Дэлхийн зах зээлд Хятадын брэндүүд хүч түрэн орж ирж, салбар салбарын гол тоглогчид, тоглоомын дүрмийг өөрчилсөөр байна. Alibaba, Tencent, Lenovo, Huawei-ийн амжилт тэднийг зөвхөн "хуулбарлагчид" биш, бүтээгчид бас шинийг санаачлагчид гэдгийг дэлхий нийтэд ойлгууллаа. Тэгвэл тасралтгүй шинэ бүтээгдэхүүн, шинэ инновацийг төрүүлсээр буй Хятадын зах зээлийн "дараагийн үеийн оддыг" та хэр сайн мэдэх вэ? Бидний онцолж буй доорх брэндүүд бол таны заавал мэдэх ёстой, хэрэглэж туршиж үзвэл зохих шинэ үеийн шилдэг брэндүүд.

BYD

Яагаад бид сонгов?

Цахилгаан машины зах зээлд Tesla-ийн хамгийн гол өрсөлдөгч нь Хятад компани болжээ. Энэ бол BYD. Дөнгөж өнгөрсөн жил л борлуулалтаараа Tesla-д гүйцэгдсэн тэд 2020 оны эхний улиралд Хятадын зах зээл дээр тэргүүн байраа эргүүлэн авсан нь үүний баталгаа. "Build Your Dream" гэх үгийн товчлолоор нэрлэгдсэн тус компани өдгөө Toyota, Daimler зэрэг гигантуудтай хамтран шинэ технологи хөгжүүлж байгаа бөгөөд 2010 оноос эхлэн Fast Company-ийн хамгийн инновацилаг компанийн жагсаалтад тогтмол багтах болжээ. Анх дахин цэнэглэгддэг батарей үйлдвэрлэгчээр бизнесээ эхлүүлсэн тэд Европын зах зээлд нэвтрэх оролдлогоо Норвегиос эхэлж байгаа гэнэ.

Гол тоо: Цар тахал ч цахилгаан машины эрэлтэд нөлөөлсөнгүй. Зөвхөн 4-р сард BYD-ийн Qin Pro модель 5096 ширхэг зарагджээ.

Сонирхолтой баримт: 2008 онд тус компанийн 10 хувийг MidAmerican Energy Holdings нэртэй компани худалдан авсан нь алдарт тэрбумтан В.Баффетийн Berkshire Hathaways-ийн охин компани байв. Түүнээс хойш тэд хяналтын багцаа 24 хувь хүртэл нэмэгдүүлснээр хамгийн том хувьцаа эзэмшигч нь болжээ.

Luckin

Яагаад бид сонгов?

Дөнгөж 2017 онд байгуулагдсан хэдий ч хоёрхон жилийн дотор Starbucks-ийн 20 жилд нээснээс ч илүү салбартай болсон Luckin кофе шопын зах зээлд хүч түрэн орж ирэв. Шинэ үеийн залуусын өдөр тутмын хэрэглээ, амьдралын хэв маягийн салшгүй нэгэн хэсэг болсон кофены зах зээлд тэд том оффисуудын дор байрлах экспресс салбарууд, хөдөлгөөн ихтэй газарт байршдаг явуулын салбар зэргээрээ гол тоглогчдын нэг болж, улмаар өнгөрсөн жил Nasdaq-т IPO хийсэн билээ. Хэдий борлуулалтын дүнгээ хуурамчаар өсгөж тайлагнасан нь ил болсноор, Хятадын хамгийн амжилттай эмэгтэй CEO-д тооцогдож байсан Женни Чиан ажлаа хүлээлгэн өгч, хувьцаа нь үлэмж буурсан ч Хятад хэрэглэгчид тэдэнд итгэсээр буй.

Гол тоо: Luckin 2020 оны 1-р сарын байдлаар 4507 салбартай үйл ажиллагаа явуулж байна

Сонирхолтой баримт: 2014 онд дэлхийн шилдэг баристагаар нэрлэгдсэн Изаки Хиденори тус компанийн кофены орц, дэлгүүрийн дизайнд зөвлөхөөр ажилладаг гэнэ.

