Дэлхий дахин интернэтийг өдөр тутам тогтмол ашиглах болсноор бид хэзээ ч байгаагүй контентийн эрх чөлөөг эдлэх болов. Кино, нэвтрүүлэг, тоглолт гээд таалагдсан контентоо интернэт ашиглан хаанаас ч, хэзээ ч үзэх боломжийг олгодог ОТТ үйлчилгээнүүд өдгөө энтертайнмент салбарын гол трэнд болоод байна. Үүнийг Netflix-ийн дангаар шахуу ноёлж байсан стрийминг үйлчилгээний зах зээлд сүүлийн жилүүдэд томоохон контент үйлдвэрлэгчид, технологийн гигантууд хүч түрэн орж ирэх болсноос бэлхнээ харж болох юм.

Суурин зурагтаас ухаалаг зурагт, ухаалаг зурагтаас IPTV, IPTV-ээс ОТТ хүртэлх хөгжлийн үе шатууд хэрэглэгчийг илүү хялбар бөгөөд хурдан хэрэглээнд алхам алхмаар хөтөлсөөр иржээ. OTT үйлчилгээг дотор нь Live streaming ба VOD (Video on demand) хэмээн хоёр ангилж буй. Live Streaming нь тухайн цаг хугацаанд болж буй үйл явдлыг шууд дамжуулдаг бол VOD нь та бидний мэдэх Netflix, HBO max, Look TV шиг хаанаас ч, хэзээ ч үзэж болох контент сан юм. Энэ удаа бид салбарын тэргүүлэгчид болох HBO max, Disney+, Apple +, Netflix, Peacock, Quibi, Prime зэргийг түр алгасаад ОТТ үйлчилгээг хэрэглэгчдэд шинэлэг байдлаар хүргэж буй жишээг хүргэхээр бэлтгэлээ.

1. vimeo ба Livestream

Бидний хэзээний танил болох Vimeo-гийн OTT хувилбар бол Vimeo Livestream. Vimeo ба Livestream нарын хамтарсан уг платформыг ашигласнаар та контентуудаа нэгдсэн удирдлагын системээр удирдах боломжтой. Эндээс бичлэгээ устгах, нийтлэх, архивлах гэх мэт олон үйлдлийг нэг дор хялбархнаар хийж болох юм. Хамгийн гол нь бичлэгээ хийж байршуулах, мөн бусад бичлэг, контентийг үзэхэд маш хялбар. Бичлэгт төвлөрсөн фэйсбүүкд байгаа мэт, эсвэл фэйсбүүк хэлбэртэй Youtube-д буй мэт мэдрэмжийг төрүүлдэг Vimeo-гийн уг үйлчилгээ хэрэглэхэд тун ч эвтэйхэн.

Шинэлэг тал: Контент үзэх, шууд дамжуулалт хийх үед 1080р чанартайгаар гацалтгүй хүлээн авах бол, бичлэг байршуулах үед нэг газарт хадгалж, хэрэгтэй үедээ ахин хандаж болдог.



2. ibm watson media ба Machine Learning

Нэг контент руу олон үзэгч зэрэг хандсан ч бичлэгээ ямар нэг гацалтгүйгээр дамжуулдаг хэмээн IBM Watson Media-г хэрэглэгчид нь магтдаг. Бичлэгийн дундуур явах сурталчилгаа болон захиалгат ажлуудад суурилсан хөтөлбөр эхлүүлэх, шууд дамжуулалт болон видео сангаас бичлэг цацах, бичлэг нийтлэх, чатаар үзэгчидтэйгээ харилцах, зохиогчийн эрхийг хамгаалснаар хуулбарлагдсан контентийг автоматаар устгах зэрэг олон боломжуудтай.

Шинэлэг тал: IBM-ийг ашиглахын нэг том давуу тал нь хэрэглэгчдэдээ өөрсдийн хөгжүүлдэг тооцоолуурыг мөн санал болгодог явдал юм. Контентийн статистикт Machine learning ашиглан анализ хийж, датанд суурилсан шийдвэр гаргах боломж олгодог нь контент бүтээгчдэд цаашдаа илүү чанартай контент бүтээхэд тусалдаг байна.



3. Look TV ба Unitel

Бид энэ төрлийн жагсаалтыг бэлтгэхдээ дотоодын бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээс жишээ болгон дурдахыг хичээдэг билээ.

Look TV бол дотоодын OTT үйлчилгээнүүдийн ууган платформын нэг. Кино болон бусад контентийг эх хэл дээрээ үзэх боломжтойгоос гадна телевизийн сувгуудыг ч шууд дамжуулалтаар хүлээн авч болдог. Бүх төрлийн ухаалаг төхөөрөмжүүдийг дэмжихээс гадна олон улсаас ашиглах боломжтой нь гадаадад ажиллаж амьдарч буй хүмүүст давуу талтай.

Шинэлэг тал: Өнгөрсөн хавраас эхлэн Юнителийн дараа төлбөрт үйлчилгээ шинэчлэгдэн багцуудад нь LookTV үзэх эрх дагалддаг болсон. Ингэснээр Монголд анх удаа OTT үйлчилгээг мобайлын үйлчилгээтэй хослуулсан явдал болсон юм.



4. wowza media systems ба WebRTC технологи

Wowza-д бичлэгээ байршуулсан тохиолдолд бичлэгийнхээ чанар, форматыг удирдах эрхтэй болдог нь уг платформын давуу тал. VR буюу 360º бичлэгийг 4K нягтаршилтайгаар оруулах боломжтой. Мөн Wowza-ийн утасны апп-ийг ашиглан 3G, 4G болон Wi-Fi-аар шууд дамжуулалт хийж чадна.

Шинэлэг тал: Уг платформ нь сүүлийн үеийн нээлттэй эхийн WebRTC технологи ашигласнаар ашиглаж буй интернэт хөтчөөсөө шууд дамжуулалт хийх, бичлэгээ хуулах боломжтой болсон юм.



5. Dacast ба БНХАУ

Dacast платформ нь хэрэглэхэд хялбар, хүртээмжтэй байдлаараа ялгардаг. Та Dacast-д видео контентоо байршуулж болохоос гадна мөн шууд дамжуулалт ч хийх боломжтой. Анх бүртгүүлэхэд 30 хоногийн үнэгүй ашиглах эрх өгдөг, стрийминг хийхэд шаардлагатай бүх зүйлсийг нэг дор багтаасан нь хэрэглэгчдэд сайшаагддаг. Мэдээж хэрэг бүхий л төрлийн ухаалаг төхөөрөмжүүдээс нэвтэрч болно. Хөгжүүлэгч талаас 24/7 сүлжээний хяналттай, цагийн тохиргоотой буюу хэдэн цагт ямар бичлэг гарахыг тохируулж болохоос гадна FTP -ийн ачаар нэг болон олон бичлэгийг нэг дор upload хийж болно. Мөн Dacast өөрсдийн API болон SDK-ийг хөгжүүлэгчдэд санал болгодог. Ингэснээр хөгжүүлэгчид Dacast-ийн системийг ашиглан, өөрсдийн бүтээсэн аппаа хэрэглэгчдэд хүргэх боломжтой ажээ.

Шинэлэг тал: Тэд БНХАУ-д төвтэй CDN үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай хамтран платформоо их газрын Хятад улсад хэрэглэх боломжтой болгосон бөгөөд ингэснээр контент бүтээгч ахин 1,4 тэрбум хүнд контентоо хүргэх боломжтой болж байгаа юм.