“Амжилттай компани байгуулах нь” цувралын өмнөх нийтлэлүүдээр бид компаниа бүртгүүлэх талаар оруулж байсан. Харин энэ удаагийн нийтлэлээр цаашдын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, холбогдох зөвшөөрлийг авахад шаардагддаг бизнес төслийг хэрхэн бичих талаар зөвлөмж бэлтгэлээ. 

төслийн тухай


ТӨСӨЛ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

Томоохон хэмжээний компаниуд бизнес төсөлдөө ихээхэн анхаарал хандуулж, тусдаа менежментийн баг томилон өргөн цар хүрээнд харж, төлөвлөдөг. Харин жижиг, болон дунд зэргийн компани, үйлдвэрлэл эрхлэгчид зээл авах, хөрөнгө оруулалт хүсэх үед төсөл бичих зайлшгүй шаардлагатай болдог. Энэ тохиолдолд хүмүүс төслийг зөвхөн бүрдүүлэх ёстой баримт бичгийн л нэг гэж хардаг нь ихээхэн явцуу ойлголт болно. Угтаа бол энэ нь таны бизнесийг хэрэгжих бүрэн боломжтой, ирээдүйд амжилт олно гэдэг итгэл үнэмшлийг банк гэлтгүй хөрөнгө оруулагч, хамтрагчдад тань төрүүлэх учиртай цогц төлөвлөгөө, төлөвлөлт юм.

Уг нийтлэлд хөрөнгө оруулалт, зээл авахаар төлөвлөж буй жижиг дунд бизнесүүдэд зориулсан төсөл бичих зөвлөгөөг багтаалаа.


ӨӨРӨӨ БИЧИХ ҮҮ? МЭРГЭЖЛИЙН ХҮНД ХАНДАХ УУ? ТӨСӨЛ ХУДАЛДАЖ АВААД ЗАСАХ УУ?

Зарим тохиолдолд ижил салбарын бэлэн төсөл худалдаж аваад нэр, оныг нь солих явдал байдаг. Мэдээж төсөл бичих туршлагагүй хүмүүст бэлэн төсөл авах нь цаг хугацаа болон, санхүүгийн хувьд ашигтай ч дараа дараагийн удаа хэрэглэхэд учир дутагдалтай, эдийн засагч, хөрөнгө оруулагчидтай харьцахад өөр хүний төсөл гэдэг нь илт болж ирдэг. Иймд бэлэн төсөл авахаас илүүтэй төслөө өөрөө бичих, түүн дээрээ мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах, эсхүл эхний удаа мэргэжлийн хүнээр бичүүлээд дараа нь түүнийгээ нэмж баяжуулах, өөрөө бичих, засах чадвартай болохыг эрмэлзэх нь зүйтэй.


ТӨСЛИЙН ОЛОН ЗАГВАР БАЙНА, АЛИЙГ НЬ ДАГАХ ЁСТОЙ ВЭ?

Google, эсвэл Facebook-ийн хайлт хэсэгт төсөл бичих аргачлал, төслийн бүтэц, төсөл хэрхэн бичих вэ, төслийн зөвлөмж гэх мэтээр бичээд хайхад маш олон илэрц гарч ирнэ. Ороод харвал ялимгүй ялгаатай ч үндсэн агуулга, утга санаа нь нэг. Өөрөөр хэлбэл, тухайн төслийг хүлээн авч байгаа байгууллага ямар зорилготой, юуг чухалчлах зэргээс хамааран төслийн бүтэц ялгаатай байж болох ч үндсэн зориулалт нь ижил.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ТААШААДАГГҮЙ ТӨСЛҮҮД 


ТӨСӨЛ БУС, ТАНИЛЦУУЛГА БАЙХ

Амжилтад хүрэх нь эргэлзээгүй сайхан санаа, туршлагатай байсан ч бичсэн төсөл тань бүхэлдээ үргэлжилсэн үгс эсвэл байгууллагын танилцуулгаас бүрдэж байвал таны ажил үр дүнгүй болно. Төсөл бол судалгаанд үндэслэсэн бодит тооцоолол юм. Бичихийн тулд, хийх гэж буй зүйлээ маш сайн мэддэг байсан ч заавал нэмэлт судалгаа, боловсруулалт хийх хэрэгтэй.


ГАНЦХАН САНААГАА ОЛОН ТАЛААС ИЛЭРХИЙЛСЭН ТӨСӨЛ

Хэрвээ та өөрөө хөрөнгө оруулагч байсан бол огтхон ч туршигдаагүй санаанд мөнгө өгөх байсан гэж үү? Амжилттай хөрөнгө оруулалт авахыг хүсэж байвал эхлээд өөрийн нөөц бололцоонд тулгуурлан бага ч болов туршилт хийж, тодорхой хэмжээний дата буюу зах зээлийн мэдлэг мэдээлэлтэй болсон байвал зохино.