Metersbonwe

Яагаад бид сонгов?

Vogue, GQ зэрэг топ загварын сэтгүүлүүд Хятадаас тэсэрч буй гол загварын брэндүүдийн нэгт Meters-ийг багтаасан нь санамсаргүй хэрэг биш. 90-ээд оны эхээр үүсгэн байгуулагч нь өдөр нь бэлэн хувцас зарж, орой нь өөрийн хувцсаа урласаар босгосон брэнд нь өдгөө Zara, Uniqlo-той өрсөлдөх хэмжээний үнэлэгдэх болов. Тэд өөр өөрсдийн онцлог, дизайн бүхий 5 бие даасан брэндүүдээрээ дамжуулан 15-20, 20-30 насныханд зориулсан загваруудыг гаргаж, чанар болон хийцээрээ шинэ үеийн залуусын сонголт болж чаджээ.

Гол тоо: Metersbonwe нийт 5000 гаруй салбартайгаараа Азид толгой цохих бөгөөд Хятадын №1 загварын брэндэд тооцогддог.

Сонирхолтой баримт: Уг брэнд 2019 онд Монгол улсад албан ёсоор нэвтэрч, Улаанбаатар Их Дэлгүүрт нэрийн дэлгүүрээ нээжээ. Сонирхуулахад, Gen Z, Mиллениалсуудад зориулсан эрч хүчтэй, өнгөлөг, загварлаг энэ зуны шинэ загварууд нь худалдаанд гараад удаагүй байгаа аж.

Oppo

Яагаад бид сонгов?

Ухаалаг утасны хэрэглээгээрээ хамгийн өндөр өсөлттэй, хамгийн томд тооцогдох Хятадын зах зээл 2016 онд шинэ лидертэй болов. Урьд өмнө төдийлэн сонсогдоогүй, даруухан түүхтэй Oppo брэнд Huawei, Xiaomi-г ардаа орхисон нь энэ. Oppo энэ тэргүүллээ одоог хүртэл хадгалсаар байгаа бөгөөд дэлхийн зах зээлийн №5 брэнд болсон нь ч санамсаргүй хэрэг биш. Тэд Энэтхэг, Хятадын зах зээлд чанартай атлаа үнийн хувьд харьцангуй уян хатан утсаа санал болгож, Apple, Samsung-ийг борлуулалтаараа даваад байгаа юм. Oppo сүүлийн жилүүдэд олон улсын зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлж эхэлсэн бөгөөд үүнийхээ хүрээнд идэвхжүүлэлт, маркетингийн ажлуудад ихээхэн анхаарч, Францын нээлттэй тэмцээн, Филиппиний сагсан бөмбөгийн лиг, Энэтхэгийн крикетийн шигшээ багуудыг ивээн тэтгэх болжээ.

Гол тоо: Oppo 2020 оны эхний улиралд 22,6 сая ширхэг утас борлуулжээ.

Сонирхолтой баримт: Oppo-ийн толгой компани BBK Electronics-ийн харьяанд тэднээс гадна OnePlus, Vivo, Realme зэрэг брэндүүд багтдаг.

Bytedance

Яагаад бид сонгов?

Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй стартапыг Хятад компани байна гэж хэн төсөөлсөн бол? Үнэхээр ч Bytedance ахархан хугацаанд хэрэглэгчдийн тоогоороо өндөр өсөлт үзүүлж 100 тэрбум долларын үнэлгээтэй болсноор энэ амжилтад хүрчээ. Юу хийдэг компани вэ гэж үү? Тэд бол өнөө цагийн хамгийн эрэлттэй сошиал сүлжээ TikTok-ийн толгой компани шүү дээ. Тус компанийн харьяанд Хятадын хамгийн том мэдээний платформ Toutiao ч мөн багтдаг.

Гол тоо: Сард 1,5 тэрбум хэрэглэгчид үйлчилгээ үзүүлж буй Bytedance-ийн 2019 оны борлуулалтын орлого 17 тэрбум долларт хүрчээ.

