Хүн бүр энтрепренер болох албагүй. Бүгд стартап үүсгэн байгуулж, өдөр бүр 20 цаг ажиллах ч шаардлагагүй. Олж харсан асуудлаа шийдэж, нийгэмд хувь нэмрээ оруулахад та заавал энтрепренер болох хэрэгтэй гэсэн үг биш.

Өөрийн байгууллагадаа, одоо байгаа газартаа бусдад нөлөөлж, шинэ сэтгэлгээг түгээж, ажлын үйл явц-арга барилаа шинэчилж сайжруулж, эцсийн үр дүнг ахиулах боломж бий. Тэднийг интрапренерүүд гэж нэрлэдэг. LevelUp интрапренершипийг яагаад байгууллагууд анхаарах ёстойг батлах дөрвөн шалтгааныг ийн онцолж байна.

Интрапренерийг компани доторх энтрепренерүүд гэж тодорхойлох нь бий. Харин интрапренершип гэдэг бол тэднийг ажиллах нөхцөл боломжоор хангасан, тэрхүү соёлын гол элементүүдийг шингээсэн системийг хэлнэ.

Компанийн урт хугацааны тогтвортой бөгөөд ашигт ажиллагаа инновацтай салшгүй холбоотой болсон өнөө үед интрапренерүүдийн оролцоо, үүрэг, нөлөө улам бүр нэмэгдсээр байгаа нь гайхах зүйл биш. Компанийн нөөц, боломж, сувгуудыг ашиглан илүү сайн, илүү дэвшилтэт арга хэрэгслүүдийг нэвтрүүлж, үр бүтээлтэй хийгээд үр дүнтэй ажлуудыг гүйцэтгэдэг нь интраперенерүүдийн онцлог.

Байгаа газартаа нөлөөллөө мэдрүүлэн, хувь нэмрээ оруулах боломж хүн бүрд бий. Ялангуяа томоохон корпораци, компанид ажиллаж буй бол эрч хүчтэй, урам зориг дүүрэн санаачилгатай ажиллаж, байгууллагынхаа өсөлт хөгжилд хувь нэмрээ оруулах зам нь интрапренершип билээ.

Компани өргөжин тэлэх тусам өсөлтөө хангана гэдэг удирдах ажилтнуудын толгойны өвчин болдог. Зах зээлийн ширүүн өрсөлдөөнд ялгарлаа тодорхойлж, чиг хандлагад шинэ соргог байхад интраперенер сэтгэлгээ хамгийн их нөлөөлдөг. Өрсөлдөгчдөө мэдрэх, шинэ технологийг нэвтрүүлэх, шаардлагатай өөрчлөлтүүдийг хийх эрмэлзэл зэрэг нь интрапренерүүдийн шинж. Тиймээс байгууллагын өсөлтийг өдөөх нэг хөшүүрэг нь энэ юм хэмээн ойлгож, тэдний ажлыг урамшуулан тэтгэх, дэмжин хэрэгжүүлэх нөхцөлөөр хангах нь юунаас ч чухал юм.

Инновац, интрапренершип бол салгаж үл болох ойлголтууд. Инновац гэдэг компанийн өсөлт хөгжлийн хамгийн гол үзүүлэлт. Тиймээс байгууллагууд цаг тутамдаа шинэлэг бүтээл, үйлчилгээ, үйл явц руу тэмүүлж, төрөл бүрийн оролдлого хийхээс өөр аргагүй. Интрапренерүүд бий болох орчин нөхцөлийг бүрдүүлж, дэмжих зөв тогтолцоог үүсгэснээр байгууллага тасралтгүй инновацыг бүтээх боломж бүрдэх учиртай.

Gallup-ийн судалгаагаар Америкийн бизнесийн байгууллагууд зөвхөн ажилчдын бүтээмжээс улбаалж 450 тэрбум долларын алдагдал жил бүр хүлээдэг гэнэ. Харин интрапренершип хандлага нь энэ асуудлыг шийдвэрлэх гол хүчин зүйл болох боломжтой. Интрапренершип сэтгэлгээ бүхий, түүнийг хөхиүлэн дэмжсэн соёл нь ажлыг илүү утга учиртай бас сорилттой болгодог. Интрапренерүүд ажилдаа дурлаж, байгууллагын өсөлт хөгжлийг хангахын төлөө "толгойгоо ажиллуулдаг". Тэд зөвхөн өөрсдөө хөгжихөөс гадна хамт олноо, байгууллагаа тэр чигт нь хөтөлж, илүү амжилт гаргах хандлагатай байдаг гэнэ.

Байгууллагын шат дамжлага бүрд манлайлал зайлшгүй хэрэгтэй болдог. Цөөн хүнтэй жижиг хэсэг ч бай, олон оронтой тоогоор үнэлэгдэх данс удирдах алба ч байсан манлайлагчдын хүсэл тэмүүлэл, эрч хүч араасаа бусдыг дагуулж, бизнесийг хөдөлгөх гол хүчин зүйл нь болдог билээ. Тэгвэл хамт олныг урам зоригоор тэтгэж, тэдэнд итгэл үнэмшил төрүүлэх чадвар интрапренерүүдэд байдаг. Интрапренер лидерүүд бие биенээ дэмждэг, урамшуулдаг хамт олны хүрээллийг үүсгэж, мэдлэг хуваалцах, чадвараа солилцох сэдлийг өдөөдөг. Мөн дараагийн үеийн интрапренерүүдийг бэлтгэж, компанийн өсөлтийг урт хугацааны турш тасралтгүй хангах нөхцөлийг бүрдүүлдэг юм.