ЭРСДЭЛ, ХАРИУЦЛАГЫГ ЗӨВХӨН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ҮЛДЭЭСЭН ТӨСӨЛ

Зах зээлд албан ёсоор гараагүй, бүтээгдэхүүн үйлчилгээний хувьд бүрэн хэмжээний туршилт, судалгаа хийгээгүй байгаа үедээ 100 хувийн хөрөнгө оруулалт хүсэх нь тун ч бүдүүлэг хэрэг. Энэ нь мэргэжилтнүүдэд “Би санаагаа хэрэгжүүлээд үзье, та эрсдлийг нь даа” гэж байгаатай л адил. Иймд хөрөнгө оруулалт, зээл тусламж хүсэхээсээ өмнө өөрөөс гарч болох бүхий л нөөц, үнэ цэн, хөрөнгө оруулалтаа бизнестээ оруулсан байх хэрэгтэй. Ашиг, эрсдлийн алийг нь ч хамтран үүрэлцэх нь бизнес түншлэлийн дүрэм юм.

 
ХЭРХЭН САЙН ТӨСӨЛ БИЧИХ ВЭ?

Төсөл бичих талаар интернэтэд буй олон зөвлөгөө, маягт, загваруудыг ашиглаад бие даан оролдлого хийгээд үзээрэй. Боломгүй бол төсөл бичих талаар зөвлөгөө, сургалт явуулдаг газрууд ч олон бий. Жишээ нь, төрийн байгууллагууд буюу дүүрэг, аймгуудын жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвүүд үнэгүй зөвлөгөө, сургалтууд явуулдаг. Харин төлбөртэй сургалтуудад хамрагдвал төслөө бүрэн бичээд төгсөх, бичсэн төсөл дээрээ зөвлөгөө, тусламж аваад явах зэрэг уян хатан боломжуудтай. Харин та эхний ээлжинд бие даан бичихээр шийдсэн бол доорх зүйлсийг санаад аваарай.


1. ТӨСЛИЙН НҮҮР ХЭСГИЙГ ОЙЛГОМЖТОЙ БОЛГО

Нүүр хуудаснаасаа л тодорхой мэдээлэл өгч эхэл, төслөө бусдаас ялгаруул. Жишээ нь, ихэнх төслийн нүүрэн дээр “Гутлын үйлдвэрийн төсөл”, “Арьс шир боловсруулах төсөл” гэх мэтчилэн ерөнхий салбараа тавиад орхих хандлага ажиглагддаг. Энэ нь танай төслийг тухайн зээл, хөрөнгө оруулалтад хамрагдахаар хүсэлт ирүүлсэн бусад төслүүдээс ялгарах юмгүй болгоно. Иймд нүүр хуудсан дээр төслийнхөө нэрийг (эсвэл компанийн нэр) ялгагдахуйцаар бичиж, дараа нь

  • төсөл хэрэгжүүлэгч,
  • үйл ажиллагаа явуулах салбар,
  • зорилтот зах зээл,
  • нийт хөрөнгө оруулалт,
  • зээл төлж дуусгах хугацаа,
  • холбоо барих хаяг утас,
  • төсөл бичсэн он

зэрэг чухал мэдээллээ цэгцтэй, ойлгомжтой тавьж өгөөрэй. Бүтээгдэхүүн, үйл явцын бодит зургаа донжийг нь тааруулан оруулах ч зүгээр.


2. ТӨСЛИЙН ЗАГВАР, АГУУЛГАА ТОДОРХОЙЛОХ

Төслийн бичвэрийг хоёр хэсэгт хуваана. Үүнд: үндсэн бичвэр ба хавсралт хэсэг орно. Үндсэн бичвэрт таны мэдэж байгаачлан хөрөнгө оруулагчийн заавал мэдэх ёстой танилцуулга, зах зээлийн судалгаа, маркетинг, хүний нөөц, үйлдвэрлэл, санхүүгийн хэсгийн төлөвлөлт, тооцоолол, дүгнэлтүүд орох бол хавсралтад тухайн тооцооллуудын тухай нарийн, дэлгэрэнгүй мэдээлэл, төсөл хэрэгжүүлэгч болон төсөлтэй холбоотой бусад мэдээллүүдийг багтаана. Ингэхдээ аль хэсэг хэддүгээр хуудсанд, ямар дарааллаар байгааг харуулсан “Агуулга” хэсгийг хийж өгөөрэй.

Жишээ нь...