Сонирхолтой баримт: Хэдхэн хоногийн өмнө TikTok шинэ CEO-оо зарласан нь Диснейн хамгийн нөлөөтэй захирлуудын нэг К.Майер байв. К.Майер хамгийн сүүлд Disney+-ийг нээх ажлыг удирдсан нэгэн аж.

Funplus

Яагаад бид сонгов?

Фэйсбүүк бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэгэн хэсэг болсноор түүн дээр суурилсан олон үйлчилгээнүүд тэсрэлт хийх боломжтой болсны нэг нь тоглоом билээ. Funplus бол Фэйсбүүкт суурилсан хамгийн амжилттай тоглоом хөгжүүлэгчдийн нэг. Тэд 2015 онд гаргасан Family Farm, Royal Story зэрэг тоглоомоороо сая сая хэрэглэгчдийг өөрсдөдөө донтуулж, улмаар тэр үнэнч хэрэглэгчдийн сууриа ашиглан King of Avalon, Guns of Glory зэрэг гар утасны тоглоомуудаа гаргасан нь дараалсан амжилтуудыг үзүүлсэн аж. Зөвхөн King of Avalon нь 8 сарын дотор 721 сая долларын орлого олсон гэнэ.

Гол тоо: Бээжинд төвтэй тус компани өдгөө 1000 гаруй хөгжүүлэгчдийг дэлхий даяар тархсан 6 салбартаа байршуулан тоглоом бүтээж байна.

Сонирхолтой баримт: Family Farm Аpp Store-оос татагдсан тоогоороо бүх цаг үеийн жагсаалтад 135-р байрт бичигддэг.

likee

Яагаад бид сонгов?

Likee-г дараагийн TikTok байж болох юм хэмээн салбарын экспертүүд таамаглаж буй. Тэд 2020 оны 1-р улиралд татагдсан тоогоороо дэлхийд 6-р бичигдсэн нь үүний нотолгоо. Дэлхий даяар 115 сая хэрэглэгчтэй болчихоод буй тус апп богино хэмжээний видеоны платформ хэдий ч видео засах хэрэгслүүд, хөгжмийн сонголтоороо залуусыг соронзодсоор байна. Likee-ийн толгой компани Bigo нь чат апп Imo, лайв дамжуулалтын апп Bigo Live-ийг эзэмшдэг.

Гол тоо: Like-ийн нийт хэрэглэгчдийн 80 хувь нь Хятадаас өөр орноос бүртгүүлсэн.

Сонирхолтой баримт: Likee 2019 оныг хүртэл LIKE нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан ч хэрэглэгчдэд Фэйсбүүкийн лайкаас ялгаж, илүү ойлгомжтой байх үүднээс брэндийн нэрээ өөрчилсөн нь энэ гэнэ.

Anker

Яагаад бид сонгов?

Стивен Янг хэмээх инженер 2011 онд Google-ийг орхисон шалтгаан нь их энгийн байлаа. Тэр Apple, Samsung-ийн санал болгодгоос илүү чанартай зөөврийн батарей хийхийг хүссэн юм. Тийм ч учраас тэр даруй нутаг буцаж Anker компаниа байгуулсан нь өдгөө ухаалаг утасны дагалдах хэрэгслийн зах зээлийн топ тоглогч болтлоо өргөжжээ. 2017 оныг хүртэл зөвхөн Amazon дээр борлуулагдаж, борлуулалтын тоогоороо ардаа бичигдэх 3 өрсөлдөгчөө нийлүүлэнтэй тэнцүү амжилт үзүүлж байсан тэд чанар, дизайны гоёмсог шийдлийг хэрэглэгчдэд санал болгодог. Тэд өдгөө үйл ажиллагаагаа өргөжүүлэн ухаалаг гэрийн хэрэгслүүдийн багц бүхий Eufy, зөөврийн прожектор Nebula брэндүүдийг танилцуулаад байна.

Гол тоо: Anker-ийн 1400 ажилтны яг тал нь R&D буюу судалгаа, хөгжүүлэлтийн чиглэлээр ажилладаг.

Сонирхолтой баримт: Бидний Unboxing булангаараа Anker-ийн гол төхөөрөмжүүдийн нэг Nebula Mars 2 ухаалаг проекторыг танилцуулсныг үзээрэй.