Хүний үндсэн хэрэглээний нэгт тооцогдох үл хөдлөх хөрөнгийн үнэ цэн тасралтгүй нэмэгддэг, үргэлж өсдөг гэдгээрээ хэзээд олон нийтийн анхаарлын төвд байдаг. Манай улсын хувьд барилга, үл хөдлөх хөрөнгийн салбар харьцангуй залууд тооцогдох ч гэлээ сүүлийн жилүүдэд  олон улсын туршлагуудыг амжилттайгаар нэвтрүүлж, гаднын нөү-хауг ашиглан, хөгжлийн хурдаа түргэсгэх болоод буй. Иймд бид энэ удаа хурдацтайгаар өсөн нэмэгдэж буй зах зээл болох үл хөдлөх хөрөнгийн салбартай холбоотой сонирхолтой баримтуудыг дэлгэе.

улаанбаатар хотын Таван байшин тутмын гурав нь модон ханатай байдаг

Статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллээр 2019 оны байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд хүн байнга амьдардаг нийт 212,792 байшин байдгийн 59.7 хувь нь буюу таван байшин тутмын гурав нь модон ханатай байдаг гэжээ. 21.4 хувь нь блок, 13.1 хувь нь тоосгон хана эзэлдэг бол угсармал болон цутгамал төмөр бетон, сендвичэн хавтангууд нийлээд үлдсэн 5.8 хувийг эзэлдэг байна. Одоогоор 2019 оныхтой харьцуулах үзүүлэлт байхгүй байгаа тул сүүлийн жилүүдэд ямар материал илүү эрэлттэй байсныг мэдэх аргагүй ч яг өнөөдрийн байдлаар Монголд модон хана ноёрхож байгааг энэ статистикаас харж болно.



зах зээл дээр ашиглалтад орж буй 100 орон сууцны 98-ийг нь хувийн хэвшлийн компаниуд гүйцэтгэдэг

Ардчиллын он жилүүд эхлэхээс өмнө, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үе дэх барилгын салбарын хамгийн том бүтээн байгуулагч нь төр байлаа. Гэвч энэ уламжлал 1993 оноос эхлэн эргэлт буцалтгүй өөрчлөгдөж, өдгөө жилд ашиглалтад орж буй орон сууцнуудын дийлэнхийг хувийг хувийн хэвшлийн компаниуд бие даан гүйцэтгэх болжээ. Ингэхдээ сүүлийн 6-7 жилийн хугацаанд ашиглалтанд орж буй нийт орон сууцны 98 орчим хувийг хувийн хэвшлийнхэн дангаараа ашиглалтад оруулж байна. Статистикаас харахад манай улсын хувьд 2014-2015 онуудад орон сууцны бүтээн байгуулалтыг хамгийн эрчтэй хийсэн нь харагдаж байна. Мэдээж энэ нь 2013 онд Монголбанк, ба одоогийн Барилга хот байгуулалтын яам хамтран “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг батлан, иргэдэд 80 хүртэлх м.кв бүхий орон сууц худалдан авахад зориулсан жилийн 8 хувийн хүүтэй, 20 хүртэлх жилийн (2017 оны 3 дугаар сараас эхлэн 30 жил болгож сунгасан) хугацаатай ипотекийн зээл олгох болсонтой холбоотой юм.



Ипотекийн зээлийг ихэвчлэн 30-40 насны хүмүүс илүүтэй авдаг

Монголын Ипотекийн Корпорациас гаргасан судалгаанд 2019 оны эхний улирлын байдлаар ипотекийн зээл авагчдын 55 орчим хувь нь эрчүүд, 45 орчим хувь нь эмэгтэйчүүд байгаа бол 30-40 насныхан нийт зээлдэгчдийн 50 шахам хувийг дангаар бүрдүүлж байна гэжээ. Таны таамаглаж байгаачлан зээлдэгчдийн 77.36 хувь нь Улаанбаатар хотод амьдардаг. Харин хөдөө орон нутгаас Дархан-Уул, Орхон, Дорноговь зэрэг аймгуудын ипотекийн зээлд хамрагдсан байдал нь бусад аймгуудтай харьцуулахад илүү өндөр байдаг ажээ. Тэдний 41 хувь нь 40-60 мкв, 31 хувь нь 40-өөс бага мкв, 22 хувь нь 60-80 мкв байр авдаг гэсэн тооцоо бий.



