OpenAI математикийн оргилд хүрчээ. Өчигдөр шөнө тус компани хариуг нь олох бараг л боломжгүй гэгддэг “Математикийн мянганы бодлого”-ын нэгийнх нь учрыг олж чадсанаа зарлалаа. Энэ бол хиймэл оюун хүн төрөлхтний оюун санааны оргилтой зэрэгцэж ирсний хамгийн том нотолгоонуудын нэг юм. Жилийн өмнөхөн хиймэл оюун олон улсын математикийн олимпиадын алтан медалийн бодлогыг бодож чадах түвшинд ирсэн билээ. Ийнхүү жилийн дотор математикийн ноён оргилуудын нэгийг буулгаж авлаа. Мөн түүнчлэн хэдхэн хоногийн өмнө OpenAI-ийн Ерөнхийлөгч Грег Брокман ерөнхий хиймэл оюун (AGI)-ы эрин үеийг эхлүүллээ гэдгээ бахдалтайгаар зарласан юм.

МЯНГАНЫ БОДЛОГО ГЭЖ ЮУ ВЭ?
Математик бол хийсвэр сэтгэлгээ, оюун санааны оргил гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ. Тайлахад бэрх, учир нь үл ойлгогдох тэгшитгэлүүдийн цаана гараг эрхсийн үүсэл, хүний гений бүтэц, сансарт нисэх нууц нуугдаатай байдаг. Хүн төрөлхтөн бид эдгээр бэрх бодлогуудын учрыг олсноор иргэншлийнхээ хувьд шат ахидаг гэхэд болно.
Өнөөдрийн байдлаар математикт гарахад асар бэрх 7 оргил байдаг. Тэдгээрийн нэг болох Пуанкарийн баталгааг ОХУ-ын математикч Др.Грегорий Перельман 2002 онд бодож шуугиан дэгдээж байв. Оросын энэхүү суутны талаарх мэдээлэл олон нийтэд даан ч хомс байдаг. Харин хоёр дахь оргилынх нь орой дээр хиймэл оюун гарснаа өчигдөр тунхаглаж байгаа нь энэ юм.
Клэйн Математикийн хүрээлэн 2000 онд математикийн хамгийн чухал, шийдэгдээгүй долоон асуудлыг сонгон “Мянганы бодлогууд” гэдэг нэр өгчээ. Бодлого тус бүрд нь нэг сая ам.долларын шагнал амалсан бөгөөд зорилго нь олон жилийн турш хариултгүй байсан тэдгээр асуултуудад эрдэмтдийн анхаарлыг төвлөрүүлэх байв. Эдгээрийг шийдэх нь тухайн салбарт шинэ арга, ойлголт бий болгох ач холбогдолтой.
OPENAI МЯНГАНЫ БОДЛОГЫГ ХЭРХЭН БОДОВ?
OpenAI-ийн тайлж чадсан Навье-Стоксын бодлогын цаана усны урсгал, агаарын хөдөлгөөний нууц бий гэж үздэг. Гаргалгааг нь олох гэж бараг 100 жил математикчид оролдож буй. Энэ асуудал нь цаг агаарын төлөвийг урьдчилан тооцоолоход түгээмэл ашиглагддаг цуврал тэгшитгэлтэй холбоотой. Навье–Стоксын тэгшитгэлүүд ус болон бусад шингэний хөдөлгөөнийг тооцоолдог.
OpenAI энэ асуултад хариулах баталгаа олсноо зарласан буюу шинэ гаргалгааг санал дэвшүүлсэн нь энэ юм. Тус компанийн тайлбарласнаар, нийтэд хараахан танилцуулаагүй загварт суурилсан 10 мянга орчим хиймэл оюуны агент хамтран ажиллаж, Навье-Стоксын оршин байх ба гөлгөр чанарын бодлогын шийдэлд 88 цагийн дотор хүрчээ.

Энэ бол шинжлэх ухааны хувьд гарцаагүй чухал нээлт. Гэхдээ нэг зүйлийг санах хэрэгтэй. Түрүүн дурдсанчлан OpenAI уг бодлогын гаргалгааг санал дэвшүүлж буй гэдгийг санууштай. Компанийн зүгээс хариу гаргалгаа ийм гэж дэлгэсэн боловч үүнийг бусад математикчид хараахан бие даан шалгаж амжаагүй байна. Клэйн Математикийн хүрээлэн ч албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байгаа. Иймд бодлогыг эцэслэн шийдлээ гэхээс илүүтэй санал дэвшүүллээ гэх нь зөв юм.

88 цаг гэдэг бол мянганы бодлогын гаргалгааг олоход асар бага хугацаа. Гэхдээ бодлогын хариуг хүн биш хиймэл оюун олсон гэдгийг санаарай. OpenAI-ийн хиймэл оюунд суурилсан агентууд зөвхөн Навье-Стоксын бодлогын хариуг олоход 2.7 сая зурвас солилцож, ойролцоогоор 130 тэрбум гаралтын токен ашиглажээ. Токен нь хиймэл оюуны боловсруулдаг текст, кодын жижиг нэгж юм. Ийм их токеныг богино хугацаанд зарцуулсан нь өөрөө гайхалтай өндөр хурдад тооцогдоно.
Гаргалгааг олсны дараа Lean хэмээх системд хөрвүүлж, шалгахад дахин 17 цаг зарцуулсан гэж компани тайлбарласан байна. Lean нь математик өгүүлэмжийн логик алхмуудыг компьютероор шалгах боломж олгодог хэрэгсэл юм. Гэхдээ теорем анхны бодлогын бүх шаардлагатай яг тохирч байгаа эсэхийг мөн нягтлах хэрэгтэй.

НАВЬЕ-СТОКСЫН БОДЛОГО ГЭЖ ЮУ ВЭ?
Учир нь үйл ойлгогдох тэгшитгэлүүд үнэн хэрэгтээ бидний амьдралаас тийм ч хол зүйлүүд биш юм. Навье-Стоксын тэгшитгэлийг цаана ус хоолойгоор урсах, агаар онгоцны далавчийг тойрох, цус судсаар гүйх зэрэг үзэгдлийг судлахад ашигладаг.
Шингэний хөдөлгөөнд хурд, даралт, зуурамтгай чанар хэрхэн нөлөөлөхийг математикаар илэрхийлдэг гэсэн үг.
OpenAI-ийн нийтэлсэн тайлбарт эхэндээ тайван байсан шингэнд гөлгөр өөрчлөгдөх гаднын хүч үйлчлэхэд, нийт энерги нь хязгаартай хэвээр атлаа урсгалын хурд тодорхой хугацаанд хязгааргүй өсөх математик бүтцийг үзүүлсэн гэжээ. Үүний гол дүрслэл нь дотогш хумигдахын зэрэгцээ сунаж, улам хурдсах эргүүлэг юм. Тус компани үүгээр бодлогын албан ёсны томьёоллын C, D хувилбарыг баталсан гэдгээ дурдсан байна.

ЦААШИД ЮУ БОЛОХ ВЭ?
Нээлтийг тойрсон маргаан ч бас өрнөөд амжлаа. Нью-Йоркийн их сургуулийн Тристан Бакмастер, Anthropic-ийн математикч Левент Алпөге нар ойролцоо чиглэлээр ажиллаж байсан бөгөөд судалгаандаа OpenAI-ийг Codex ашиглаж байжээ. Компанийн зүгээс тэдний нийтлэгдээгүй ажлыг үзээгүй гэж мэдэгдсэн.
Одоо математикчдын дунд бодлогын гаргалгааг задалж, шалгах ажил үлдэж байна. Харин OpenAI бодлого батална. Баталгаа зөв бөгөөд анхны бодлогын шаардлагыг хангаж байвал энэ нь хиймэл оюуны томоохон амжилт болно. Үүнээс гадна бодлогыг богино хугацаанд бодсон гэдэг анхаарлаа хандуулах биш батлах үйл явцыг анхаарах хэрэгтэй.
Ийнхүү хиймэл оюун дахин нэг удаа дэлхийн нийтийг алмайруулж шинжлэх ухааныг дахин нэг удаа шат ахиуллаа.

