Технологийн салбарт хоёр ид шидтэй компани байна. Нэг нь ChatGPT-г бүтээгч OpenAI. Нөгөөх нь ChatGPT-г ажиллуулах, түүний тооцоолох системийг бүтээгч Nvidia. Бүтэн жилийн турш тус компанийн хамтрал, шийдвэр, шинэ бүтээгдэхүүн болгон ямар нэг байдлаар хөрөнгийн зах зээлд хөдөлгөөн авчирч байлаа. Хиймэл оюуныг бүтээх өрсөлдөөн улам бүр ширүүсэж байгаа ч OpenAI тэргүүн эгнээнд нэрлэгдсэн хэвээр.

Учир нь 2025 он бол OpenAI-ийн хувьд барьцаа улам ахиулсан жил байв. Тус компанийн гүйцэтгэх захирал Сэм Алтман өнгөрсөн жил 7 их наяд долларын хөрөнгө оруулалтын талаар ярьж, хэсэгтээ л олны доог тохуу болж байсныг уншигч та санаж буй биз ээ. Гэтэл өнөөдөр тэрээр 1.4 их наяд доллароор үнэлэгдэх цогц төлөвлөгөөг гартаа атгаж байна.

Nvidia-гийн гүйцэтгэх захирал Женсен Хуан “Хиймэл оюун бол эрчим хүч, чип, дэд бүтэц, моделиуд, апп/платформууд бүхий 5 давхаргат бялуу юм” хэмээн тодорхойлсон байдаг. Харин өдгөө OpenAI-ийн хувьд эдгээр давхарга бүрд хүрч ажиллаж байгаа бөгөөд бид энэхүү нийтлэлдээ тэрхүү цогц төлөвлөгөөг цомхон байдлаар уншигч танд танилцуулъя.

Бүтээгдэхүүн

Atlas: Хиймэл оюунд суурилсанд веб хөтчийн эрин үе эхэлж байна. 20 гаруй жил нам гүм байсан энэ зах зээлийг хиймэл оюун л хөдөлгөж чадлаа. OpenAI Atlas нэртэй өөрсдийн веб хөтчийг танилцуулсан бөгөөд энэ бүтээгдэхүүн нь цахим шуудан бичих, бичвэрийн агуулгыг “базах”, веб хуудас дээр ажиллах чадвартай.



Sora 2: Апп хувилбар нь дэлхий нийтийг байлдан дагуулж буй. Хэдхэн секундын дотор сошиал форматаар бичлэг үүсгэдэг болсон нь богино хугацаанд сошиал медиаг хуйлруулсан явдал болсон юм. Магад уншигч та ч бас Sora 2-оор бичлэг бүтээлгээд амжсан биз ээ.



ChatGPT Agent: Хиймэл оюуны дараагийн том давлагаа агентийн системүүд оны эхнээс хүч түрэн орж ирэв. OpenAI ч өөрсдийн хувилбарыг танилцуулсан ба тэднийг онлайн захиалга хийх, хүнсээ цуглуулах, судалгаа зэрэг олон үйлдэлд ашиглах боломжтой.



Agent Kit: Өөрт тохирсон хиймэл агент бүтээх иж бүрэн хэрэгсэл.



IO: Ирэх онд тус компани iPhone-ы дизайныг бүтээсэн нэрт дизайнер Jony Ive-тай хамтран анхны төхөөрөмжөө гаргах гэж байна.

Хиймэл оюуны загварууд

GPT 5.2: Энэ жил ChatGPT “докторын түвшний мэдлэгтэй” гэж тодорхойлсон тавдугаар үеийн хувилбар руугаа шилжив. Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт ажил хэрэгт илүү тохирох хиймэл оюуны загвар гэж нэрлэсэн GPT 5.2-г мөн танилцуулсан билээ.

ChatGPT Image: Илүү нарийн деталуудыг харуулж чаддаг болсон бөгөөд үүсгэсэн гэрэл зургуудийг нь бодит зургаас ялгахад улам л хэцүү болжээ. Энэ бол OpenAI-ийн зүгээс Google-ийн Nano Banana-д барьж буй хариу юм.

Дэд бүтэц

Хамгийн хүчирхэг дэд бүтцийг атгасан нь хиймэл оюуныг түүчээлэх эцсийн ялагч болно. Технологийн салбарт хүчтэй яригддаг хэдэн зарчмын дагуу OpenAI клауд салбарын бүхий л томчуудтай энэ жил гэрээ байгуулж амжив. Тухайлбал,



  • Nvidia дата төв, хиймэл оюуны дэд бүтцийн ажилд 100 тэрбум долларын хөрөнгө оруулна. Тус дэд бүтцийн ажилд 10 гигаватт-ын эрчим хүч шаардагдаж буй бөгөөд 4-5 сая GPU ашиглах аж.
  • OpenAI 6 гигаватт эрчим хүч шаардагдах дэд бүтцэд AMD-ийн GPU-г ашиглахаар болов. Нэг гигаваттын эрчим хүчний дэд бүтэц гэхэд л 50 тэрбум доллар болно гэж тооцоолдог билээ.
  • ChatGPT-г ажиллуулахын тулд гол өрсөлдөгч Gemini-ийн дэд бүтэц Google Cloud-ийг ч ашиглахаар тохиролцов.
  • Oracle, Softbank-тай хамтран 500 тэрбум доллароор үнэлэгдэх Stargate төслийн дэд бүтцийн ажлыг эхлүүлээд байна. Эхний дата төвүүд хэдийн баригдаад эхэлжээ.
  • Гол өрсөлдөгч болох Anthropic-ийн хөрөнгө оруулагч Amazon-ы AWS клауд үйлчилгээг 10 тэрбум доллар төлж ашиглах гэнэ.
  • Microsoft Azure хэмээх клауд платформ дээр анх ChatGPT төрж, хиймэл оюуны давлагаа эхэлж байлаа. Одоог хэр нь хамгийн чухал дэд бүтэц нь хэвээр буй.