3. ҮНДСЭН БИЧВЭРИЙН ЭХНИЙ ХУУДСАНД ЧУХАЛ МЭДЭЭЛЛҮҮДЭЭ БАГТАА

Төсөл хүлээн авсан хөрөнгө оруулагч, зээлийн эдийн засагч тань зөвхөн таны бус өөр олон төсөл авч танилцаж буй бол тэр бүрийг цаг гарган, дуустал уншина гэдэг бараг л боломжгүй. Ихэнх тохиолдолд төслийн нүүр ба эхний хуудсыг л хардаг. Сайн төслийн гол шинж нь шаардлагатай мэдээллийг амархан, тодорхой байдлаар илэрхийлэх явдал. Иймд эхний хуудсандаа төслийн тухай бүх л чухал гэсэн мэдээллүүдээ аль болох товч, тодорхой, тоочиж бич.


4. ҮРГЭЛЖИЛСЭН ҮГЭЭС ТАТГАЛЗАЖ ХҮСНЭГТ, ГРАФИК ТҮЛХҮҮ АШИГЛА

Санаагаа бүрэн тайлбарлах гээд хэт их нуршиж, үргэлжилсэн үг ашиглан бичсэн төслүүд олон байдаг. Хэрвээ зайлшгүй тэгэж бичихээр бол цогцолбор цогцолбороор нь ангилж догол мөрд хуваан, харагдац талаас хялбар болгох хэрэгтэй. Нэг удаагийн үргэлжилсэн бичвэрийг хагас нүүрээс хэтрүүлэхгүй байвал зохино. Хамгийн сайн арга нь хүснэгт, график, зургуудаар илэрхийлэх явдал.


5. БАТТАЙ ЭХ СУРВАЛЖААС МЭДЭЭЛЭЛ АВ

Интернэтэд олон төрлийн судалгаа мэдээлэл, статистик бий. Гагцхүү тэдэн дундаас үнэн зөв, найдвартай эх сурвалжийн мэдээллийг олж ашиглах хэрэгтэй. Монголдоо үйл ажиллагаа явуулах тохиолдол Статистик мэдээллийн нэгдсэн сан, Гаалийн ерөнхий газрын сайтууд дээрх мэдээллээс шүүж ашиглаж чадвал эхний ээлжинд хангалттай болно. Мэдээж оруулах мэдээллүүд хэт хуучных байх нь тохиромжгүй.


6. ДАХИН ДАХИН САЙЖРУУЛ

Төслөө эхний байдлаар бичээд дууссан бол дахин эхнээс нь уншиж, шаардлагагүй хэсгүүдийг хасаж, чухал, чанартай гэсэн мэдээллүүдээ л үлдээ. Мөн инновацид суурилсан, цоо шинэ технологи нэвтрүүлэх эсвэл онцлог зах зээлтэй гэх мэт тодорхой шалтгаантай биш бол төслийн үндсэн бичвэр урт байх зохимжгүй. Дунджаар 15 хуудаст багтаж байхад хангалттай. Жишээ нь: хэрэглэгчдээс авсан судалгаа тань 10 асуулттай бол асуулт бүрийн тайлбар байх шаардлагагүй, дүгнэлт болон нэгтгэж базсан нэг график байхад болно. Санхүүгийн хэсэг дээр нэгж бүрийн өртөг хэрэггүй, нийт дүнгүүд орлого зарлагын харьцуулсан тооцоололтойгоо байхад хангалттай гэх мэт. Үлдсэн нарийн мэдээллүүдээ хавсралтад багтааж болно шүү дээ.


7. ХАВСРАЛТ БЭЛТГЭЖ СУРАХ

Ахин хэлэхэд төслийн үндсэн бичвэрт хамгийн чухал хэсэг, дүгнэлтүүд орох учиртай. Тухайн дүгнэлт бүрийг гаргахад хэрэглэсэн нарийн бүрдэл, шаардлагатай графикууд, санхүүгийн бусад тооцооллуудаа хавсралтад оруулж болно. Мөн хавсралт хэсэгт үйлдвэрийн зураг, түүхий эд нийлүүлэгчийн зураг, төсөл хэрэгжүүлэгчийн иргэний үнэмлэх эсвэл улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар гэх мэт зүйлс ордог. Харин хавсралт бүрийг хооронд нь ангилж, үндсэн бичвэрийн дарааллын дагуу дугаарлаж оруулах хэрэгтэй.


8. НЭГДСЭН ФОРМАТАД ОРУУЛ

Мөр хоорондын зай, үсгийн фонт, тодруулах, доогуур нь зурах гэх мэт нэмэлтүүд ашиглан төслийн бичвэрээ цэгцтэй “царайлаг” болгоорой. Хуудас бүрийн дээр гарчгаа тавьж доор нь хуудсаа дугаарлах нь (header, footer) мэргэжлийн харагдуулна. Агуулга, судалгаа сайтай ч замбараагүй зүйлc үнэлэмжийг эрс унагана шүү.


Уншигч танд бизнесээ эхлүүлэхэд, төсөл бичихэд ямар хүндрэлүүд учирч байгаа вэ? Хуваалцаарай.

Цувралын бусад нийтлэлүүдийг унших бол: