргэн тойрноо нэг хар даа. Энэ асуултад “Бараг эхэлчихсэн юм биш үү?” гэж хариулмаар. Учир нь яг одоо роботууд марафонд гүйж байна, бокс тоглож байна, бүжиглэж байна, бүр коктейль хүртэл найруулж байна. Хиймэл оюуны дэвшлийн тусламжтайгаар роботууд илүү ухаалаг болсоор буй. Жинхэнэ утгаараа роботуудын арми айсуй. Иймд ойрын ирээдүйд бидний амьдралыг өөрчлөх, магадгүй биднийг аврах магадлалтай топ 10 humanoid буюу хүн дүрст роботуудтай танилцацгаая.

Улс: Норвеги
Компани: 1x Technologies
Нэр: Neo
Өндөр: 160см
Жин: 30 кг
Хурд: 12км/цаг
Өргөх хүч: 20 кг
Ажиллах хугацаа: 2-4 цаг
TED-ийн тайзнаа илтгэл тавьсан робот. Кофе чанаж, хувцас угааж, тоос соруулж чадна, гэрийн ажилд гарамгай. Гарыг нь хүнийхтэй аль болох ижил байхаар загварчилсан тул чимхлүүр ажлуудыг сайн хийнэ. Уг роботыг зах зээлд борлуулж эхлээгүй ч энэ жилдээ багтаад 100 гаруй айлд туршилтын журмаар ашиглуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Улс: Хятад
Компани: Fourier Robotics
Нэр: GR-2
Өндөр: 175 см
Жин: 63 кг
Хурд: 5 км/цаг
Өргөх хүч: 50-55 кг
GR-2 бол эмчийн туслах. Роботууд хэдэн чиглэлд хөдөлгөөн хийж чадаж байгааг нь хэмждэг Degree of Freedom гэдэг нэгж байдаг. Хүний гарыг бүрэн орлох роботын гар 20 гаруй чөлөөт хөдөлгөөний зэрэгтэй байх ёстой гэж үздэг байна. Гарт нь суурилуулсан зургаан төрлийн мэдрэгчийн тусламжтайгаар объектын хэлбэр, материалыг нь таних, гар барихдаа хүчээ тохируулах, орчны хөдөлгөөнийг мэдэрч ажиллах чадвартай.

Улс: Герман
Нэр: 4NE1
Компани: Neura Robotics
Өндөр: 180см
Жин: 80 кг
Хурд: 5 км/цаг
Өргөх хүч: 100 кг
Герман улсад төвтэй Neura Robotics-ийн бүтээсэн тус робот нь үйлдвэрт юм зөөх, боолт чангалах зэрэг ажлуудыг хийхээс гадна гэрт юм индүүдэх, хувцас угаах, өлгөх, цэцэг услах зэрэг ойр зуурын үйлдлүүдийг гүйцэтгэх чадвартай. Тус стартапын үүсгэн байгуулагч Дэвид Регер компанийн веб хуудсан дээрээ “Ирэх 10 жил хүн бүр хувийн роботтой болно гэдэгт итгэлтэй байна” гэж бичжээ. Түүний энэ таамаглал биелэх эсэхийг 10 жилийн дараа харцгаая.

Улс: АНУ
Компани: Figure
Нэр: HELIX
Өндөр: 167 см
Жин: 70 кг
Хурд: 1,2 м/сек
Өргөх хүч: 20 кг
Ажиллах хугацаа: 5 цаг
Сүүлийн үед роботын салбарт хамгийн их анхаарал татаад буй Figure компанийн 2 дахь загвар бол HELIX. Тэд оны эхэнд OpenAI-тай хамтралаа зогсоож, өөрсдөө роботын хиймэл оюун бүтээхээ зарласан юм. Үр дүнд нь уг робот наад зах нь хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрхэн хадгалах шийдвэрийг өөрөө бие даан гаргах чадвартай болжээ. 2029 он гэхэд 200 мянган ширхэг робот зарж 9 тэрбум долларын орлого олно гэж амласан тус стартап ганцхан жилийн өмнө 1,6 тэрбум долларын үнэлгээтэйгээр санхүүжилт татаж байсан тэд одоогоор 40 тэрбум долларын үнэлгээтэй болжээ.

Улс: Канад
Компани: Sanctuary AI
Нэр: Phoenix
Өндөр: 170 см
Жин: 70 кг
Хурд: 5 км/цаг
Sanctuary AI-ийн роботуудаа сургах стратеги нь хоёр үе шаттай. Эхний шатанд алсын зайнаас нэг хүн роботуудыг удирдаж хөдөлгөнө. Өөрөөр хэлбэл операторын үйлдлийг робот дагаж хийгээд хэрэгтэй мэдээллүүдээ цуглуулах юм. Дараагийн шатанд роботыг автоматжуулах дээр анхаарч тухайн даалгаврыг бие даан гүйцэтгэх чадварыг суулгадаг байна. Тэд роботуудаа хүн ажиллах боломжгүй, хүнд, хортой нөхцөлд эсвэл ажиллах хүч хэт хомс газруудад ажиллуулах төлөвлөгөөтэй байна.