Чип

Хиймэл оюуны технологи хөгжүүлэгчид чип үйлдвэрлэгчдийн гадна урт дараалал үүсгэсээр байна. Үүний хүчинд л Nvidia дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болсон юм.

OpenAI-ийн хувьд чипний нийлүүлэлтээ ганцхан компаниас хараат байлгахыг хүсэхгүй байгаа тул AMD, Broadcom-тай энэ чиглэлд хамтрахаа зарлажээ. Тэд өөрсдийн хиймэл оюунд зориулсан чип бүтээх зорилготой. Гэвч тэднээс урьтаж, Google өөрсдийн чипийг бүтээж Gemini-д ашиглаж эхлээд байгааг санууштай.


Эрчим хүч

Энэ бүх давхаргад байр сууриа тогтоосон ч эрчим хүчгүй бол хэн ч биш. АНУ-ын эрчим хүчний салбар Хятадаас хоцорч байгаа нь салбарынхны санааг чилээж байгаа нь нууц биш.

Иймд технологийн компаниудын гарц нь хувийн жижиг цөмийн реакторууд байх төлөвтэй байна. Зарим компани унтарсан реакторуудыг эргүүлэн асаах ажлуудыг хүртэл эхлүүлээд байгаа бөгөөд OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтманы хувьд Helion Energy гэдэг нэртэй цөмийн эрчим хүчний компанийн гол хөрөнгө оруулагчдын нэг билээ.


Хөрөнгө оруулалт

Бизнес тогтвортой, хараат бус үргэлжлэхэд хөрөнгө оруулалт, санхүүжилт нэн чухал үүрэгтэй. OpenAI-ийн хувьд 2019 онд Microsoft-оос 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт авч байсан бол 2023 онд энэ тоо 10 тэрбум болж өссөн. Мэдээж тэд өнөөг хүртэл хамгийн том хөрөнгө оруулагч нь хэвээр байна. Зөвхөн Microsoft гэлтгүй өөр олон оролцогч тал энэхүү “бялуу”-наас хувь хүртэж буй. Тэдгээрээс онцолбол,

SoftBank: Энэ оны гуравдугаар сард олон компаниас OpenAI-д 40 тэрбум долларын санхүүжилтийн раунд (funding round) хийгдсэн ба үүний 75 хувийг SoftBank хөрөнгө оруулжээ. Онцлууштай нь, уг санхүүжилтээр OpenAI-ийн үнэлгээ 300 тэрбум ам.долларт хүрсэн юм.

Nvidia:
Тэд хиймэл оюуны дата төвүүдийг байгуулах стратегийн түншлэлийн хүрээнд OpenAI-д 100 тэрбум доллар хүртэлх хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буй. Nvidia-г хувьцаа эзэмшигч гэхээсээ илүү стратегийн амин чухал түнш гэж тодорхойлох нь оновчтой. Учир нь тэдний чипүүд OpenAI-ийн гол хөдөлгөгч хүч хэвээрээ байгаа.

Thrive Capital: OpenAI-ийн венчур капиталын гол хөрөнгө оруулагчдын нэг бөгөөд хэд хэдэн томоохон санхүүжилтэд оролцсон. OpenAI-ийн удирдлагуудтай ойр ажилладаг гэдгээрээ алдартай Thrive нь OpenAI-ийн ажилтнууд өөрсдийн эзэмшдэг хувьцааг зарах үед худалдан авч, ажилтнуудад бодит орлого олох боломж олгодгоороо онцлог. Энэ нь компанид шууд мөнгөн хөрөнгө оруулахгүй ч OpenAI-ийн экосистемийг тогтвортой байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Amazon Web Services (AWS): Ердөө хэдхэн цагийн өмнө OpenAI Amazon-той боломжит хөрөнгө оруулалт болон тэдний хиймэл оюуны чипийг ашиглах гэрээний талаар хэлэлцээр хийж буйгаа зарласан. Amazon аль хэдийн OpenAI-ийн өрсөлдөгч Anthropic компанид 8 тэрбум долларын хөрөнгө оруулаад байгаа ч Amazon-оос 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт татахаар хэлэлцэж буй нь энэ.

Эцсийн дүндээ хиймэл оюуны өрсөлдөөнд хэн илүү сайн модельтэй вэ гэдгээс гадна хэн бялууны бүх давхаргыг нэгэн зэрэг тэнцвэртэй авч явж чадаж байна гэдэг л эл тоглоомын ялалтыг шийдэх ажээ. Гагцхүү OpenAI өнөөдөр үүнийг бүхэлд нь атгасан цогц экосистем болон хөгжиж байна. Бид хүссэн хүсэлтгүй хиймэл оюуны эринтэй хөл нийлүүлэн алхах шаардлагатай нүүр тулсан учир тоглоомын дүрэм тодорхойлогчдын нүүдэл бүрийг анхааралтай ажиглах ёстой.