Интернэтэд олон жилийн турш өөрийнх нь тухай нэгэн онолыг хэлэлцсээр ирсэн билээ. Энэ бол “Үхмэл интернэт”-ийн онол. Уг онолын дагуу бидний сайн мэдэх интернэт хэдийн үхчихсэн бөгөөд интернэт орчин дахь үйлдлүүдийн ихэнх хувийг хүмүүс биш ботууд эзлэх юм. Ялангуяа сошиал медиа дээр. Хэцүүхэн сонсогдож байгаа биз?
Тэгвэл энэ онд ботууд шат ахиж өөрсдийн сошиал медиа платформтой болсноор, уг онол бодит болоход нэг алхам ойртов. Moltbook гэх нэртэй тус платформд хүн нэвтрэх боломжгүй. Зөвхөн AI ботууд хоорондоо харилцаж, мэдээллээ дамжуулна.
Уншигч танд хиймэл оюуны ээлжит трендийг дэлгэрэнгүй тайлбарахаас өмнө хэрвээ та хөгжүүлэгч, хиймэл оюуны судлаач, кибер аюулгүй байдлын мэргэжилтэн биш л бол уг платформыг мэдээллийн аюулгүй байдлын үүднээс дур мэдэн ашиглахгүй байхыг зөвлөж байна. Миний хувьд машин сургалтын инженер Б.Энхманлайтай хамт “аюулгүй орчинд” туршиж энэхүү нийтлэлийг бичлээ.
MOLTBOOK ГЭНЭТ ТРЕНД БОЛОВ
Хиймэл оюунтай холбоотой асар их мэдээлэл хөвөрч буй энэ цагт Moltbook яагаад гэнэтхэн тренд болов гэдгээс эхэлье. OpenAI-ийн үүсгэн байгуулагчдын нэг, Tesla-гийн хиймэл оюуны хөгжүүлэлт эрхэлсэн захирал асан Анджей Карпаты өөрийн X хуудаснаа ингэж бичжээ.
"Сүүлийн үед миний харсан, шинжлэх ухааны уран зөгнөлд хамгийн их ойртсон, хамгийн гайхалтай зүйл"
Анджей Карпаты
Үүнийг уншсан технологийн хорхойтнууд Moltbook рүү хошуурч эхлэв. Moltbook-ийн нэр, лого нь Reddit болон Facebook-ийг санагдуулам. AI агентуудад зориулсан уг сошиал медиа платформоос хүмүүсийн харилцан яриатай тун төстэй бичвэрүүдийг харж болно. Хүмүүс бүртгүүлж хэрэглэгч болох боломжгүй ч дотор нь юу байгааг нь унших боломжтой. Хамгийн хачирхалтай нь уг платформ дээрх AI агентууд өөрсдийн шашныг үүсгэж, дундаасаа заримыгаа аугаа зөнчөөрөө сонгожээ. Өөр бусад нь бүгд найрамдах улс байгуулж, худалдаа эрхлэх талаар бичиж эхэлсэн харагдана. Хачин жигтэй бичвэрээр дүүрэн уг платформ дөнгөж 1-р сарын 28-нд нээгдсэн ч хэдхэн өдрийн дотор 2 саяас илүү агент цуглараад байна.

OPENCLAW МЭНДЭЛСЭН НЬ
Moltbook-ийг тайлбарлахын тулд OpenClaw-ийг дурдах хэрэгтэй болно.
Хэдхэн сарын өмнө Петр Штейнбергер гэх хөгжүүлэгч амралтын өдрөөрөө нэгэн жижиг төслийг эхлүүлжээ. Түүний төсөл Vibe Coding-той (мэдрэмжээрээ кодлох) холбоотой. Дашрамд дурдахад энэ нэр томьёоны эцэг нь дээр дурдсан Карпаты билээ.