нэг үл хөдлөх зарагдах дундаж хугацаа 60 хоног байдаг

Олон улсын үл хөдлөх хөрөнгийн салбарын тод төлөөлөгч болох RE/MAX Монголд анх 2015 онд байгуулагдаж, өдгөө 47 салбар оффис, 850 гаруй мэргэжлийн агенттай томоохон байгууллага болон өргөжөөд байгаа билээ. Монголын үл хөдлөх хөрөнгийн салбарын хамгийн хүчирхэг тоглогч болох RE/MAX-ийн Монгол дахь мастер франчайз эрхийг RE/MAX Mongolia компани эзэмшдэг бөгөөд тэдний оруулж ирж буй нөү-хау, худалдааны соёл дотоодын үл хөдлөх хөрөнгийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм. Жишээ нь, тэдний жил бүр нээлттэй ил тодоор гаргадаг үйл ажиллагааны тайлангаас дотоодын үл хөдлөх хөрөнгийн зах зээлтэй холбоотой тодорхой мэдээллүүдийг авч болдог.

Тэдний өнгөрсөн оны тайлангаас харахад үл хөдлөх хөрөнгө борлуулсан 3396 арилжааны худалдан авалт хийгдэх дундаж хугацаа нь 60 хоног байсан бол борлуулалтын дундаж үнэ нь 83.9 сая төгрөг байжээ. Нийт хэрэглэгчдийн талаас илүү хувьд эрчүүд хандаж байгаа нь эрчүүдэд үл хөдлөх хөрөнгө худалдан авах, зарах эрэлт, хэрэгцээ эмэгтэйчүүдтэй харьцуулахад ялимгүй өндөр байгааг харуулж байна. 2018 оны тайланд худалдан авалт, харилцагчдын насны ангилал 19-34 байсан бол өнгөрсөн онд 25-34 болж өөрчлөгдсөн байгаа нь сонирхолтой.


Remax.mn : Та уг сайтаар орж өөртөө туслах, хамтран ажиллах оффис, агенттайгаа холбогдох боломжтой.


өнгөрсөн жил 4 өрөө шинэ байрны үнэ 1.97 хувиар буурсан байна

Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлоход барилгыг барихад ашигласан материал, байршил, инженерчлэл, дэд бүтэц, худалдаа үйлчилгээний газруудтайгаа ойрхон байдал зэрэг олон хүчин зүйлийг авч үзэх шаардлагатай. Энгийн худалдан авагчид тухайн үл хөдлөхийн үнэ цэнийг эхний ээлжинд үнээс нь мэдэх боломжтой байдаг. Орон сууцны үнэ өсөхөд үүнийг дагаад ард иргэдийн хэрэглээний зардал нэмэгддэг, харин үнэ унавал орон сууц барьцаалан зээл олгосон санхүүгийн байгууллагууд эрсдэлд ордог гэх мэтээр үл хөдлөх хөрөнгийн үнэ эдийн засгийн чухал ач холбогдолтой тул энэ ханшийг тухайн улсын төв банкнаас нарийн судалж, тогтоож өгдөг.

2020 он эхлэх үед шинэ орон сууцны 1 мкв-ийн үнэ 2,421,218.46 төгрөг байсан нь өмнөх оны мөн үеэс 6.98 хувиар өссөн дүнтэй үзүүлэлт юм. Харин хуучин орон сууцны хувьд үнэ нь дунджаар 1.75-1.95 сая төгрөг байсан нь өмнөх оны мөн үеэс хол зөрүүгүй буюу өрөөний тоо болон байрлалаас шалтгаалан зарим тохиолдолд үнэ нь буурсан үзүүлэлт харагдаж байна. Харин энэ оны төгсгөлд орон сууцны үнэ хэрхэн хэлбэлзэхийг дэлхий даяар үүсээд буй нөхцөл байдлын улмаас таамаглахад хүндрэлтэй.


.