Улс: АНУ
Компани: Apptronik
Нэр: Apollo
Өндөр: 172 см
Жин: 72 кг
Хурд: 12 км/цаг
Өргөх хүч: 25 кг
Ажиллах хугацаа: 4 цаг
Дэлхий дээр нэг эсвэл хоёр үйлдлийг маш сайн хийж чаддаг хэдэн сая робот бий. Харин энэ робот хэдэн арван үйлдлийг хийх чадвартай гэдгээрээ онцлог. Appollo роботын хамгийн анхаарал татауйц хэсэг нь нүд болон амных нь хэсэгт суурилуулсан, роботын хариу үйлдэл, сэтгэл хөдлөлийг харуулах зорилготой LED дэлгэц юм. Apptronik стартап Mercedes Benz-тэй хамтран ажиллах гэрээ байгуулсан тул хэдхэн жилийн дараачаас Apollo роботууд Mercedes Benz автомашиныг бүтээх ажилд дайчлагдах нь ээ.

Улс: АНУ
Компани: Agility
Нэр: Digit
Өндөр: 175 см
Жин: 64 кг
Хурд: 5,4 км/цаг
Нүд: Орон зай мэдэрнэ
Amazon тэргүүтэй компаниудын хэдийн ашиглаад эхэлсэн энэхүү робот нь ложистикийн салбарт хувьсгал хийх зорилготой. Бодит ажлын талбар дээр хэний ч туслалцаагүйгээр алхаж, гүйж, саадыг тойрч чадна. Энэхүү роботын гар нь хамгийн анхаарал татахуйц хэсэг нь. Өвөрмөц гарныхаа тусламжтайгаар агуулахын хайрцгуудыг ийш тийш хялбархан өргөж, зөөж чадна. Энэ жагсаалтад багтсан ихэнх роботуудын адилаар Nvidia-ийн график картыг ашигладаг нь зүгээр ч нэг тохиолдол биш биз ээ.

Улс: АНУ
Компани: Boston Dynamics
Нэр: Atlas
Өндөр: 175 см
Жин: 80 кг
Нүд: Орон зай мэдэрнэ
Салбартаа хамгийн алдартай Boston Dynamics-ийн шилдэг бүтээл бол Atlas. Дэвшилтэт хяналтын систем болон хамгийн сүүлийн үеийн эд ангиудаар тоногдлогдсон тул гүйх, харайх гэх мэт бие тамирын нарийн хөдөлгөөнүүдийг төвөггүйхэн хийж чаддаг болжээ. Магадгүй энэ жагсаалтад байгаа роботуудаас олимпод өрсөлдөх чадамжтай цор ганц робот нь Atlas. Өнгөрсөн хавар тус роботын шингэн, хийн даралтын хүчээр хөдөлдөг байсныг бүрэн цахилгаан руу шилжүүлсэн нь түүхэн шинэчлэл болсон билээ.

Улс: Хятад
Компани: Unitree
Нэр: H1
Өндөр: 180 см
Жин: 47 кг
Хурд: 3.3 м/сек
Хүн дүрст роботууд дундаасаа хамгийн хурданд тооцогдож буй уг робот арагшаа бүтэн эргэж үсэрч чадах ба зөвхөн энэ үзүүлэлт нь л бусад роботуудаас тэс өөр түвшинд хөгжөөд буйг харуулна. H1 үүнийг өөрсдийн хөгжүүлсэн цахилгаанаар ажилладаг үений моторын тусламжтай хийж чаджээ. Мэдээж хамгийн том давуу тал бол та яг одоо уг роботыг худалдан авах боломжтой. Үнэ нь 90.000 доллар. Төсөр үнэтэйг хайж байвал 6,000 долларын үнэтэй R1-ийг санал болгоё.

Улс: АНУ
Компани: Тесла
Нэр: Optimus 2
Өндөр: 180 см
Жин: 47 кг
Хурд: 8 км/цаг
Өргөх хүч: 68 кг
Tesla мэдээж давуу талаа ашиглаж, хиймэл оюун болон автомат жолоодлогынсистемээ Optimus роботын хөгжүүлэлтдээ шингээжээ. Мөн Optimus Tesla-гийн цахилгаан машинуудад ашигладаг батарейгаар ажиллана. Ингэснээр удаан хугацаанд үйлдвэрлэлийн нөхцөлд ажиллаж чадах тус роботын Gen2 буюу хоёрдугаар үе нь өнгөрсөн онд танилцуулагдсан. Энэхүү шинэ загвар өмнөхөөсөө 30 хувиар илүү хурдан алхаж чадах бөгөөд хуруун дахь шинэ мэдрэгчүүдийнхээ тусламжтайгаар өндөг гэх мэт эмзэг объектуудтай ажиллаж сурчээ.

Сэтгэгдэл бичих