Тэрээр компьютер дээр ажиллаж, файлууд удирдах чадвартай, бие даан код бичиж чаддаг автомат (бие даасан) туслах бүтээжээ. Өөрөөр хэлбэл хүн бүр үнэ төлбөргүй ашиглах боломжтой AI агент хөгжүүлсэн аж. Түүнийгээ нэрлэхдээ ашигласан хэлний загвар болох Anthropic-ийн Claude-аас санаа авч, Claw хэмээн нэрийджээ. Энэ нь англи хэлний сарвуу гэх утгатай үг тул логодоо хавчийг дүрслэв. Гэвч зохиогчийн эрхийн зөрчлөөс үүдэн, нэрээ солих шаардлагатай болсон юм. Ийнхүү төслийнхөө нэрийг эхлээд Molt дараа нь OpenClaw болгон өөрчилжээ. OpenClaw хэрхэн ажилладагийг энгийнээр тайлбарлая.

Бид ChatGPT-г веб хуудас руу нь хандан асуулт асуух байдлаар ашигладаг. Хиймэл оюун бидний компьютер дээр биш, алсад үүлэн технологи дээр ажиллаж бид түүнтэй хөтчөөр (browser) дамжуулан холбогдож байгаа гэсэн үг. Энэ бол технологийн ихэнх компаниудын хөгжүүлдэг хаалттай систем.
OpenClaw шиг open source буюу нээлттэй эхийн кодыг харин хүссэн хүн бүр нь өөрийн компьютер, төхөөрөмж дээрээ үнэ төлбөргүй суулгаж болдог. Ингэснээр уг агент бидний компьютер дээрх файлуудыг ашиглан мэдээлэл боловсруулах, цэгцлэх, и-мэйл илгээх, төлөвлөгөө гаргах зэрэг бодит үйлдлүүдийг хийх чадвартай болно. Энэ төрлийн хиймэл оюунд суурилсан хэрэгслүүд хэрэглээнд нэвтрээд хэдэн жил болсон тул шинэ зүйл биш хэдий ч OpenClaw эх код нь нээлттэй, чатны апптай хосолж ажилладагаараа онцлог. Үүний ачаар хөгжүүлэгч бүр өөрийн хувийн туслахтай болох боломж бүрдсэн гэсэн үг. Нэмээд үнэ төлбөргүй, мөн эх код нь нээлттэй учир өөрийн хүссэн байдлаар хөгжүүлэх боломжтой.

Гэхдээ дахин нэг удаа сануулъя. OpenClaw компьютер дээрх бүхий л файлд нэвтэрч чадах бөгөөд хувийн мэдээллийг задруулах эрсдэлтэй. Энэ эрсдлээс үүдэн хөгжүүлэгчид хямд боловч үзүүлэлт сайтай компьютер худалдан авч суулгаж байна.
OpenClaw-ийн AI agent юу хийж чадах вэ?
- Автомат үйлдлүүд: Ирсэн и-мэйлүүдийг цэгцэлж, PDF дээрх агуулгыг хураангуйлах, анализ хийх, дүгнэлт гаргах
- Байнгын санах ой: Таны өмнөх бүх яриа, бичсэн мессежийг санана. Жишээ нь миний өмнөх фолдерийг нээгээд дотроос тийм файлыг и-мэйлийг явуулчих гэхэд л хангалттай. Мөн тухайн хэрэглэгчтэй тааруулж харьцах өөрийн гэсэн зан чанартай.
- Идэвхтэй байдал (Proactivity): Зөвхөн хариулт өгөөд зогсохгүй, үйл явдлуудыг хянаж байгаад танд мессеж бичнэ.
OpenClaw-ийн, нэр нь үл мэдэгдэх анхны хэрэглэгчдийн нэг AI агентуудыг зөвхөн хүнтэй биш хоорондоо ярилцах боломжтой орчинг бүтээсэн нь Moltbook байсан юм. Зарим эх сурвалж дурдсаны дагуу Moltbook-ийг бүтээгч өөрийн AI агентдаа ийм төрлийн сошиал медиа платформ бүтээ гэдэг команд л өгсөн аж. Товчоор бол vibe coding хийж бүтээсэн гэсэн үг.
OPENCLAW-ИЙГ ТУРШИЖ ҮЗСЭН НЬ
Туршилтын хоёр өдрийн хугацаанд уг агентыг ашигладаггүй үйлдлийн систем дээрээ суулгасан бөгөөд хамгийн жижиг хэлний загварыг ашиглаж Telegram-тай холболоо. Нийт зардал 5 доллар болов. Эхний даалгавар нь технологийн агуулгатай мэдээллийг тойм болгон миний и-мэйл рүү илгээх. Интернэтээс надад хэрэгтэй мэдээллийг цэгцэлж тодохой заагдсан цагт и-мэйлд ирж байв. Бусад платформуудыг бодоход чатнаасаа шууд команд өгөхөд л болох учраас илүү хялбар санагдсан. Мөн Gmail хаягаа холбож, өөрийн Google хаяг дээрх мэдээллүүд дээрээ ажиллуулах боломжтой.
Гэвч хоёрхон өдрийн туршид 1,6 сая токен үрэгджээ. Энэ нь 30 минут бүр хийх үйлдлийнхээ талаар асууж байсантай холбоотой. Үүнээс гадна зөвхөн MacOS дээр суух боломжтой бөгөөд Windows-ийн хэрэглэгчид ашиглахын тулд Linux-ийн суурь болдог WSL-ийг татах шаардлагатай. Ер нь OpenClaw гээд байгаа зүйл ердөө л энэ. Чат аппликейшнтайгаа холбоод төрөл бүрийн команд өгч үйлдлүүд хийлгэнэ. Энэ бол зөвхөн OpenClaw ч биш AI агентуудын хийдэг зүйл.
AI АГЕНТ ЯАЖ АЖИЛЛАДАГ ВЭ?
OpenClaw төсөл од болсон гол нууц нь нээлтэй эхийн кодтой AI агент. Агент гэдэг нь хүнтэй адил үйлдэл хийж чаддаг систем. Бид тархиараа сэтгэснээ гараараа бодит болгодог шиг агентуудын бүх үйлдлүүдийг хэлний загвар (LLM) удирддаг. AI агентуудад дурын хэлний загварынхаа API-г холбон ашиглаж болно. Хүчирхэг, ухаалаг загвар ашиглах тусам API-ийн төлбөрт чамгүй зардал гарна гэдгийг санах хэрэгтэй.
Хэрэв та агентаа илүү сайн ажиллуулахыг хүсвэл Claude, Gemini, ChatGPT-ийн API үйлчилгээг авах хэрэгтэй бөгөөд өдөрт 300-400 доллар хүртэлх зардал гарах магадлалтай. Өөрөөр хэлбэл, хүн ажилд аваад ажиллуулахтай ижил боловч, илүү өндөр зардалтай байж мэднэ. Дашрамд дурдахад хиймэл оюуны салбарын гол төлөөллүүд дараагийн тренд AI агент гэдэгтэй ихэнх нь санал нийлж буй.
ЦААШИД ЯАХ ВЭ?
Хэдхэн хоногийн өмнө OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтман OpenClaw-ийг бүтээгч Петр Штейнбергерийг багтаа нэгтгэснээ зарлав. ChatGPT-г бүтээж хиймэл оюуны салбарт өрсөлдөөн авчирсан тус компани дараагийн том трендийг алдахыг хүсэхгүй байгаа нь мэдээжийн хэрэг. Магадгүй OpenAI-ийн хэлний загварт суурилсан OpenClaw-тэй ижил ажиллах зарчимтай хаалттай AI агентууд удахгүй ChatGPT дээр гарах болов уу.
Харин хэсэгхэн зуур шуугиан дэгдээсэн OpenClaw-ийг цаашид аюулгүй байдлын үүднээс хэрэглэх хүмүүс тоо цөөрөх магадлалтай ч хиймэл оюунт агент ямар түвшинд хүрч болохыг харууллаа.Өмнө Human to Machine гэх харилцаа байдаг байсан бол Moltbook-ийн жишээ онолын түвшинд байсан Machine to Machine гэх харилцааг амьдрал дээр ямар байхыг тод үзүүлэв. Нэг ёсондоо машинууд хоорондоо хэрхэн харилцдаг байхыг дэлхий нийтэд харуулсан юм.



